Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/01582

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/01582

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* байрлах, РП ХХК/РД: .........., гүйцэтгэх захирал Г.О/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, байрлах, З ХХК/РД: ............., гүйцэтгэх захирал Н.Э/-д холбогдох,

 

45,925,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч РП ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РП ХХК нь RE/МАХ STAR брокер оффис гэх франчайз нэршилтэйгээр үл хөдлөх эд хөрөнгө зуучлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр ажилладаг. РП ХХК нь З ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ЭХ/21/017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулан түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн .....-р хороо, Ч ам, Х хотхон Д-6 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах худалдан авагчтай холбож өгөхөд зуучлалын үйл ажиллагаа хийсэн. З ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЭХ/21/017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-ний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгах хүсэлтийг ирүүлснийг хүлээн авсан. Зуучлалын гэрээний дагуу РП ХХК-ийн агент Д.Х нь зуучлалын зүйл болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах иргэн н.А-тэй З ХХК-ийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс холбож, үл хөдлөх хөрөнгийг үзүүлэх, хоорондын саналыг солилцуулах зэргээр зуучлалын үйл ажиллагаа явуулсан. Худалдан авагч н.А нь Голомт банкны зээлээр худалдан авах сонирхолтой байгаагаа 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны зээлийн эдийн засагчтай цуг ирж үл хөдлөх зургийг авч үзүүлсэн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр З ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Уулзалтаар худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон ба компанийн борлуулалтын ажилтан н.Б нь захирлуудтай цаг товлоод гэрээ байгуулахаар болсон.

Худалдан авагч н.А нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банкны зээлийн дагуу 1,000,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд манай компанийн зүгээс зуучлалын гэрээний дагуу зуучлалын хөлс нэхэмжилсэн санхүүгийн нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр "З "ХХК-д хүргүүлсэн боловч зуучлалын хөлсийг төлөөгүй, өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Иймд Зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан худалдсан үнийн 2.75 хувь болох 27,500,000 төгрөгийн зуучлалын хөлс, 8.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги нэг өдрийн 137,500 төгрөгийг санхүүгийн нэхэмжлэл хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 74 хоногийн төлбөр 10,175,000 төгрөгийн алдангийн хамт нийт 37.675.000 төгрөгийг РП ХХК-д З ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хариу тайлбартаа "Хан-Уул дүүргийн .....-р хороо, Ч ам, Х хотхон Д-4 тоот" үл хөдлөх хөрөнгө нь иргэн Н.Эрдэмтөгсийн нэр дээр байх бөгөөд "З" ХХК-ний хөрөнгө биш учраас тухайн хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах эрхгүй мөн гэрээний төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарласан байна. Иймд 8.4 дэх хэсэгт заасан "Зуучлагч нь энэ гэрээний 1.2-т заасан үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг санаатайгаар худал мэдээлсэн нь тогтоогдвол зуучлагч нь зуучлалын хөлсний 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг үл маргах журмаар төлнө" гэж заасны дагуу зуучлалын хөлс 27,500,000 төгрөгийн 30 хувь болох 8,250,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Торгуульд 8,250,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэв.

 

Нэхэмжлэгч РП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэх хэсэг хуулийн үндэслэлгүй. Гэрээ нь талуудын чөлөөт байдлыг хангасан. гэв.

 

Хариуцагч З ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК нь РП ХХК-ийн Ремакс стар брокер оффис хариуцсан захирал Г.О, агент Д.Х нартай 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ЭХ/21017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ /стандарт/-г байгуулсан. Гэвч уг Ү-....... улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, -р хороо, Ч ам /17051/, дгудамж, Д блок 4 тоотод байрлах 380 м.кв2 үл хөдлөх хөрөнгө нь иргэн Н.Эрдэмтөгсийн нэр дээр байх бөгөөд З ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш учраас тухай үл хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах эрхгүй мөн гэрээний төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Мөн дээрх гэрээний 5.1-д Гэрээний хугацаа 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 /жил/ хугацаатай байна гэж зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсон.Гэрээ хүчинтэй байх 1 жилийн хугацаанд танай агент Д.Х нь Хан-Уул дүүргийн .....-р хороо, Ч ам, Х хотхон, Д-4 тоот байрыг дээрх гэрээний 1.4- т заасан 1,200,000,000 төгрөгөөр худалдах худалдан авагчтай зуучилж чадаагүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно\ 240.1,5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл гэж зааснаар нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон учраас гэрээгээр хүлээсэн үүрэг, гэрээний заалтын үйлчлэл мөн адил дуусгавар болсон. Иргэн Н.Эрдэмтөгс нь 2022 оны 8 дугаар сард өөрийн өмчлөлийн байрыг даруй 200,000,000 төгрөгөөр хямд үнээр буюу 1,000,000,000 төгрөгөөр Б.А, Л.Азжаргал нарт худалдан борлуулж, гэрээ байгуулах, төлбөр төлүүлэх, байрыг худалдан авагчид үзүүлж танилцуулах бүх ажлыг өөрсдөө гардан хийсэн тул дуусгавар болсон гэрээний дагуу зуучлалын хөлсийг төлөх боломжгүй юм. РП ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлж зуучлах даалгаврыг биелүүлээгүй атлаа З ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн алданги хэмээн 10,175,000 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй. Хэдийгээр талууд Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах зуучлах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан боловч тус гэрээ нь хэтэрхий зуучлагч талд илэрхий ашигтай, нэг талын эрх ашгийг илтэд хамгаалсан Зуучлуулагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж болохуйц зүйл заалт утга агуулгыг тусгасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож Буй гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зуучлагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах худалдан авагчийг олж, зуучлуулагчтай холбож өгсөн, Зуучлуулагч, худалдан авагч нарын хооронд үндсэн гэрээ байгуулагдсан тохиолдолд зуучлуулагч Гэрээний 4.1-т заасан хөлсийг үл маргах журмаар Зуучлагчид төлнө гэх бөгөөд тус зүйл нь Зуучлагч нь гэрээнд заасан гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссаны дараа ч гэрээнд заасан үүргээ хэдийд ч биелүүлж болно гэх хэтэрхий зуучлагчид ашигтай зохицуулалт байх бөгөөд тус гэрээнд Зуучлагч талд үүрэг болгосон гэрээгээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаарх заалт хариуцлага зэрэг огт тусгагдаагүй байгаа зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу дээрх гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх төдийгүй иргэний эрх зүйн зарчимд үл нийцэж байх тул манай компани зүгээс сөрөг нэхэмжлэл жич гаргах болно. гэв.

 

Хариуцагч З ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Тус гэрээ нь Ремакс франчайзийн харилцагч талтай байгуулдаг стандарт нөхцөлтэй гэрээ байна. Гэтэл гэрээний 4.1.3, 4.4 дэх заалтууд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна. Тодруулбал гэрээг талууд хугацаатайгаар байгуулсан атал гэрээний үргэлжлэх хугацаанаас хэтэрсэн хугацаанд зуучлуулагч талд үүрэг, хариуцлага ногдуулсан. Хэт нэг талд илт давуу ашигтай нөхцөлийг үүсгэсэн байна.

2. Тус гэрээний зүйл нь УБ хот, Хан-Уул дүүргийн .....-р хороо, Ч ам, Х хотхон, Д-6 тоот байр байна. Тодруулбал нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн материал болон тайлбартаа тус гэрээний зүйл болох Д-6 тоот байрыг биш Д-4 байртай холбоотой шаардлагыг гаргасан гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, мөн зүйлийн 58.2 дахь хэсэгт заасны дагуу тус гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж харагдаж байна.

3. Мөн Д-4 хотхон нь тухайн үед З ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө байгаагүй. Тодруулбал тухайн Х хотхон байрыг З ХХК-ийн хамаарал бүхий барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй З Инженеринг ХХК барьсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Д-4 байрын өмчлөгч нь Н.Эрдэмтөгс гэх иргэн байна. Тиймээс З ХХК нь тухайн байрыг бусдад зуучлах эрхгүй этгээд байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд тус ЭХ/21017 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, мөн зүйлийн 56.1.8-т ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2021 оны 03 сарын 03-ны өдрийн ЭХ/21017 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ /Стандарт/-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан РП ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зуучлах гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн IN-1470 дугаар Нэхэмжлэх, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан З ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22/103 дугаар З ХХК-ийн албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн № 22/26 Албан бичгийн хуулбар, гэрч Д.Хын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Аий 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч РП ХХК хариуцагч З ХХК-д холбогдуулан зуучлалын хөлс 27,500,000/хорин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг, алданги 10,175,000/арван сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг, торгууль 8,250,000/найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, нийт 45,925,000/дөчин таван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч З ХХК нэхэмжлэгч РП ХХК-д холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч З ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлж зуучлах даалгаврыг биелүүлээгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч РП ХХК нь Гэрээ талуудын чөлөөт байдлыг хангасан гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч РП ХХК хариуцагч З ХХК-иас нийт 45,925,000/дөчин таван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаас 8,250,000/найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулсан болох нь №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-р тогтоогдож байна.

 

2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 4-ийн 4.1, 6-ийн 6.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг Хан-Уул дүүрэг, .....-р хороо, Ч ам, Х хотхон, Д-6 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,200,000,000/нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгөөр, эсхүл бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу тохиролцсон үнээр худалдан борлуулахад Худалдах-худалдан авах гэрээ байгуулах боломжит худалдан авагчтай холбож өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид зуучлалын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу ... хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь ... хөлс ... төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээ/цаашид Гэрээ гэх/ шинжтэй байна.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Гэрээний 5-ын 5.1-т Гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1/жилийн/ хугацаатай байна., 5.2-т Талууд харилцан тохиролцож гэрээний 5.1-т заасан хугацааг сунгаж болно. гэжээ.

 

Хариуцагч нь Гэрээний хугацаа дуусгавар болсон гэж маргаж байна.

 

Гэрээний 5-ын 5.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон байх боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар Гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид Гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах тухай албан бичиг хүргүүлсэн болох нь хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн № 22/26 Гэрээний хугацаа сунгах тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээний хугацааг сунгах тухай албан бичиг хүргүүлсэн байх тул Гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах тухай саналыг хүлээн авсан болох нь гэрч Д.Хын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Аий 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Гэрчийн мэдүүлэг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, Гэрээний 5-ын 5.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг Д-4 болгож өөрчилсөн болох нь нэхэмжлэгчийн холбож өгсөн этгээдтэй 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Хан-Уул дүүрэг, .....-р хороо, Ч ам, Х хотхон, Д-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах буюу хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн болох нь гэрч Д.Хын үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ад үзүүлсэн тухай, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг цахим шуудангийн хаягаар явуулсан тухай, З ХХК-ийн н.Бтай холбож өгсөн тухай, гэрч Б.Аий үл хөдлөх эд хөрөнгийг үзүүлсэн тухай, гэрчилгээг цахим шуудангийн хаягаар ирүүлсэн тухай, З ХХК-тай цаг тохирч өгсөн тухай гэрчийн мэдүүлэг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэн Н.Эрдэмтөгс нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.А, Л.Азжаргал нартай Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Чандмант ам 17051, Дүнжингаравын гудамж, 405-Д-4 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Чандмант ам 17051, Дүнжингаравын гудамж, 405-Д-4 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Н.Эрдэмтөгсийн өмчлөлийн эд хөрөнгө гэж маргаж байх боловч хариуцагч нь уг Д-4 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахад зуучлах Зуучлалын гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлуулагчийн хувьд хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Чандмант ам 17051, Дүнжингаравын гудамж, 405-Д-4 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах үнэ 1,050,000,000/нэг тэрбум тавин сая/ төгрөг болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 4-ийн 4.1-т зуучлалын хөлсийг гэрээний үнийн дүнгийн 2,75/хоёр зууны далан тав/ хувь гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 1,000,000,000/нэг тэрбум/ төгрөгөөс зуучлалын хөлсийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 27,500,000/1,000,000,000х2.75%=27,500,000/ /хорин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 10,175,000/арван сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 4-ийн 4.2-т ... зуучлалын хөлсийг дараах тохиолдлуудын аль нэг нь бий болсон нөхцөлд Зуучлагчид үл маргах журмаар төлнө., 4.1.1-т Гэрээний 5-д заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан бол;, 8-ын 8.3-т ... зуучлалын хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг Зуучлагчид үл маргах журмаар төлнө. гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 8-ын 8.3 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Гэрээнд заасан Д-4 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах, худалдан авах гэрээ-г 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын хөлсийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжилсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн IN-1470 дугаар Нэхэмжлэх, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид зуучлалын хөлсийг төлөөгүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 10,175,000/27,500,000х0,5=137,500, 137,500x74=10,175,000/ /арван сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад зааснаар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, мөн хуулийн 56.1.1-т хууль зөрчсөн хэлцэл;, 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээ нэг талд илт давуу ашигтай нөхцөлийг үүсгэсэн гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээг хуулийн хүрээнд, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн хуульд нийцсэн Гэрээ байгуулсан болох нь Гэрээ, хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн № 22/26 Гэрээний хугацаа сунгах тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Д-4 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор Гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Гэрээ нь хүчин төгөлдөр байх ба тус Гэрээг байгуулахад бусад этгээдийн зөвшөөрөл шаардлагагүй байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэсгэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас нийт 37,675,000/гучин долоон сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РП ХХК-д олгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч РП ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 493,275 төгрөгийг, хариуцагч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,450 төгрөгөөс 322,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РП ХХК-д олгон, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,500 төгрөгийг гаргуулан хариуцагч З ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас нийт 37,675,000/гучин долоон сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РП ХХК-д олгосугай.

 

2.               Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ЭХ/21017 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч РП ХХК хариуцагч З ХХК-иас нийт 45,925,000/дөчин таван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлага 8,250,000 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч РП ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 493,275 төгрөгийг, хариуцагч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,450 төгрөгөөс 322,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РП ХХК-д олгон, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,500 төгрөгийг гаргуулан хариуцагч З ХХК-д олгосугай.

 

5.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ