Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/93

 

 

 А.Эт холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2615 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр А.Эт холбогдох 2108 02179 1395 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн А-ийн Э, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт ............ дүүргийн ... дугаар хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

Шүүгдэгч А.Э нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоогийн 34 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух иргэн Б.Дулмаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “HP” маркийн “Ай-3” загварын зөөврийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Б.Дулмаад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Тус хэргийн гэрч Г.Нэмэхийн шүүхийн өмнөх шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийн хооронд “ноцтой зөрүү” үүссэн ба тухайн зөрүүтэй мэдүүлгүүд нэгэн зэрэг үнэн байх боломжгүй, аль нэг нь үнэн, нөгөө нь худал болох нь бодит үндэслэгээтэй асуудал байх тул тухайн худал мэдүүлсэн асуудлыг мухарлан шалгаж, түүнд Зөрчлийн эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг тус хэргийн хамт нэг мөр шийдвэрлэхгүйгээр шүүгдэгч А.Эт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжгүй. Үйл баримт: гэрч Г.Нэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн “...охин Эрдэнэчимэг ломбардад тавьсан гар утсаа авах зорилгоор хулгай хийсэн гэж надад хэлсэн” /хх 105/, шүүх хуралдаанд өгсөн “...тухайн хулгайлах хэргийг би өөрөө үйлдсэн, миний энэ мэдүүлэг үнэн зөв, би хариуцлагаа хүлээхэд бэлэн” тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Г.Нэмэхийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг “...би өөрөө хулгай хийсэн” тухай мэдүүлэг /хх 143, 152/, А.Эийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг “...Би хулгай хийгээгүй, харин ээж мөнгөний хэрэг гараад байна, энэ компьютерыг ломбардад тавиад ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 154, шүүх хуралдааны тэмдэглэл/.

2. Тус хэрэгт цугларч, шинжлэн судалсан яллах нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилтэй, мэдүүлгийн болон бусад баримтын эх сурвалжид эргэлзээ, зөрүү, үүссэн байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хангалттай байх шаардлага хангагдаагүй байна. А.Э болон Г.Нэмэх нараас тус бүр сэжигтнээр 2 удаа мэдүүлэг авсан /хх 35-37, 68, 143, 152/ талууд тус мэдүүлгүүдийг шинжлэн иш татсан боловч тухайн мэдүүлгүүд нь нотлох баримтаар тооцогдох үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу баривчлагдсан сэжигтнээс мэдүүлэг авах ёстой байтал А.Э, Г.Нэмэх нарыг ийнхүү баривчлаагүй атлаа сэжигтнээр тооцон удаа дараа мэдүүлэг авсныг зөвтгөх үндэслэлгүй. Г.Нэмэхээс сэжигтнээр мэдүүлэг авсны дараа мэдүүлгийг газар дээр нь шалгасан, мөн хохирогчийн байшингийн цонхоор багтах эсэхэд туршилт хийсэн гэх боловч /хх 157-158, 163-169/ эдгээр ажиллагааны тэмдэглэл нь мөн нотлох баримтын эх сурвалжид тооцогдохгүй. Учир нь, Г.Нэмэхээс сэжигтнээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй болох нь тогтоогдсон байх тул мэдүүлгийг газар дээр нь шалгах, туршилт хийсэн ажиллагаа хуульд нийцэхгүй байна.

Мөн сэжигтэн Г.Нэмэх нь хохирогчийн байшингийн цонхоор багтах эсэхэд туршилт хийсэн гэх тэмдэглэлээс үзэхэд ...зөвхөн хохирогчийн цээжний өргөний хэмжээ болон хүн нэвтэрсэн гэх цонхны өргөний хэмжээг харьцуулсан хэлбэрийн төдий байдлаар “багтах боломжгүй” гэж бичсэн байгаа /хх 163, 169, 166, шүүх хуралдааны тэмдэглэл/ нь хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар туршилт хийгдсэнд тооцогдохгүй. Түүнчлэн Г.Нэмэх “гэмт хэрэг үйлдсэн газраа санахгүй, мэдэхгүй” гэж хэлсэн байх нь өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэхгүй байх эрхэд хамааралтай байж болохыг үгүйсгээгүй атлаа харин эсрэгээр А.Э хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Г.Нэмэх хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж таамаглах үндэслэл, үйл баримт болохгүй байна.

3. Тус хулгайлах гэмт хэргийг А.Э эсхүл Г.Нэмэх үйлдсэн эсэхийг эргэлзээгүй бөгөөд хангалттай тогтоож чадаагүй буюу тус хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна. А.Э яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэх нь түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, үйл баримтад хамаарахгүй. А.Э “яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, харин гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн /хх 77/ нь түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалж бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлогдсон байх ёстой. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг гагцхүү мөрдөгч, прокурор хүлээх бөгөөд харин хэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тухайн хэрэгт сэжиглэгдсэн этгээд тус бүрээс зөвхөн мэдүүлэг авах төдийгөөр нотлуулах боломжгүй.

Тус хулгайлах гэмт хэргийг А.Э эсхүл Г.Нэмэх үйлдсэн эсэхэд хамаарах дотоод зөрчил, зөрүү бүхий эсрэг тэсрэг нотлох баримтуудын аль нэг нь зөв, нөгөө нь буруу буюу А.Э, Г.Нэмэх нарын хэн нэг нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хэргийн бодит үнэн нь тухайн эсрэг тэсрэг нотлох баримтуудын “дунд” тогтоогдсон буюу тэд хамтран гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эргэлзээгүй бөгөөд хангалттай тогтоож чадаагүй болох нь дээрх үндэслэл, үйл баримтаар тогтоогдож байх тул тус эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн, хангалттай нотлоогүй орхигдуулсан байна.

Нотолбол зохих байдлын хүрээнд А.Э, Г.Нэмэх нар тухайн өдөр хаана байсан болон ажил болон бусад байдлаар гадуур хэрхэн явсан эсэх маршрут, тэдгээрийн цаг хугацаа, гэрчлэх хүн хэн эсэх, хэний гар утас ломбардад байсан эсэх, хамаарал бүхий этгээдийн гар утасны яриа, мессежний мэдээлэл байсан эсэх, мэдүүлгийг шалгах болон туршилт хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн, зөв хийгээгүй, мөн хуулиар зөвшөөрөгдсөн нотолгооны бусад арга хэрэгслийг оновчтой, бүрэн ашиглаж чадаагүй зэрэг алдаа гаргажээ.

4. Шүүхээс А.Эт урьд “Зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулсан шүүхийн шийдвэрийг А.Эт хэзээ гардуулсан буюу тус шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болсон, тус шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас хэзээ бичигдсэн эсэх зэрэгт хамаарах нотлох баримт тус хэрэгт байхгүй байх ба хэрэв А.Эийг сүүлчийн хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татсан тохиолдолд түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг нэмэх эсхүл тус тусад нь эдлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх тул энэ хүрээнд холбогдох баримтыг цуглуулах, бэхжүүлэх шаардлага үүсэхээр байгааг анхаарах нь зүйтэй.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь тухайн гэмт хэргийн шинжийг бодитой бөгөөд эргэлзээгүй, хангалттай тогтоосон байх шаардлага хангагдаагүй болохыг илэрхийлж байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 32.3, 32.4 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй засагдах, шалгагдах, хянагдах ёстой асуудал юм.

Хэрэгт нотолбол зохих асуудлуудыг эргэлзээ, зөрүү, зөрчилгүйгээр бүрэн, бодитой тогтоогоогүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр байгаа тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл, үйл баримт хангагдсан гэж үзэхгүй. Түүнчлэн тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 6.13, 6.15-д хамаарах зарим асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээс анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлсэн ба уг шилжүүлсэн асуудал нь анхнаасаа хэргийг буцааж болох тус хуулийн 33.3 дугаар зүйлийн зохицуулалтад хамаарах учраас шүүх хуралдаанаас нэгэн адил хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч А.Эт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, А.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, тус хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар мэдүүлгийн зөрүү гэдэг ойлголт нь 2 буюу түүнээс дээш этгээдийн мэдүүлэгт зөрүү гарсан тохиолдолд нүүрэлдүүлж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн эсвэл хохирогч хооронд болон гэрчүүд хооронд мэдүүлгийн зөрүүтэй байдал бий болох нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад үүсч болохоор байна. Түүнээс нэг гэрчийн мэдүүлгүүд буюу мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байна гэдэг нь жинхэнэ агуулгаараа зөрүүтэй мэдүүлэг гэсэн ойлголтод хамаарахгүй юм. Харин гэрч аль нэг шатанд худал мэдүүлэг өгсөн гэх агуулгад нийцнэ. Гэвч гэрч Г.Нэмэхийн хувьд шүүгдэгч А.Эийн төрсөн ээж бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүн буюу төрсөн хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй субъект юм. Эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг дан ганц огт мэдүүлэг өгөхгүй дуугүй байхаар ойлгох нь хэт өрөөсгөл ойлголт бөгөөд тухайн гэр бүлийн гишүүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэлж ярьж байгаа зүйлүүд түүнчлэн өмнөөс нь тухайн хэргийг нь өөрөө үйлдсэн мэтээр мэдүүлж байгаа байдал нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн нэг хэлбэр гэж ойлгож байна. Учир нь, гэрч Г.Нэмэхийн хувьд “би хулгайн гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлээд байгаа болохоос А.Эийн үйлдсэн хэргийн талаар ач холбогдолтой мэдээллийг үзсэн харсан лавтай сайн мэдэж байгаа хүний хувьд болсон үйл явдлыг зориудаар худал хэлж мэдүүлж байна гэж үзэхээргүй байгаа тул түүнд худал мэдүүлэг өгсөн гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудалд хамаарахгүй.

2. А.Э, Г.Нэмэх нараас сэжигтнээр мэдүүлэг авсан нотлох баримтыг яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй. А.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгээр дан ганц нотлоогүй бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад хангалттай нотлох баримтуудаар тогтоосон. Мэдүүлгийг газар дээр нь шалгах болон туршилт хийх ажиллагаа нь шүүгдэгч А.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нотлох ажиллагаа гэхээс илүү гэрч Г.Нэмэхийн “би гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлээд байгаа асуудлыг үгүйсгэж, няцааж хэргийн нөхцөл байдлыг бодитой эргэлзээгүй тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаа юм. Нөгөөтэйгүүр туршилт хийх ажиллагааны явцад гэрч Г.Нэмэх нь хохирогчийн байшингийн жижиг цонх /поорчиг/-оор багтахгүй нөхцөл байдал илэрхий байгаа бол заавал биетээр хийж үзүүлэхийг шаардахаас татгалзаж энэ тухай тэмдэглэлд тусгаж ажиллагааг дуусгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “..хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар бол хориглоно...” гэсэн зарчимд нийцсэн гэж үзэхээр байна.

3. Шүүхээс нотлох баримтуудыг үнэлэхдээ хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан ажиллагаа, хохирогчийн алдсан гэх нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан баримт, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг хэрхэн ямар байдлаар үгүйсгэж байгааг огт дурьдаагүйгээс гадна хэргийн бодит байдалд огт нийцэхгүй байгаа гэрч Г.Нэмэхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт тулгуурлан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Шүүгдэгч А.Э нь өмнө шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан баримт нь хэрэгт авагдсан, тухайн ялаас хэдий хэмжээний ялыг эдэлсэн одоо үлдэгдэл хэдий хэмжээний ялтай байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан ёсны лавлагааг албан бичгээр авч хэрэгт хавсаргасан бөгөөд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахад шаардлагатай баримтууд хэрэгт цугларсан байхад шүүхээс өмнөх шийтгэх тогтоол нь хэзээ хүчин төгөлдөр болсон, гүйцэтгэх хуудсыг шүүхээс хэзээ бичиж хүргүүлсэн зэрэг ач холбогдолгүй, шаардлагагүй баримтуудыг хэрэгт авагдаагүй гэсэн шалтгаанаар хэргийг прокурорт буцаах үндэслэлийн нэг болгож дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2615 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт эргэлзээтэй олон нөхцөл байдал байгаа учир шүүх хэлэлцээд буцаахаас өөр аргагүй байдалд орсон. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлах боломжгүй байсан учир хэргийг дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгдэгч А.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, А.Эт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

Гэрч Г.Нэмэх “Мөнгөний хэрэг гараад мөн ломбарданд тавьсан байсан гар утсаа авах зорилгоор хулгай хийсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “би хаанаас хулгай хийснээ мэдэхгүй, явж байгаад нэг айлын хашаагаар ортол хаалга нь онгорхой байсан, ороод хартал хойд өрөөнд нь зөөврийн компьютер байсан, уг зөөврийн компьютерыг аваад гарсан” гэж зөрүүтэй мэдүүлэг өгчээ.

Гэрч гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ. Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр байна.

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор гаргасан нөхцөл байдлыг шинжлэн судлахаас татгалзах боломж шүүхэд байгаа бөгөөд шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

Прокурорын яллах дүгнэлтэнд А.Э, Г.Нэмэх нарын сэжигтнээр авсан мэдүүлгүүдийг зайлшгүй шаардлагатай нотлох баримтын хэмжээнд тусгаагүйгээс гадна  нотлох баримтыг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.Эийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, А.Эт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл А.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2615 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч А.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ