Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02125

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13

182/ШШ2024/02125

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт оршин суух, Ц  овогт *******ын ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч З.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 8 дугаар ангиа төгсөөд 1 жид болоод 1982 онд цэргийн албанд явсан. 3 жил цэргийн алба хаагаад 1985 онд халагдаж ирсэн. Ингээд 1985.12.10-наас эхлэн ******* аймгийн ******* суманд Нийтийн ахуй үйлчилгээний комбинат гэж байхад анх ажилд орж төмөрчнөөр ажилласан. 1990.12.31-нийг хүртэл энэ байгууллагадаа тасралтгүй ажилласан. Түүнээс хойш улсад ажиллаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлсэн.

Улсаад ажилласан жил баталгаажуулахад 1990-2000 оны ажилласан жилийг хамарч баталагаажуулж өгсөн.

Одоо миний бие 1985.12.10-наас 1990.01.01-нийг хүртэл хугацаанд Нийтийн ахуй үйлчилгээний газарт төмөрчин хийж байсныг тогтоолгох хүсэлтэй байна. Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэхэд дээрх улсаад ажилласан хугацаа тодорхойгүй болсон. Архиваас баримт шүүлгэхэд 1985, 1987 оны намайг ажилд томилж байсан тушаалууд, мөн миний цалингийн лавлагаа гарч ирсэн. Надад уг анх хөдөлмөрийн дэвтэр нээж өгч байсан бөгөөд 2004 оны үед Улаанбаатар хотод Т-д байхад их хэмжээний үер болсон. Тэр үед гэр маань бүрэн урсаж, бүх бичиг баримт, гэрийн эд зүйлс үрэгдэж алга болсон. Дараа нь надад улсаас гэр олгосон. Иймд надад үүнээс өөр ямар ч баримт олдохгүй байна.

Намайг дээрх хугацаанд улсад тасралтгүй төмөрчнөөр ажиллаж байсан гэдгийг надтай хамт ажиллаж байсан төмөрчин ******* шүүхэд гэрчилсэн, мөн оёдолчин байсан ******* тодорхойлолт хийж өгсөн. Эдгээр нь нотолж байгаа. Одоо надтай хамт ажиллаж байсан ихэнх хүмүүс байхгүй болсон байдаг. нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд дээрх баримтуудыг үндэслэн 1985.12.10-наас 1990.01.01-нийг хүртэл тасралтгүй улсад ажилласан байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн архивын газрын 2024.01.05-ны өдрийн 0020 тоот, Үндэсний төв архивын 2024.01.05-ны өдрийн 30 тоот тодорхойлолтууд, ******* аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985.12.10-нй өдрийн 183 тоот Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987.01.10-ны өдрийн 4 тоот Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023.12.11-ний өдрийн 581 тоот Цалингийн тодорхойлолт, 582 тоот Архивын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023.11.08-ны өдрийн З.*******ийн 1990-2000 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, иргэн *******, ******* нарын тодорхойлолт, тэдгээрийн 302118, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, иргэний үнэмлэхийн хуулбарууд, ******* аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003.05.12-ны өдрийн *******ийн улсад ажилласан байдлыг тогтоосон тухай шийдвэр зэргийг гаргасан.

 

3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.23-ны өдрийн 7540 дүгээр захирамжийн дагуу Үндэсний төв архивын 2024.04.29-ний өдрийн 02/442 тоот албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2024.04.29-ний өдрийн 01/537 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024.04.29-ний өдрийн 02/877 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий ерөнхий газрын 2024.04.29-ний өдрийн 9/5603 тоот албан бичиг түүний хавсралтууд З.*******ийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд болох 131 тоот Төрөгсдийг бүртгэх анкет, 077 тоот БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А маягт, 7 тоот Хаягийн хуудас, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21а маягтууд, 28 тоот Гэрлэлтийг бүртгэх анкет, 7 тоот Гэрлэлт цуцлуулсныг мэдэгдэх хуудас ХААТР-16А маягт, З.*******ийн садан төрлийн лавлагаанууд, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024.05.06-ны өдрийн 06/21 тоот албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985.12.10-ны өдрийн 183 тоот Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987.01.10-ны өдрийн 4 тоот Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023.12.11-ний өдрийн 581 тоот Цалингийн тодорхойлолт, гэрч *******ын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор  нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд  ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд З.******* нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч З.******* нь 1985.12.10-наас 1990.01.01-нийг хүртэл хугацаанд ******* аймгийн Ахуй үйлчилгээний комбинат болон Ахуй үйлчилгээний удирдах газарт ачигч, төмөрчнөөр тус тус тасралтгүй ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон тухай ******* аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985.12.10-ны өдрийн 183 тоот Хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд ...Ажилд орохыг хүссэн тул ******* овогтой *******ийг...ачигчаар томилон ажиллуулсугай... гэж, ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987.01.10-ны өдрийн 4 тоот Хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд ...Ачигчаар ажиллаж байсан ******* овогтой *******ийг 1987.01.01-нээс эхлэн төмөрчин Өлзийхутагт дагалдангаар шилжүүлэн томилсугай... гэж, 1988 онд бүртгэгдсэн 077 тоот БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А маягтад ...Ажилладаг байгууллага: нийтийн ахуй үйлчилгээний газар, ажилд орсон он: 1985, төмрийн цех: төмөрчин ... гэж тус тус бүртгэгдсэн байдал, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023.12.11-ний өдрийн 581 тоот З.*******ийн Цалингийн тодорхойлолт, гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

3.Иймд З.*******ийг дээрх хугацаанд тасралтгүй улсад ажилласныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан Цэвэг овогт *******ын ******* /РД:*******/-ийг 1985.12.10-ны өдрөөс 1990.01.01-ний өдөр хүртэл хугацаанд ******* аймгийн Ахуй үйлчилгээний комбинат болон Ахуй үйлчилгээний удирдах газарт ачигч, төмөрчнөөр тасралтгүй ажиллаж байсныг буюу улсад -- жил -- сар -- хоног ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ           Ж.БАЙГАЛМАА