Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 283

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Б.Соёлмаа,

            иргэний нэхэмжлэгч А.С-, түүний өмгөөлөгч Т.Багахүү ,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 201626022940 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ,,,,, оршин суух, ял шийтгэлгүй, О овогт Б-ийн А

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ,,,, байранд О.Б-ын хамт байхдаа түүний халааснаас Хаан банкны виза карт, 250 ам.доллар /250х2374=593.500/-г хулгайлан, тухайн өдрөө 4.797.000 төгрөгийг виза картнаас нь 8 удаагийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийж авах замаар иргэн О.Б-ийн 5.390.500 төгрөгийг хулгайлсан,

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ,,,,, тоотод оршин суух иргэн Э.М-ийн гэрт хонохдоо түүний гэрээс Э.М-ийн 4 ширхэг мөнгөн аяга, Ж.Х-гийн цүнх 1 ширхэгийг хулнайлж, Э.М-д 3.000.000 төгрөгийн, Ж.Х-д 5000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 8.395.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А- нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ,,,, байранд иргэн О.Б-ыг ариун цэврийн өрөө орсон байхад нь халааснаас нь Хаан банкны виза карт, 250 ам.доллар зэргийг,

мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ,,,, тоотод иргэн Э.М-, Ж.Х-, Б.Б- нарыг унтаж байхад нь Э.М-ийн 4 ширхэг мөнгөн аяга, Ж.Х-гийн цүнх зэргийг тус тус эзэмшигч нарт нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан О.Б-од  5.390.500 төгрөгийн, Э.М-д 3.000.000 төгрөгийн, Ж.Х-д 5.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            1. Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Б.А-ийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шат болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...Ж- энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Би тухайн өдөр ломбарданд хулгайн эд зүйлийг тавих гэтэл миний бичиг баримтыг болохгүй гэхээр нь таксины жолооч Ж-гийн бичиг баримтыг гуйж ломбарданд эд зүйл тавьсан. Ломбарднаас авсан мөнгөнөөсөө Ж-д ямар ч мөнгө өгөөгүй. Би таксины 7000 төгрөгийг л өгсөн...Ж- тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би манай аавын эд зүйл байгаа юм гэж гуйж байгаад бичиг баримтыг нь авч тавиулсан...Би хохирлоо төлж барагдуулах болно. Би ажил хийж хохирлоо төлнө гэсэн бодолтой байгаа...Надад иргэний үнэмлэх байхгүй. Гадаад паспорт байсан. Ломбардны эзэн гадаад паспортаар үйлчлэхгүй, иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад ир гэсэн. Тэгээд би Баянгол дүүрэг рүү очиж иргэний үнэмлэхийн лавлагаа авсан. Тэгээд Сайн ломбарданд ирэхэд хөдөө орон нутгийн харъяалалтай хүнд үйлчлэхгүй гэсэн. Тэгэхээр нь би гадаа хотын харъяалалтай манай таньдаг ах байгаа. Бичиг баримтаар нь болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд би Ж-гаас та хотын харъяалалтай, энэ эд зүлийг тавих гэсэн юм аа, энэ манай аавын эд зүйл, надад мөнгөний хэрэг болчихлоо гэж гуйсан. Тэгээд бичиг баримтаар нь эд зүйлийг тавьсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Шүүгдэгч Б.А-ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр О.Б-той 5 дугаар сургуулийн ойролцоо уулзсан. Тэгээд Вива сити хороолол руу явах гэж байтал найз нь утсаар яриад Модны хоёрт очсон. Тэгээд найз дээр нь очоод нэг шил архи, ойр зуурын юм өгчихөөд бид хоёр Вива сити хороолол руу явсан. Вива сити хороололд очоод “Соёрхол” нэртэй архи уусан. О.Б- жижиг ууттай юм гаргаж ирээд хэрэглэ гэсэн тэгэхээр нь би хэрэглэхгүй гээд муудалцсан. Тэгээд би О.Б-ыг ариун цэврийн өрөө орсон хойгуур нь халааснаас Хаан банкны виза карт, 250 ам.долларыг авсан. Тэгээд О.Б- бид хоёр Вива сити-ээс гараад такси бариад Зайсангийн “Оргил” худалдааны төвийн хажууд буугаад хоёр тийшээ салаад явсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 13 дугаар хорооллын бааранд Э.М-тэй танилцсан. Тэгээд гэрт нь очиж хонохоор болсон. Би Э.М-ийг унтсан хойгуур нь 4 ширхэг мөнгөн аягыг нь авч гарсан. Тэгээд маргааш нь Андуудын ойролцоо Сайн ломбарданд тавьсан. Тэгээд намайг хөдөө орон нутгийн харъяат байна гээд эд зүйлийг авахгүй болохоор нь таксины жолоочийн бичиг баримтыг гуйж ломбарданд тавиулж зээл авахуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Иргэний хариуцагч Н.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Над руу өмгөөлөгч байна гэж ярьсан. Гэхдээ таны ломбарданд тавьсан эд зүйл хулгайн эд зүйл байсан учраас хурааж авсан гэж ярьсан. Би А-ийг өмнө нь таньдаг гэж яриагүй. Би А-ийг өмнө нь таньдаггүй байсан учраас лавлагааг нь авч үлдсэн. Би А-д бичиг баримтаа өгч, гарын үсэг зурсан. Би мөнгө төгрөгийг нь авч тоолж ч үзээгүй, А- өөрөө авсан. Ломбардны камерт ч гарсан байгаа байх. Би гарын үсэг зурчихаад гараад машиндаа сууж байхад А- мөнгө, төгрөгийг нь тоолж хүлээж аваад араас гарч ирсэн. Би мөнгө, төгрөг аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Хохирогч О.Б-ийн 5022167141 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45/

            6. Хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…16-17 цагийн орчим би А-тэй 5 дугаар сургуулийн зам дээр уулзаад байж байсан чинь манай нэг Д- гэх найз утасдаад хүрээд ирээч гэхээр нь би А-тэй хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо Эндо буудлын өрөөнд Д-тай уулзсан. Тэгээд тэнд байхдаа Д-д би нэг шил 0,5 хэмжээтэй Соёрхол архи авч өгөөд тэрийг дээрээс нэг нэг хундага уусан. Тэр үед А- дүүгийн чинь байр руу очъё гэхээр нь бид хоёр Эндо зочид буудлаас гараад такси бариад Хан-Уул дүүргийн ,,,, байранд нэг шил Соёрхол 0,5 хэмжээтэй архи ус ундаатай ,,,, тоотод А-тэй хамт орсон...Тэгээд би гэртээ очоод унтах гээд байсан чинь миний гар утсан дээр данснаас 4.900.000 төгрөг зарлага хийсэн мэдээ ирсэн. Тэгэхээр нь би гайхаад картаа санаад хэтэвчээ хайсан чинь миний бэлнээр 250 ам доллартай Хаан банкны виза карттай хэтэвч алга болсныг мэдсэн...Хамгийн сүүлд буюу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 дахь удаагаа уулзсан. Тэр үед би Хаан банкны карт болон бэлнээр 250 ам доллар алдсан. А- миний Хаан банкны карт, 250 ам долларыг надтай хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива Ситид байдаг манай дүүгийн хоосон байранд очиж бэлгийн харьцаанд ороод намайг ариун цэврийн өрөөнд орсны дараа авсан байсан. Өөрөөр түүнд авах боломж байгаагүй. Би тухайн үед архи уусан согтуу байсан учрас миний эд зүйлсийг хулгайлсныг мэдээгүй. Хулгайлж авна ч гэж огт бодоогүй. Эсвэл ширээн дээрч гаргаж тавьсан байсан байж ч магадгүй. Үнэндээ би нилээн согтуу байсан учраас яг хаана хийсэн байснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан миний халааснаас л авсан...Тэгээд гэртээ хариад унтах гээд хэвтэж байтал миний утсан дээр зарлагын мессеж ирсэн. Тэр үед би өмднийхөө болон хүрэмнийхээ халаасандаа картаа үзтэл байхгүй байсан. Тэр үед би хулгайд эд зүйлсээ алдсанаа мэдсэн...А-ийн гар утас руу нь залгатал утсаа огт авахгүй байсан. Тэгээд мессеж бичтэл “тиймээ би авчихсан юмаа, яагаад ийм хэрэг хийснээ мэдэхгүй байна, таны нүүрийг дахиж харж чадахгүй нь” гэж мессеж бичиж байсан. Би алдагдсан 4.797.000 төгрөг болон 250 ам доллароо буцаан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64, 65-67/

            7. Гэрч Ц.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Эндо нэртэй зочид буудалд архи ууж байгаад Б-ийг дуудсан. Б- 20 гаран насны нэг цагаан царайтай охинтой хамт ирсэн. Ирээд удаагүй явсан...Дараа нь би Б-той утсаар ярихад нөгөө хамт явж байсан охиндоо мөнгөө сэгсрүүлчихсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90/

            8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53/

            9. Хураан авсан тэмдэглэл: “...4 ширхэг мөнгөн аяга...хээгүй нэг хийцийн...Хураалгасан А.С-...” /хх-ийн 60/

            10. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хохирогч Э.М-д хүлээлгэн өгөв...” /хх-ийн 61/

            11. Хохирогч Э.М-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би өөрийн найз Х-, Б- нартай уулзаж бид гурав хамт Баянзүрх дүүргийн Сансарын тэнд нэг бааранд орсон юм. Тэр бааранд Б- А- гэх тэр охинтой танилцсан. Тэгээд Х-, Б-, А- бид дөрөв хамт тэр баарнаас гарч 04 цаг өнгөрч байхад манай гэрт очиж унтацгаасан. Манай гэр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ,,,, тоот. Би уг байрандаа ганцаараа амьдардаг юм. Өглөө босоод харахад миний стенкнээс 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69, 70-72/

            12. Эд зүйлийн үнэлгээ: “...Их гарын 2 мөнгө аяга...тус бүр 1.000.000 төгрөг...комиссын үнэлгээ 2.000.000 төгрөг...Бага гарын мөнгөн аяга 2 ширхэг...тус бүр 500.000 төгрөг...комиссын үнэлгээ 1.000.000...нийт 3.000.000 төгрөг...” /хх-ийн 95, 97/

            13. Хохирогч Ж.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз М-, Б- нартай уулзсан. Тэгээд бид гурав Сансарт “Парис” нэртэй бааранд орсон. Тэр бааранд бид гурав А- гэх эмэгтэйтэй танилцаж нэг ширээнд суусан. Тэндээс бид 4 хамт гарч “Шөлөндөө” гэх хоолны газарт орж хоол идээд М-ийн гэрт очсон. М-ийн гэр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ,,,, тоотод байдаг. Бид дөрөв хамт хонохоор болоод 05 цагийн орчимд унтацгаасан. Өглөө 08 цаг 40 минутын орчим бид нар сэрсэн. Сэрээд харахад М-ийн гэрээс 4 ширхэг мөнгөн аяга нь алга болсон, миний цүнхэнд байсан эд зүйлсийг гаргаад орхисон. Цүнх маань байхгүй байсан. Нөгөө танилцсан А- нь байхгүй байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. М-ийн гэрээс А- гэх охин 4 ширхэг мөнгөн аягыг нь стенкнээс нь хулгайлан авсан, мөн миний цүнхийг авч явсан байсан. Тэрнээс өөр тэр аягануудыг хулгайлан авах хүн байгаагүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/

            14. Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 77/

            15. Иргэний нэхэмжлэгч А.С-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 11-12 цагийн орчим ажил дээрээ байж байтал 20 гаран насны эмэгтэй 4 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавихаар орж ирсэн. Тэр хүнд цахим үнэмлэх байхгүй, гадаад паспорт нь байсан. Тэгэхээр нь “манайх гадаад паспортаар үйлчлэхгүй, та цахим үнэмлэхнийхээ лавлагааг аваад хүрээд ир” гэхэд тэр хүн яваад лавлагаагаа аваад хүрээд ирсэн. Лавлагааг харахад Дорноговь аймгийн хаягтай байсан учраас “манайх хөдөө орон нутгийн хаягаар үйлчлэхгүй, Улаанбаатар хотын хаяг байгаа юу” гэхэд “байхгүй” гэсэн. Тэгэхээр нь “авах боломжгүй юм байна” гэхэд “би хамт явж байгаа ахынхаа бичиг баримтаар тавьчих уу” гэсэн. Тэр хүн чинь өөрөө байх ёстой, өөрийг нь дагуулаад ирэхгүй юу” гэхэд буцаж гараад өөрөөс нь 2-3 насны ах байрын залууг дагуулж орж ирсэн. Тэр залуу нь Сонгинохайрхан дүүргийн хаягтай байсан. Нэр нь Ням-Очирын Ж-, ПН89062712 регистрийн дугаартай байсан. Утасны дугаарыг нь асуухад 94666496 гэж хэлсэн. Бичиг баримтных нь зурагтай өөрийнх нь зурагтай таарч байсан. Тэгэхээр нь мөнгөн аягыг үнэлээд “1.150.000 төгрөг болох юм байна, сарын хүү нь 5 хувь” гэж хэлэхэд тэр эмэгтэй зөвшөөрч 1.150.000 төгрөгийг авч явсан. Гэрээнд тэр эрэгтэй гарын үсэг зурсан. Уг мөнгөн аягануудыг хулгайн аяга гэж огт мэдээгүй. Тэр аяганууд өөрийнх нь л юм шиг тэр эмэгтэй бариад явж байсан. Тэр өдрөөс хойш 10-аад хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж танайд 4 ширхэг, хулгайн мөнгөн аяга барьцаанд тавигдсан байна гэж хэлж мэдэгдэж, ирж хурааж авч явсан...Уг 4 ширхэг мөнгөн аягануудыг хураагаад явчихсан учраас одоо бид нарын зүгээс зээлэнд өгсөн 1.150.000 төгрөгийг хүүгийнх нь хамт нэхэмжилж гаргуулан авмаар байна. Хүүний мөнгө нь 1 сарын 57.500 төгрөг. Одоо бараг 2 сар болж байгаа учраас би нийт 1.265.000 төгрөгийг гаргуулан авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/

            16. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз М-, Х- хоёртой уулзаж Сансарт “Парис” нэртэй бааранд орсон. Тэгээд тэр бааранд А- гэх эмэгтэйтэй танилцаж нэг ширээнд суусан. Тэгээд бид 4 хамт гарч “Шөлөндөө” гэх хоолны газарт орж хоол идээд М-ийн гэрт очсон. М-ийн гэр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ,,,, тоот. Тэнд хонохоор болоод унтацгаасан. 05 цаг болж байсан. Өглөө 08 цаг 40 минутын орчим бид нар сэрсэн. Сэрээд харахад М-ийн гэрээс 4 ширхэг мөнгөн аяга нь алга болсон, нөгөө танилцсан А- нь байхгүй байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Би бол ямар ч эд зүйл хулгайд алдаагүй. М-ийн гэрийн стенкэнд байсан 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Х-гийн цүнх нь байхгүй. Эд зүйлсийг нь орон дээр тараасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/

            17. Гэрч О.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би ажилгүй амарчихсан байсан учраас өөрийнхөө эзэмшлийн 08-07 УБҮ улсын дугаартай Приус-20 маркийн машинаараа таксинд явсан. 11 цагийн орчим би “Гранд Плаза” төвийн уулзвараар эргэтэл Сайн ломбардны үүдэн дээр 20 гаран насны эмэгтэй такси барих гээд зогсож байсан. Би тэр эмэгтэйг суулгаад хаа хүрэх вэ гэхэд “Баянгол дүүрэг орно” гэсэн. Тэгэхээр нь Баянгол дүүрэг дээр очсон. Удаагүй тэр эмэгтэй ТҮЦ машинаас лавлагаа авлаа гээд бариад гарч ирсэн. Тэгээд буцаад нөгөө Сайн ломбардны гадаа очсон. Тэр эмэгтэй ломбард руу лавлагаагаа бариад орсон. Эргэж гарч ирээд “энэ лавлагаагаар ломбарданд юм тавьж болохгүй байна, та хотын хаягтай юу, таны бичиг баримтаар ломбарданд юм тавих гэсэн юм” гэсэн. Тэр эмэгтэй өөрийнхөө юмыг л тавих гээд байгаа бололтой хөөцөлдөөд гүйгээд байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд дагаад бичиг баримтаа аваад ломбарданд ортол лангуун дээр нь 4 ширхэг мөнгөн аяга гаргаад тавьсан байсан. Тэр ломбардны ажилтан миний бичиг баримтыг хараад “за за, авах үедээ та хоёр хамт ирж аваарай” гэж хэлсэн. Би ломбардны бичиг баримтан дээр нь гарын үсэг зурсан. Яг хэдэн төгрөгөнд тавьсаныг нь би мэдэхгүй байна. Надад бичигний нэг хувийг өгөөгүй, нөгөө эмэгтэй өөрөө авсан. Би тэр эмэгтэйд туслъя гэж бодоод л бичиг баримтаа өгч нэр дээрээ тэр 4 ширхэг мөнгөн аягыг нь тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87/

            18. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн: “…Б- архи хэрэглээд нилээн согтсон байсан учир түүний ширээн дээр тавьсан карт болон 250 доллар зэргийг нь аваад халаасандаа хийсэн...Б- нойлын өрөө рүү орсон. Тэр хооронд би хувцасаа өмсөөд Б-ын өмдний халааснаас нь түүний Хаан банкны карт, бэлнээр 250 ам доллар байсныг хулгайлж өөрийнхөө өмдний халаасанд хийсэн...картнаас нь 4 сая гаран төгрөгийг авч ойр зуурын хэрэглээндээ зориулж дуусгасан...тэгээд унтахыг нь хүлээж байгаад унтсан хойгуур нь гэрт нь байсан 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнхийг нь аваад гарсан...Өглөө нь би М-ийг сэрэхээс өмнө гэрээс нь 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга аваад явсан. Бас нэг хар өнгийн үүргэвч байсныг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-114, 117-119, 121-122, 124-125/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.А- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 139/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Тиймээс прокуророос шүүгдэгч Б.А-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Учир нь шүүгдэгч Б.А- нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ,,,, байранд иргэн О.Б-ыг ариун цэврийн өрөө орсон байхад нь халааснаас нь Хаан банкны виза карт, 250 ам.доллар зэргийг, мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ,,,, тоотод иргэн Э.М-, Ж.Х-, Б.Б- нарыг унтаж байхад нь Э.М-ийн 4 ширхэг мөнгөн аяга, Ж.Х-гийн цүнх зэргийг тус тус эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан О.Б-од  5.390.500 төгрөгийн, Э.М-д 3.000.000 төгрөгийн, Ж.Х-д 5.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч А.С-д 100.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ж.Х- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бага насны буюу 2 нас 11 сар 26 хоногтой хүүхэдтэй, түүний хувийн байдал /хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлөх боломжтой, 25 настай, эмэгтэй/ зэргийг харгалзан Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж заасныг тус тус журамлан шүүгдэгчийн эдлэх 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгчийн бага насны буюу 2 нас 11 сар 26 хоногтой хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 141, 2хх-ийн 5/ гэх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж зааснаар Б.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ариунсэлэнгээс 5.390.500 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-од, 1.165.000  төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.С-д тус тус олгох нь зүйтэйг дурдъя.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.С-ийн өмгөөлөгч Багахүүгээс “...Шүүгдэгч А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бусад албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Тэнссэн хугацаандаа хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа ойлгосон, дахин гэмт хэрэг үйлдээгүй бол хорих ял оногдуулахгүй байх боломжтой. Тэнссэн байх хугацаанд нь иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөр төлөх хугацааг 1 сарын хугацаатайгаар тогтоож, тогтоосон хугацаанд хохирол төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байлгах саналтай байна...” гэсэн санал гаргасныг шүүх хянаж үзээд хавтаст хэрэг авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 141, 2хх-ийн 5/ гэх баримтуудаар шүүгдэгч нь гурав хүртэлх насны буюу 3 насанд хүрээгүй /2 нас 11 сар 26 хоногтой/ хүүхэдтэй болох нь тогтоогдож байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх боломжтой гэж үзээд хохирогч О.Б-од төлөх 5.390.500 /таван сая зуран зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийг 1 жилийн хугацаанд, иргэний нэхэмжлэгч А.С-д төлөх 1.165.000 /нэг сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч А.С-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүний энэ хэрэгтээ цагдан хоригдсон 178 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас О овогт Б-ийн А-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч О овогт Б-ийн А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.1, 9 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Б-ийн А-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Б.А-ийн эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 178 /нэг зуун далан найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Б.А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, шүүхийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд болон шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулдаг болохыг сануулсугай.

8.  Б.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-эс 5.390.500 /таван сая гурван зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-од, 1.165.000 /нэг сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.С-д тус тус олгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Б-од төлөх 5.390.500 /таван сая зуран зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд, иргэний нэхэмжлэгч А.С-д төлөх 1.165.000 /нэг сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

11. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   Б.БАТБОЛОР