Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2023/04515/И |
Дугаар | 181/ШШ2024/01583 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/01583
2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2024/01583 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, Т овогт Б.Б/РД: ................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,******* оршин суух, Б овогт П.Д/РД: .................../,
Хариуцагч: *******,*******,,, оршин суух, Т овогт Ш.Х/РД: .................../ нарт холбогдох,
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч П.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Ш.Х-ийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагч Ш.Х-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Лхамцэрэнгийн Алтаншагайтай түүний эзэмшлийн гэх Сүхбаатар дүүргийн .....-р хороо, Х зуслан дахь ........ нэгж талбарын дугаар бүхий 700м2 газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлэн зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээний нийт төлбөрийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийн урьдчилгааг Л.Ад бэлнээр өгч, энэ талаар гэрээний 4.1-д тусгаж, үлдэгдэл төлбөрийг удаалгүй өгч, төлбөрийг бүрэн гүйцэт хийсэн. Тухайн үед Л.А нь надад хэлэхдээ дээрх зуслангийн газар түүнийх бөгөөд газрын гэрчилгээг тухайн зуслангийн манаач болох П.Д-ын нэр дээр гаргасан юм, газар шилжүүлэхэд ямарваа нэгэн асуудал гарахгүй гэж хэлж, би түүнд итгээд бид хоорондоо газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Зуслангийн ногоон бүсэд хамрагдаж байгаа газар тул нэр шилжүүлэх хүсэлтээ жаахан хүлээж байгаад Сүхбаатар дүүргийн газрын албанд өгөөрэй гэж надад хэлсэн юм. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Л.Атай хамт иргэн П.Д-ын гэрт хамт ирж 7 буудлын эцэст байрлах нотариат орж, тухайн газрын эзэн Л.Атай гэрээ байгуулан төлбөрийг барагдуулсан байсан тул үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн П.Дтой байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Нэгэнт газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан тул газар дээрээ 2 метрийн өндөртэй 3 тал төмөр хашааг найз Б-н ТӨ ХХК-иар хийлгэж, найз н.Эээр газар дээр нь 3 өдөр суулгаж, гагнуулж будуулсан бөгөөд нийт 12 сая төгрөгийн зардал гаргасан. Гэвч иргэн П.Д нь газрын гэрчилгээг үрэгдүүлсэн, газар шилжүүлэхээ түр хугацаанд хүлээж байгаарай гэж надад хэлж, би газраа өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл 2020 оны хавар хашаан дээрээ очиход хашааны цоожийг сольж өөр цоожоор сольсон байсан. Манаач П.Доос манай хашааны цоожийг хэн сольчих гэж асуухад Ш.Х гэж залуу манай хашаа гээд яваад байгаа гэж надад хэлсэн. Тэгээд Ш.Хтэй 99005947 дугаарын утсаар нь холбогдож уулзахад газрыг би Доос худалдаж авсан, хашааг нь бол өөрийнх нь биш гэж мэдэж байсан юмаа, миний газрын гэрчилгээ бүх юм ном журмын дагуу миний нэр дээр гарсан учир одоо ямар ч арга байхгүй, би энэ зун тэр газар дээрээ байшин барих гэж байгаа, хашаагаа салгаад аваад явж болно, эсвэл 6 сая төгрөг хашааны үнэд чинь өгч болж байна, өөр арга байхгүй гэж хэлээд халгаагүй. Ингээд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газрын талаар лавлаж асуухад иргэн П.Д-ын нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000047014 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулан авч, П.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ш.Хд дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай өргөдөл гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 000081175 дугаартай Ш.Х-ийн нэр дээр газар эзэмших гэрчилгээг гаргуулсан болохыг олж мэдсэн. Хариуцагч П.Д нь өөрийнх нь эзэмшлийн газар биш гэдгийг мэдсээр байж, энэ надтай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хийж, нотариатаар баталгаажуулснаа мэдсээр байж гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа дахин шинээр гэрчилгээ гаргуулж, газраа өөр хүнд шилжүүлсэн байгаа юм. Нэхэмжлэгч миний бие дээрх газрыг хууль ёсны дагуу гэрээ хэлцэл хийж худалдаж авсан боловч одоо газар ч үгүй, мөнгө ч үгүй болоод байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд .чин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэж, 56 дугаар :зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. гэж, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж тус тус заасны дагуу П.Д-ын Ш.Хтэй 1119.12.27-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч П.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Д нь миний эхнэр юм. Бид 2016 онд Л.А гэдэг хүнд хэлж хөөцөлдүүлэн, Сүхбаатар дүүргийн******* Хандгайт дахь зусланд 700 м.кв2 газрыг эзэмших болсон. Газрын гэрчилгээгээ Л.Агаас аваад удаагүй 1 сар гаран өнгөрч байтал та гэрчилгээгээ өгч бай, нэг юм болохоо байчихлаа гэж хэлээд******* манайхаас ирээд гэрчилгээ аваад явсан. Газрын гэрчилгээг Л.А авч явснаас хойш бид хоёр дахиж тэр гэрчилгээг буцааж аваагүй. Ш.Х 2020 он хавьцаа эхнэртэй уулзаад, таны нэр дээр зуслангийн газар байдаг юм байна. Энэ газраа надад өгчхөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь бид мэдэхгүй. Хэрэг төвөгт орчихно чи юу яриад байгаа юм гэж хэлээд өнгөрсөн. Яаж энэ газрыг шилжүүлж авсан мэдэхгүй байна. 2017 онд 7 буудлын нотариат дээр очиж, эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Б.Б гэдэг энэ нэхэмжлэл гаргасан хүн мөн. Бид яагаад энэ хүнд газраа өгч байгааг сайн ойлгоогүй. Л.А л та хоёр цуг яваад гарын үсэг зураадах гэж хэлээд гарын үсэг зурсан юм. Бид энэ газрыг эзэмшиж байсан. Газрын гэрчилгээг Л.А авсан. Тэгээд Буяннэмэх рүү эрх шилжүүлж өгсөн. Өөр юу ч мэдэхгүй байна. Бид газраа буцааж авмаар байна. Л.А бидний газрыг зарчхаад нэг ч төгрөг бидэнд өгөөгүй өнөөдрийг хүрч байна.
Нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч байна.
Газрын гэрчилгээг Л.А авч явснаас хойш тэр гэрчилгээг бид 2 дахин олж хараагүй. Дахин бидэнд буцааж өгөөгүй. Буяннэмэх гэдэг хүнд Л.А нь яаж газрыг зарсныг бид мэдэхгүй, бидэнд энэ нэхэмжлэлийн шаардлага огтоос хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Ш.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний бие уг газрыг М.М гэх иргэнээс 2019 оны 12 сарын 27-ны өдөр газар эзэмших эрх худалдах, худалдан гэрээ, газар эзэмших эрх шилүүлэх гэрээ-гээр худалдан авсан юм. Уг газар нь М.Мөнх-Эрдэнийнх биш боловч, газар эзэмшигч, иргэн П.Д нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийн итгэмжлэлийг иргэн.М.Мд олгосон, хүчин төгөлдөр хэлцлийг үндэслэн уг газар эзэмших эрхийг олж авсан ба нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой үйл баримтаар дурдсан байна.
Аливаа эрхийг худалдан авч байгаа этгээд нь эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлснээс хойш эрх бүхий бүртгэлийн байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэх учиртай. Эс бөгөөд эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал дуусгавар болдог.
Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмших эрхийг 2016 оны 05 сарын 05-ны өдөр иргэн Л.Агаас худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдан авсан гэж, мөн дээрх газар эзэмших эрхийг 2017 оны 05 сарын 11-ний өдөр эрх шилүүлэх гэрээ-г иргэн П.Дтой байгуулсан. Гэтэл 2020 оны хавар уг газар Ш.Хд шилжсэн болохыг мэдсэн гэжээ. Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж буй дээрх үйл баримтад дүгнэлт хийгээд оюуны бяд хүрэхгүй байгааг эвд онцлон дурдъя. Иргэн Дын газрыг, иргэн Л.Атай гэрээ байгуулж худалдан авч байгааг ойлгохгүй байна. Мөн, нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр иргэн П.Дтой эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг газрыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзвэл, 2017 оны 06 сарын 01 -ний өдрөөс хойших түүний үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж ойлгохоор байна.
Хэдийгээр хамааралгүй боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг анзаарч үзвэл, Л.А гэх иргэн нэхэмжлэгчийг хуурсан, мэхэлсэн мэт санагдана. Хэрэв уг газар нь Л.Агүйнх гэж үзвэл ямар учир, шалтгааны улмаас газар эзэмших эрхийг зуслангийн манаач, иргэн П.Д-ын нэр дээр гаргуулах болсон, эцэст хэн нэгэн иргэнийг /иргэн Ш.Хг/ хохироох сэдэлт санаа зорилго агуулж байсан эсэх, мөн үүсэж болох эрх зүйн үр дагаврыг тооцох учиртай. Эцэст нь дүгнэж хэлэхэд хариуцагч Ш.Х миний бие газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан, шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч та, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг сайтар ухамсарлаж, асуудалд муйхар хавдах бус, бодиттой дүгнэлт хийх нь зүйтэй болов уу. Нөгөөтээгүүр, хувь хүний буюу иргэн Ш.Х миний нууцад халдаж, нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар олж авсан байж болзошгүй үйлдлийг тань харьяалагдах байгууллагаар шалгуулах болно гэдгээ илэрхийлье. гэжээ.
Хариуцагч Н.Хандсүрэнгийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Д гуай бол гэрчийн мэдүүлгээр П.Д гуай, С.Б гуай бол тодорхой нөхцөлөөр буюу Л.А гэдэг хүнд ажил үүрэг гүйцэтгээд газар эзэмших эрх олж авч байгаа юм байна. Тэр ажил үүргээ гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгээгүй эсэх нь энэ газар эзэмших эрхтэй, ерөөсөө хамаа байхгүй. Энд энэ харилцаанаас өөр бусад харилцаа, энэ Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээний төрлийн харилцаагаар ажлаа хийсэн үү, хийгээгүй юу, үнэ хөлс төлсөн үү, төлөөгүй юу гэдэг тухай л асуудал яригдах болохоос биш. П.Д гуайн газрыг Л.А бусдад зараад явж байгаа байдал чинь үндэслэлгүй юм. Ер нь энэ Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд худалдан авагч худалдаж авч байгаа зүйлийнхээ бичиг баримтыг шалгах үндсэн үүрэг байгаа шүү дээ. Тэгээд төлбөрөө төлөх үндсэн хоёр л үүрэгтэй. Тэгээд энэ эрх үүргээ та өөрөө хэрхэн яаж хэрэгжүүлж энэ газар эзэмших эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоно. Энэ байдал чинь маш хангалтгүй оролцсоноос болоод ийм үр дагаврууд үүссэн байна. Мөн таны газар эзэмших эрх ер нь хуульд заасны дагуу та 14 хоногийн дотор эрх бүхий байгууллагад бүртгэгдэж байж тэр хэлцэл хүчин төгөлдөр болдог хуультай. Тэгэхээр таны түрүүний дурдаж байгаа Иргэний хуулийн 250.1 гэдэг бол нэгдүгээрт эзэмших эрх үүссэн, эзэмшилдээ авсан тухай яригдана. Хоёрдугаарт эзэмшилдээ хэн аль нь аваагүй бол гэрээ байгуулсан тухай хууль. Тэгэхээр эзэмших гэдэг бол өөрөө эрх бүхий байгууллагад бүртгэгдсэнээр эзэмшил үүсэх буюу Ш.Хд танаас түрүүлээд эзэмшил үүсчихжээ. Тийм учраас миний үйлчлүүлэгч энэ газрын хувьд шударга өмчлөгч юм. Тийм учраас хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж хэлье. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/1287 дугаар Албан бичгийн хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ........ дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №28ё2-3/751, №28ё2-3/752 албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн102/ШШ2022/04462 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/16856 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч П.Д, хариуцагч Ш.Х нарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П.Д нь энэ нэхэмжлэлийн шаардлага огтоос хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Хариуцагч Ш.Х нь миний бие газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан, шударга эзэмшигч гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Аай Зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.
2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1-т зааснаар иргэн Л.А нь*******, .....-р хороо, Х зуслан хаягт байршилтай, нэгж талбарын ........ дугаар бүхий, 700 м.кв эзэмших эрхтэй газрыг нэхэмжлэгчид 10,000,000/арван сая/ төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.
Хариуцагч П.Д нь*******, .....-р хороо, Х зуслан хаягт байршилтай, нэгж талбарын ........ дугаар бүхий, 700 м.кв эзэмших эрхтэй газрыг 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 15/арван тав/ жилийн хугацаатай эзэмшиж байсан болох нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 000542896 дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.3-т Гуравдагч этгээдэд ашигтай гэрээнд нөгөө талын зөвшөөрлөөс үл шалтгаалан гуравдагч этгээдийг орлох эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч болон иргэн Л.А нар нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.3 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдэд ашигтай буюу хариуцагч П.Дд ашигтай гэрээ байгуулсан болох нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь иргэн Л.Ад газар эзэмших эрхийн үнийг төлсөн болох нь гэрч Л.Ан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч П.Д нар нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1-т зааснаар хариуцагч П.Д нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А90 тоот шийдвэрээр олгогдсон Сүхбаатар дүүрэг, .....-р хороо, Х зуслан хаягт байршилтай, нэгж талбарын ........ дугаар бүхий 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч нь шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ гэж заасан.
Зохигчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Нэрлэгдээгүй гэрээ гэх/ гэж үзнэ.
Гэрээний 3-ын 3.6-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч П.Д нар нь газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, гэрээ, баримт бичгийг холбогдох байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч П.Д уг үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн № 17/1287 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ш.Х нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр П.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх М.Мтэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, .....-р хороо, Х зуслан хаягт байршилтай, 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг эзэмших эрхтэйгээр шилжүүлэн авсан болох зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Хариуцагч нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай тус Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн тус үндэслэл, шаардлагаа тодруулахгүй байна.
Хариуцагч нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно., 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй , мөн хуулийн 59.4-т Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч П.Д нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулсан талаар буюу*******, .....-р хороо, Х зуслан хаягт байршилтай, нэгж талбарын ........ дугаар бүхий 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснийг хариуцагч Н.Хандсүрэнд мэдэгдэлгүй, хариуцагч Н.Хандсүрэнтэй гэрээ байгуулсан байх тул хуурч мэхлэн хэлцэл хийсэн гэж үзнэ.
Хариуцагч нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг сонирхогч этгээд гэж үзнэ.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Д, хариуцагч Ш.Х нарын*******, .....-р хороо, Х зуслан хаягт байршилтай, 1462103558 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Хтэй 2020 онд уулзаж дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлсэн талаар мэдсэн байх ба 2021 онд тус шүүхэд хариуцагч П.Д, хариуцагч Н.Хандсүрэн нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2022/16856 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/04462 дугаар шийдвэрийн дагуу П.Д, Н.Хандсүрэн нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр П.Д, Н.Хандсүрэн нарын оршин сууж байгаа хаягийг олж тогтоосон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/04462 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 28ё2-3/751, № 28ё2-3/752 Албан бичгээр тогоогдож байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ба нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д, Ш.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бэд олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Д, хариуцагч Ш.Х нарын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан*******, .....-р хороо, Х зуслан дахь 1462103558 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д, Ш.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ