Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 274

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Д-т холбогдох эрүүгийн 1710000500011 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 28-нд Увс аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Д

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 22  дугаар гудамжинд хохирогч Д.Т-ыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 22 дугаар гудамжинд өөрийн төрсөн ах А.Д-г хохирогч Д.Т-той маргалдаж байхад нь өмөөрч “яагаад манай өндөр настай ахыг цохиж байгаа юм бэ” гэж хэлэн хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч А.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би хохирогчид 500.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            2. Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Миний 3 суларсан шүдний 1 шүд нь бол унах гэж байгаа, харин 2 шүдийг бэхэлгээ хийлгэж суларсныг эмчилдэг гэсэн. Заавал шүдээ хийлгээд эмчилгээгээ хийлгэсний дараа баримтаа өгдөг гэсэн болохоор урьдчилж баримт өгөхгүй байна. Мөн хэрэг болсон өдрийн маргааш толгойн томограф зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, эм 33.865 төгрөгөөр авсан, бензин 16.250 төгрөгөнд хийсэн, ингээд нийт би 500.000 төгрөг нэхэмжилж байна. Эм авсан болон бензин хийсэн баримтаа би гаргаж өгнө. Д- миний зүүн шанаа руу цохих гэж далайсан боловч онож цохиж чадаагүй. Д- цохих гэж гараа далайсан боловч цохиж чадаагүй, оноогүй юм. Д- учруулсан. Миний ам руу гараараа 1 удаа хүчтэй цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10, 11-13/

            3. Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай төрсөн дүү А-ийн Д- хашааны гадаа ирсэн. Бид хоёр юм яриад зогсож байтал манай хажуу талын хашааны залуу Т- үхрээ туугаад гэртээ ирж байсан. Бид 3 уулзсан. Т- надад 20.000 төгрөг өгөх ёстой байсан учраас би түүнээс 20.000 төгрөгөө нэхсэн. Тухайн үед Д- бид хоёр хоёулаа архи уусан халамцуу байсан. Т- мөнгийг минь өгөхгүй байсан учраас би мөнгөө нэхээд дөхөөд очтол Т- намайг нэг гараараа хальт нударсан. Тийм хүчтэй бол нударч цохиогүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тэгтэл манай дүү намайг өмөөрөөд дундуур орж ирээд Т-ыг цорын ганц удаа л нүүррүү нь цохьчихсон. Би бол Т-ыг цохиж зодоогүй. Т- намайг цохиж зодож байна гэж бодоод дүү маань түүнийг 1 удаа л цохьсон. Тэгтэл Т- юу ч хэлж ярилгүй яваад өгсөн. Д- бид хоёр явсан. Удалгүй цагдаа ирээд Д-ийг аваад явсан. Тэр өдрөө Д- эрүүлжүүлэхэд хоносон. Өөр ямар нэг асуудал болоогүй. Би Т-оос мөнгөө авах гэж нэхээд л тийм хэрэг болчихсон. Өөр бид нарын дунд зодоон цохион болоогүй. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. 2017 оны 5 дугаар сард 20.000 төгрөг зээлүүлсэн байсан юм. Тэр мөнгийг одоог хүртэл өгөөгүй байгаа...2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,, тоот манай хашааны гадна талд намайг өмөөрч манай дүү Д- түүнийг цохьчихсон. Тэр үед үүссэн гэмтэл байж магадгүй. Тэгэхэд Д- түүнийг нэг удаа л гараараа нүүрэн тус газарт нь цохьсон, өөрөөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8771/-ний дүгнэлт:

                        -Д.Т-ын биед тархины доргилт, доод уруулын салстын язралт, үүдэн шүдний сулралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 20/

            5. Яллагдагч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ,,,, тоотод эхнэр Д.Э, хүү Д.Ц-ийн хамт амьдардаг. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,, тоотод оршин суудаг өөрийн төрсөн ах А.Д-гийн хашааны гадна би ахтайгаа уулзах гээд очсон. А.Д- ах хажуу хашааныхаа Д.Т-той зогсож байсан. Ах маань Т-оос 20.000 төгрөг авах ёстой байсан юм шиг байна лээ. Сүү авна гээд 20.000 төгрөг 3 дугаар сарын 20-нд Т-т өгсөн чинь сүүгээ ч өгөхгүй, мөнгөө ч өгөхгүй юм гэж байсан. Тэгээд Т-т “мал чинь төлөлдөггүй юм уу сүүгээ авмаар байна эсвэл мөнгөө авмаар байна” гэж нэхэхэд нь Д.Т- манай ах А.Д-гийн цээжин тус газар гараараа цохьсон. Би тэгэхээр нь “яагаад манай өндөр настай ахыг цохиж байгаа юм бэ” гээд ахыгаа өмөөрөөд түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиход нуруугаараа хашаа налж газарт унасан. Уначихаад Т- юу ч хэлж ярихгүй босоод гэрлүүгээ явсан. Бид гурав гурвуулаа халамцуу зогсож байсан. Би гэртээ өглөө 200 грамм Хараа архи уусан байсан юм. Дахиад архи уугаагүй. Заримдаа өдөрт даралт ихсэж толгой эргэхэд 100 грамм архи уучихаар зүгээр болчихдог юм. Даралтны эм өдөр болгон уудаг. Тэгээд А.Д- ахынд ороод шатар тоглож байхад 15:30 минутын үед 2 цагдаа ирж намайгавч яван эрүүлжүүлэхэд хонуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Д- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8771/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 22 дугаар гудамжинд өөрийн төрсөн ах А.Д-г хохирогч Д.Т-той маргалдаж байхад нь өмөөрч “яагаад манай өндөр настай ахыг цохиж байгаа юм бэ” гэж хэлэн хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж бие махбодид нь тархины доргилт, доод уруулын салстын язралт, үүдэн шүдний сулралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч А.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Т-т 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн хүсэлт /хх-ийн 44/ зэргийг харгалзан А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт А-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт А-ийн Д-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д-т оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  А.Д-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР