Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 207

 

 

 Я.А-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн

Засаг даргын тамгын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Х.Батсүрэн

Шүүгчид:                           Г.Банзрагч                           

                                           Б.Мөнхтуяа

                                           Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0162 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид,

Нэхэмжлэгч Я.А-,

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 56 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Я.А-ийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0162 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0162 дугаар магадлал зэргийг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчийг нэр дэвшсэн ажлын байранд томилохоос татгалзсан шийдвэрийг бичгээр гаргасан гэж үзэхгүй гэжээ. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь нэхэмжлэгч Я.А-ийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй байхгүй болно.

5. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2150 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгч Я.А-ийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөх захиалгыг Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн.

6. Өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийг "Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй гэж томилохоос татгалзсан шийдвэрийг бичгээр гаргасан. Мөн түүнчлэн Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Я.А-ийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцуулахаар Төрийн албаны зөвлөлд албан бичгээр хандсан байдаг.

7. Ийм байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхийн оронд хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг зөрчиж байна.

8. Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд нь 2017 оны 07 дугаар 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд ажлын 18 хоногийн ээлжийн амралттай байсан бөгөөд энэ хугацаанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тамгын газрын даргын үүргийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Бя.Ганболд түр орлон гүйцэтгэж байсан. Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд өрсөлдөн шалгарсан Я.А-ийг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэж, уг шийдвэрийг мөн өдрөө сайтад байршуулжээ. Үүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Я.А- нь шалгарсан ажлын байранд томилогдохоор ирээгүй, томилох эрх бүхий субъект Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргатай, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргатай уулзаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр дээрх дүгнэлтийг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчиж байна.

9. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.А-ийн Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

11. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Санхүү төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр нь дэвшигдсэн Я.А-ийг тухайн албан тушаалд томилоогүй тамгын газрын даргын үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасныг зөрчжээ.

12. Хариуцагчаас тайлбарын үндэслэлээ болгож байгаа Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.1 дэх “...Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд орох нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно” гэх зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэж, хариуцагчийг зөвтгөх боломжгүй.  

13. Нэхэмжлэгч нь маргаж буй албан тушаалд томилогдон ажиллахаас татгалзаагүй, энэ талаар хүсэлтээ гаргаагүй, томилох эрх бүхий Засаг даргын тамгын газрын даргатай уулзахаар очсон, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар уулзах боломжгүй байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

14. Мөн Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандаж тус аймгийн Засаг даргын тамгын газраас хүргүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2150, мөн салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...Я.Азбилэгийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцуулах” тухай албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэгчийг нөөцөөс хасагдсанд тооцохооргүй юм. 

15. Дээр дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан журамд зааснаар холбогдох материалыг үндэслэн нөөцийн жагсаалтаас хасалт хийх нь Төрийн албаны зөвлөлийн үүрэг бөгөөд, ийнхүү журамд заасны дагуу нэхэмжлэгч нь нөөцөөс хасагдаагүй, харин ч Төрийн албаны Зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1031 дүгээр албан бичгээр “тогтоолын биелэлтийг хангаж, Я.А-ийг тухайн албан тушаалд томилох”-ыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргад мэдэгдэж байсан тухай баримт хэрэгт байна.   

16. Дээрх бүгдийг нэгтгэвэл, хариуцагч нь Я.А-ийг томилох үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буруутай гэж үзэж, шүүхээс “...албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...томилох шийдвэр гаргахыг даалгах тухай” Я.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь зөв болно.

17. Иймд, “...эс үйлдэхүй байхгүй, ...1 сарын дотор ирээгүй, ...нөөцөөс хасагдсанд тооцуулахаар саналаа хүргүүлсэн, ...нотлох баримтыг буруу үнэлсэн...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн, маргаанд хамааралтай Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0162 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ