| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2106 00000 2350 |
| Дугаар | 2022/ДШМ/63 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/63
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Б,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/1330 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай эсэргүүцлээр Б.Бд холбогдох 2106 00000 2350 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Б-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Орхон аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ...., ..., ..., нарын хамт ......... дүүргийн ... дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;
Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн урд талын зам дагуу байрлуулсан иргэн В.Ганболдын эзэмшлийн хар өнгийн “Рэнж ровер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрлийг нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокуророос: Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн Б-ийн Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд сануулж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч В.Ганболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ү.Содномцог бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн 3 төрлийн ялаас сонгож оногдуулахаар хуульчлан тогтоосон байхад Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн гаргасан алдаа болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт зааснаар сонгон оногдуулах боломжгүй “торгох” төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж шийтгэх тогтоол гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/1330 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг прокурорт буцаалгахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй, ойлгомжтой байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр уг шаардлагыг хангаагүй.” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бийг “2021 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн урд талын зам дагуу байрлуулсан иргэн В.Ганболдын эзэмшлийн хар өнгийн “Рэнж ровер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрлийг нууцаар, хууль бусаар авч, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан.
Яллагдагч Б.Б нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох буюу хуульд байхгүй ял оногдуулах санал гаргаж, ял тохиролцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан байхад шүүхээс хуульд байхгүй 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/1330 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ