Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 279

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж

шүүгдэгч Г.Ү-, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-ийн Ү-д холбогдох 1710000000056 дугаартай хэргийг 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

           1.Монгол улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  өрлөгчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр 7 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г- овогт Г-ийн Ү

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ү- нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, тоотод иргэн Ө.Н-ийг түүний нөхрийн төрсөн ах Г.Ү- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болгоомжгүйгээр хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Ү-аас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ө.Н-ийн:  “...2017 оны 08дугаар сарын 12-ны өдөр орой 19 цагийн орчим гэртээ гэдэс чаначихаад доод давхарт байдаг О гээд нөхрийнхөө дүүг дуудсан юм. Мөн манай гэрт нөхрийн дүү нар болох Б-, М- нар орж ирчихсэн хоол идээд байж байсан юм. Ингээд удалгүй нөхрийн төрсөн ах нь болох Ү- согтуу орж ирээд бид нартай хамт том өрөөний ширээн дээр ширээ тойроод хоол идээд сууж байтал Ү- манай нөхрөөс би хөдөө явах гэж байна, мөнгө хэрэгтэй байна, 20.000 төгрөг өгчих гэхэд манай нөхөр “дансаа өгчихөө, би дансаар шилжүүлье” гэсэн чинь “үгүй ээ, бэлнээр өгөөдөх, надад архи өг” гэх зэргээр манай нөхөртэй ярилцаад байсан. Би хоол унд гээд анзаараагүй байсан юм. Хэрүүл хийгээд ч байх шиг, ярилцаад ч байх шиг ярьж байснаа Ү- манай нөхөр лүү идэж байсан гэдэснээсээ аваад шидсэн. Тэгснээ хутга авах гэхээр нь би түрүүлж авах гээд чадаагүй Ү- надаас түрүүлээд авчихсан. Ингээд хутга авчихаад босож ирэхэд нь бүгд хамт босоод ирсэн юм. Тэгээд хутгаараа хэдэн тийшээ савлаад байхаар нь манай нөхөр хутгатай гарыг бариад авахаар нь хутгыг би булаах гэж оролдоод чадаагүй тэгээд гарыг нь алдчихсан. Ингээд нөхрийнхөө ард зогсоод Ү-тай хутга булаацалдаж байхад зүүн хавирганы доод хэсэг рүү нэг юм зурах шиг болохоор нь цамцаа сөхөөд харсан чинь цус гараад хутгалчихлаа гэдгийг нь мэдсэн. Ингээд эмнэлэгийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирсэн. Ү- ингээд хэсэг хутгаа барьж зогсож байгаад тэгээд шал руу шидчихээд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч А.Б-ын: ... “2017 оны 08 дугаар сарын 12-ний орой 19 цаг болох гэж байхад Н-  Х- ах эгчтэйгээ хамт хоол идээд байж байтал гаднаас Ү- гэдэг Х- ахын төрсөн ах нь согтуу байгаа бололтой архи үнэртүүлчихсэн орж ирсэн юм. Ингээд Ү- ахад хоол хийж өгөөд байж байтал Ү- ах Х- ахаас 5000 төгрөг байна уу гэж нэхэхэд нь Х- ах бэлэн байхгүй байна, дансаа өгчих шилжүүлчихье гэж хэлсэн чинь Ү- ах надад данс байхгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Ү- ах Х- ахаас архи байна уу гэж нэхэхэд нь Х- ах архи байхгүй та ямар ууж чадах биш гэж хэлсэн. Тэгсэн Ү- ах уурлаад Х- ах руу идэж байсан хонины гэдсээ шидсэн юм. Тэгээд Ү- ах гартаа хутга барьчихсан харагдсан юм. Тэгэнгүүт Х- ахын эхнэр Н- эгч тэр хоёрыг маргалдуулахгүй гэж дундуур нь орж Ү- ахыг Н- эгч тэврээд авсан юм. Тэгтэл Ү- ах гартаа байсан хутгаар Н- эгчийн зүүн талын хавирга хэсэгт хутгаар зүсчихсэн юм. Тэгсэн чинь Н- эгч намайг хутгалчихлаа гэж хашгирсан юм Тэгэнгүүт хурдхан шиг эмнэлэг дуудсан юм. Тэгээд Ү- ах бид нарыг тэр хавиар бужигнаж байх үед гараад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 Гэрч Д.М-ын: ... “2017 оны 08 дугаар сарын 12-ны орой Х-, Н- эгч манай нөхөр Б- бид нар 19.00 цагийн үед гэдэс чанаад хоолоо идэж байтал Ү- ах орж ирсэн юм. Тэгэхээр нь Ү- ах Х- ахаас 5000 төгрөг өгөөч гэж гуйхад нь Х- ах дансаа өгчих гэж хэлтэл Ү- ах надад данс байхгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Ү- ах Х- ахаас архи байна уу гэж нэхэхэд нь Х- ах архи байхгүй та ямар ууж чадах биш гэж хэлсэн чинь Ү- ах гэнэт уурлаж идэж байсан хоолоо Х- ах руу шидсэн юм. Тэгээд Х- ах, Ү- ах хоёр сууж байсан сандал дээрээсээ босоод хэрэлдэж эхэлсэн юм. Энэ үед ширээн дээр байсан хутгыг Ү- ах барьж аваад Х- ах руу дайрах үед Н- эгч дундуур нь орж салгах гэж байгаад Ү- ахыг гараараа тэврээд авсан юм. Тэгсэн чинь гэнэт Н- эгч намайг хутгалчихлаа гэж хашигирсан юм. Тэгээд бид нар сандралдаад эмнэлэг дуудсан юм.Тэгтэл эмнэлэг удалгүй Н- эгчийг аваад явсан юм. Мөн цагдаа нар ч бас ирцгээсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Г.Х-гийн: ... “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 51-35 тоот гэртээ хоол хийгээд байж байсан юм. Манайд хөдөөнөөс Б-, М-, 6 настай охин Э нар ирчихсэн манай эхнэр Н- нарын хамт байсан юм. Ингээд байж байхад миний яг дээд талын ах болох Ү- гаднаас нилээн согтуу байдалтай орж ирсэн юм. Тэгээд орж ирээд Ү- ах хоол идээд сууж байгаад Дундговь аймгийн Эрдэнэцогт сум руу явна 20.000 төгрөг хэрэгтэй байна, чи өгөөдөх гэж хэлсэн. Тэгэхээр нь надад бэлэн алга байна данс руу чинь өгье, та дансаа өгчих гэж хэлсэн чинь надад данс байхгүй гэж хэлээд хэсэг сууж байгаад Ү- чи надад архи авч өг гэж надад хандаж хэлэхээр нь би насаараа архи уулаа ханаж цадах болоогүй юм уу гэж хэлсэн чинь идэж байсан хоолноосоо базаад шидсэн. Тухайн үед малын гэдэс чаначихсан байсан болохоор Ү- нь зүүн гартаа байсан хутгаараа манай эхнэр Н-ын зүүн хавирга хэсэгт дүрчихсэн. Тэгэхээр нь би буйдангийн сандал урдаа барьж түлхээд хутгыг нь авах гэтэл хутгаа гэрээс гарахдаа газар шидчихээд үүдэнд намайг хэл амаар доромжилж байгаад гэрээс гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №10473 дугаартай дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Г.Ү-ын: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гандангаар орж номын худалдаанаас ном сонирхох зорилготой байсан юм. Тэгээд гандан ороод бөмбөгөрийн баруун талын нэг дэлгүүрээс 20 граммын хараа нэртэй архи авч ганцаараа уучихаад тэндээсээ алхаад Чойжин ламын музей орж дотор талыг нь үзчихээд О-ийн гэрлүү явахаар шийдээд 19-ийн буудал дээр буугаад гэр лүү нь явах замдаа 200 граммын хараа нэртэй архи дахин нэгийг авч уугаад О-ийн гэрт нь орсон юм. Тэгээд дүү О-оос 20.000 төгрөг авчихаад байж байсан чинь О нь Х-гийн гэрт орно гэхээр нь хамт орсон юм. Тэгээд тэндээ Х-тай ойр зуурын юм ярьж байгаад түүнээс хөдөө явах гэж байна, хэдэн төгрөг өгчих гээд мөнгө нэхсэн чинь О танд өгсөн гэж байна, би өгөхгүй, надад мөнгө байхгүй гэхээр нь тиймээ би О-оос мөнгө авсан гээд мөнгөө үзүүлж байсан юм. Тэрнээс хойш болсон асуудлын талаар огт санахгүй байна. Нэг мэдэхэд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 38 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ү-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

     Шүүгдэгч Г.Ү- нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, тоотод иргэн Ө.Н-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болгоомжгүйгээр хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч А.Б-ын мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Д.М-ын мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Г.Х-гийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №10473 дугаартай 

1.Ө.Н-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны гадна давхаргыг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндий дэх хурц цус алдалт /1 литр/  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонгти алдагдуулахгүй.

       5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 9 дүгээр хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг  яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Ү-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболдоос “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ү- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэн зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээс ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Ө.Н- нь шүүгдэгч Г.Ү-аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 52 дугаар хуудас/ гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан болно.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Ү-  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

  

1.Г- овогт Г-ийн Ү-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр согтууруулах ундаа хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, 1 жилийн хугацаагаар эрх хасах хязгаарлалтыг тогтоож, 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт тус тус зааснаар Г.Ү- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Г.Ү- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ