Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 116/ШШ2023/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Дорнод аймгийн *******ын Засаг даргад холбогдуулан гаргасан,

                Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК-ийн захирал *******, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Дорнод аймгийн *******ын Засаг дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “Идэр интернэшнл” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Дорнод аймгийн ******* нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн газар тариалангийн бүс болж хөгжиж ирсэн түүхтэй. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Халх гол” төслийг хэрэгжүүлэх тухай 97 дугаар тогтоолын 2 дугаар заалтад “Халх гол” төслийн хүрээнд Халх гол сумын зарим газрыг газар тариалангийн зориулалтаар тодорхой болзол нөхцлийн дагуу ашиглах, уг төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгож байсан. Тогтоолын хавсралтаар баталсан төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Газар тариалангийн зориулалтаар иргэд, аж ахуй нэгжийн эзэмшиж байгаа атаршсан 30 мянган га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх төлөвлөгөөг гаргах зэрэг ажлыг тусгасан нь тухайн бүс нутгийг мал аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр ашиглах Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого юм. Мөн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор Атар газрыг тариалангийн газар болгох тухай Хуралдааны тогтоол гарч, Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/2833, 1/2832, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/450 дугаартай албан бичгээр атар газрыг тариалангийн газар болгуулахаар холбогдох байгууллагад хандаж байжээ.

            Дээрх бодлого, шийдвэрт нийцүүлэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулах зорилгоор “*******” ХХК нь *******ын Засаг даргын 2012 оны А/89 дүгээр захирамжаар 4861 га газрыг 15 жилийн хугацаатай /эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал зориулалтаар 0201034 дугаартай гэрчилгээ авсан/, “*******” ХХК нь *******ын Засаг даргын 2011 оны А/108 дугаар захирамжаар 10000 га талбайг 15 жилийн хугацаатай /фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 0200985 дугаартай гэрчилгээ авсан/, “Идэр интернэшнл” ХХК нь *******ын Засаг даргын 2012 оны А/90 дүгээр захирамжаар 7000 га талбайг 15 жилийн хугацаатай /эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал зориулалтаар 0201033 дугаартай гэрчилгээ авсан/ тус тус эзэмших эрхтэй болсон.

            *******ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаар тогтоолоор манай гурван компанийн газрын байршлыг өөрчлөн Ташгай багийн Шорвог гэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу *******ын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар захирамж гарсан.

            Гэтэл *******ын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 дүгээр захирамжаар 2016 оны А/26 дугаар захирамжийг газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болголоо. Эдгээр захирамжийг 2023 оны 04 дугаар сарын ...-ний өдөр шуудангаар ирүүлснийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар Дорнод аймгийн Засаг даргад 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар гомдол илгээсэн. Аймгийн Засаг даргын зүгээс манай гомдолд “А/41, А/43, А/44 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн утгатай хариу бидэнд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Нэг захирамжийг 3 удаа хүчингүй болгож байгаа дээрх гурван захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтууд юм.

              Засаг даргын захирамжууд нь бодит байдал болон хуульд нийцээгүй талаар:

              1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь бодит байдалд нийцэхгүй.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

            Өмнө дурдсанчлан Дорнод аймгийн ******* нь газар тариалангийн уламжлалт бүс бөгөөд Монгол Улсын Засгийн газар тухайн бүс нутгийг мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хөгжүүлэх тогтоол гарсан тул манай гурван компани өөрсдийн эзэмшил газарт гурвалжин будаа, царгас, малын тэжээл тариалахаар хамтран ажиллах гэрээ байгуулж өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан гадны хөрөнгө оруулалтыг татах замаар Халхгол төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол улсад хийсэн айлчлалын үеэр Хятад талын хөрөнгө оруулагч болох “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хамтран ажиллах хэлцлийн хүрээнд “Эвер грийн фармс корпорейшн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, АНУ-аас газар тариалангийн зориулалттай Нью Холланд, Кэйс Ай Эйч, Макдон, Брэнт, Тандэр Крик маркийн тоног төхөөрөмжийг импортлон, ажилчдын сууц, Засварын газар, техникийн агуулах, хашаа худаг зэргийг барьж байгуулахад тухайн үеийн ханшаар 7.000.000 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн нь одоо ч тухайн газар дээрээ байгаа. Эдгээрийг газрын үзлэгээр баримтжуулах хүсэлтэй байна.

             Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн атлаа үйл ажиллагаа явуулаагүй шалтгаан нь төрийн гаргасан шийдвэр зохих ёсоор хэрэгжихгүй, шүүхийн маргаан үүссэнээс улбаатай. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуй “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоол гарсан. Түүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор Дорнод аймгийн *******ын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулж, 500.000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Тогтоолын 2 дугаар хавсралтаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журмыг баталсан.

            Журмын 2.1.1-д: Бүсийн хөгжлийн талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах,

            2.1.3: Бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдамж чиглэлээр хангах,

            2.2.5: Бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зохих журмын дагуу бүртгэх, бүртгэлээс хасах,

            2.2.7: Бүсэд хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, туслалцаа үзүүлэх,

            2.2.9: Бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн талаар санал боловсруулж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх,

            2.2.10: Газрын болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тариалангийн зориулалтаар атар газрыг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах,

            3.1: Бүсийн газрыг эргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана. Шийдвэрт газрын хэмжээ ашиглах хугацаа тусгасан байна.

            3.4: Бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бүсийн захирлын шийдвэрээр олгоно,

            3.5: Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулагдахаас өмнө тухайн нутаг дэвсгэрт хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдтэй бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журмын дагуу шинээр гэрээ байгуулж, газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгоно,

            3.6: Бүсэд газар эзэмшиж, ашиглахтай холбогдон үүсэх бусад харилцааг газрын тухай хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн акт юм.

            Гэсэн хэдий ч Хөдөө аж ахуйн “Халх гол” бүтээн байгуулалтын бүсийн захиргаа нь дээрх журмын 3.5-д заасан шинээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгох чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 8 дахь заалт, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар бид гэрээ, гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхгүй тул бид хүлээсээр байсан.

            Мөн Тариалангийн тухай хуульд заасны дагуу газрын зориулалтыг өөрчлөх асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй байгаа бөгөөд Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасныг баримтлан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бий болгохыг хүлээж байгаа. Харин өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн удаа дараа холбогдох яамдын болон ерөнхий сайдад албан бичгээр хандаж ирсэн боловч шийдэгдээгүй өнөөдрийг хүрчээ.

            Хамтран ажиллах гэрээний дагуу төслөө бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болсон өөр нэг шалтгаан нь хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны анхны захирал нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/01 тушаалаар дээрх журмын 3.5 дахь заалтыг зөрчиж манай гурван компанийн эзэмшиж буй газартай давхцуулан 24 аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар тогтоолоор “Халх гол” бүсийн захиргааны өмнөх удирдлагаас газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасны дагуу Хөдөө аж ахуйн “Халх гол” бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирлын 2017 оны А/01 тушаалаар өмнөх тушаалыг хүчингүй болгосон.

            Энэ шийдвэрийг зарим аж ахуйн нэгж зөвшөөрөхгүй Захиргааны хэргийн шүүхэд 2017 онд нэхэмжлэл гарган хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ явцад нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2018/4952 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны А/01 дүгээр тушаалын биелэлтийг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэсэн эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Эдгээр мэдээллийг гаргуулах хүсэлтэй байна.

            Дээрх хүндэтгэн үзэх хэд хэдэн шалтгаанууд байхад Халх гол сумын Засаг дарга нь эдгээр нөхцөл байдлыг харгалзахгүйгээр захиргааны акт гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцэхгүй байна.

2/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй талаар:

            Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.6-д “төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх”, 4.4-д “Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” гэж заасан. Гэрээний энэхүү заалтаас үзэхэд газрын төлбөр төлөлтийг жил бүр дүгнэж тооцоо нийлэх, хэрэв төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд гэрээнд заасан хэмжээгээр алданги тооцож төлүүлэх зохицуулалтыг тусгажээ. Эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлсний дараа газар эзэмших эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх ёстой байжээ.

            Дээрхээс гадна биднээс үл хамаарах газрын зориулалтын асуудал шийдвэрлэгдээгүй, давхардуулан олгосонтой холбоотой шүүхийн маргаантай байсан хүчин зүйлүүд нөлөөлсөн. Хамгийн гол нь УИХ-ын 2016 оны 46, Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай холбоотойгоор Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс доторх газар нь тухайн бүсийн захиргаатай эрх зүйн харилцаа үүссэн гэж ойлгогдохоор, захиргаатай гэрээ байгуулж, гэрчилгээ авахаар императив хэм хэмжээ тогтоогдсон байгааг харгалзаж, энэ талаар холбогдох зохицуулалтыг хийсний дараа газрын төлбөр тооцоотой холбоотой дүгнэлт хийх ёстой байсан.

             3/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй талаар:

            Бид газрын тухай хууль тогтоомжийн ямар заалтыг хэзээ хэрхэн зөрчсөн, гэрээний аль нөхцөл болзлыг хэрхэн зөрчсөнөө мэдэхгүй, ойлгохгүй байна. Харин эсрэгээрээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 8 дахь заалт, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасныг баримтлан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бий болохыг хүлээж байгаа. Хэрэв үйл ажиллагаа явуулсан бол бид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцлийг бүрдүүлэх байжээ. Бид эрчимжсэн суурин мал аж ахуйн төсөл хэрэгжүүлэх зорилгоор малын тэжээл тариалахаар бүхий л бэлтгэл ажлыг хангаж байсан нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй биш юм.

             Эцэст нь Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс нь Халх гол сумын Засаг даргын мэдлийн газар юм уу? Газрын тухай хуулийн 18.1.2-т зааснаар Засгийн газрын мэдлийн газар юм уу? гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй байдал үүссэнээс бид газар эзэмших, үр шимийг нь хүртэх эрхтэй юм уу? Үгүй юм уу? Газрын төлбөрийг хэнд ямар хэмжээгээр төлөх ёстой юм гэдэг нөхцөл байдал тодорхой болохыг хүлээж байсаар өнөөдрийг хүрч 7 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалтаа үр ашиггүй байршуулсан ба барилга, машин механизм тоног төхөөрөмжүүд нь эдэлгээгүй, нар салхинд элэгдэн муудаж алдагдал бий болгож байна. Эдгээр байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 захирамжийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

           Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ асуудлаар бараг 11 жил явж байна. Энэ асуудал нь ******* даргын ч буруу биш. Анх Сүхбаатар дарга, газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нарын хутгасан жонхуу байгаа юм. Гэнэт гадаадын компанид газар олгож бидэнд олгосон газрын гэрчилгээг цуцалсан. Дараа нь эргээд аж ахуй нэгжүүдэд олгосон. Хамаарал бүхий хүн нь тэр үед “та нарт энэ газрыг өгчихсөн юм уу? Би уг нь гайгүй үнээр өгчих гэж хэлсэн” гэж хүртэл хэлж байсан. Ийм эрээ цээргүй байдаг. Бид тариа тариаллах гээд авсан боловч “наадах чинь бэлчээрийн газар” гэж хэлээд ажиллах боломжгүй болсон. 30.000 га газар сошиалаар нилээн яригдсан. Биднийг Атар 2-оос Шорвог гэх газар руу шилжүүлсэн. Гэтэл тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх гэдэг зориулалтаар олгосон болж таарсан. Энэ яаж байгаа юм бэ гэхэд “би засварлаж өгнө” гэж хэлсэн. Би Болорчулуун гишүүний өрөөнд сууж байхад сая утсаар холбогдсон дарга нь хамт байсан. Тэгэхэд Бурмаа сайд нам дараад 500.000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон. Их сүртэй зүйл ярьж байгаад хэл аманд ороод ажиллагаа хийж чадалгүй орхисон. Одоо нотлох баримтаар авсан газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас авсан баримтад манай газар улсын газар болчихсон явж байгаа. Гэтэл Бурмаа сайд сонгуульд ялагдаад нэг шөнийн дотор 500.000 га газрыг хамаа замбараагүй олгосон. Хэд хэдэн том компаниуд тухайн хэсэгт их хэмжээний газар авсан. Би холбогдож чадах бүхий л хүмүүстэй холбогдсон. Гомдол хүртэл гаргасан. Улаан сайд л арай нааштай хариу гаргаж өгсөн. Сайд нарт хандахаар шүүхийн маргаантай байгаа гээд шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгдөг. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 328 тоот тогтоол гарсан. Үүн дээр одоо эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдэд эргүүлж олгоод бусад газрыг захиран зарцуулах талаар дурдсан байдаг. Би олон жилийн турш хохирч байна. Засаг дарга эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж захирамжаа цуцалж өгөхийг хүсч байна гэв.

               Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг гурван компани хамтран гаргасан. Өөр өөрт нь эзэмшүүлсэн газар нь хил залгаа газрууд байдаг. Хамтран ажиллах гэрээ байгуулаад нэг том төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл 2016 онд Засаг даргаас “тариалан эрхлэхгүй шүү” гэдэг албан бичиг ирсэн. Ингээд ээлжлээд янз бүрийн албан бичиг ирүүлдэг байсан. 2023 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын захирамжаар цуцалсан. 41, 42, 43 тоот захирамжийн хувьд Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлийг дурддаг. ******* нь анх үүсгэн байгуулагдсан цагаас тариалангийн бүс нутгаар хөгжсөн. Засгийн газрын 328 дугаар тогтоолын хавсралтад баримтлах журмыг баталж өгсөн. Хуучин энэ бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй нэн түрүүнд гэрээ байгуулж хамтран ажиллах талаар дурдсан байдаг. Бидний газрын байршлыг өөрчилж шилжүүлсэн. Ингэхдээ эрх зүйн байдал маань дордсон, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүд бүгд л 328 дугаар тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй болсон. Энэ бол одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа, нийтэд илэрхий баримт мөн. Бид энэ тогтоолыг дагаж мөрдмөөр байвч дагаж мөрдөх боломжгүй болсон. Яг үнэндээ үндсэн эрх нь *******ын Засаг даргад байхгүй байна. Бид газрын төлбөрөө төлөхийн тулд гэрээ байгуулах ёстой болсон. Гэвч гэрээ байгуулах эсэх нь тодорхой бус болсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлсний дагуу тус газраас “хэрэгжилтийн талаар мэдээллийг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас авна уу. Хэрэгжих талаар Засгийн газраас хэлэлцэж байгаа” гэсэн хариу ирүүлдэг. Газар эзэмшигч байгууллагаас үл шалтгаалан, төрийн байгууллагын уялдаа үйл ажиллагаанаас хамаарч бид газраа эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Бид газар тарилан, тэжээлийн ургамал чиглэлээр ашиглах зориулалтаар авсан. Гэтэл А/26-аар тэжээлийн ургамал тариалах гэдэг чиглэл нь байхгүй болсон. Бид Засгийн газарт хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ асуудлыг нэг талд шийдвэрлэж өгөхийг хүссэн. Биднээс үл хамаарах шалтгаан гэдгийг хэлэхийг хүсч байна. Гэрээ байхгүй учраас газрын төлбөр төлөгдөх боломжгүй болсон. Сумын төсөвт төлөх үү? Засгийн газарт төлөх үү гэдэг нь маш тодорхой бус болсон. Нэг бол давхардуулж төлөх үүрэгтэй харагдаж байна. Аль нэг газарт нь төлбөрөө төлвөл нөгөө төлөгдөөгүй газар нь манай газар эзэмших эрхийг цуцлах боломжтой байдалд хүрсэн. Бид хаана ч төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Газрын төлбөрийг тухай бүрт нь төлж байгаад 2016 оноос төлөгдөх боломжгүй болсон. Зогссон шалтгаан нь 2016 онд гарсан 328 тоот тогтоол болно. Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг ямар байдлаар зөрчсөн болохоо үнэхээр ойлгохгүй байна. Хариуцагч хоёр жил дарааллан ашиглаагүй гэдэг үндэслэл дээрээ тодорхой тайлбар хэлсэнгүй. Засгийн газрын тогтоолыг төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй гэхдээ газрын төлбөрийн асуудал хэвээрээ гэж хэлээд байх юм. Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоол дээр шинээр гэрээ байгуулж газрын төлбөрийг төлнө гэж тодорхой дурдсан. Гэрээний дагуу л төлбөрийг төлөх үүрэгтэй болсон. Дээрээс нь бусад бүсэд газар эзэмшихтэй холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна гэж заасан байгаа. 328 дугаар тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон. Одоо ч гэхдээ яг яах гээд байгаа нь тодорхой бус байдалд хүрсэн. Үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалаагүй юм. 2016 оноос өмнө бид 7.000.000 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тоног төхөөрөмж, барилга байгууламж, хашаа сав, байрлах сууц зэргийг барьж байгуулсан. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд газрын төлбөр мэтийн бага хэмжээтэй мөнгийг төлж чадахгүй гар татаад төлөхгүй байх боломжгүй. Үнэхээр ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн учраас төлөгдөөгүй. Бид хандаж болох бүхий л албан тушаалтан руу холбогдсон. 24 компанид газар олгохдоо нэр бүхий гурван компаний газрыг давхцуулж олгосон болох нь харагдаж байна. *******ын Засаг даргын чиг үүрэг дуусгавар болоод Засгийн газрын тогтоолын дагуу газар олгоод эхэлсэн байна. Энэ газрыг *******ын Засаг дарга олгоогүй, Засгийн газраас олгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

               Хариуцагч Дорнод аймгийн *******ын Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд орон нутгийн сонгуулиар сумын Засаг даргаар томилогдсон. Үүнтэй холбоотой Газрын тухай хууль, газрын тухай хуулийн зориулалт, хэрэгжилтийн талаар нилээн хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж ирсэн. 2017, 2018 оны үед одоо яригдаж байгаа газартай холбоотой асуудлууд сөхөгдөж эхэлсэн. Засгийн газрын тогтоолыг бид заавал биелүүлэх үүрэгтэй болдог. Газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу тодорхой нөхцлөөр төлөх ёстой. Энэ бол аж ахуй нэгжийн үүрэг юм. Засгийн газрын тогтоол гараад ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн зүйл байхгүй. *******ын газрын алба, захиргааны байгууллагаас лавлах бүрэн боломжтой. Хэдийгээр Засгийн газрын тогтоол гарсан хэдий ч анх олгосон эрх бүхий этгээд заавал өөрөө цуцлах үүргийг хүлээнэ гэж ойлгож байна. Дараагийн дугаарт эдгээр компаниуд орон нутагтай ямар ч харилцаа холбоогүй явж ирсэн. Шилжсэн бүртгэлээ хүртэл ирүүлдэггүй байсан. Тиймээс бид маш их хайж байж арай гэж олсон. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. Орон нутагтайгаа харилцаж, шилжсэн бол хаяг байршлаа бүртгүүлэх ёстой байсан. Миний хувьд урьд нь хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх хүсэлтэй байдаг. Үүний дагуу өөрт олгогдсон эрхийн дагуу хийгдэж байгаа арга хэмжээ гэдгийг хэлэхийг хүсч байна. Хөрөнгө оруулалт хийгдсэнийг ойлгож байна. Гэхдээ газар дээр үзлэг хийсэн шүүх өөрөө мэдэж байгаа байх. 2016 онд тухайн техникийг өөрсдөө худалдаж авсан. Газрын зориулалтыг мэдсээр байж ийм үйлдэл хийсэн байна. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх байгаагүй. Өмнө нь байгуулсан гэрээний дагуу хуучин төлж байсан газрын төлбөрөө төлөх ёстой байсан. Тэрнээс бид одоо Засгийн газартай гэрээ байгуулна гээд төлбөрийг төлөхгүй байж болохгүй. Эрчимжсэн суурин мал аж ахуй болон тэжээвэр амьтны зориулалтаар газар эзэмшсэн атлаа энэ чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Яг тэжээвэр амьтанд зориулсан зориулалтын байгууламж нэгийг ч бариагүй. Зөвхөн газар тариалангийн чиглэлээр тоног төхөөрөмж худалдан авсан байгаа. Хөдөө аж ахуйн яам, Барилга хот байгуулалтын яам руу албан бичиг хүргүүлээд л байдаг. Тэгэхэд хариу нь *******ын Засаг даргатайгаа яриарай гэж л тайлбарладаг. Надад эрх мэдэл нь хэвээр байгаа. Гол нь тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэл рүү л дайраад байгаа болохоос биш газрын төлбөр төлөхгүй байх, үндсэн чиг үүргийг дагуу үйл ажиллагааг явуулахад саад болоогүй юм. Засгийн газар тогтоол гаргаж байгаа хэдий ч сумын Засаг даргын эрхийг шууд үгүйсгэсэн чиглэл өгөөгүй. Эрх хэмжээ байсан газраа байгаа. Бусад аж ахуй нэгжүүд бүгд Засаг даргатай уулзаж хандаад хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байна. Хуулийн зохицуулалтаас зугтаж байна гэж харж болохоор байна. Миний гаргасан шийдвэр хуулийн дагуу гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нь тус шүүхэд Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан[1].

              Анх Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2011 оны 108 дугаар захирамжаар ...тус сумын Ташгай багийн нутаг дэвсгэрт фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар “*******” ХХК-д 10000 га, 2012 оны А/90 дугаар захирамжаар “Идэр-Интернэшнл” ХХК-д 7000 га, 2012 оны А/89 дүгээр захирамжаар “*******” ХХК-д 4861 га газрыг тус тус эзэмшүүлсэн.

             Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/135 дугаар захирамжаар нэр бүхий 3 компаниудад газар эзэмшүүлсэн дээрхи захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.[2]

           Мөн Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/153 дугаар захирамжаар *******ын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд “*******” ХХК, “Идэр-Интернэшнл” ХХК, “*******” ХХК-уудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон *******ын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/135 дугаар захирамжаа эргээд хүчингүй болгожээ.[3]

             Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжаар[4]... Тус сумын Ташгай багийн нутагт “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх” зориулалтаар газар эзэмших эрх авсан “*******” ХХК-ийн 4861 га, “Идэр-интернэшнл” ХХК-ийн 7000 га, “*******” ХХК-ийн 10000 га газрын байршлыг өөрчлөн Шорвогт шилжүүлж, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож[5],  дээрхи нэр бүхий 3 компанийн өмнө эзэмшиж байсан сумын Засаг даргын 2012 оны А/89, А/90, 2011 оны А/108 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосон байна.

           1. Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41 дүгээр “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжаар[6] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.14, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн... *******ын Ташгай багийн нутаг дэвсгэрт Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх зориулалтаар 4861 га газрыг эзэмшигч “*******” ХХК /5132576/ нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй мөн тухайн газраа 2 болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгож, сумын Засаг даргын 2016 оны А/26 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.

             Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/1608 тоот албан бичгээр “Таны аймгийн Засаг даргад хандаж гаргасан “*******ын Засаг даргын 2023 оны А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх утга бүхий гомдолтой танилцаж... *******ын Засаг даргын 2023 оны А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж “*******” ХХК-д хариу хүргүүлжээ.[7]

            2. Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын  31-ний өдрийн А/43 дугаар “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжаар[8] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.14, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн... *******ын Ташгай багийн нутаг дэвсгэрт Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх зориулалтаар 10000 га газрыг эзэмшигч “*******” ХХК /5309905/ нь тухайн газраа 2 болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгож, сумын Засаг даргын 2016 оны А/26 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.

              Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/90 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Тус сумын Засаг дарга 2016 оны А/26 дугаар захирамжаар Ташгай багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэн болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх зориулалтаар 10000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон газрын асуудлаар, танай ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23/02 тоот тайлбарыг хүлээн авч танилцлаа. Иймд танай аж ахуй нэгжийг тухайн газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг гэрээнд тусгасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй мөн хоёроос дээш жил дараалан ашиглаагүй, эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх зориулалттай газарт барилга байшинг барьсан нь зориулалтын бусаар эзэмшсэн болохыг мэдэгдэж газар эзэмших эрхийг цуцалж байгааг “*******” ХХК-д мэдэгджээ.[9]

             Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1607 тоот албан бичгээр[10] ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тус тус зааснаар газар эзэмшигч нь эзэмшүүлсэн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших хуулийн зохицуулалттай болно. Тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй болох нь танай компаниас аймгийн Засаг даргад хандан гаргасан “Захирамж хүчингүй болгуулах тухай” албан бичгээр нотлогдож байна. Иймд *******ын Засаг даргын 2023 оны А/43 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж “*******” ХХК-д хариу хүргүүлсэн байна.

                3. Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/44 дүгээр “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжаар[11] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.14, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ...*******ын Ташгай багийн нутаг дэвсгэрт Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх зориулалтаар 7000 га газрыг эзэмшигч “Идэр-Интернэшнл” ХХК /2667436/ нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй мөн тухайн газраа 2 болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгож,  сумын Засаг даргын 2016 оны А/26 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.

                Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/91 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[12] Тус сумын Засаг даргын 2016 оны А/26 дугаар захирамжаар Ташгай багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэн болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх зориулалтаар 7000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон газарт мэдэгдэл хүргүүлэн авсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтын дагуу тайлбар, саналыг бичгээр ирүүлэх хугацаа хэтэрсэн байна. Иймд танай аж ахуй нэгжийг тухайн газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг гэрээнд тусгасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй мөн хоёроос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй ...тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул газар эзэмших эрхийг цуцалж байгааг мэдэгдэж байгааг “Идэр-Интернэшнл” ХХК-д мэдэгджээ.

              Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1606 тоот албан бичгээр[13] “Таны аймгийн Засаг даргад хандаж гаргасан “*******ын Засаг даргын 2023 оны А/43 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх утга бүхий гомдолтой танилцаж, дараах хариуг хүргүүлж байна. *******ын Засаг даргын 2016 оны А/26 дугаар захирамжаар тус сумын Ташгай багийн нутагт “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх” зориулалтаар “Идэр-Интернэшнл” ХХК-д 7000 га газрыг эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тус тус зааснаар газар эзэмшигч нь эзэмшүүлсэн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших хуулийн зохицуулалттай болно. Тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй болох нь танай компаниас аймгийн Засаг даргад хандан гаргасан “Захирамж хүчингүй болгуулах тухай” албан бичгээр нотлогдож байна. Иймд *******ын Засаг даргын 2023 оны А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж “Идэр-Интернэшнл” ХХК-д хариу хүргүүлсэн байна.

             4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7 заасан үндэслэлүүд тогтоогдвол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд мэдэгдэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэжээ.

             Дорнод аймгийн *******ын Засаг дарга “*******” ХХК,  “Идэр-Интернэшнл” ХХХ-уудын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, мөн хуулийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй”, Мөн “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн дээрхи заалтууд болон холбогдох бусад хууль, журмуудыг зөрчөөгүй байна.

         Тухайлбал, Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 захирамжийг үндэслэн “*******” ХХК-ийн захирал Чогсомжавын Мөнхболд, “Идэр-Интернэшнл” ХХХ-ийн захирал Чогсомжавын Отгонбат, “*******” ХХК-ийн захирал Мөнхболдын Гандуулга нартай 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.[14]

          Энэхүү гэрээнд зориулалтыг Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх, газрын төлбөрийг улирал тутам төлөхийг дээрхи нэр бүхий 3 компани хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Мөн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-уудтай “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.4-д “Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно”, мөн гэрээний 3.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.3-д “газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, ... хохирлыг нөхөн төлөхийг шаардахаар газар эзэмшигч, эзэмшүүлэгчийн эрх, үүргийг тус тус гэрээнд тусгасан бөгөөд дээрхи нэхэмжлэгч нэр бүхий компаниуд газар эзэмших гэрээнд заасан зориулалт, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй газар эзэмшүүлэх гэрээгээ илт зөрчсөн байна.

          Өөрөөр хэлбэл “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иуд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Мөн “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ууд нь  газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх гэрчилгээнд заасны дагуу Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх чиглэлээр ямарч үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн бетонон хашаанд ажилчдын байр...газар тариалангийн тоног төхөөрөмжүүд байсан нь хариуцагчийн тайлбар, шүүхээс тус газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хавсаргасан фото зургуудаар тогтоогдсон болно.[15]

            5. Нэхэмжлэгч “*******” ХХК, “Идэр-Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  газрын төлбөрийг хаана төлөх нь тодорхойгүй гэх зэргээр шүүх хуралдаанд мэдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын төлбөрийг төлөөгүй нь Дорнод аймгийн татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 412 дугаар албан бичиг[16] болон хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэх тайлбарын тухайд:

            Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг ойлголтыг ямар нэгэн давагдашгүй хүчний өөрчлөлтөөс тухайн газарт цөлжилт, эвдрэл бий болох мөн бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байхыг, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх ойлголтыг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нар нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно.

           Гэтэл нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “Идэр Интэрнэшнл” ХХК-ууд нь “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг” 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зэрэг байгуулсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш 7 жил өнгөрсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг дээрхи нэр бүхий газар эзэмшигч компаниуд зөрчсөн нь тогтоогдож байна.

           Эцэст нь дүгнэхэд “*******” ХХК, “*******” ХХК, “Идэр Интэрнэшнл” ХХК-ууд нь *******ын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар захирамжаар тус сумын Ташгай багийн нутагт “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх” зориулалтаар газрын байршлыг өөрчлөн “Шорвогт” гэх газарт шилжүүлсэн байхад газар эзэмших гэрээнд заасны дагуу тухайн газар дээрээ үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийг зөрчсөн.

           Мөн Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай“ А/26 дугаар захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нэр бүхий 3 компани хуулийн болон холбогдох байгууллагуудад гомдол гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолоор Дорнод аймгийн *******ын нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулж, энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журмыг баталжээ.

          Энэхүү журмын 2.2.10-д “Газрын болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тариалангийн зориулалтаар атар газрыг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах”, 3.1-д “Бүсийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана. Шийдвэрт газрын хэмжээ ашиглах хугацаа тусгасан байна.”, 3.4-д “Бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бүсийн захирлын шийдвэрээр олгоно.”, 3.5-д “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулагдахаас өмнө тухайн нутаг дэвсгэрт хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдтэй бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журмын дагуу шинээр гэрээ байгуулж, газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгоно” гэж тус тус заажээ.

          Энэхүү журам батлагдахаас өмнө Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжаар ...Тус сумын Ташгай багийн нутагт “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх” зориулалтаар газар эзэмших эрх авсан “*******” ХХК-ийн 4861 га, “Идэр-Интернэшнл” ХХК-ийн 7000 га, “*******” ХХК-ийн 10000 га газрын байршлыг өөрчлөн Шорвогт шилжүүлсэн байна.

          Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж”, компаниудын газрыг давхардуулан олгосон зэрэг нь Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 захирамжийг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

           Иймд “Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

             1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “Идэр- Интэрнэшнл” ХХК-ийн,  Дорнод аймгийн *******ын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн *******ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

[1] 1-р хавтаст хэргийн 1-6-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 191, 207-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 191-р хуудасны ар тал, 208-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 171-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 28-35-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 100-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 106-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 102-р хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 103-р хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 107-р хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 104-р хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 101-р хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 105-р хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 28-38-р хуудас

[15] 1-р хавтаст хэргийн 134-145-р хуудас

[16] 2-р хавтаст хэргийн 117-118-р хуудас