Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/61

 

 

 У.Лд холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч У.Л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1010 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр У.Лд холбогдох 2103 00182 0250 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овгийн У-ийн Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт ....... дүүргийн ... дүгээр хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

У.Л нь 2021 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 5 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах зам, “Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд “Тоёота Приус-10” маркийн 20-66 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч онхолдон зорчигч Э.Магсаржавын амь нас хохирсон, зорчигч У.Идэрцэцэгийн эрүүл мэндэд хүнд, Ө.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, У.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газрын прокуророос: У.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овгийн У-ийн Л-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч У.Лд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Л мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар тогтоож, шүүгдэгч У.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч У.Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1322676 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогч нар нь өөрт учирсан хүндэвтэр, хүнд гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх У.Лд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын Удиртгал хэсэгт: Шүүгдэгчийн гэмт хэрэгт холбогдсон хэргийн талаар “хохирогч У.Идэрцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Э.Магсаржавын амь насыг хохироосон” талаар огт дурдаагүй утга найруулгын алдаатай бичигдсэн нь “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Мөн шийтгэх тогтоолд удирдлага болговол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаагүй орхигдуулсан, яллагдагч У.Л нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргаж, ял тохиролцсон байхад шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Ухаантөгсийн Лхамсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай” гэж прокурорын гаргасан саналаас доогуур илтэд зөрүүтэй нэмэгдэл ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй гэж үзлээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1010 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч У.Л тус шүүх хуралдаанд “...Гэм буруугаа хүлээж байгаа.” гэв.

Шүүгдэгч У.Лгийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай прокурорын эсэргүүцэлд шийдвэр гарсан оныг буруу бичсэн байна. Яллах дүгнэлтийн хавсралтад ял тохиролцсоноо бичсэн байдаг. 4 жил гэж тохирсон зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан. Прокурор яллах дүгнэлтэд дурдаагүй, тохиролцоогүй атлаа ямар үндэслэлээр “4 жилийн хугацаагаар” гэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

У.Л нь 2021 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 5 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах зам, “Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд “Тоёота Приус-10” маркийн 20-66 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч онхолдон зорчигч Э.Магсаржавын амь нас хохирсон, зорчигч У.Идэрцэцэгийн эрүүл мэндэд хүнд, Ө.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, У.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Лхагваүрэнгийн “...Улаанбаатар хот руу 20 цагийн орчим Лхамсүрэн машинаа бариад бид нар суугаад явсан. Наашаа явах замд ...Лхамсүрэнгийн нойр нь хүрээд бид нар Урьханы тэнд 1 цаг 30 минут орчим унтаж амарсан. Тэгээд наашаа явж байтал Лхамсүрэн нойрмоглоод байна гээд дахин замын хажууд зогсоод 30 орчим минут амарсан. Тэгээд Лхамсүрэн машинаа асаагаад хөдлөөд явсны дараа бид нар бүгд хэсэг унтсан. ...нэг мэдэхэд машин замын хажуу тал руу унасан. Лхамсүрэн намайг машинаас гаргаж байсан. ...” /1хх 31-32/ гэсэн,

хохирогч У.Идэрцэцэгийн “...нэг сэрсэн чинь осол болоод манай машин замын хажуу тал руу онхолдоод дээшээ харсан байсан. ...” /1хх 40-41/ гэсэн,

гэрч С.Дэлгэрмөрөнгийн “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр би “Toyota Prius” маркийн 20-66 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу суудал дээр нь охин Аялгуугаа аваад нөхрийн үеэл талийгаач Магсаржав ах өөрийн эхнэр Лхагвасүрэн, хүү Анхбаяр нарын хамт манай машинд суугаад мөн нөхрийн дүү Батсуурь, Идэрцэцэг нар суугаад Улаанбаатар хотоос 22 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан суманд байх эмээтэй очиж золгохоор бид нар явсан. ...Тэгээд эмээгийнд очиж золгоод орой Дархан суманд ирээд Улаанбаатар хот руу 20 цагийн орчим манай нөхөр машинаа бариад бид нар суугаад наашаа хөдөлсөн. Наашаа явах замдаа манай нөхрийн нойр нь хүрээд замын хажууд зогсоод 2-3 удаа амарсан. Ингээд хамгийн сүүлд Урьханаас хөдлөөд явж байсныг санаж байна. ...нэг мэдсэн чинь манай машин онхолдоод манай нөхөр намайг машинаас гаргаж байсныг санаж байна. ...” /1хх 48-49/ гэсэн,

шүүгдэгч У.Лгийн яллагдагчаар өгсөн “...Улаанбаатар хот руу би өөрийн эзэмшлийн “Toyota Prius” 10 маркийн 20-66 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. Замд явж байхад миний нойр хүрээд 2-3 удаа зогсож амарсан боловч өглөө ажилтай учир машинаа жолоодоод явж байгаад хэсэг зүүрмэглээд сэртэл миний машин замын хажуу руу орохоор нь буцаж зам руугаа дарж ороод замын хажуу руу орж онхолдсон. ...” /1хх 179-180/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6837 дугаартай “...Ө.Лхагвасүрэнгийн биед 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11-р хавирга далны шугамаар зөрүүгүй, 7-р хавирга бага зэрэг зөрүүтэй баруун талд 6-р хавирга зөрүүгүй хугарал, сээрний 6, 8-р нугалмуудын их биеийн урд гадаргуу шахагдсан хугарал, сээрний 8-р нугалмын зүүн талын ламин, хөндлөн сэртэн, фэсет үе дайрсан, мөн 9, 10-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 82-83/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6838 дугаартай “...У.Идэрцэцэгийн биед хүзүүний 6-р нугалмын баруун хөндлөн сэртэн, неврал аркны хугарал, хүзүүний 7-р нугалмын их биеийн урд дээд гадаргуу сэлтэрч шахагдсан хугарал, баруун хөндлөн сэртэн хугарал, 7-р нугалмын гулсалт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаас амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 94-95/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1494 дугаартай “...Авто осол: гавлын орой, суурь ясны олон үйрч бяцарсан хугарал, их тархины дух, зулай, дагзны дэлбэн, суурийн хэсгийн тархмал няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 4, 5-р нугалмын бүрэн салсан хугарал, нугас тасрал, зүүн уушигны цус хуралт, гол судасны дагуух зөөлөн эдийн цус хуралт, 2 талын 1, 2, 3, 4, 5-р хавирганы хугарал, хамрын яс, 2 нүдний ухархайн яс, эрүүний ясны далд хугарал, зүүн хөмсгөнд шарх, нүүр, мөчдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач Э.Мягмаржав нь гавлын орой, суурь ясны олон үйрч бяцарсан хугарал, их тархины дух, зулай, дагзны дэлбэн, суурийн хэсгийн тархмал няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 4, 5-р нугалмын бүрэн салсан хугарал, нугас тасрал зэрэг амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. ...” /1хх 70-72/ гэсэн дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-14/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “/1хх 15-19/, Тээврийн цагдаагийн албаны 192 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч У.Лг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч У.Лгийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч онхолдон зорчигч Э.Магсаржавын амь нас хохирсон, зорчигч У.Идэрцэцэгийн эрүүл мэндэд хүнд, Ө.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, У.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс У.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Прокурор Ц.Арвинбуудай “...яллагдагч У.Л нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргаж, ял тохиролцсон байхад шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2-т “...хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай” гэж прокурорын гаргасан саналаас доогуур илтэд зөрүүтэй нэмэгдэл ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд ...анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1010 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасан.

Хавтаст хэргийн 200 дугаар хуудсанд “яллагдагч У.Л нь гэм буруугаа хүлээж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан, 204 дүгээр хуудсанд “бүх буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн бичиг тус тус прокурорт бичиж өгчээ. Прокурор нь яллагдагч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад хүсэлтийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Мөн хавтаст хэргийн 176 дугаар хуудсанд “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын” 4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг яллагдагч У.Лд танилцуулахыг даалгасан” байна. Энэ заалт нь шүүхийн эрх хэмжээг өөртөө багтаасан, эдлэх ёстой эрх хэмжээнээс давсан заалт байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заагаагүй заалтыг яллагдагчаар татах тогтоолдоо зааж оруулсан нь үндэслэлгүй болжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйл. Хүсэлтийг шийдвэрлэхдээ 1.Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулахаар байгааг цаашид прокурорууд анхаарах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтуудыг анхаарч үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэж байх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Лд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх” санал гаргаж, ял тохиролцоогүй бөгөөд прокурорын гаргасан саналын хүрээнд хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг буруутгах аргагүй юм.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1010 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч У.Лгийн холбогдсон гэмт хэргийн агуулгыг бүрэн тусгаагүй байх бөгөөд цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1010 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ