Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 280

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдаан танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Я-н Б-д холбогдох эрүүгийн 1710000370025 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ,,,, тоот оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, З овогт Я-н Б

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:/

Шүүгдэгч Я.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух иргэн Д.А-ийн гэрийн хашаанаас “Wolf” загварын унадаг дугуй хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Я.Б- шүүхийн хэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэв.

 

Хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд  

Хохирогч Д.А-ийн: “...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байшингийнхаа хаалганы үүдэнд манай хүү А.Д 2017 оны 3 дугаар сард худалдаж авсан “Wolf” загварын унадаг дугуйгаа тавиад гэр рүүгээ орчихоод гараад ирсэн байхгүй хулгайд алдагдсан байсан. Тэгээд тухайн өдрөө гэрийнхээ эргэн тойронд хайгаад олохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед хашааны том гүйдэг хаалга бага зэрэг онгорхой байсан, хашаандаа нохойгүй, алдагдсан дугуй гэрийн гадаа сул байсан ямар нэгэн цоож байхгүй байсан. Дугуйг 2017 оны 3 дугаар сард Нарантуул худалдааны төвөөс 450,000 төгрөгөөр худалдаж авсан одоо 450,000 төгрөгөөр үнэлж байна. цагаан өнгөтэй, дээгүүрээ улаан канттай үндсэн рам, зүүн талын дөрөө нь саарал өнгөтэй, баруун тал нь цагаан улаан өнгийн дөрөөтэй, жолоо нь зүүн тал нь эвэргүй, баруун тал нь эвэртэй, суудлынхан доод талд улаан, цэнхэр өнгийн цоожтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/

-2000 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Я.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад зүс таних Г-тай хамт 2 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусгаад би Жаргалантын гудамжинд алхаж явж байгаад хашааны хаалга нь онгорхой байсан айлын хашаанд унадаг дугуй харагдахаар нь дугуйг унаад Яармагийн эцэс ороод цагаан өнгийн машинтай залууд 40,000 төгөргөөр дугуйг зараад архи аваад уучихсан. Тэгээд тэр оройноо цагдаад баригдсан...” /хх-ийн 28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Я.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух иргэн Д.А-ийн гэрийн хашаанаас “Wolf” загварын унадаг дугуй хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.А-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

 

Хохирогч Д.А-д 450,000 төгрөгийн үнэ бүхий “Wolf” загварын унадаг дугуйг буцаан өгсөн, шүүгдэгч Я.Б- нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүх шүүгдэгч Я.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдалыг харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

 

1.З овогт Я-н Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Б-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Я.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

  5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Я.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ТУЯАТ