Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 281

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

            хохирогч С.Н-,

шүүгдэгч Л.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Н-д холбогдох эрүүгийн 201726030641 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн ,,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Л-ийн Н

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Н-н нохой 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 5 дугаар гудамжинд иргэн С.Н-ийг явж байхад нь дайрч газар унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Н- нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нохойг зохих хамгаалалтгүй буюу уяагүй байлгаснаас нохой хашаанаасаа гарч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 5 дугаар гудамжинд явж байсан иргэн С.Н- рүү дайрч хөлөөрөө хохирогчийн цээжид цохиж газар унасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Л.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

2. Хохирогч С.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тухайн өдрийн өглөө манай нохой байхгүй болохоор нь нохойгоо хайгаад явж байсан. Би Н-ийн хашаа руу ороогүй. Манай нөхөр 5 дугаар сард аваарт орж нас барсан. Н-ийн хашаа дээшээ өндөр доошоо намхан хашаатай. Би нохой байна уу харчихаад эргээд хартал нэг нохой шүдээ ярзайлгаад тоос татаад гараад ирсэн. Тэгээд нохой урдаас хүчтэй дайрахад би хойшоо саваад унасан. Тэр нохойны нэг хөл нь цээжинд нөгөө хөл нь хөлөн дээр хүрсэн. Тэгээд би тухайн үед цүнхтэй явж байсан болохоор нүүрээ хамгаалж цүнхээ урдаа авсан. Би Н- сайн танихгүй, нөхрийг нь танина. Тухайн үед би нохой гараад ирэхээр нь  “хүүе  Хуягаа, Н- нохойгоо” гэж орилоход хүн гарч ирэхгүй байсан. Тухайн үед миний цүнхнээс зуурч байхад нь Хуягаа гарч ирж нохойгоо авсан. Дараа нь Н- гарч ирээд “яасан юм бэ, гар, хөл нь зүгээр үү” гэхэд нь би “гар хөл ч гайгүй байна, нуруу хугарчих шиг боллоо, нохойгоо уяахад яадаг юм бэ” гэж хэлэхэд Н- “их айтар нохой байгаа” гэж хэлсэн. Би тухайн үед унаад хүчтэй өвдөж, айсан учраас шоконд орсон байсан. Гэтэл Н- “за за нүүрийг чинь ураагүй бол яахав дээ” гэж хэлээд гэр лүүгээ орсон. Тэгээд байж байтал 2-3 минутын дараа Н- дахиад гарч ирэхээр нь “чи надад нэг ус өгөөч, би өвчин намдаах эм ууя” гэхэд Н- ус авчирч өгсөн. Би бага эмч хүн байгаа. Тэгээд намайг сууж байтал нэг охин тааралдаад ‘яасан юм бэ” гэхээр нь “эгч нь нохойгоо хайгаад явж байтал энэ айлын нохой гараад ирсэн, эгч нь босож чадахгүй байна, эгчийгээ босгоод өгөөч” гэхэд намайг автобусанд суулгаж өгсөн. Тэр охины нэрийг нь мэдэхгүй, автобусанд хамт суудаг байсан. Н- дахиж яаж байна гэж гарч ирээгүй. Тэгээд би охин дээрээ ирээд охиныгоо ажлаас ирэхээр нь гэмтлийн эмнэлэгт зургаа авахуулсан чинь хугаралтай байна гэсэн. Тэгээд Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтсэн. Н-д өгөх өр төлбөрийн асуудлыг би мэдэхгүй. Миний байсан хашаа манай хашаа биш, манай хүргэн, манай хүргэний дүүгийн хашаа байгаа. Би Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтэж байхдаа Н-тэй учраа ольё гэж бодсон. Чи миний Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтсэн мөнгийг төлчих гэж хэлсэн. Би ч мөн тэтгэврийн зээлтэй, 2 кг дээш юм өргөж болохгүй гэсэн. Би 3 сар хэвтэрт байсан. Би одоо л сууж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад автобусанд суух санаатай явж байсан юм. Тэгээд намайг хашаанаас гарах үед манай нохой байхгүй байсан. Ингээд автобусны буудал руу алхаад явж байтал танил Г-ийн хашааны өнцөгт манай нохойтой адил цагаан зүсмийн нохой булан тойроод явчихаар нь араас нь хартал өөр нохой байсан. Тэгтэл Г-ийн хашаан дотроос шүд амаа ярзайлгасан шаргал, цагаан...зүсийн нэг нохой тоос татуулаад дайрч гарч ирсэн. Тэгээд над руу дайрч 2 хөлөө цорвойлгож дайраад намайг газар унагаасан. Би биеэ хамгаалж цүнхээ урдаа барьсан. Тэгтэл хашаанаас Г-ийн эхнэр Н- гарч ирээд нохойгоо дуудсан. Тэгтэл нохой нь цаашаагаа гүйгээд орчихсон. Н- над дээр ирээд яанаа гайгүй юу, нүүр амыг чинь урчихсан уу, гайгүй юу гэхээр нь нүүр ам ч гайгүй, нуруу гэмтчих шиг боллоо гэтэл за тэгвэл яах вэ гээд буцаад орчихсон. Тэгтэл нөхөр нь гарч ирээд хоёр алхамын цаанаас өө чи хэн шив дээ гэчихээд ороод явчихсан. Ингээд би босож чадахгүй хонхорт сууж байтал Н- гарч ирээд намайг босох уу гэхээр нь би босож чадахгүй нь гэхэд манай нохой хүн урах ч гэнэ үү идэх нохой байгаа юм гэхээр нь нохойгоо уяахгүй яасан юм бэ гэтэл уяа нь алдуурчихсан байна гэж хэлээд зогсож байсан. Тэгээд Н-ээс чи надад ядаж нэг ус дөхүүлээд өгчих гэхэд гэртээ орж ус авчирч өгчихөөд буцаад гэртээ орчихсон. Тэгээд жалганд босож чадахгүй сууж байхад Г-ийн гэрийн ард байдаг Монос сургуульд сурдаг оюутан намайг хараад өө та чинь яачихсан юм бэ гэхээр нь нохой дайраад гэж хэлсэн. Тэгтэл намайг сугадаж босгоод хамтдаа буудал руу алхаж 07 цаг 40 минутын автобусанд суусан. Автобусанд суугаад шууд У.Б-гийн гэрт очиход охин ажилдааа явах гэж байсан учраас авчихаад ирье гэсэн. Ингээд өдөр 13 цагийн үед охин Д ирээд хамтдаа гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нурууны томографик зургаа авахуул гэхээр нь Med Tranma эмнэлэгт зураг авахуулсан. Тэгтэл нурууны 1 дүгээр үед хугарсан, хавиргатай, хавиргагүй завсар хоёрын хооронд цүлхэн үүссэн байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/

            4. Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Намайг өглөө 07 цаг 30 минутын үед хичээлдээ явах гээд автобусны буудал руу алхаад явж байтал хар замын наах нь шороон дээр нэг эмээ уйлчихсан, нуруугаа бариад хэвтэж байсан. Тэгэхээр нь та яасан бэ гэхэд нохойнд хөөгдөөд гүйж байгаад унахдаа нуруугаа эвгүй болгоод уначихлаа гэж хэлсэн. Тэгээд эмээг татаж босгоод замын цаад талд гаргаж автобусанд суулгаж өгөөд явуулсан. Дахиж тэр эмээтэй таараагүй...Ил харагдах шарх сорви байхгүй байсан. Зөвхөн нуруугаа бариад уйлчихсан сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6831/-ний дүгнэлт:

                        -С.Н-ийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр унасны улмаас үүсэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 12/

            6. Яллагдагч Л.Н-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хан-Ууд дүүргийн 14 дүгээр хороо ,,,, тоот хашаанд нөхөр Г-ийнд нүүж ирээд 5 жил гаран болж байна. Би нөхөртэйгөө хоёулаа амьдардаг, манай нөхөр группд байдаг. 2017 оны 5 дугаар сарын яг хэдний өдөр байсныг мартчихсан байна. Өглөө 07 цагийн үед цонхоор хараад зогсож байтал нохой хашаанаас гараад хуцсан. Тэгтэл тоос манараад явчихсан. Би тэгэхээр нь хүн амьтан урчихсан юм биш байгаа даа гээд гэрээсээ гартал хашааны гадаа үл таних эмэгтэй хүн газар сууж байсан. Тэгээд яваад очтол танай нохой дайраад газар уначихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь таныг урчихсан юм биш үү гэж асуухад үгүй ураагүй гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэйгээс та өглөө эрт юу хийж яваа юм бэ гэхэд нохойгоо хайж явна, манай нохой алдуурчихаж гэж ярьсан. Тэгээд надаас би эм уух гэсэн юм ус өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь гэртээ орж ус аваад гарах гэтэл манай хамаатны залуу З орж ирэхээр нь энэ усыг гадаа байгаа эмэгтэйд өгчих гэж хэлээд нохойгоо уях гээд хөөцөлдөж байтал нөгөө эмэгтэй босоод явсан. Намайг нохойтойгоо хөөцөлдөж байх явцад манай нөхөр очиж тухайн эмэгтэйгээс таныг урчихсан юм уу гэж асуусан байсан. Тэгээд надад тухайн эмэгтэйг Б-гийн эхнэр байна, манай нохой урчихаагүй юм шиг байна цочсондоо уначихжээ гэж хэлсэн...Манайх нохойгоо байнга уядаг, тухайн өдөр яагаад сул явж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч басан өглөө сул гүйгээд явж байсан. Бид нарын бодлоор уяанаасаа алдуурсан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Н- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6831/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Л.Н- нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нохойг зохих хамгаалалтгүй буюу уяагүй байлгаснаас нохой хашаанаасаа гарч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 5 дугаар гудамжинд явж байсан иргэн С.Н- рүү дайрч хөлөөрөө хохирогчийн цээжид цохиж газар унасны улмаас түүний эрүүл мэндэд бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Л.Н- орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж, гэм хорыг арилгаагүй, түүний хувийн байдал /57 настай, эмэгтэй/ зэргийг харгалзан Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

Шүүх хавтаст хэрэг авагдсан 689.500 төгрөгийн /хх-ийн 39-41/ баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н-ээс гаргасан 320.000 төгрөгийн баримт зэргийг үнэлж нийт 1.009.500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Н-ээс 1.009.500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Н-т олгох нь зүйтэйг дурдъя.

Шүүгдэгч Л.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Н- орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Л-ийн Н- 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Н-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Л.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-ээс 1.009.500 /нэг сая есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Н-т олгосугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР