| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/01080/И |
| Дугаар | 182/ШШ2024/01446 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/01446
2024 04 05 182/ШШ2024/01446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч:байранд байрлах, ГБ /РД:00/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О овогт Н.Э /РД:оо/-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Эрдэнэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ГБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Н.Энхсаруул нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Голомт банктай ХХК-тай ЗГ/КР/ЗГ/2019/08/07 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийн зээлийг жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/Ш32024/01220 дугаар захирамжаар Н.Энхсаруул нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд Н.Энхсаруулыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
2.2 ГБ-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар Эрх олгох тухай тушаал /хх-5/
2.3 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ /хх-6/
2.4 Хүү тооцооллын хүснэгт /хх-8-13/
2.5. Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-14/
2.6 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/Ш32024/01220 дугаар захирамж /хх-15/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/03014 дугаар захирамжаар Н.Энхсаруулын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ГБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхсаруулыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Н.Энхсаруул нь Голомт банк ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ нэртэй гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ГБ-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
ГБ нь Н.Энхсаруулын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О овогт Н.Э /РД:оо/ нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 хэсэг, Гэрэлт хотхон 25/3 байр, 36а тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2024/01220 дугаар захирамж, мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд ГБ-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О овогт Н.Э /РД:оо/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Хүсэлт гаргагч ГБ-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ГБ-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О овогт Н.Э /РД:оо/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхсаруулыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ГБ-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхсаруулыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбилэг, Д.Нямсүрэн /80781331, 94230089/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ