Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 278

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгч, хохирогч Ц.Т-,

Шүүгдэгч, хохирогч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Ц-н Т-, Б овогт Б-ийн У- нарт холбогдох эрүүгийн 1710000000123 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ц-н Т,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн У нар нь:

 

- 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн ,,,, тоотод “чадваргүй гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан нэгнийгээ зодож цохин, үсдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ц.Т-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл / хх 6 /,

 

Хохирогч Б.У-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл / хх 8-10 /,

 

Хохирогч Ц.Т- мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Гэрээс гарахад Б.У- намайг хүлээгээд тэр айлын үүдэнд зогсож байсан. Тэгээд Б.У намайг  “намайг чадваргүй гэдэг та юу юм бэ? миний чадварыг харах уу” гэх зэргээр орилоод байсан. Тэгээд бие биенийхээ үснээс зулгаагаад намайг Б.У доороо оруулаад миний үснээс зулгаагаад намайг газар дарчихаад байсан...” гэжээ. / хх 11-14 /,

 

Хохирогч Б.У- мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Ингээд бүгдээрээ явцгаая гээд Ц.Т- эгч бид хоёр үүдний амбаарт хэсэг юм ярьж зогсож байгаад Ц.Т- эгчид хандаж “ Та хамт олны дунд намайг чадваргүй, миний далбаан дор ажилладаг, амьдардаг гэж яагаад хэлээд байгаа юм бэ? Би ер нь таныг яасан юм бэ?” гэж хэлсэн. Ингэсэн чинь намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн чинь намайг Ц.Т- эгч дээрээс дараад унасан. Тэгээд бид хоёр үсдэлцсэн байж байхдаа би баруун тал руугаа Ц.Т- эгчийг унагаасан. Тэгэхэд баруун талд тэр айлын хүүхдийн унадаг дугуй байсан. Ингэж байхад манай ажлынхан салгасан...” гэжээ. / хх 15-16 /,

 

Гэрч Э.О- мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Яг юунаас маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Үүдний амбаарт ямар ч байсан бие биенийхээ үснээс зулгаачихсан байсан. Б.У “Ц.Т- эгч намайг өөрийнхөө далбаан дор ажилладаг гэж хэлсэн гэж хэлж байсан...” гэжээ. / хх 17-18 /,

Гэрч Х.Уртнасан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Бүгдээрээ явцгаая гээд Ц.Т-, Б.У хоёр хувцасаа өмсч байснаа гэнэт дуу чимээ гарсан. Тэгсэн чинь Ц.Т-, Б.У хоёр бие биенийхээ үснээс зулгаачихсан газар хэвтчихсэн байж байсан. Тэгэхээр нь би салгах гээд очсон чинь Б.У намайг алгадаад “бид хоёрын асуудал танд ямар хамаатай юм бэ?” гэсэн. Тэгэхээр нь би дахиж ойртоогүй...” гэжээ. / хх 19-20 /,

 

Гэрч Г.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Б.У намайг “түр байж бай, түр гарч бай” гэхээр нь би гарсан. Тэгээд гадаа үүдний хаалга хаачихсан. Би тухайн үед юм ярих гэж байгаа юм байлгүй гэж бодоод байж байсан чинь чимээ гараад явчихсан. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгоод харсан чинь тэр хоёр бие биенийгээ үсдчихсэн хэвтэж байсан. Тэгээд босгох гэсэн чинь тэр хоёр бие биенийхээ дээр доор оролцоод салахгүй байсан. Тэгээд гар хуруунуудыг нь нэг нэгээр нь салгаж холдуулсан. Тэгээд хоёулаа босч ирээд жаахан зайтай болчихсон байхад Б.У уйлаад “та намайг яах гэж тэгж хэлж байгаа юм бэ? Би таны далбаан дор ажилладаг юм уу?” гээд байсан. Ингээд энэ хоёрыг холдуулаад тэр айлын хашаанаас нь гарсан...” гэжээ. / хх 22-23 /,

 

Гэрч Л.О мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... Ц.Т-, Б.У хоёр Э.О-ийн гэрээс эхлээд гарцгаасан юм. Хоорондоо үүдний амбаарт нь юм яриад байж байгаад гэнэт чимээ гарсан юм. Тэгэхээр нь очоод харсан чинь Ц.Т- эгч, Б.У хоёр бие биенийхээ үснээс зулгаачихсан байж байсан. Тэгээд Г.Б, бид хоёр тэр хоёрыг салгахад Ц.Т- эгч газар унасан...” гэжээ. / хх 24-25 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 11427 дугаартай дүгнэлтэнд:

“...1. Ц.Т-ийн биед толгойн хуйхны үс халцрал, нуруу, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэжээ. / хх 32 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11432 дугаартай дүгнэлт

“...1. Б.У-ын биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. / хх 36 /,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т- мэдүүлэхдээ: “...Тухайн үед айлд бид хоёр бие биенээ үсдсэн. Үүнээс болж бид хоёр харилцан зодолдсон. Дараа нь гудамжинд У- намайг зодсон. Би Б.У-д гар хүрээгүй. Маргааш өглөө нь ажил дээр бид хоёр эгч дүү шиг хамтран ажилласан. Бид өмнө нь ажилчин албан хаагч нар шиг ажилласаар ирсэн. Б.У-ыг надад гомдож явдаг байсныг мэдээгүй. Б.У-ыг ажил дээр дарамталж байгаагүй. Би Б.У-ыг маргааш нь надаас уучлалт гуйх байх гэтэл намайг шоолж, бах таваа хангаад хөхрөөд байсан учраас маш их гомдсон, даргадаа Б.У-тай хамт ажиллаж чадахгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж, ажлаасаа гарах хүсэлтээ гаргасан. Тэгээд Б.У-д холбогдуулан цагдаад өргөдөл гаргасан. Манай нөхөр ч гэсэн цагдаад ханд гэж хэлсэн. Гэтэл намайг зодсон гээд Б.У- өргөдөл өгсөн байсан. Тэгээд Б.У- хэрэг прокурорт шилжсэн үед надаас уучлалт гуйсан. Тэгээд Б.У-тай харилцан тохиролцож хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэж байна...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У- мэдүүлэхдээ: “...Ц.Т- бид хоёр 2015 оны 12 дугаар сараас хойш хамт эгч дүү шиг хамт ажиллаж байсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж ийм асуудал гаргаснаа мэдэж байгаа. Би Ц.Т-ээс уучлалт гуйх гэж гэрт нь очиж байсан. Тухайн үед надад уучлалт гуйх боломж олгоогүй. Мөн тухайн үед надад ажил явдал гарчихаад уулзах боломж байгаагүй. Гэхдээ Ц.Т-тэй 3 цаг гаруй юм ярьж уучлалт гуйсан байгаа. Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу..." гэв.

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/, ял шалгах хуудас /хх-25/, эвлэрлийн гэрээ / хх 72/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-64 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Т-, Б.У- нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн ,,,, тоотод “чадваргүй гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан нэгнийгээ зодож цохин, үсдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 11427 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11432 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Т-, Б.У- нар нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Т-, Б.У- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч Ц.Т-, Б.У- нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Т-, Б.У-  нарт  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Т-, Б.У- нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцон үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Т-, Б.У- нар нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                                                    

1. Х овогт Ц-н Т-, Б овогт Б-ийн У- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-, Б.У-  нарыг  500 /таван зуун/ нэгж буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.У-д оногдуулсан 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Т-, Б.У- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Т-, Б.У-  нарт оногдуулсан  500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т-, Б.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Т-, Б.У-  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД