| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0368/Э |
| Дугаар | 555 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 555
Л.Ж.Ё, Г.Д.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Л.Ж.Ё-ийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Г.Д.Х-ийн өмгөөлөгч Х.Баасанжаргал, Г.Буян, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Жилин мандал” ХХК, “Арц суварга” ХХК, “Повер ложистик” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжин, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Мапроуд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 803 дугаар магадлалтай, Л.Ж.Ё, Г.Д.Х нарт холбогдох 1702000000036 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч “Жилин мандал” ХХК, “Арц суварга” ХХК, “Повер ложистик” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.БНСУ-ын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БНСУ-д төрсөн, эрэгтэй, хэрэгт холбогдохын өмнө “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй, Л.Ж.Ё / /
2.БНСУ-ын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БНСУ-д төрсөн, эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ БНСУ-ын “Соён инженеринг” компанийн зургийн инженер, “Соён инженеринг Монголиа” ХХК-ийн захирал ажилтай байсан, ял шийтгэлгүй, Г.Д.Х / /
Шүүгдэгч Л.Ж.Ё нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “М.Т.З” ТӨХК болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Ул шорооны ажил”-ын тоон мэдээ тайланг “М.Т.З” ТӨХК-д 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгийн санхүүжилт олгож, “М.Т.З” ТӨХК-иас 17.491.450.145 төгрөгийн илүү санхүүжилт авсан боловч нэр бүхий 13 компанид санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж “Жилин мандал” ХХК-д 1.324.870.580,76 төгрөг, “Мапроуд” ХХК-д 1.530.633.812,4 төгрөг, “Бидний зам” ХХК-д 1.081.609.225,44 төгрөг, “Билэгт зам” ХХК-д 882.256.590 төгрөг, “Дардан говь” ХХК-д 928.139.256 төгрөг, “Повер Ложистик” ХХК-д 305.405.115,2 төгрөг, “Арц суврага” ХХК-д 769.357.640,5 төгрөг, “Монроуд” ХХК-д 978.260.974,3 төгрөг, “Нутгийн буян” ХХК-д 756.415.866 төгрөг, “Кей Эйч Эн Ар” ХХК-д 42.914.324,8 төгрөг, “Эсто” ХХК-д 1.216.841.305 төгрөгийн өртөгтэй ажлын тоон хэмжээг тус тус багасгаж, санхүүжилтийг дутуу олгон залилж, дээрх 11 компанид их хэмжээний буюу нийт 9.816.704.690,4 хохирол учруулсан,
Мөн Л.Ж.Ё нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “М.Т.З” ТӨХК болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын хуулийн этгээд болох “Соён инженеринг” компанитай 2.308.402 ам.долларын өртөгтэй “Ухаа худаг Гашуун сухайт хүртэлх 267 км замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээ, мөн 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Соён инженеринг Монголиа” ХХК-ийн захирал Г.Д.Х-той 2.684.000 ам.долларын өртөгтэй “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээг тус тус байгуулж, улмаар “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд баригдаж байсан төмөр замын ажилд ашиглагдах зураг төсөл боловсруулах ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх эрхгүй “Соён инженеринг” ХХК, “Соён инженеринг Монголиа” ХХК-иар суурь судалгаагүйгээр зураг төсөл боловсруулж, мөн холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад зураг төслийг дээрх төмөр зам барих ажилд ашиглаж, 100 хувь гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, “М.Т.З” ТӨХК-иас олгосон 5.021.600 ам.доллар буюу 8.772.297.926 төгрөгөөс 1.942.307.661,18 төгрөгийг авч завшин Монгол Улсын Сангийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,
Мөн шүүгдэгч Л.Ж.Ё нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын төлбөр төлөх нэрээр 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн данснаас “Өмнө хан богд говь” ХХК-ийн дансанд 691.372.560,00 төгрөгийг БНСУ-ын иргэн Пак Жи Хен-оор дамжуулан авч завшин “Эс Си Ти И Си Эм” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,
Мөн Л.Ж.Ё нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж БНСУ-ын иргэн Ким Чан Хуан-аар дамжуулан иргэн У.Ундрам, Д.Уламбаяр нарын үүсгэн байгуулсан “Содконсалтинг партнерс” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан тус компанид олгосон санхүүжилтээс сар бүр 6.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72.000.000 төгрөгийг завшин “Эс Си Ти И Си Эм” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,
Шүүгдэгч Г.Д.Х нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн захирал Л.Ж.Ё-ын удирдан зохион байгуулсны дагуу “М.Т.З” ТӨХК болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.308.402 ам.долларын өртөгтэй “Ухаа худаг Гашуун сухайт хүртэлх 267 км замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээ, мөн 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2.684.000 ам.долларын өртөгтэй “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээг тус тус байгуулж, улмаар урьд 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Энержи ресурс рэйл” ХХК-ийн “Смек Монголиа” ХХК-тай байгуулсан Ухаа худаг Гашуун сухайт хүртэлх төмөр замын төслийн хүрээнд зураг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу зурагдсан зураг төслийг хуулбарлан Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад хуулбарласан зураг төслийг төмөр зам барих ажилд ашиглаж, ажлаа 100 хувь гүйцэтгэсэн мэтээр “М.Т.З” ТӨХК-иас 5.021.600 ам.доллар буюу 8.772.297.926 төгрөг гаргуулан үүнээс 3.780.058 ам.доллар буюу 6.829.990.264 төгрөгийн санхүүжилтийг авч завшин Монгол Улсын Сангийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж.Ё-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар,
Шүүгдэгч Г.Д.Х-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Л.Ж.Ё-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Ухаа худаг гашуун сухайт чиглэлийн төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбогдох хэргийг,
мөн шүүгдэгч Г.Д.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Л.Ж.Ё-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж.Ё-ийн цагдан хоригдсон 515 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, 7.725.000 төгрөгийг торгох ялаас хасч, биечлэн эдлэх торгох ялыг 32.275.000 төгрөгөөр тогтоож,
шүүгдэгч Г.Д.Х цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.Ж.Ё, Г.Д.Х нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Бидний зам” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл, хохирогч “Жилин мандал” ХХК, “Арц суварга” ХХК, “Повер ложистик” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжин, хохирогч “Нутгийн буян гурпп” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Гантулга, хохирогч “Дардан говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогч “Жилин мандал” ХХК, “Арц суварга” ХХК, “Повер ложистик” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжин гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Л.Ж.Ё-ийнүйлдсэн хэргийг гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Залилан мэхлэх гэмт хэргийг гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгах гол шинж нь гэрээгээр шилжиж буй эд хөрөнгө, эрх, авч буй ажил үйлчилгээний төлбөрийг хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн байдаг. Л.Ж.Ё-ийг “Эс Си Ти Си И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, санхүүжилт олгож байсан, тооцооны зөрүүг мэдэж байсан, гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг няцааж байна гэжээ. Хохирогч нар нь гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг анхнаасаа хасч, дардаг байсан, гүйцэтгэлийг дараа сард оруулна гэж хэлдэг байсныг удаа дараа өгсөн мэдүүлэгтээ дурдьсан. Төслийн гүйцэтгэлийн сүүлд, эсвэл ганцхан удаа хасч тооцсон асуудал биш юм. Л.Ж.Ё нь төслийн хугацаанд байнга ийм үйлдэл гаргадаг байсан. “М.Т.З” ТӨХК-иас туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр бүрэн санхүүжилт авсан атлаа хохирогч нарт тэр хэмжээгээр олголгүй, өөрийнх нь гарын үсгээр мөнгө олгодог эрхшээлд нь байгааг мэдэж, анхнаасаа энэ бүхнийг нуун дарагдуулж, залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилготой байсан гэдэг нь тодорхой харагдаж байна.
Итгэмжлэн хариуцуулсан “Эс Си Ти Си И Си Эм” ХХК нь “М.Т.З” ТӨХК-иас олгох санхүүжилтийг ажил гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч компаниудад олгох үүрэгтэй. Тэгэхээр “М.Т.З” ТӨХК-иас туслан гүйцэтгэгч нарт олгох ёстой санхүүжилтийг ерөнхий гүйцэтгэгч “Эс Си Ти Си И Си Эм” ХХК хүлээн авч цааш нь туслан гүйцэтгэгч нарт олгоно. Энэ нь туслан гүйцэтгэгч компаниуд болоод “М.Т.З” ТӨХК-ийн зүгээс туслан гүйцэтгэгч нарт олгох санхүүжилтийг итгэмжлэн хариуцуулж нөгөө талаас туслан гүйцэтгэгч нар ч өөрсдийн авах ёстой санхүүжилтийг “М.Т.З” ТӨХК-иас өөрсдөд нь олгох санхүүжилтийг итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болно. Мөн “Эс Си Ти Си И Си Эм” ХХК-ийн захирал Ли Тэ Сог болон Цолмонсүрэн нарын мэдүүлгээр “Эс Си Ти Си И Си Эм” ХХК-д ирсэн нэхэмжлэхүүд санхүүгийн хэлтэс дээр ирж, санхүүгийн хэлтсийн дарга, дараа нь холбогдох газрууд хамгийн сүүлд Л.Ж.Ё-д очиж түүний гарын үсгээр мөнгө гардаг гэж мэдүүлснээс харвал Л.Ж.Ё нь өөрийнх нь гарын үсгээр мөнгө гардаг, санхүүжилт олгох, мөнгө гаргах эсэхийг шийдэх эрх бүхий гол албан тушаалтан бөгөөд энэхүү эрхээ ашиглаж өөртөө давуу байдал бий болгож “М.Т.З” ТӨХК-иас орж ирдэг санхүүжилтээс туслан гүйцэтгэгч компаниудад олгох ёстой мөнгийг завшсан гэдэг нь харагдаж байна.
М.Т.З ТӨХК-тай “Эс Си Ти Си И Си Эм” ХХК нь ЕРС буюу инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ерөнхий гүйцэтгэгчээр нь ажилласан байдаг. Уг ЕРС гэрээгээр ажиллахдаа усны зардал, ажлын хөлс, цахилгааны зардал гэх мэт гарах зардлуудаа тодорхой тусгаж гэрээг байгуулдаг. Гэтэл “Эс Си Ти Си И Си Эм” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Ж.Ё нь туслан гүйцэтгэгч нарт олгох ёстой ажил гүйцэтгэсэн төлбөрийг дээрх төлбөрүүдэд буюу усны зардалд төлсөн, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн компанид төлсөн гэжээ. Гэтэл 17 тэрбум төгрөгийн хэдэн төгрөгийг усны зардалд төлсөн, хичнээн төгрөгийг хяналт шалгалтын ажил гүйцэтгэсэн гэх компанид төлсөн, хэдийг нь цахилгааны зардалд зарцуулсан зэрэг нь тодорхойгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Герман улсын DBI компанийн хяналт хийсэн тайлантай танилцалгүйгээр шинжээчид дүгнэлт гаргасныг үнэн зөв, бодитой гарсан гэдэгт эргэлзээтэй” гэжээ. Анхнаасаа илүү санхүүжилтээр авсан мөнгөний зарцуулалт нь тодорхойгүй, үнэн зөв бодитой гарсан нь эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтээр хэт нэг талыг барьж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг нарийн тодруулах, эргэлзээтэй байдлуудыг нэг мөр болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Ж.Ё-ийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Г.Д.Х-ийн өмгөөлөгч Х.Баасанжаргал, Г.Буян нар гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Ж.Ё-ыг 4 гэмт үйлдэлд, үүний нэг үйлдлийг шүүгдэгч Г.Д.Х-той бүлэглэн үйлдсэн гэж, шүүгдэгч Г.Д.Х-ыг шүүгдэгч Л.Ж.Ё-той бүлэглэж нэг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг, анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2 гэмт үйлдэлд шүүгдэгч Л.Ж.Ёыг гэм буруутайд тооцож, Л.Ж.Ё, Г.Д.Х нарын бүлэглэсэн гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.
-Л.Ж.Ё, Г.Д.Х нарын бүлэглэн үйлдсэн “Соён инженеринг монголиа” компанийг БНСУ-ын хуулийн этгээд болох “Соён инженеринг компани”-тай ойролцоо нэртэйгээр 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Г.Д.Х-ийн санаачлагаар, нэг өмчлөгчтэйгөөр байгуулж, Л.Ж.Ёийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Эс Си Ти И Си Эм /SCTECM/ компанитай “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ” гэх бичиг баримтыг 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан, уг компаний дансанд Улаанбаатар аудит компаний дүгнэлт болон шинжээч Оюунчимэгийн мэдүүлэгт дурьдсанаар барилгын зургийн ажлын хөлс гэж 2.684.000 америк доллар буюу 2.940.332.894 төгрөг шилжүүлэх замаар авсан,
БНСУ-ын хуулийн этгээд болох “Соён инженеринг” компаний гүйцэтгэсэн Ухаа худаг Гашуун сухайт хүртэлх 267 км замын “Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил”, Г.Д.Х-ы Монгол улсад үүсгэн байгуулсан “Соён инженеринг монголиа” компаний гүйцэтгэсэн гэх “Барилгын зураг төслийн ажил”-ууд болон урьд “Смек монголиа” компаний гүйцэтгэсэн Ухаа худаг Гашуун сухайт хүртэлх төмөр замын барилгын ажлын зураг төсөл, тооцооллуудын ялгаатай болон ижил төстэй шинжийн талаар 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, мөн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, уг төмөр замын барилгын ажлыг туслан гүйцэтгэж байсан компаниудын захирал, инженер техникийн ажилтнуудын мэдүүлгүүдэд дурьдагдсан үйл баримт болох “төмөр замын ажлыг гүйцэтгүүлэхээр “Эс Си Ти И Си Эм” /SCTECM/ компаниас өгсөн зургийг, “Смек монголиа” компаний зураг гэж бодож байсан гэх мэдүүлгүүдэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзнэ.
Нөгөө талаас БНСУ-ын хуулийн этгээд болох “Соён инженеринг” компанитай төстэй нэртэй “Соён инженеринг монголиа” компанийг Г.Д.Х үүсгэн байгуулж, Соён инженеринг компанитай байгуулсан гэрээтэй төстэй ажил гүйцэтгүүлэх зорилготой, 2.684.000 америк долларын үнэ бүхий гэрээ байгуулах замаар Эс Си Ти И Си Эм /SCTECM/ компаниас мөнгө шилжүүлсэн үйлдэл нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газарт “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр”-т төлбөл зохих 691.372.560 төгрөгийг завших үйлдлийг хийхдээ аймаг, сумын нэр оролцсон нэртэй хуулийн этгээд болох “Өмнө Хан богд говь” нэртэй компани байгуулж, уг компаний дансаар ашигт малтмал ашигласны төлбөр гэсэн гүйлгээ хийж, уг эд хөрөнгийг өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлж авсантай үйлдлийн арга төстэй байгаад шүүх анхаарал хандуулаагүйн зэрэгцээ,
Барилгын зураг төсөл боловсруулах гэрээгээр мөнгө шилжүүлсэн энэхүү үйлдлийг шүүх дүгнэхдээ туслан гүйцэтгэгч 11 компаниар зам барилгын ажил гүйцэтгүүлж, Герман улсын “Ди Би Ай” /DBI-Дойче Баан Интернэшнл/ компаниар зам барилгын ажлын гүйцэтгэлийг нь хянуулж, үнэлүүлсний эцэст ажлын хөлсийг төлдөг байсан өөр үйлдэлд хамаарах харилцаатай холбож дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан эдгээр хууль зүйн дүгнэлтүүд нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Гэвч прокурорын яллах дүгнэлтэд Л.Ж.Ё, Г.Д.Х нарын бүлэглэн үйлдсэн энэхүү үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохироогүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарахад нөлөөлсөн байдлыг үгүйсгэхгүй.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 803 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Жилин мандал” ХХК, “Арц суварга” ХХК, “Повер ложистик” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Ж.Ё, Г.Д.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Л.Ж.Ё нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын төлбөр төлөх нэрээр 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн данснаас “Өмнө хан богд говь” ХХК-ийн дансанд 691.372.560,00 төгрөгийг БНСУ-ын иргэн Пак Жи Хен-оор дамжуулан авч завшин “Эс Си Ти И Си Эм” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, мөн БНСУ-ын иргэн Ким Чан Хуан-аар дамжуулан иргэн У.Ундрам, Д.Уламбаяр нарын үүсгэн байгуулсан “Содконсалтинг партнерс” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан тус компанид олгосон санхүүжилтээс сар бүр 6.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72.000.000 төгрөгийг завшин “Эс Си Ти И Си Эм” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус удирдан зохион байгуулж үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Ж.Ё-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, түүнд 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж гэж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ж.Ё-д холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “М.Т.З” ТӨХК-иас 17.491.450.145 төгрөгийн илүү санхүүжилт авсан боловч нэр бүхий туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасган санхүүжилтийг дутуу олгож, нийт 9.816.704.690,4 хохирол учруулсан” гэх хэргийг залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй үндэслэлээр,
Мөн шүүгдэгч Л.Ж.Ё, Г.Д.Х нарт холбогдох “Ухаа худаг гашуун сухайт чиглэлийн төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбоотой хэргийг завших гэмт хэргийн шинж тогтоогдоогүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон компаниуд гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоо, санхүүжилттэй холбоотой асуудлыг үүрэг бүхий этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон туслан гүйцэтгэгч компаниуд нь 2016 оны 7 дугаар сард “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай гүйцэтгэсэн ажлын талаар тооцоо нийлж, “Хаалтын гэрээ”-нд заасан төлбөрийг бүрэн хүлээн авсан нь хөдөлбөргүй тогтоогджээ.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Жилин мандал” ХХК, “Арц суварга” ХХК, “Повер ложистик” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжингийн хяналтын журмаар гаргасан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ж.Ё нь туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлыг сар бүр баталгаажуулж зохих санхүүжилтыг олгохдоо гүйцэтгэсэн ажлын дүнг бууруулж, санхүүжилтыг дутуу олгодог байсан асуудлыг дахин шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах эрх хэмжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хяналтын шатны шүүхэд олгогдоогүй болохыг дурдаж, өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, түүний дотор энэ хэрэгт шинжээчээр томилогдсон “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн аудитын шинжилгээ хийсэн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр /3хх-180/ “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “М.Т.З” ТӨХК-тай 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Ухаа худаг Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой барилгын ажлын зураг төсөл, худалдан авах үйл ажиллагаа, барилгын ажлыг гүйцэтгэх тухай гэрээг /EPC-Engineering, Procurement and construction contract/ буюу барилгын ажлын зураг төсөл, инженерчлэл, худалдан авах үйл ажиллагаа, барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний нийт өртөг нь гүүрний угсралтын төлбөрийг оруулахгүйгээр Нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр 439.840.000 ам.доллар, Нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр 483.824.000 ам.доллар байхаар тооцсон бөгөөд гэрээний үнийн дэлгэрэнгүй задаргаа хэсэгт “Зураг төсөл ба инженерчлэл”-ийн зардалд 5.021.600 ам.доллар төсөвлөсөн байна.
“Эс Си Ти И Си Эм” ХХК нь БНСУ-ын “Соён инженеринг” компанитай 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Төмөр замын төслийн суурь инженерийн зураг төслийг 2013 оны 8 дугаар сарын 23-ныг өдрийг хүртэл хийлгэх тухай 2.304.802 ам.долларын гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн байх ба уг компанид 2.308.402 ам.доллар буюу 3.889.657.370 төгрөгийг шилжүүлжээ.
Түүнчлэн дээрх компанийн охин компани болох Монгол Улсад байгуулагдсан “Соён инженеринг Монголиа” компанитай уг төслийн нарийвчилсан зураг төсөл, дизайн хийлгэх 2.684.000 ам.долларын гэрээг 2013 оны 8 дугаар сарын 24-нд байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар уг компаниас 1.471.656 ам.долларын ажил хүлээн авч, Нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр 2.940.332.894.18 төгрөг шилжүүлжээ.
“Соён инженеринг Монголиа” ХХК нь Зам тээврийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан журмын Y-3-1 “Төмөр замын зураг төсөл боловсруулах” заалтаар 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18 хүртэл 3 жилийн хугацаатай гэрчилгээ авсан ба БНСУ-ын “Соён инженеринг” компанийн зураг төсөл нь Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 1458/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр, 2014 оны 194/2014 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус баталгаажсан байна.
“Эс Си Ти И Си Эм” ХХК-иас “М.Т.З” ТӨХК-д Төмөр замын төслийн суурь инженерийн зурагтай холбоотой гаргаж өгсөн нэхэмжлэх болон “М.Т.З” ТӨХК-ийн баталгаажуулж өгсөн төлбөр нь 5.021.600 ам.доллар буюу гэрээний зураг төсөл ба инженерчлэлийн зардалд хамаарах үнийн дүнд багтсан байх бөгөөд “М.Т.З” ТӨХК, “Самсунг Си & Ти” корпораци болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд байгуулсан Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын “ЕРС” гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Цуцлах гэрээ” байгуулж /39хх-12/, талууд харилцан төлөх төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, гэрээний харилцаа дуусгавар болжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн …2.1-д “Зураг төслийг боловсруулахдаа тусгай зориулалтын болон цогцолбороор баригдах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг хоёр үе шатаар, бусад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг нэг үе шатаар гүйцэтгэнэ”…
2.2-т “Нэг үе шатаар боловсруулах зураг төслийг “Ажлын зураг”, хоёр үе шаттайгаар боловсруулах зураг төслийг “Техникийн зураг”, “Ажлын зураг” … гэж ангилна,…
2.3-т “… Барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төслийн байгууллагатай байгуулсан гэрээ болон зургийн даалгаварт тодорхой тусгаж өгнө” гэж тус тус заажээ.
Энэ хэрэгт шинжээчээр томилогдсон Барилгын хөгжлийн төвийн “Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтэс”-ийн нэр бүхий шинжээчдийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтэд:
“Эс Си Ти И Си Эм” ХХК-иас 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын “Соён инженеринг” компанитай “Урьдчилсан судалгаа шинжилгээ ба ерөнхий зураг” гүйцэтгэх тухай гэрээг дүрмийн 2.2-т заасан “Техникийн зураг” төслийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын “Соён инженеринг Монголиа” ХХК-тай “Нарийвчилсан ажлын зураг гүйцэтгэх” Sum/UHG-GS/SC/0028 тоот гэрээг дүрмийн 2.2-т заасан “Ажлын зураг төслийн гэрээ” гэж дүгнэхээр байна.
“Смек” болон “Соён инженеринг” компаниудын боловсруулсан зураг төслийг харьцуулбал: Замын дэвсгэр болон дагуу аяс, өртөө зөрлөгүүдийн зургийн хувьд хоёр компаний хийсэн зураг төсөл нь масштабын хувьд ижил хэвтээ болон тахирын радиус, шулуун оруулга, шулуун хэсгийн урт, замын хэвгий, өртөө зөрлөгүүдийн зураг төслүүд бүгд адил байна. Зураг төслийн эдгээр өгөгдлүүдийг өөрчлөөгүй ба хөндлөн огтлолын масштабын хувьд илүү нарийвчлан өгсөн нь харагдаж байна. Километр болон зуутын хуваарийн хувьд “Смек” компани нь 50 метр хэмжээтэй, “Соён инженеринг” компани нь 20 метр хэмжээтэй ба 2500 радиустай тахирын гадна талын өндөрлөлтийн дээд хэмжээг “Смек” компани нь 30 мм, “Соён инженеринг” компани нь 35 мм хийсэн бөгөөд аль аль нь тохирсон хурдтай үед шаардлага хангаж байна.
“Смек” компаний гүйцэтгэсэн хөндлөн огтлолын зураг төсөл нь 1:200 м масштабтай ба замын далангийн хөндлөн огтлолыг 50, 50 м-т тус тус гаргасан бол “Соён инженеринг” компани нь замын хөндлөн огтлолыг 20, 20 м-т тус тус гаргасан ба хөндлөн огтлолын зургийг 1:100 м масштабтай гүйцэтгэсэн нь зургийг илүү нарийвчлан үзүүлсэн бөгөөд зарим замын хэсэгт далангийн налуулгыг сайжруулж хийсэн байна.
“Смек” болон “Соён инженеринг” компаний боловсруулсан зураг төслөөс далан болон ухмалын нягтрал, замын дээд бүтцийн сонголт зэргийг харахад MNS 6229:2010/1520 мм-ийн царигтай төмөр зам, Техникийн шаардлага /Монгол Улсын стандартын 1.1, 5.1 заалтууд, хавсралт Б-ийн Б1 заалтуудын шаардлагыг хангаж байна гэжээ.
Дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Л.Ж.Ё, Г.Д.Х нарыг урьд нь “Энержи ресурс рэйл” ХХК-ийн “Смек Монголиа” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зурагдсан зураг төслийг хуулбарлан Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад хуулбарласан зураг төслийг төмөр зам барих ажилд ашиглаж, ажлаа 100 хувь гүйцэтгэсэн мэтээр “М.Т.З” ТӨХК-иас 5.021.600 ам.доллар гаргуулан авч завшсан гэж буруутгах боломжгүй юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ж.Ё, Г.Д.Х нарыг Монгол Улсын Сангийн яаманд хохирол учруулсан гэж ялласан үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь Монгол Улсын Сангийн яамны эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлэх талаар хяналтын шатны шүүх хуралдаанд прокурорын гаргасан хууль зүйн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 803 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Жилин мандал” ХХК, “Арц суварга” ХХК, “Повер ложистик” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН