Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02259

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20

182/ШШ2024/02259

     

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 405 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Зээлдэгч Э.******* нь 2019.02.25-ны өдөр манай байгууллагын ******* цахим зээлийн үйлчилгээнд 8915 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 190 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 18 000 төгрөгийн шимтгэлтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4.2.2-т Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг түүнд ногдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4.2.3-т Зээл зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулахаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5.1.5-д зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заажээ.

Гэтэл зээлдэгч Э.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.

2024.03.20-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 190 000 төгрөг, шимтгэл 18 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 197 950 төгрөг, нийт 405 950 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.*******гаас нийт 405 950 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбартай танилцсан бөгөөд эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Э.*******гаас шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн ******* миний бие 2019 онд ******* ******* ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд тухайн үедээ хувийн шалтгаанаас болон төлбөрөө барагдуулж чадаагүй болно. Тус байгууллагатай тохиролцсоны дагуу 5, 6, 7 дугаар саруудад 3 хувааж сар бүрийн 20-ноос 25-ны өдрийн хооронд төлбөрөө барагдуулахаар тайлбар гаргасныг хүлээн авна уу. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин энэ асуудлаар маргаан гаргахгүй бөгөөд хуульд заасан үр дагаврыг ойлгосон. гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:

******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 405 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.05.25-ны өдөр 140 000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 140 000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 125 950 төгрөгөөр тус тус төлнө.

2.Талууд энэ эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд дахин энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ101/598 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 405 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 405 950 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.05.25-ны өдөр 140 000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 140 000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 125 950 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 830 төгрөгийн 6 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6 415 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 405 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.05.25-ны өдөр 140 000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 140 000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 125 950 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 830 төгрөгийн 6 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6 415 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА