Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 282

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Сайнзаяа,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0-165/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн О-т холбогдох эрүүгийн 201726030722 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1960 оны 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт С-ийн О

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.О- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ,,,, тоотод иргэн Э.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан аяга шидэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.О- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ,,,, тоотод охин Г- нь хохирогч Э.М-тай маргалдаж байхад нь “та нар одоо эмэгтэй хүн байж болиочээ” гэж хэлээд шилэн аяга шидэн хохирогчийн толгойг онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч С.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...Би тэтгэврийн зээл авч хохирогч Э.М-д хохирол төлсөн...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...Хохирогч  Э.М- манай охины найз, нөхөртэйгөө манай охиныд амьдардаг байсан. Тэгээд хохирогч  Э.М- өөр хүнтэй суугаад явсан. Гэтэл манай охиныд дахиад ирээд байсан. Тухайн өдөр Э.М- манай охиныг үсдээд маажаад байхаар нь би аяга аваад шидчихсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн Э.М-аас гаргасан гомдол /хх-ийн 7/

            3. Хохирогч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одоо миний санаж байгаагаар 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 6 дугаар сарын 06-нд шилжих шөнө 03:00 цагийн үед...Г- эгч босч ирээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд хоёулаа үсдэлцээд хоёр талаас ноцолдож байтал О- эгч босож ирээд цайны шилэн аяга шидэхэд намайг оноод миний дух хэсгээс цус гарсан. Би О- эгчид та яаж байгаа юм бэ гэсэн чинь юм дуугарахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

            4. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 06-нд шилжих шөнө би гэртээ байж байтал манай найз Э-...ороод ирсэн...М- гаднаас нилээд халамцуу орж ирсэн...гурвуулаа пиво уугаад сууж байгаад...М- намайг чи одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлээд ирээд намайг үсдээд авсан, тэгэхээр нь би зөрүүлээд үсдэх гэтэл миний гар хүрэхгүй байсан...дараа нь үсдэлцэж байтал манай ээж О- босож ирээд “та нар одоо эмэгтэй хүн байж болиочээ” гэхэд нь болихгүй, ээжийн хэвтэж байгаа газарт жижиг ширээ байдаг бөгөөд тэнд байсан цайны шаазан аяга аваад бид 2 луу шидэхэд М-ын толгойг оноод духнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

                        5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7490/-ний дүгнэлт:

                        -Э.М-ын биед тархи доргилт, дух, зүүн зулайд шарх, хүзүү, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23/

            6. Яллагдагч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ,,,, тоотод оршин суух гэртээ орой 00:00 цагийн орчим унтах гээд байж байтал гаднаас манай охины найз Эс хочтой Э- гэх эмэгтэй...орж ирээд...ганц пиво хуваагаад уугаадахъя гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлсэн...Удалгүй М- орж ирээд Г-, Э хоёртой пиво хувааж уусан...манай охин Г-...М- хариу хэрүүл маргаан хийгээд хоёр талаас босч ирээд өөд өөдөөсөө барилцаж аваад нэгийгээ татаж чангаагаад хүзүү, хоолойгоо маажилцаж эхэлсэн. Тэгэхээр нь та хоёр одоо болиоч ээ гэсэн чинь ерөөсөө болихгүй байхаар нь цайны аяга аваад шидсэн чинь М-ын толгойг оноод цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.О- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7490/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч С.О- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ,,,, тоотод охин Г- нь хохирогч Э.М-тай маргалдаж байхад нь “та нар одоо эмэгтэй хүн байж болиочээ” гэж хэлээд шилэн аяга шидэн хохирогчийн толгойг онож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн зулайд шарх, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.М-ын шүүхэд ирүүлсэн “...хохирол болох 200.000 төгрөг авсан нь үнэн болно. С овогтой О-т гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 66/, түүний хувийн байдал /57 настай, эмэгтэй/ зэргийг харгалзан С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт С-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С-ийн О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  С.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР