Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/294

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Ариунболд,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,

            цагаатгагдсан этгээд Ц.Бийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, Д.ЭнхТ, Т.Сайнбаяр,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Чингис, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1392 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бд холбогдох 2006000003030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цийн Б, 1969 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд - тоотод хохирогч Ч.Дтай маргалдан, улмаар хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Ц.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 361 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хөвөн бамбар бүхий арчдас, бор өнгийн бариул бүхий хутга 1 ширхэг, хар цагаан өнгийн бариул бүхий хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, “Redmi” гэсэн бичиглэл бүхий гар утас, амь хохирогчийн өмсөж байсан улаан судалтай хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн майка, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, саарал өнгийн саарал судалтай дотоож, оймс 1 хос зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр түүнд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр тэтгэмж авах, бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ц.Бийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхдээ зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг л үндэслэл болгосон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заах хуулийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй болно.

Анхан шатны шүүх гэрч Х.Т, Н.М, Э.Бийн мэдүүлгийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх гэрч Х.Т, Н.М, Э.Бийн мэдүүлгийн анхдагч нотлох баримт биш бөгөөд бусдын амнаас дамжсан хэн нэгнээс сонссон дамжмал мэдүүлэг хэмээн дүгнэжээ. Гэрч Х.Т нь Н.Мээс сонссон зүйлээ мэдүүлсэн байдаг ч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц.Бийн утас руу залгаад “...хаана байгаа юм гэхэд хүнтэй муудалцаад зодолдсон гэж хэлээд утсаа тасалсан...” гэж мэдүүлсэн. Энэхүү ярианы дуудлага нь Х.Тийн 9191-9028 дугаарын утаснаас Ц.Бийн 8000-6500 дугаарын утас руу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00:10 минутад залгасан, мөн Ц.Бийн 8000-6500 дугаараас Х.Тийн 9191-9028 дугаарын утас руу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00:26 минутад залгасан 97 секунд ярьсан нь орсон гарсан дуудлагын лавлагаагаар нотлогдоно. Үүнийг ч Х.Т 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн хуралдаанд мэдүүлдэг. Н.М нь хэрэг болох 2020.12.18-ны өдрийн 00:00 цагийн үед Ц.Б руу 9191-6805 дугаараас залгаж 2 удаа нийтдээ 5 минут ярьсан, мөн Ц.Бийн 8000-6500дугаарын утаснаас 2020.12.18-ны өдрийн 00:22 цагт Н.Мийн 9191-6805 дугаарын утас руу залгаж 74 секунд ярьсан нь орсон, гарсан дуудлагын лавлагаагаар нотлогдоно. Мөн гэрч Э.Б нь хэн нэгнээс бус хэргийн газрын нөхцөл байдлыг харж, шүүгдэгч Ц.Бийн өөрийн амнаас хэлсэн үгийн талаар “...намайг ороход тэр айлын зочны өрөөний ширээний дэргэд хүзүү орчимд хутгалагдсан шархтай, эрэгтэй хүн нас барсан байдалтай, эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн цогцосны дэргэд Б, Б гэх хоёр хүн байсан бөгөөд дотогш ороод юу болсон юм гэж асуухад Б гэх хүн нь /хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, ногоон өнгийн гуталтай, буурал толгойтой байсан гэх/ хоорондоо маргалдаад намайг ална гэхээр нь би хутгалчихсан гэж хэлсэн. ...Б, Б, амь хохирогч гурав гурвуулаа байсан гэж хэлсэн бөгөөд юу болсон юм гэж асуухад Б нь хэлэхдээ намайг ална гэхээр нь би хутгалчихсан юм, хүний амь ийм амархан байдаг юм уу гэж хэлж байсан. ...” гэж мэдүүлсэн байдаг. Иймд дээрх гэрчүүд нь шүүгдэгч этгээд болох Ц.Бийн өөрөөс нь сонссон хэлсэн үгийн талаар мэдүүлсэн байдаг тул шүүхийн зүгээс бусдын амнаас дамжсан хэн нэгнээс сонссон дамжмал мэдүүлэг хэмээн үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн эдгээр гэрчийн мэдүүлгүүд нь Ц.Бийн 2021 оны 7 сарын 23-ны өдрийн болон 2021 оны 12 сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгүүдэд өгч байсан мэдүүлгүүдээр, Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн сидид Д.Бы хэргийн талаар цагдаад дуудлага өгсөн үеийн гурван ярианы бичлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байхад дамжмал мэдүүлэг гэх үндэслэлээр үнэлэхээс татгалзсан нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх гэрч Х.Т, Н.М нарын гэрчийн мэдүүлгийг хууль зөрчиж авсан гэж үндэслэлгүй дүгнэсэн. Гэрч Н.М 2020.12.18-ны өдрийн 02:00 цагт өгсөн мэдүүлэгтээ: “...00:00 минутад залгахад Ц.Б утсаа аваад “би хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би итгэхгүйгээр “чи худлаа яриад бай үнэн юм уу” гэж асуухад Ц.Б нь “би чамд үнэн хэлээд байна, би хүн хутгалчихсан” гэж ярьж байгаад утсаа салгасан. 00:04 минутад би дахин Ц.Бийн утас руу залгаад учрыг нь асуугаад “чи цагдаа, эмч дуудсан уу, хаана байгаа юм бэ” гэж асуухад Ц.Б нь “би хүн хутгалсан гэж үнэнээ хэлээд байна, миний хутгалсан хүн уначихлаа, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн. Гэрч Х.Таас 2020.12.18-ны өдрийн 02:20 минутад гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү мэдүүлгийг хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд хамаарахгүй, хууль зөрчиж авсан хэмээн үндэслэлгүй дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.26-д “хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг” ойлгоно гэж, 25.1 дүгээр зүйлийн 12 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно.” гэж, 22.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна” гэж тус тус заасан. Гэрч Х.Т, Н.М нараас даруй мэдүүлэг авч баримтжуулаагүй тохиолдолд гар утсан дээр хадгалагдсан дуудлага устах, өөрчлөгдөх, хэргийн талаарх мэдэж байгаа зүйл нуун далдлагдах зэрэг нөхцөл байдал үүсэх, мөн Ц.Бийн үйлдлийг даруй баримтжуулж аваагүйгээс дахин гэмт хэрэг үйлдэгдэх, сэжигтэн Ц.Б оргон зайлах, хэргийн ул мөр устах зэрэг нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан. Тиймээс Х.Т, Н.М нараас дээрх хуулийн зохицуулалтын дагуу хойшлуулшгүй тохиолдолд мэдүүлэг авсан тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн сидиг нотлох баримтаар авч үнэлээгүй нь хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасан. Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн сидид Д.Бы хэргийн талаар цагдаад дуудлага өгсөн үеийн 3-н ярианы бичлэг байдаг. Тухайн бичлэг дээр хэргийн талаар мэдүүлж байгаа яриа байдаг бөгөөд энэ нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул нотлох баримт болох юм. Нөгөөтэйгүүр дуудлага өгч буй М.Б “би мэдүүлэг өгөх чадваргүй байна” гэж хэлсэн, мэдүүлэгтээ “...Болд-Эрдэнийн гэрээс гарсан бөгөөд тэднийхээс гараад согтчихсон учир юу болсныг санахгүй байна” гэж мэдүүлсэн нь нотлох баримтын нотолгооны шинжийг алдагдуулах, үнэлэхгүй байх үндэслэл болохгүй юм. 2020.12.19-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлд, 9608-3242, 1 гэснийг тоглуулахад “Цагдаагийн 102” гэж эмэгтэй хүн хэлэхэд цаанаас нь цагдаа юм уу хуцаад бай гэж байгаа бичлэг бичигдсэн байв” гэж тэмдэглэгдсэн байх ба дуудлага тасарсан байна. Дуудлага өгч байх үед ярих боломжтой хүн нь Д.Б, Ц.Б нар байсан ба дуудлагыг Д.Б хийж байгаа бол цаанаас нь Ц.Б “цагдаа юм уу хуцаад бай” гэж хэлж дуудлагыг таслуулсан байна. Үүнээс үзэхэд Ц.Б Д.Быг ч цагдаа дуудуулах хүсэлгүй саад болж байсан нь харагдаж байна. 9608-3242, 1 гэснийг тоглуулахад “Манай найзыг манай найз хутгалаад хаячих юм. Яг ингээд байж байгаа байхгүй юу, Одоо гэрт нь байна, энэ бүр үхчихлээ шүү дээ гэсэн Д.Бы яриа бичигдсэн байсан. Үүнээс үзэхэд энэхүү дуудлагын яриа нь хэрэг болох үеийн хамгийн чухал баримтуудын нэг бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж зааснаар үнэлж чадаагүй байна. Тиймээс Анхан шатны шүүх Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн сидиг нотлох баримтаар авч үнэлээгүй нь хууль зөрчсөн байна.

Анхан шатны шүүх туршилт болон шинжээчийн дүгнэлт түүний хариултын талаар буруу дүгнэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.30-ны өдрийн 2021/ДШМ/875 дугаар магадлалын 19 дүгээр хуудсанд туршилт хийгдэх ажиллагааны талаар “...Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлд туршилт хийх талаар хуульчилсан бөгөөд амь хохирогчийг босоо эсвэл суусан ямар байрлалаас хутгалсан эсэх, хутганы ирний байрлал зэрэгт шинжээч нарыг оролцуулан мөрдөн байцаалтын туршилт хийж, бусад нотлох баримтуудтай харьцуулан хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. ...” гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаас өөрөөр буюу шүүгдэгч түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсан туршилтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, яллах дүгнэлтэд дурдсан хэргийн талаар сэргээн тогтоох ажиллагааг хийж туршаагүй болно. Хамгийн анхаарах асуудал нь шүүгдэгчийн мэдүүлж буй нөхцөл байдлаар туршилтыг хийхэд хутганы ир талийгаач Ч.Дын биед хийсэн 2021.01.04-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “зүүн мөрний дээд хэсэгт зүүн чихний гэдэснээс доош 12,5 см зайд босоо ташуу байрлалтай, 2,2*0,3 см хэмжээтэй, зах ирмэг тэгш, хурц өнцөг дээд хэсэгтээ байрласан, зонд хийж үзэхэд дээрээс доош, зүүнээс баруун доош ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр дээрээс доош чиглэлтэй үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэж дурдсан шархыг үүсгэх боломжгүй хурц өнцөг доош харан байрлаж байсан. Тиймээс ч шүүхийн тогтоолын дүгнэлтэд хутганы ирний байрлалын талаарх дүгнэлт байхгүй байгаа болно. Тодруулбал, хавтаст хэрэг 1-ийн 14 дүгээр хуудасны ар талд байх хэргийн зургаас харахад хохирогчийн зүүн гарт хутга сул атгагдсан хутганы ир өөр рүү нь харсан байгаа болно. Ийнхүү атгагдсан хутгыг шүүгдэгчийн хэлснээр өөр дээрээ хүзүү хэсэгт гарыг нугалан үзэхэд яаж ч нугалж дарж түлхэхэд хутганы ирний чиглэл доош харсан байхаар байна. Үүнийг ямар ч хүн өөр дээрээ туршиж үзэх боломжтой болно. Шинжээч М.Аригуунтөгс 2021.12.14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын “Нас барсны дараа гарт нь хутга атгуулах боломжтой юу” гэсэн асуултад шинжээч “хүн нас бараад 2-4 цагийн дараа хөшиж эхэлдэг. Нас барсны дараа хутга атгуулах бол шууд атгахгүй. Буцаад суларна.” гэж хариулсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “хутга атгасан гарын сарвуу хагас атгасан байна” гэж тэмдэглэгдсэн. Түүнчлэн хавтаст хэрэг 1-ийн 14 дүгээр хуудаст байгаа гэрэл зургийг харахаар гарын сарвууны салаагаар нь цус нь урссан байна. Өөрөөр хэлбэл, хутгалуулсны дараагаар шархаа энэ гараараа дарсан байгаа юм. Ингэснээр гарын салаагаар нь цус урсана. Ингэж бохирлогдсон гарт нь шүүгдэгч хутгыг атгуулахдаа ирийг нь буруу харуулсан нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна. Тиймээс шүүгдэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд хэлсэн хутга бариад дайрах үед нь гарыг нь түлхсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа болно. Мөн 2021.12.14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч М.Түмэннастын “...Хохирогч талаас хутганы ир доошоо харсан үед саяны хийдэг туршилтаар хутганы ир дээшээ харах боломжгүй гэх асуудал дээр маргаан өрнөж байна. Амь хохирогч хутга барьсан байхад дарах үед хутганы ир дээшээ харсан байх боломжтой юу” гэсэн асуултад шинжээч “Мөрдөгч нар тогтоох ёстой” гэж, шүүгч М.Түмэннастын “Хохирогчийн талаас хутгыг яаж ч дарсан байсан хутганы ир эргэх боломжгүй гэдэг байдлаар мэтгэлцэж байна. Харин шүүгдэгч талаас үгүй саяны дүрсэлсэн шиг боломжтой гэж мэтгэлцэж байна” гэхэд шинжээч “Гар уян хатан эрхтэн. Гарын байрлалаас болоод яаж ч болно. Нарийвчлан тэгсэн байна гэж хэлэх боломжгүй” гэж хариулсан. Түүнчлэн 2021.01.16-ны өдрийн шинжээч М.Аригуунтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэлд “Дээрх гэмтлийг сурмаг дадмаг хөдөлгөөнөөр богино хугацаанд үүсгэхэд маш хэцүү, бэрхшээлтэй. Дээрх шархны байрлал, гүн, чиглэл зэргээс үзэхэд өөрөө өөртөө учруулахад бэрхшээлтэй” гэж хариулсан байдаг. Харин Ц.Б хутганы ирийг гадагш харуулан амь хохирогчийг суугаа байрлалд хутгалахад дүгнэлтэд дурдсан шарх үүсэн үхэлд хүргэх юм. Цустай хутга бариад зогсож байсан талаар гэрч Д.Бы 2020.01.15-ны өдрийн мэдүүлэгт “...00-ийн өрөөнд орж хүндээр бие засаад гарч ирэхэд талийгаач ширээний хажууд газар унаад дээшээ харсан байдалтай Б гартаа аль гарыг нь сайн санахгүй байна цустай хутга бариад зогсож байсан бөгөөд Дын хүзүүний хэсгээс нь их цус гарч байсан” , мөн амь хохирогчийн сууж байсан байрлал бусад нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тодорхой байна. Гэтэл шүүх шинжээчийн хариултыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч Ц.Бийн үгээр л хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Ц.Бийн аргагүй хамгаалалт хийсэн гэсэн мэдүүлэг нь баримтаар давхар нотлогдох ёстой гэтэл ямар ч баримтаар нотлогдоогүй болно.

Анхан шатны шүүх Д.Бы мэдүүлгийн талаар буруу дүгнэсэн. Д.Б нь анхны мэдүүлгээ 2020.12.18-ны өдрийн 11:00 цагт өгсөн байдаг. Энэ үед бусдаас нөлөөлөх ямар ч боломжгүй хэрэг гарсны дараа эрүүлжүүлэхэд хонож өдөр нь өгсөн мэдүүлэг байдаг. Мөн 2020.01.15-ны өдрийн мэдүүлгээ Д.Б нь өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /ҮД-1049/, хяналтын прокурор Э.Ариунболдын хамт өгсөн байдаг. Энэ үед ямар нэгэн байдлаар мөрдөгчийн зүгээс дарамт байгаагүй байдаг. Өмгөөлөгч байгаа үед мөрдөгчийн зүгээс дарамталсан бол шууд л гомдол гаргах нь тодорхой юм. 2021.12.14-ний шүүх хуралдаан дээр Д.Б нь эхний мэдүүлгээ “намайг ариун цэврийн өрөөний зайгаар харж байсан гэж хэл”, гэж дарамталсан гэсэн атлаа дараагийн хэсэгт “намайг цоожны нүхээр хутгалж байхыг нь харсан гэж хэл тэгэхгүй бол аргагүй хамгаалалт болоод хөнгөн ял авах гээд байна” гэж шал өөрөөр ярьсан байгаа юм. 00-ийн өрөөнд нь цоожны нүх /хүн харах хэмжээний/ байхгүйг хамгийн сайн мэдэх хүн нь А.П бөгөөд тэгж хэлсэн гэдэг нь худал байна. Мөн 2021.07.23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Д.Б нь “...Өөрийгөө холбоогүй гэдэг агуулгаар тэгж хэлсэн” гэж мэдүүлсэн. Үүнээс яагаад яллах дүгнэлт гарч хэрэг шүүхэд шилжсэн үеэс хойш мэдүүлгээсээ буцаж өөрчилж өөрөөр ярьж эхэлж байгааг шүүхийн зүгээс дүгнэн үзэх ёстой байсан.

Анхан шатны шүүх Ц.Бийн хувийн байдлын талаар дүгнээгүй. Ц.Бийн зөрчлийн баримтаас үзэхэд 1724665 дугаар торгуулийн хуудсаар 2013 онд танхайрсан зөрчилд, 2112609 дугаар торгуулийн хуудсаар 2014 онд танхайрсан зөрчилд, 2121284 дүгээр торгуулийн хуудсаар Олон нийтийг үл хүндэтгэсэн зөрчлүүдийг гаргаж байсан байдаг. Дээрх зөрчлийг гаргаж байх үедээ согтуу байсан эсэх ямар нөхцөл байдал байсан нь хувийн байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байхад шүүхийн зүгээс үнэлэн авч үзээгүй байна. Мөн согтуу үедээ жолоо барьж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдэж байсан талаарх баримт байсаар байхад түүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Эрүүгийн хуульд заасан “Аргагүй хамгаалалт” нь аливаа хүч хэрэглэсэн довтолгооны эсрэг хийгдэх тухай ойлголт бөгөөд шүүх Ц.Бийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байгаа тохиолдолд хүч хэрэглэсэн довтолгоо халдлага бодитой хийгдсэн эсэх, энэ довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийгдсэн эсэхийг эргэлзээгүй тогтоох учиртай. Гэтэл шүүгдэгч Ц.Бийн аргагүй хамгаалалт хийсэн гэх мэдүүлэг нь ямар ч баримтаар нотлогдоогүй байхад шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учраас түүнд ашигтайгаар буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх агуулгаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Иймд дээрх дурдсан үндэслэл, нотлох баримтаар Ц.Бийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх ямар ч боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1392 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1392 дугаартай цагаатгах тогтоол нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж үндэслэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах боломжийг олгосон тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын “Тодорхойлох” хэсэгт тусгасан байхаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлүүдийг няцааж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг гарахад дан ганц хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, энэ нь шүүгдэгчийг хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх дүгнэлт хийж, гэмт хэрэг эхэлж, дуусах хүртэл үргэлжилсэн хугацаа, үйл явдал болж өрнөсөн нөхцөл зэргийг бүрэн харгалзан үзэлгүйгээр, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжээч Э.Аригуунтөгсийн “тухайн үйл явдлаас шалтгаалж гар яаж ч эргэж болно” гэж хэлсэн мэдүүлгийг дүгнэлт гэж бичин тогтоолд дурдаж, Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Ц.Бийн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэхдээ “...уг хэргийн хувьд амь хохирогч Б.Д нь шүүгдэгч Ц.Бийн эсрэг хутга авч боссон үйлдэл гаргасан болох нь шинжээч Э.Аригуунтөгс, мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ц.Бийн мэдүүлгээр амь хохирогчийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэлт хийхдээ хэрэг учрал болох үед амь хохирогч болон яллагдагч нартай цуг байсан гэх Т.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс тогтоолд дурдсанаас бусад мэдүүлгүүдэд дурдагдсан яллах талын нотлох баримт болох хэсгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дурдаагүй байна. Яллах талын нотлох баримт болгосон Т.Бы гэрчээр өгсөн мэдүүлгийн “...00-н өрөө орж хүндээр бие засаад гарч ирэхэд талийгаач ширээний хажууд газар унаад дээшээ харсан байдалтай, Б гартаа /аль гарыг нь санахгүй байна/ цустай хутга бариад зогсож байсан бөгөөд Дын хүзүү хэсгээс нь их цус гарч байсан” гэх мэдүүлэг нь ямар байдлаар үгүйсгэн няцааж байгаа нь тодорхойгүй орхигдсон. Түүнчлэн гэрч Н.М, Х.Т нараас шөнийн цагаар мэдүүлэг авч хууль зөрчсөн нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар дүгнэлт хийсэн атлаа Ц.Бийн аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэх дүгнэлтийн цаг хугацаанд хамааруулсан нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Н.М, Х.Т нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хойшлуулшгүй тохиолдолд авсан мэдүүлэг болно. Хэрэв мэдүүлэг аваагүй бол хэргийн ул мөр балрах, гэрчүүд хоорондоо үгсэн тохиролцох нөхцөл байдал бий болохыг үгүйсгэх аргагүй юм. Хэрэг цугларсан баримтууд болох хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд болон гэрч Т.Бы мэдүүлгээр амь хохирогч Ч.Дын зүгээс яллагдагч Ц.Бийн эсрэг эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахуйц довтолгоо хийсэн болох нь нотлогдохгүй, хууль бус халдлага эхэлсэн болох нь тогтоогдохгүй байгаа болно. Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1392 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б өөрийн өмгөөлөгч болон прокурорын хамт мэдүүлэг өгсөн. Ц.Бийн эхнэр М гэх хүнтэй би 10 гаруй жилийн өмнө хувийн харилцаатай байсан. Тухайн үед Б, Б хоёр намайг зодох гэж манай гэрт хамт ирж байсан. Тухайн үед манай ээж болон М нар байсан. Хэрэг болох үед энэ талаар Б мэдүүлсэн байсан. Гэтэл дараа нь мэдүүлгээсээ буцаж, “А.П намайг дарамталсан, цоожны нүхээр харахад хутгатай зогсож байсан гэж хэл” гэж дарамталсан гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг буцааж бүх зүйлийг үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Ц.Бийн өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс харьцуулан үзэж, эх сурвалжийг нь магадлан хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Аргагүй хамгаалалт хийх нь хүн бүрийн үндсэн хуулиар олгогдсон өөрийн амьд явах эрхийн эрхээ хамгаалах үүднээс хийж байгаа үйлдэл юм. 2020 оны 12 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Ц.Б болон Д нарын хооронд хийсэн үйлдэл нь аргагүй хамгаалалттай тохирдог. Амь хохирогч чамайг ална гээд хутга далайгаад, өндийж байгаа үйлдэл нь ил нэн даруй хохирол учруулах шинжтэй үйлдэл байсан. Амь хохирогч би шоронд орж байсан, чамайг байтугай чамаас ч цаадахыг нь дарж байсан шүү гэж хэлсэн байдаг. Заналхийлэл бодитой хийгдсэн үеэс аргагүй хамгаалалт хийх эрх нь үүсч байгаа. Ц.Бийн үйлдэл нь амь хохирогчийн үйлдлээс урьд нь хийгдсэн эсвэл сүүлд нь хийгдсэн, аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн зүйл байхгүй. Тухайн цаг үедээ аргагүй хамгаалалтыг зогсоогоод л холдсон байдаг. Түлхэж суулгаад холдохдоо уг гэмтлийг учруулсан. Гэтэл халдлага бодитой биш, заавал чи намайг эхлээд хутгалчих дараа нь би аргагүй хамгаалалт хийе гэх маягаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Гэрч Бы мэдүүлгийг үнэлээгүйтэй холбоотой асуудал байдаг. Анх Баас 2020 оны арван 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсан. Энэ үед бол маш тодорхой мэдүүлэг өгсөн. “Тухайн үйл явдал болоход би ерөөсөө байгаагүй. Яг унасны дараа би гарч ирсэн. Болд-Эрдэнийн гэрээс гараад юу болсныг ерөөсөө санахгүй байна” гэж мэдүүлсэн. Гэтэл 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Б мэдүүлэг өгсний дараа 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б дахиад мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг өгөхдөө хохирогч, түүний өмгөөлөгч нартай уулзсан үйл баримт бол тогтоогдсон. Өгсөн мэдүүлэг нь бүхэлдээ бүгд өөрчлөгдсөн, хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй байдаг. “Гэрч Болд-Эрдэнийн гэрээс гараад юу ч санахгүй байсан” гэж байсан бол “бид нар Болд-Эрдэнийн гэрээс гараад амь хохирогчийн гэр хүртэл алхаад явсан” гэж мэдүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар алхаж яваагүй 23 цаг 45 минутад таксины төлбөр гээд 5.000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт авагдсан. 12 минутын хугацаанд буюу Ц.Б “Болд-Эрдэнийн гэрээс гарлаа шүү, гэр лүү нь хүн оруулаарай” гэж Тт хэлсэн 23 цаг 33 минутаас 23 цаг45 минутын хооронд алхаад явах ямар ч боломжгүй. Таксигаар явсан гэдгийг Ц.Б ч гэсэн анхнаасаа тодорхой мэдүүлсэн. Гэтэл Б алхаад, ганцаараа явсан юм шиг мэдүүлгүүд өгсөн. Мөн амь хохирогчийг дээшээ хараад хэвтчихсэн, цус нэлээн гоожсон байсан гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нь доошоо хараад хэвтчихсэн байсан нь тогтоогддог. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлтээр хувцасны энгэр хэсэг бохирлогдсон гэдэг нь тогтоогдсон. Дээшээ харж хэвтээд ар хэсэг бохирлогдсон зүйл байдаггүй. Мөн “намайг ороход амь хохирогч 1 шил Сархад архи уугаад байж байсан. Тэрийг нь уучихаад бид нар нөгөө шил архиа аваад, Болд-Эрдэнэ, Б 2 руу явсан” гэж анхны мэдүүлэгтээ тайлбарласан. Гэтэл 2 дахь мэдүүлэгтээ “замаасаа 2 шил архи аваад, үлдсэн 1 шил архиа хувааж уух гээд буцаж ирсэн” гэж худлаа мэдүүлсэн. Гэтэл буцаж ирээд хувааж уух гэсэн 1 шил архи нь өмнө нь уугаад үлдээчихсэн Сархад гэдэг архи байдаг. 3 шил архины асуудал байхгүй, үзлэгээр тийм зүйл илрээгүй. Мөн хамгийн ноцтой, нэмж хэлсэн зүйл нь “ерөөсөө үзэж хараагүй, намайг гараад ирэхэд уначихсан байсан” гэж мэдүүлж байсан бол “Б гартаа хутга бариад зогсож байсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Анхнаасаа гэрч Б ийм мэдүүлэг өгсөн бол үнэлэхэд асуудалгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр “яагаад хутга бариад зогсож байсан” гэж мэдүүлсэн талаар асуухад “надад зүй бусаар нөлөөлсөн. Би амь хохирогчийн ах Бямбаа, П, болон түүний өмгөөлөгч нартай бүгдэнтэй нь уулзсан. Цоожны нүхээр харсан гээд мэдүүлчих гэж хэлсэн” гэж хариулсан. Гэрч Бы мэдүүлгийг үнэлэх боломжгүй бөгөөд мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцдэггүй. Амь хохирогчийн гарт 26 сантиметр урттай хутга атгагдсан байдалтай байдаг. Хутгыг далайгаад ил барьж байсан бол Б гараад зугтаачих бүрэн боломжтой байсан. Хэргийн 3 дугаар талд авагдсан зургаас харахад гарынхаа ард барьж байсан юм уу гэмээр ташуу байдалтай дарагдчихсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр туршилт хийж үзэхдээ ташуу барьсан атгалтаар дарахад энэ гэмтэл учрах уу гэхэд барьсан байрлалтай таардаг. Шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч Аригунтөгс “энэ хутга гар хүрэхгүй газар биш байна. Гар яаж ч, хэдэн ч градусаар эргэж болно. Тийм учраас ийм гэмтэл учрах боломжтой” гэж мэдүүлсэн. Унасан даруй гарч ирсэн гэр чинь хутгыг Б бариулаагүй талаар мэдүүлсэн. Хүний гарт байгаа хутгаар хүнийг ална гэсэн ойлголт байхгүй. Бийн гар болон өөр эд эрхтэн, хувцаст нь үзлэг хийхэд цустай хутгалдсан, гарт нь цустай хутга бариулсан биологийн гаралтай уул мөр илрээгүй. Гар дээрээс нь бариад түлхэж суулгаад аргагүй хамгаалалт хийгээд бултсан. Гарт нь хутга атгуулсан бол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бүрэн боломжтой. Ийм зүйл тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтэд хутгыг сул атгасан гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Дүгнэлтэд хагас атгасан гэж байгаа. Мөн аль гартаа барьсан байх нь аргагүй хамгаалалтыг үгүйсгэх нөхцөл биш. Монгол хүн учраас баруун гараараа архи хундагалж өгнө. Солгой гарт нь хутга байсан гэдгийг Ц.Б мэдээгүй, далайхад нь харсан гэдэг нь тогтоогддог. Амь хохирогчийн гэрт 2 хутга байсан. Хоёулангийнх нь зургийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Иш нь бүхэлдээ цусаар бохирлогдсон зүйл байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр гарын хурууны хээ, дардас нь шинжээчээсээ шалтгаан илрэх, илрэхгүй байх асуудал байдаг. Гэхдээ Бийн биед цус, хурууны мөр, биологийн гаралтай бусад нөхцөл байдал ирсэн зүйл ерөөсөө байхгүй. Аргагүй хамгаалалт хийхэд өмнө нь ямар гэмт хэрэгт холбогдсон асуудал нь хамааралгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдоогүй талаар прокурор анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Завхан аймагт өөр хүний мэдээлэл авагдчихсан байсан. Тухайн нөхцөл байдалд амь хохирогч болон Б нар л байсан. Шүүгдэгч ямар ч мэдүүлэг өгч болно. Шүүгдэгчид ял халдаах гэж байгаа бол түүний үнэн, худал ярьж байгаа эсэхийг шалгаж, нягталж үзэх нь хууль хяналтын байгууллагын чиг үүрэг юм. Тухайн нөхцөл байдлыг бид нар хийсвэрээр дүгнэж болохгүй. Бийн ярьсан үнэн уу, үгүй юу гэдгийг нотлох ёстой. Бийн мэдүүлэг нь анхнаасаа тогтвортой, өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт авагдсан баримттай нийцээд байгаа учраас түүнд ашигтайгаар хэргийг шийдвэрлэх ёстой. Т, М, Б нар бол тухайн үед байгаагүй. Б нь Бт “намайг алах гэхээр нь хүн хутгалаад алчихлаа” гэж хэлсэн талаар Б мэдүүлсэн. Ална гээд өндийхөд нь дараад суулгахад нь хутга нь гол судас гэмтээгээд нас барсан үйл явдал болсон. Эхнэр рүү гээ “би хүн хутгалчихлаа шүү дээ, ингээд уначихлаа шүү дээ” гэж л гэж ярьсан байдаг. Цочирдож, балмагдсан хүний сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлсэн байдлыг өөрөөр тайлбарлах боломжгүй. Тухайн хүмүүст хүч алчихлаа гэж хэлсэн учраас гэм буруутай, хүн алсан гэж үзэх боломжгүй. Иймд Т, М, Б нарын мэдүүлгийг заавал үнэлэх шаардлагагүй. Хэрэгт авагдаагүй баримттай холбоотой асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлаар дүгнэлт гаргахаас бусад асуудлаар дүгнэлт гарах боломжгүй. Зодоон болсон үйл явдал болоогүй байхад зодоон болсон гэдгээр зүйлчилж болохгүй. Тийм учраас шууд бус гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадалж, ач холбогдлоор нь ялгаж, шууд үнэлэх эсэх асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Анхан шатны шүүх шөнийн цагаар мэдүүлэг авсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэл байхгүй. Сиди дээрх бичлэг болон бүх л баримтыг судалсан. Сиди бичлэг дээр яригдсан цагдаад дуудлага өгч байгаа үйл баримт нь Б амь хохирогчийг санаатайгаар өөрөө хутга барьж байгаад алсан гэсэн үйл баримтыг тогтоосон асуудал нь биш. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл нь таамаглалд үндэслэсэн, хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Ц.Бийн өмгөөлөгч Д.ЭнхТ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч гэж хэн бэ гэдгийг заасан байдаг. Энэ хэрэгт нэг л гэрч байдаг. Анхан шатны шүүхээс дамжмал нотлох баримт гэдгийг үнэн зөвөөр хангалттай тогтоосон. Анхан шатны шүүх хуралдаан дээр туршилт явуулахад бид нар бүгдээрээ байсан. Туршилтад оролцсон шинжээч эмч “амь хохирогчид тухайн процесст хэвтэж байгаа байрлалаар гарт нь атгагдсан хутгыг бариулах боломжгүй” гэж хэлсэн. Амь хохирогчийн гарт хутга байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэрч Б 3 өөр агуулга бүхий мэдүүлэг өгдөг. Нэг л зүйл дээр зөрүүгүй мэдүүлэг өгдөг бөгөөд энэ нь тухайн үед жорлонд байсан гэх мэдүүлэг юм. Үйл баримт амь хохирогч болон Б хоёрын хооронд л болсон байдаг. Мөрдөн байцаалтын үеэс л энэ хэргийн сэдэлтийг тогтоолгох хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүх амь хохирогч түрүүлж довтолгоо хийсэн байна гэж дүгнэсэн. Туршилтаар амь хохирогчийн гарт хутга байхгүй байсан бол энэ үйл явдал болохгүй байх боломжтой байсан гэдгийг тогтоосон. Нас барсан хойно нь хутгыг атгуулсан гэдэг нь тогтоогддоггүй. Энэ бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн төсөөлсөн таамаглал. Амь хохирогчийн гарт нь хутга байсан бөгөөд босоод өндийсөн гэдэг нь тогтоогддог. Хэрвээ санаа зорилго байсан бол тухайн нөхцөлд ажлын хэсэг нь 15 сантиметртэй хутга бүрэн гүйцэд дарагдах боломжтой. Гэтэл 15 сантиметрээс 10 сантиметр нь орсон байдаг. Санаа зорилготойгоор хүний амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч эмч тухайн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэсэн. Мөрдөн байцаалтын шатанд юуг тогтоох вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тухайн үед хоёр л хүн байсан. Б юу болсон бэ гэдгийг тодруулж хэлсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэмжээнд үнэн, зөв, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт, гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Ц.Бийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагч анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлүүдийг няцааж хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэсэн агуулгаар эсэргүүцэл гаргасан. Яллах дүгнэлтэд 5 гэрчийн мэдүүлэг, 1 хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, 5 шинжээчийн дүгнэлт буюу 11 нотлох баримтыг дурдсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтүүдээ хэн аль нь маргахгүй байгаа. Хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг нь ойлгомжтой. 5 гэрчийн мэдүүлгээс Бы мэдүүлгийг дүгнэх боломжгүй гэдгийг Зүмбэрэл өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлалаа. Улсын яллагчийн зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох яг ямар баримт байгаа вэ гэдгийг гомдолдоо дурдаагүй. 65128 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хутганы иш нь нэлэнхүйдээ цусаар бохирлогдсон, Бийн гар болон хумснаас цусны ул мөр илрээгүй гэдэг талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг хэрвээ Б иш нь бохирлогдсон хутгыг гартай барьж байсан бол Бийн гар болон хумснаас цусны ул мөр илрэх ёстой. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар яригдсан. Шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хийсэн туршилтаар бол амь хохирогч болон Б хоёрын хооронд болсон тухайн үйл явдлыг сэргээж дүрсэлж үзсэн. Амь хохирогчийн гарт байгаа хутга нь 2 дахь хутга юм. Амь хохирогчийн гэрт гурвуулаа архи уухаар ороход хиам болон талх зүссэн хутга ширээн дээр байсан. Гэтэл амь хохирогчийн гарт байгаа хутгыг бол Б амь хохирогчийн гэрээс олж авах боломжгүй. Энэ талаар би анхан шатны шүүх хуралдаан дээр дурдсан. Яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь бол нотлогдохгүй байгаа. Гэрч нь хэргийн нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ. Гэтэл Т, Б нар нь Бийн хэлсэн үгийг тухайн агшинд өөрөө яаж ойлгож авсан тэр ойлголтоо дамжуулж мэдүүлэг өгсөн. Яг харсан зүйлээ мэдүүлсэн нэг ч мэдүүлэг байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ц.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд - тоотод хохирогч Ч.Дтай маргалдан, улмаар хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1392 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, гэрч Э.Бийн “...Тухайн цогцосны дэргэд Б, Б гэх хоёр хүн байсан бөгөөд дотогш ороод “юу болсон юм” гэж асуухад Б гэх хүн нь /хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, ногоон өнгийн гуталтай, буурал толгойтой байсан гэх/ “хоорондоо маргалдаад “намайг ална” гэхээр нь би хутгалчихсан” гэж хэлсэн. ...Б нь хэлэхдээ “намайг ална гэхээр нь би хутгалчихсан юм, хүний амь ийм амархан байдаг юм уу” гэж хэлж байсан. ...” /1хх 93/,

гэрч Н.Мийн “...залгахад Ц.Б утсаа аваад “би хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би итгэхгүйгээр “чи худлаа яриад бай, үнэн юм уу” гэж асуухад Ц.Б нь “би чамд үнэн хэлээд байна, би хүн хутгалчихсан” гэж ярьж байгаад утсаа салгасан. ...Дахин Ц.Бийн утас руу залгаад учрыг нь асуугаад “чи цагдаа, эмч дуудсан уу, хаана байгаа юм бэ” гэж асуухад Ц.Б нь “би хүн хутгалсан гэж үнэнээ хэлээд байна, миний хутгалсан хүн уначихлаа, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. ...” /1хх 79-82/,

гэрч Т.Бы “...Б тухайн үед эхнэр рүүгээ залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлж байсан бөгөөд Дын хүзүүний зүүн хэсгээс ... их хэмжээний цус гарч байсан. ...” /1хх 88-89/,

гэрч Т.Бы “...00-ийн өрөөнд орж хүндээр бие засаад гарч ирэхэд талийгаач ширээний хажууд газар унаад дээшээ харсан байдалтай. Б гартаа ... цустай хутга бариад зогсож байсан бөгөөд Дын хүзүүний хэсгээс нь их цус гарч байсан. Тэгээд би сандраад шууд Д руу очоод Дын цус гарч байсан газарт буюу хүзүүний орчимд нэг гараараа дараад нөгөө гараараа утсаа бариад цагдаа руу залгасан. ...Намайг 00-ийн өрөөнөөс гарч ирэхэд талийгаач газар унаад их хэмжээний цус гарсан. Б яг хажууд нь цустай хутга бариад зогсож байсан. ...Тухайн үед талийгаачийн гарт хутга байсан эсэхийг анзаараагүй. ...” /1хх 90-91/ гэсэн мэдүүлгүүд болон Т.Быг мэдүүлэг өгөхөд хохирогч талаас нөлөөлж худал мэдүүлэг өгсөн талаарх гэрч Т.Бы мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нар гэрч Т.Бтай уулзсан талаарх мэдүүлгүүд байна.

Гэрч Д.Б нь өөр өөр байдлаар мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ үүсч байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өмгөөлөгч Ө.СайнбаяраасБ надтай уулзъя гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгч гэрчтэй уулзах эрхтэй учраас түүнтэй уулзсан. Тухайн үед эхнэр нь хамт ирсэн, энэ хэргийн талаар ярилцсан. Бүх мэдүүлгээ өгсний дараа шүүх хуралдааны өмнөхөн уулзсан” гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд энэ талаар мөн анхан шатын шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул гэрч Т.Быг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй талаар шалган тодруулах ажиллагааг хийх шаардлагатай.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байх ба маргаан болсон эсэх, хохирогч хэрхэн хутгалуулсан, шүүгдэгч ямар буруутай үйлдэл хийсэн эсэх зэрэг үйл баримт тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох шаардлагатай.

Түүнчлэн прокурорын зүгээс амь хохирогчийн гарт байгаа хутгыг цагаатгагдсан этгээд Ц.Б атгуулсан байх боломжтой талаар тайлбарлаж байх тул энэ нь үндэслэлтэй эсэх талаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр амь хохирогч ямар байдлаар хутгалагдсан талаар туршилт хийгдсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл авсан хүний гарт байгаа хутгаар хутгалагдах боломжтой эсэх, уг хутгаа атгаатай чигээрээ байх боломжтой эсэх зэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол“, “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.

Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, дээрх хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлтэд хүрэх шалтгаан болсон байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Э.Ариунболдын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1392 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,            ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                                   М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ