| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2110 00000 0825 |
| Дугаар | 2022/ДШМ/62 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/62
Ж.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Ж.Г,
хохирогч Л.Намхайдагва, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/635 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2110 00000 0825 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ж-ын Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” цэцэрлэгт ..... ажилтай, ам бүл ганцаараа, .......... дүүргийн .. дүгээр хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;
Ж.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан-Түшээ” хотхоны арын цэцэрлэгийн харуулын өрөөнд Л.Намхайдагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокуророос: Ж.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Ж-ын Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Ж-ын Г-г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гаас 2.725.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Намхайдагвад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Намхайдагвын өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч Ж.Гт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 9 дүгээр сарын 11-нд хамт ажиллаж байсан Л.Намхайдагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь гар хүрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Энэ хэрэгтээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэл авсан. Одоогоор миний бие нуруугаар татдаг, баруун гарын чигчий, ядам хуруу машины хаалганд хавчуулж шөрмөс нь тасарч хугарсан. Мөн хоёр гарын эрхий хуруунууд, бугуйгаар хатгаж эд зүйлс атгаж чаддаггүй. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүхээс тогтоосон 720 цагийн нийтэд тустай ажил хийх шийтгэлийг хөнгөрүүлж, торгуулийн шийтгэлээр сольж өгнө үү.” гэв.
Хохирогч Л.Намхайдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол хагас дутуу төлөгдсөн. Давж заалдах гомдол гаргалаа гэж 2.720.000 төгрөг төлсөн. Одоо 2.000.000 төгрөгийн хохиролтой байгаа. Өдий насны хүмүүст хүмүүжил байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.
Хохирогч Л.Намхайдагвын өмгөөлөгч С.Ариунцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлөх боломжгүй, лизингтэй, ломбарданд өртэй гэдэг тайлбар гаргаж байсан. Шүүгдэгч нь байнга архи ууж, бусдын амгалан тайван байдал алдагдуулдаг гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Ийм учраас шүүгдэгч нь хүмүүжих ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь хохирлыг төлөх талаар санал санаачлага гаргаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт торгууль төлөх боломжгүй гэдэг мэдүүлэг өгч байсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ж.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан-Түшээ” хотхоны арын цэцэрлэгийн харуулын өрөөнд Л.Намхайдагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Л.Намхайдагвын “...өглөө 08 цагийн орчимд Ганхуяг сэрээд “би шөнө яасан бэ, хэдэн цагт ирсэн бэ” гээд надаас асуухаар нь “Ганхуягаа чи удаа дараа надад согтуугаар дарамт үүсгэж байна шүү. Би хэлдэг газар нь хэлнэ шүү” гэж хэлэхэд “чи муу яасан зарагч юм бэ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь хажуугаар нь зөрөөд гарах гэтэл нүүрний баруун хэсэгт шүд тааруулаад нэг хүчтэй цохисон. ...Ганхуяг намайг цохиход дээд хэсгийн баруун талын шүд унаад цус гараад байсан. Тухайн үед би Ганхуягт шүд цөм цохичихлоо гээд шүдээ харуулсан. ...” /хх 13/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8636 дугаартай “...О.Намхайдагвын биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” /хх 22-23/ гэх дүгнэлт,
шүүгдэгч Ж.Гийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Л.Намхайдагвад учруулсан бодит хохирлоо төлж барагдуулах болно. ...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө сэрээд Л.Намхайдагва явж байхаар нь “чи яахаараа үгэнд ордоггүй юм” гээд асуусан чинь “...чи ер нь намайг яах гээд дээрэлхээд байдаг юм” гэж хэлээд заамдаад авсан. Би “гараа ав” гээд гарыг нь түлхэж байгаад баруун гараараа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь Намхайдагва “миний шүдийг хугалчихлаа” гээд амнаасаа нэг шүд гаргаад ирсэн. ...” /хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,
шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч Ж.Г, хохирогч Л.Намхайдагвыг “зарга мэдүүлнэ гэлээ” гэх шалтгаанаар маргалдан цохиж, түүний уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Г нь хохирогч Л.Намхайдагвыг цохиж, хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Шүүгдэгч Ж.Г “...миний бие нуруугаар татдаг, баруун гарын чигчий, ядам хуруу машины хаалганд хавчуулж шөрмөс нь тасарч хугарсан. Мөн хоёр гарын эрхий хуруунууд, бугуйгаар хатгаж эд зүйлс атгаж чаддаггүй. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүхээс тогтоосон 720 цагийн нийтэд тустай ажил хийх шийтгэлийг хөнгөрүүлж, торгуулийн шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч Ж.Гийн гомдолд дурдсан эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ж.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.
Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/635 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/635 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ