Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/92

 

 

 С.Мд холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/2844 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр С.Мд холбогдох 2103 00247 0325 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн С-ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., ..., ......... дүүргийн .. дүгээр хороо, ... байрны ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

Шүүгдэгч С.М нь 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Бээжингийн гудамжны “И-март” худалдааны төвийн баруун хойд замд “Тоёота Ланд Круйзер” маркийн 93-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч, явган зорчигч Б.Дөлгөөнтамирыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, мөн гүүрний хашлага, хайсыг мөргөн доош унаж онхолдсоны улмаас зорчигч БНХАУ-ын иргэн Ч.Даоржиалагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг шаардлагууд бүрэн хангагдаагүй байна гэж дүгнэв. Учир нь, шүүгдэгч С.М нь хохирогч Б.Дөлгөөнтамирын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлуудыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаар болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх талаарх шүүгдэгчийн хандлагад гомдолтой гэж байгаа, мөн шүүгдэгч нь хохирогчтой эвлэрэн хэлэлцэж нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Материаллаг шинжтэй дээрх процессын хуулиас эрх зүйн хувьд илүү хүчин чадалтай органик хууль болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.

Гэтэл прокуророос гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал зэргийг харгалзаж үзэлгүй, шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын зарим арга хэмжээ авхуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай, товчоор хэлбэл энэ нь шударга ёсны зарчим, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын шаардлагыг хангахгүй байна.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлэх талаар хохирогчид мэдэгдэж, түүнийг мэдээллээр хангалгүй хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлага бүрэн хангагдаагүй байх тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй.

Мөн хохирогч Б.Дөлгөөнтамирын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон баруун чамархай, баруун хөхлөг сэртэн гадна чихний суваг, суурь ясны нийлмэл хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтлүүдээс гадна тухайн хохирогчид хамар ясны гэмтэл учирсан байж болзошгүй талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд хэрэв хохирогчийн биед өөр гэмтэл шинээр тогтоогдвол уг гэмтэл нь гэмтлийн зэрэг болон хэргийн зүйлчлэлээс үл хамааран гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдох учир энэ байдлыг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Мд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг, хүний үс мэт зүйл 2 ширхэг, В ангиллын жолоочийн 766357 дугаартай үнэмлэх зэргийг хавтаст хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгт үндэслэж, шүүгдэгчийг хохирогчтой эвлэрэн хэлэлцэж нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул бодитоор илэрхийлсэн гэж үзэхгүй гэж хэт ерөнхий байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дөлгөөнтамирт эмчилгээний зардалд баримттайгаар 2.925.772 төгрөг, Нийслэлийн авто замын хөгжлийн газар баримттайгаар 2.997.532 төгрөгний хохирол тус тус учирсан ба хохирогч БНХАУ-ын иргэн Даоэржиалагийн зүгээс шүүгдэгч Н.Мөнхтуяагаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явцад шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.Дөлгөөнтамирт 7.111.342 төгрөг, Нийслэлийн авто замын хөгжлийн газарт 2.997.532 төгрөгийг тус тус төлж барагдуулсан ба хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй юм.

Шүүгдэгчийн хувьд хохирогч Б.Дөлгөөнтамирын цаашид гарах эмчилгээний зардлыг сайн дураараа төлж барагдуулах буюу нөхөн төлөхөө гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтэнд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ч удаа дараа илэрхийлдэг. Мөн шүүгдэгчийн хувьд хавтаст хэргийн хүрээнд гэмт хэргийн хор уршгийг сайн дураараа арилгасан, нэхэмжилсэн баримттай зардлаар хязгаарлахгүйгээр 7.111.342 төгрөгийн хохирлыг төлсөн зэргээс үзэхэд цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн зүгээс нотлох баримтын шаардлага хангасан хохирлын баримттайгаар хохирол төлбөр нэхэмжпэх нь зүйтэй бөгөөд хэт ерөнхий байдлаар их хэмжээний мөнгийг нэхэмжилж, түүнийг нь төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийн хандлагад гомдолтой гэж маргах нь хуульд нийцэхгүй.

2. Шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай, шударга ёсны зарчим, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба мөн хуулийн 17.3 дугаар зүйлд прокуророос хянавал зохих нөхцөл байдлуудыг заасан байдаг. Прокурорын зүгээс яллагдагч С.Мг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тухай асуудалд 2103002470325 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бүхий л ажиллагаа хийгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй...” гэж заасны дагуу бусад гэмт хэрэг үйлдсэн хүн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах нь эрх хуульд зааснаар хүн бүрт нээлттэй юм. Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж гаргасан хүсэлтийг хүлээн авч, прокуророос хянавал зохих хуульд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байхад хуульд заагаагүй үндэслэлээр түүний хүсэлтийг хангахаас татгалзах эрхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргах эрхийг хуулиар олгосон байхад прокурорт олгосон эрхэд халдаж, хуулийн дагуу гаргасан ялын саналыг үндэслэлгүй, журамд нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчиж С.Мд хуулиар олгогдсон эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр няцааж, хэргийг шийдвэрлэхгүй буцааж буй нь хуулийн үндсэн суурь зарчмыг зөрчиж буй үйлдэл юм.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлэх талаар хохирогчид мэдэгдэх талаар хуульчлаагүй ба мөн хуулийн 8.3 дугаар зүйлд заасан хүсэлтийн дагуу мэдээллээр хангуулахаар заасан байдаг. Гэтэл шүүгчийн захирамжид “оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ” гэсэн боловч ямар хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар дурдаагүй юм. Хэрэв прокуророос хууль зөрчсөн бол ямар хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар тусгаж өгөх нь зүйтэй.

Мөн мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусган хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан, оролцогч нарын зүгээс хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт, шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалтыг тусгахаар заасан тэмдэглэлийг оролцогч нар уншиж, санал хүсэлтээ бичиж байгаа зэргээс харахад хохирогч огт мэдээлэлгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж байгаа гэж үзэхээргүй юм.

4. Хохирогч Б.Дөлгөөнтамир нь хэргийг шүүхэд шилжүүлсэн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Хаппи Варитас” эмнэлэгт гавал тархины КТГ хийлгэж, КТ-ийн дүгнэлтэд 2 талын хамрын хөндийн агааржилт буурсан, салст хавагнасан. Хамрын таславч мурийлт зүүн талруу бага зэрэг С хэлбэрээр үүссэн гэсэн дүгнэлт бүхий баримтыг шүүх хэлэлцүүлэгт гарган өгсөн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ дүгнэлт гаргах үед дээрх нөхцөл байдал бий болоогүй байсан ба дээрх хамрын таславчийн мурийлт нь зам тээврийн ослын улмаас үүссэн эсэхийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс дахин шинжилгээ хийлгэхээр томилж, дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа тул хэргийг прокурорт буцаалгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрхлэх ажиллагааны зорилтод нийцэх юм. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан тохиолдолд хохирогч Б.Дөлгөөнтамирын биед зам тээврийн ослын улмаас хамрын таславчийн мурийлт гэмтэл үүссэн эсэхийг тогтоохоор дахин шинжилгээ хийлгэхээс өөрөөр хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/2844 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Батбаатар прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна.” гэв.

Шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 4 үндэслэлийг шүүгдэгч С.М бүрэн хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалсан байхад шүүх хохирол, хор уршгийг нөхөн төлөх талаарх хандлага нь хохирогч нарт таалагдаагүй, мөн хохирогчтой эвлэрэн хэлэлцээгүй гэх байдлаар хандсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийн хохирол төлөх хандлага болон хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байх шаардлага, хуулийн зохицуулалт байхгүй. Хэдий тийм ч шүүгдэгчээс хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар буруу хандлага буюу ёс зүйгүй үйлдэл огт гаргаж байгаагүй. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах гэсэн байр суурь нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхэлж өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас С.Мг “2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Бээжингийн гудамжны “И-март” худалдааны төвийн баруун хойд замд “Тоёота Ланд Круйзер” маркийн 93-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч, явган зорчигч Б.Дөлгөөнтамирыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, мөн гүүрний хашлага, хайсыг мөргөн доош унаж онхолдсоны улмаас зорчигч БНХАУ-ын иргэн Ч.Даоржиалагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл нь нотлох баримт болох бөгөөд баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хүн, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг шаардлагууд бүрэн хангагдаагүй байна. ...Шүүгдэгч С.М нь хохирогч Б.Дөлгөөнтамирын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлуудыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаар болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх талаарх шүүгдэгчийн хандлагад гомдолтой гэж байгаа, мөн шүүгдэгч нь хохирогчтой эвлэрэн хэлэлцэж нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.

Мөн хохирогч Б.Дөлгөөнтамирын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон баруун чамархай, баруун хөхлөг сэртэн гадна чихний суваг, суурь ясны нийлмэл хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтлүүдээс гадна тухайн хохирогчид хамар ясны гэмтэл учирсан байж болзошгүй талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд хэрэв хохирогчийн биед өөр гэмтэл шинээр тогтоогдвол уг гэмтэл нь гэмтлийн зэрэг болон хэргийн зүйлчлэлээс үл хамааран гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдох учир энэ байдлыг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай.” гэж тус тус үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэвч анхан шатны шүүх хуралдааны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч С.М, хохирогч Б.Дөлгөөнтамир нарын хооронд хохирол төлбөр барагдуулах талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг /2хх 42-43/ дурдах нь зүйтэй.

Харин хохирогч Б.Дөлгөөнтамирын биед томографын дүгнэлтээр хамар ясны гэмтэл учирсан байж болзошгүй талаарх баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд энэ талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэзээ учирсан, шинэ, хуучин гэмтэл эсэх, ослын үед учирсан эсэх талаар нарийвчлан тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

Хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт, бодитой тогтоосноор гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршигт нөлөөлөх ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд прокурор Ч.Батбаатарын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/2844 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/2844 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батбаатарын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ