Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/270

 

 

П.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

хохирогч Т.Б,

түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/149 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Анхжаргалын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаартай прокурорын эсэргүүцлээр П.Зт холбогдох 2108000001703 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Пын З, 1972 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматур, бетончин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч П.З нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр - тоотод иргэн Т.Бг гэрт нь зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус эрүүгийн хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд тус шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд :

1. Шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарах нотолбол зохих байдлуудыг бүрэн бус хийсэн, энэ хүрээнд нотлох баримтын эх сурвалж бүрийг бүрэн шалгаж, үнэлээгүй буюу хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан.

1.1. Тусгай шинжээчийн дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй буюу зарим асуудлууд тодорхойгүй байх тул тусгай мэдлэгтэй мэт таамаглан дүгнэх, зөвтгөх үндэслэлгүй. Шинжээчийн 2021.11.04-ний өдрийн дүгнэлт, эх сурвалж болгосон баримтаас үзэхэд / хх-17-18/ : Хохирогчийн биед зүүн 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй, таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл, шархнууд үүссэн нь тогтоогдсон байх боловч тэдгээр гэмтэл, шархнууд бүгд нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, эсхүл тус бүрдээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, эсхүл зарим нь гэмтэл, шарх нь тус бүр хүндэвтэр, зарим нь нийлээд хүндэвтэр эсхүл зарим гэмтэл, шархнууд нь тус бүрдээ хөнгөн бөгөөд нийлээд хүндэвтэр зэрэгт хамаарах эсэх тодорхойгүй орхигдсон. Мөн дээрх олон тооны гэмтэл, шархнууд тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн эсэх, эсхүл аль гэмтэл, шархнууд нэг удаагийн үйлчлэлээр нийлмэл байдлаар үүсэх, аль гэмтэл шархнууд нь тус бүр тусдаа үйлдлээр үүсэх эсэх, мөн 3 тооны хавирга хугарсан нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх эсэхийг тодорхой үндэслэл, шалгуурын хүрээнд ялгаа заагтайгаар дүгнээгүй. Тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах нотолбол зохих дээрх асуудлуудыг нэг мөр, зөв тогтоолгохгүйгээр тус хэргийн зүйлчлэл, гэмт үйлдлийн арга, харгис хэрцгий шинж болон бусад байдлыг зөв дүгнэх боломжгүй.

1.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг энгийн ухамсрын түвшинд шалгахад хохирогчийн биед маш олон тооны гэмтэл, шархнууд учирсан, мөн тухайн гэмтэл, шархнууд тус бүрдээ үйлдэл шаардах үндэслэл илэрхий байхад, түүнчлэн хохирогчийг гэрт нь нөхөр, бусад хүмүүсийн дэргэд 2 удаа багалзуурдаж улмаар тухай бүр олон удаагийн үйлдлээр хүч хэрэглэн зодсон гэх тухайн тохиолдолд шүүгдэгчийн үйлдлийн онц харгис хэрцгий, догшин авирласан шинж болон хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн буюу буюу шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарах нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлох, шалгаж үнэлэхгүйгээр орхигдуулсан байгааг зөвтгөх үндэслэлгүй.

2. Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах үндсэн шалгуур, шаардлагад хамаарах нотлох баримтыг бүрэн нотлох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй. Яллагдагчид ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг нь торгох ялын сонгох санкцтай, мөн эд хөрөнгө битүүмжлэх үндэслэлүүд тухайн эрүүгийн хавтаст хэрэгт нэгэнт үүссэн байгаа тухайн тохиолдолд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн хөрөнгө, орлогод хамаарах бүхий л нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих хэмжээ хязгаарын хүрээнд зайлшгүй нотлох үүргийг мөрдөгч, прокурор заавал хүлээж, биелүүлэх ёстой, харин яллагдагчид өөрт нь даалгасан, улмаар өөрөө хүлээх ёстой хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зөвтгөх ёсгүй алдаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуурыг тодорхой заасан ба яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэрэг нь сонгох ялын санкцтай байсаар атал хөрөнгө, орлогод хамаарах нотлох баримтуудыг цуглуулж, шалгаагүй атлаа “би ажилтай” гэх яллагдагчийн эх сурвалжгүй үгэнд хөтлөгдөх, эсхүл яллагдагчийн “ажилтай” гэх мэдүүлэг худал, өөрөө нотлох үүрэгтэй хэмээн таамаглан үгүйсгэх эсхүл эсрэгээр торгох ял оногдуулах шаардлагагүй гэж урьдчилан төсөөлж таамагласан байх үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын шатанд “эд хөрөнгөгүй” гэх лавлагаанаас өөр нотлох баримт огт цуглараагүй, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, түүний хамаарал бүхий болон хамт ажиллаж байсан хүмүүсээс түүний ажил байдлын талаар мэдүүлэг, баримт огт авагдаагүйгээс гадна шүүгдэгч нь “22 жил бөө хийж байгаа, бөөгийн эд зүйлс зардаг, мөн барилгын чиглэлээр ажилладаг” тухай шүүх хуралдаанд мэдүүлж байх тул тус шүүгдэгчийн хөрөнгө, орлогод хамаарах нотлох баримтыг зохих хэмжээ хязгаарын хүрээнд зайлшгүй нотолж, шалгах шаардлагатай.

3. Нотолбол зохих бусад асуудал, шүүгдэгчийн өгсөн “...Тухайн үед гэрт 6 хүн байсан, бид 4-с гадна Оюунбилэг, Эрка нар байсан. ...Хохирогч надтай маргалдсан тэр явдлын дараа гэрийнхээ гадна юм мөргөж унасан гэсэн, өмнөх өдөр нь очиход нөхөртэйгөө маргалдсан, зодуулсан байсан. ...” тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Э.Төгсжаргалын “...Зыг саатуулсны дараа түүний эхнэр нь Бг үсдэж байгаад зөндөө зодсон байгаа юм” гэх мэдүүлэг /хх 9/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хэрхэн эмчлэгдсэн, эмчлэгдэхээр байгаа эсэх буюу хохирогчийн зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх зэрэг нотолбол зохих асуудлуудыг бүрэн, эргэлзээгүй тогтоох шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь тухайн гэмт хэргийн энгийн болон хүндрүүлэх шинжийг бодитой бөгөөд эргэлзээгүй, хангалттай тогтоосон байх шаардлага хангагдаагүй болохыг илэрхийлж байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 32.3 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй засагдах, шалгагдах, хянагдах ёстой асуудалд хамаарна. Хэрэгт нотолбол зохих асуудлуудыг эргэлзээ, зөрүү, зөрчилгүйгээр бүрэн, бодитой тогтоогоогүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр байгаа тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл, үйл баримт хангагдсан гэж үзэхгүй. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч П.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор У.Анхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1.9. дэх хэсгийн 1.9.3.-Т зааснаар “Шинжлүүлэгчийн биед илэрсэн хэд хэдэн гэмтлийг өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзвэл гэмтэл тус бүрд үүссэн хугацаа, үүсгэсэн хүчин зүйл болон эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоон.” гэж тусгасан байна. П.Зын үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэг яллагдагч нэг хүнийг, нэг өдөр, нэг цаг хугацаанд дээрх гэмтлийг учруулсан байхад, шүүх дүгнэхдээ хэд хэдэн яллагдагч нэг хүнд гэмтэл учруулсан мэтээр дүгнэсэн, мөн шинжээч эмчийн мэдүүлгийг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн байна. Нөгөөтэйгүүр, онц харгис хэрцгий, догшин авирласан шинж болон хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн буюу шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь өөрөө хууль зүйн ойлголт юм. Уг заалтад тусгагдсан асуудлыг, шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулан тодруулах боломжтой юм. Тухайн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдон тогтоогдсон, нэмэлт ажиллагаа хийх шаардлага байхгүй байхад шүүхээс таамаглаж буюу хэрэгт авагдаагүй нөхцөл байдлаар дүгнэлт хийж прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Яллагдагчид ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг нь торгох ялын сонгох санкцтай, мөн эд хөрөнгө битүүмжлэх үндэслэлүүд тухайн эрүүгийн хавтаст хэрэгт нэгэнт үүссэн байгаа тухайн тохиолдолд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн хөрөнгө, орлогод хамаарах бүхий л нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих хэмжээ хязгаарын хүрээнд зайлшгүй нотлох үүргийг мөрдөгч, прокурор заавал хүлээж, биелүүлэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуурыг тодорхой заасан ба яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэрэг нь сонгох ялын санкцтай байсаар атал хөрөнгө, орлогод хамаарах нотлох баримтуудыг цуглуулж, шалгаагүй атлаа “би ажилтай” гэх яллагдагчийн эх сурвалжгүй үгэнд хөтлөгдөх, эсхүл яллагдагчийн ажилтай гэх мэдүүлэг худал, өөрөө нотлох үүрэгтэй хэмээн таамаглан үгүйсгэх эсхүл эсрэгээр торгох ял оногдуулах шаардлагагүй гэж урьдчилан төсөөлж таамагласан байх үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын шатанд “эд хөрөнгөгүй” гэх лавлагаанаас өөр нотлох баримт огт цуглараагүй. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, түүний хамаарал бүхий болон хамт ажиллаж байсан хүмүүсээс түүний ажил байдлын талаар мэдүүлэг, баримт огт авагдаагүйгээс гадна шүүгдэгч нь “22 жил бөө хийж байгаа, бөөгийн эд зүйлс зардаг, мөн барилгын чиглэлээр ажилладаг” тухай шүүх хуралдаанд мэдүүлж байх тул тус шүүгдэгчийн хөрөнгө, орлогод хамаарах нотлох баримтыг зохих хэмжээ хязгаарын хүрээнд зайлшгүй нотолж, шалгах шаардлагатай гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэхэд ... оршино.” гэж хуульчилсан байна. Яллагдагчийн хувийн байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 28/, эд хөрөнгийн лавлагаанууд /хх 24-29/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 30/, ял шалгах хуудас /хх 32/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 33/, авто тээврийн лавлагаа /хх 34/ зэрэг нотлох баримтууд цугларчээ. Мөн шүүгдэгч “...Би орлогоо эхнэрийнхээ дансаар авдаг, би өөрөө дансгүй. ...” гэсэн мэдүүлгийг /шүүх хуралдааны тэмдэглэл/-д дурдсан байна. Харин яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжлэх үндэслэлийг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлохдоо “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж заасан байна. Түүнээс биш торгох ялын биелэлтийг хангах зорилгоор яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжлэх хуулийн зохицуулалт байхгүй. Энэ талаар шүүгчийн захирамжид заагдсан заалт хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүгдэгчийн өгсөн “...Тухайн үед гэрт 6 хүн байсан, бид 4-с гадна Оюунбилэг, Эрка нар байсан ...Хохирогч надтай маргалдсан тэр явдлын дараа гэрийнхээ гадна юм мөргөж унасан гэсэн, өмнөх өдөр нь очиход нөхөртэйгөө маргалдсан, зодуулсан байсан. ...” тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Э.Төгсжаргалын “...Зыг саатуулсны дараа түүний эхнэр нь Бг үсдэж байгаад зөндөө зодсон байгаа юм” гэх мэдүүлгийг дүгнэсэн байна. Шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргадаггүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарсан үйл баримт хангалттай нотлогдож, хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогч нарыг оролцуулан шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх бүрэн боломжтой байхад, дээрх этгээдүүдийг олж тогтоон мэдүүлэг авснаар хэрэгт ямар ач холбогдол, өөрчлөлт орох нь тодорхойгүй байна. Энэ хэргийг шүүх шийдвэрлэхдээ эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэх байсан боловч, дээрх гэмт хэргийн тохиолдолд эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/149 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч Т.Бгийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. Хохирогчид тухайн үед шүүх хуралдааны тов мэдэгдээгүй тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Мөн өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй. Хохирогч нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй учир өмгөөлөгчтэй оролцож байна. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн, хүндэвтэр зэргийн аль гэмтэл болохыг тогтоох шаардлагагүй. Тийм учраас анхан шатны шүүхээр хохирогчийн эрх ашгийг хамгаалан хохирлыг нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. ...” гэв.

            Хохирогч Т.Б “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос П.З нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр - тоотод иргэн Т.Бг гэрт нь зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг хангалттай тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдааны явцад зохих байдлуудыг нотлох талаар мөн зүйлд заажээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд прокурор У.Анхжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Зт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/149 дугаартай захирамжийг хүчингүй болгож, П.Зт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцтэл П.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ