Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 116/ШШ2023/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******,*******, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Дорнод аймгийн ******* Засаг даргын Тамгын газар,

          Хамтран хариуцагч: Дорнод аймгийн ******* Засаг дарга, ...******* Төсвийн хөрөнгөөр хэрэгжих ******* дугаартай тендер зохион байгуулсан Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.05.31-ний өдрийн 1/548, 2023.08.21-ний өдрийн 1/769 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ...******* Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Дорнод аймгийн ******* Засаг дарга т хэрэгжүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн захирал *******, өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ******* Засаг даргаас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтанд оролцсон. Уг тендер нь 200 000 000 төгрөгний төсөвт өртөгтэй бөгөөд сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгөөр санхүүжүүлэх юм. Тендерийн урилгыг 2023.05.01-ний өдөр нээлттэйгээр олон нийтэд тавьж 2023.05.31-ний өдрийн 09.30 цагт нээхээр заасан байсан. Манай компани тендер шалгаруулалтанд оролцохдоо төсөвт өртөг 187 409 001 төгрөгөөр оролцсон. Тендерийг нээсэн өдөрт нь Дорнод аймгийн ******* Засаг дарга 2023.05.31-ний өдрөөр огноолон 1/548 тоот албан бичгээр “...тендер нь ТШЗ-17.6.5-д заасныг хангахгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу танай ирүүлсэн тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдье” гэсэн бичиг ирүүлсэн. Уг бичгийг хүлээн аваад хуульд зааснаар 2023.06.07-ны өдрийн 133/23 дугаартай гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд 2023.06.21-ний өдөр 03/4628 тоот гомдол хянасан тухай албан бичгийг ...******* Засаг даргад хаяглан хүргүүлсэн. Энэ бичигт хууль тогтоомж зөрчин тендер шалгаруулалтын үнэлгээг буруу хийсэн болохыг дурдаж “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” нэр, ******* тоот тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023.05.31-ний өдрийн 01/548 болон 01/551 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтанд үндэслэн мэдэгдье гэсэн байсан. Бид дээд байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээг дагаж хэрэгжүүлдэг байх гэж бодоод ******* ЗДТГ-аас хариу хүлээн авсан. Гэтэл ******* Засаг дарга нь Сангийн яамны гаргасан албан бичгийг ч үл тоон үнэлгээ дахин хийхгүйгээр 2023.08.21-ний өдрийн 1/769 тоот хариугаар тендерээс татгалзах тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэн. Энэ мэдэгдэл буюу хариу бичигтээ манай компани уг тендерийн шаардлагыг ТШЗ-17.6.4 /Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас багагүй дүнтэй тухайн ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх төсөвт ажлын 2020 онд хангаж, 2021 онд хангагдаагүй байна гэх утгатай/, ТШЗ-17.6.5 /Захиалагчийн хяналтын зардал, төслийн зардал, зохиогчийн хяналтын зардлыг хяналтын төсөвт тусгасан дүнгээр татвар, хураамжийг тус тус тооцон тусгана/ гэх шаардлагуудыг хангахгүй байна гэжээ. Дахин манай компани Сангийн яаманд 2023.08.24-ний өдөр 196/23 тоот гомдол гаргасан юм. Сангийн яамнаас 2023.08.28-ны өдрийн 03/6235 албан бичгээр хариуг өгснөөр бид компанийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ******* Засаг дарга нь тендер шалгаруулалтын хугацаа хэтрүүлэн ажилласан бөгөөд бид дахин гомдол гаргах эрх хязгаарлагдаж төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс хохирч байна. ******* Засаг дарга ын захиалагчийн татгалзаж буй үндэслэл нь хууль тогтоомжинд нийцээгүй, хууль зөрчсөн болохыг хуулийн дагуу дээд шатны байгууллага шалгаад хүчингүй болгосон байтал даруй алдаагаа засах бүү хэл хэдэн сарын дараа албан бичгээр хариуг өгөхдөө дахин нэмж үндэслэл бичээд татгалзсан байна. Үүнийгээ үнэлгээний хорооны дахин шалгаруулсан үнэлгээ гэж үзэх байх. Гэхдээ энэхүү татгалзсан үндэслэл нь үндэслэлгүй учраас бид гомдоод байгаа юм. Тухайлбал ТШЗ-17.6.5-д заасныг гэжээ. Бид барилгын төсвийн “Estimgtor Pro” программаар тооцоолол хийсэн ба энэ нь алдаатай гэсэн үг биш харин энэ программыг үнэлж мэдэхгүй хүн үнэлгээ хийгээд тоог нь зөрөөтэй гэж дүгнэсэн байна. Сангийн яам ч анхны татгалзсан энэ шийдвэрийг буруу болохыг дурдсан учраас энэхүү татгалзаж байгаа үндэслэл хуульд нийцээгүй юм. 2 дахь удаа татгалзсан үндэслэлдээ ТШЗ-17.6.4 дахь заалтыг хангаагүй гэжээ. Манай компани тендерийн баримт бичигт 2020-2021 онуудад ижил төстэй ажил үнийн дүнгээр 739 043 110 төгрөгний ажил гүйцэтгэсэн туршлагатай болохоо хавсарган ирүүлсэн. Энэ ажил нь захиалагчийн зарласан үнийн дүнгээс давж гарсан шаардлагаас илүү их үнийн дүнгээр ажил хийсэн болох нь харагдаж байна. Тендерийн баримт бичигтээ 2021, 2022 онуудад гэж заасан байгаа нь тус тус үнийн дүнгийн 60 хувиас дээшээ байна гэж үзэхээргүй байна. Ер нь шударга бус ажиллаж байгааг, хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн дур зоргоороо авирлаж төрийн хуулийг үл тоох, эрх мэдлээ ашиглах зэргээр зохисгүй шийдвэр гаргаж байгааг онцлон дурдмаар байна. Хамгийн гол нь захиалагч өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжоо зөрчих, ТШЗ болон тендерийн баримт бичгээсээ давсан ойлгомжгүй алдаатай шийдвэр гаргаж иргэн, хуулийн этгээдэд хүндрэл учруулж хохироож байна. Шаардлагад нийцсэн гэх үнэлгээ хийсэн байгаа “Их ханас” ХХК нь Сангийн яамны хяналтын үр дүнгээр хуульд нийцээгүй байтал хуульд нийцээгүй компаниа дахин шалгаруулж ялуулахаар улайрч байна гэж харагдаж байна. Иймд Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.05.31-ний өдрийн 1/548, 2023.08.21-ний өдрийн 1/769 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ...******* Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах буюу Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 тоот гомдол хянасан тухай албан бичгийг Дорнод аймгийн ******* Засаг дарга т хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

            Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “*******” ХХК нь Дорнод аймгийн ******* Тамгын газраас зарласан тендерт оролцсон. “Их ханас” ХХК-тай хамт оролцсон боловч “*******” ХХК-аас татгалзсан. Ингэхдээ тендер шалгаруулалтын зардлын 17.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэнийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Гомдлыг хянаад 2023.06.21-ний өдөр хариуг ирүүлсэн. Хувийг Дорнод аймгийн ******* Засаг даргад хүргүүлсэн. Тендерийн зааварчилгааны заалтыг зөрчөөгүй байна гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар 55.3.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах үүргийг өгсөн. Гэтэл тухайн цаг хугацаанаас хойш 2 сар орчмын дараа ******* Засаг даргын зүгээс 1/769 тоот албан бичгийг хүргүүлсэн. Ингэхдээ мөн татгалзаж буй тайлбарыг дурдсан байгаа. Тухайн тендерийн үнэлгээг 200 000 000 төгрөгөөр гаргасан. Ажлын төсөв нь 200 255 254 төгрөг буюу үнэлгээг давсан тоо гарч ирсэн. Доогуур үнэлгээ гаргасаар байтал илүү гарсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Estimgtor Pro гэж барилгын төсөв зохиодог программын дагуу бодож гаргасан байгаа. Автоматаар тухайн үнэлгээнд таарч гарч ирдэг гэж ойлгож болно. Яг энэ хэсгийг яаж үнэлээд, яаж бодоод байгаа нь тодорхой бус байна. Албан ёсны хэмжээнд зөвшөөрөгдсөн программыг ямар байдлаар няцааж байгаа үндэслэлээ тодорхойлж өгөөгүй байна. Энэ үнэлгээг хэн нэгэн хүн зохиож засварлах боломжгүй. Хяналтын зардал нь төсөвт үнийн дүнгээс доогуур үнэтэй байна, бид ийм компанитай гэрээ байгуулах боломжгүй гэж хэлэхээс өмнө туршлагын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Гэтэл энэ компанийн хувьд 2021-2022 онд Сүхбаатар аймгийн төвд камер суулгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. 2022 онд 700 гаруй сая төгрөгийн ажил хийсэн. 2021 он, 2022 онд нийт 1 тэр бум гаруй төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Энэ тендерээс татгалзах тухай шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Үнэлгээний хороо тендерийн хугацааг сунгах үйл ажиллагаа явуулаагүй байна. Тендерийн хүчинтэй байх хугацаа 30 хоног байдаг атал баримтаас үзэхэд 21 хоног байгаа нь харагддаг. Тиймээс тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерийн үнэлгээний хороо хуралдаагүй. 2 сарын дараа хуралдаж байгаа ч хугацааг сунгаагүй байгаа нь өөрсдөө хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Уг нь хугацааг нэг удаа 15 хоногоор сунгах боломжтой байдаг. Гэтэл ингээгүй нь захиалагч өөрөө хугацааг сунгаагүй байгаа идэвхитэй үйлдэл харагдаж байна. 1/769 тоот шийдвэр нь эхлээд тендерийн хүчинтэй хугацааг хэтрүүлж шийдвэр гаргасан байна. Дараагийн дугаарт компанийг бүрэн судлаагүй болох нь харагдаж байна. Тиймээс дээрх хоёр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Сангийн яам өөрөө эхний шийдвэрийг / 1/548 тоот албан бичиг/ хүчингүй болгосон. Ингээд дахин үнэлгээ хийж байгаа. Татгалзсан хоёр шийдвэр нь хүчингүй байгаа нь харагдаж байна. Тэгвэл тухайн гэрээ, тендерийг шүүхийн шийдвэрийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж шалгаруулалт хийхийг даалгасан шийдвэр нь үндэслэлтэй байна. Ижил төстэй ажлын туршлагын талаар ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхой бус байна. Үнийн дүнгийн хувьд “Их ханас” ХХК-ийн туршлага, гүйцэтгэсэн ажлын үнийн дүн үнэхээр хүрэхгүй, харьцуулахааргүй байна. Сангийн яамны хувьд туршлага муу гэсэн үнэлгээг гаргаагүй. *******гийн хувьд Чимэдийн саналын дагуу төсвийг баталсан гэж ярьж байна. 200 255 264 төгрөгийн төсвийн үнэ бүхий зураглал хийсэн. Гэтэл тендер шалгаруулахдаа 200 000 000 төгрөгөөр гаргасан байна. Зохиогчийн зардал, инженерийн зардал гэх зүйлс яригдах ёстой. Яг хэдэн төгрөгөөр тооцох ёстой болох нь ойлгомжгүй хэвээр байна. Үнэлгээний хороо яг аль, аль ажлыг хянах ёстой нь тодорхой бусаас гадна нотлох баримтгүй байна. Захиргааны акт нь анхнаасаа илт хууль бус байгаа юм. Энэ компанийн эрх ашиг сонирхлыг төр өөрөө хөндөөд, халдаад байна. Энэ компанийн хувьд он дамжсан ажлыг хийсэн. 739 сая төгрөгийн асуудал байгаа. Гэрээ нь он дамжиж хийгдсэн. Цар тахлаас шалтгаалж маш олон асуудал үүссэн. Удаашрал, үнийн өсөлт, гэрээний хугацаа зэрэг зүйлс яригдаж байсан. Өөрсдөө нөхцөл байдлыг нарийн тогтоох ёстой байсан. Гэтэл шууд компанийг буруутгаад яриад байх юм гэв.

            Хариуцагч Дорнод аймгийн ******* Засаг даргын Тамгын газрын дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний 1.34-т тусгагдсан ******* дугаартай “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” тендерийг 2023.05.01-ний өдөр зарласан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу сумын Засаг даргын 2023.01.27-ны өдрийн А/48 дугаар захирамжаар байгуулагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо уг тендерийг зохион байгуулсан. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэгт заасны дагуу материалыг бэлтгэн тендер зарлаж, 2023.05.31-ний өдөр үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид буюу сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчид хүргүүлсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Их ханас” ХХК-ийн тендерийн шаардлагад нийцсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдэл өгөх, “*******” ХХК-ийг ТШЗ-17.6.5-д заасныг хангахгүй байх тул тухайн аж ахуй нэгжид тендерээс татгалзах мэдэгдэл хүргүүлэхийг тус тус тусгасан байсан. Үнэлгээний хорооны мэдэгдлийн дагуу сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн зүгээс 2023.05.31-ний өдрийн 1/548 дугаар албан бичгээр “*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Сумын Засаг даргын шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК гомдол гаргасан талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.06.09-ний өдрийн 3/4195 дугаартай албан бичгийг тухайн өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн цахим хаяг болох [email protected] хаягаар ирүүлсэн. Сангийн яамнаас дээрх гомдлыг хянан үзсэн тухай 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаартай албан бичгийг ******* Засаг даргын Тамгын газарт 2023.06.28-ны өдөр ирүүлснийг сумын Засаг даргаас тухайн Үнэлгээний хороонд шилжүүлэн өгсөн. Үнэлгээний хурал ирц бүрдээгүйн улмаас хэд хэдэн удаа хойшилж, 2023.08.21-ний өдөр үнэлгээний хорооноос дахин хянасан тухай дүгнэлтийг ирүүлсэн. Дээрх дүгнэлтэд Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаартай Гомдол хянан шийдвэрлэсэн тухай албан бичигт дурдсанаар “*******” ХХК нь хяналтын төсөвт тусгагдсан дүнгээс буюу хяналтын төсөвт Захиалагчийн хяналтын зардал 3 421 692 төгрөг байхад тус аж ахуйн нэгж захиалагчийн хяналтын зардлыг 3 198 628 төгрөгөөр, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 1 710 846 төгрөг байхад 1 599 314 төгрөг байхаар бууруулан ирүүлсэн нь ТШЗ-17.6.5-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Мөн 2021 онд гүйцэтгэсэн ажлын гэрээ нь 2020 онд байгуулсан гэрээ байх тул сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онд батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангахгүй байна гэж ирүүлсэн. Дээрх дүгнэлтийн дагуу тендерт оролцогчдод буюу “*******” ХХК-д 2023.08.21-ний өдрийн 1/769, “Их ханас” ХХК-д  1/768 дугаар албан бичгүүдийг хүргүүлсэн. Үнэлгээний хорооны дүгнэлттэй хамт ирүүлсэн хурлын тэмдэглэлд үнэлгээний хороо үнэлгээг хийхдээ Сангийн яамны 2023.05.05-ны өдрийн албан бичгийн удирдлага болгон ажилласан талаар тусгасан байсан. Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн албан тоотод Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичгийг баримтлан үнэлгээ хийхийг заасан байдаг. Дээрх албан бичигт тулгуурлан манай сумаас зарлаж буй бүхий л ажлыг дээрх шалгуурт болон бусад шулгуурт нийцүүлэн үнэлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсаар ирсэн. Сангийн яамны 2023.05.05, 2023.06.21-ний өдрийн албан бичгүүд нь нэг төрлийн маргаанд 2 өөр шийдвэр гаргасан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна. Тус сумын Засаг даргын тамгын газраас гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа хяналтын төслийн дүнгээр Захиалагчийн хяналтын зардал, зураг, төслийн дүн, зохиогчийн хяналтын зардлыг нэг бүрчлэн тусгадаг. Тийм учир хяналтын төсвөөс зөрсөн дээрх зардлуудыг шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэл байхгүй болно. Мөн Сангийн сайдын 2012.09.28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 6.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд өөрчлөлт оруулсан нь үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ гэсний дагуу гэрээний салшгүй хэсэг болсон зардлуудыг буруу тооцож ирүүлсэн тул тухайн аж ахуйн нэгжээс тендерээс татгалзсан болно. Мөн тухайн аж ахуйн нэгж нь тендерийн баримт бичгийн ТШЗ-17.6.4-т заасны дагуу 2021, 2022 онуудад төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ажлыг гүйцэтгэсэн байх шаадлагатай бөгөөд гэрээ байгуулан ажилласан тухай гэрээний хуулбаруудыг ирүүлснийг үнэлгээний хороо хэлэлцээд тухайн “*******” ХХК-ний 2021 онд хэрэгжүүлсэн хэмээн ирүүлсэн ЗТХЯ/202002002 дугаартай “Авто замын уулзварын гэрлэн дохио /Сүхбаатар, Баруун-Урт сум/ ажил нь 2020 онд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ажил байх тул үнэлгээний хороо 2021 онд хэрэгжүүлсэн ажилд тооцох боломжгүй гэж үзэн шаардлага хангахгүй хэмээн дүгнэсэн байна. Ирүүлсэн дүгнэлтийн дагуу мэдэгдлийг гарган тухайн аж ахуйн нэгжид хүргүүлсэн болно гэв.  

            Хариуцагч Дорнод аймгийн ******* Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний 1.34-т тусгагдсан ******* дугаартай “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” тендерийг 2023.05.01-ний өдөр зарласан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу сумын Засаг даргын 2023.01.27-ны өдрийн А/48 дугаар захирамжаар байгуулагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо уг тендерийн зохион байгуулсан. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэгт заасны дагуу материалыг бэлтгэн тендер зарлаж, 2023.05.31-ний өдөр үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид буюу сумын Засаг даргад хүргүүлсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Их ханас” ХХК-ийн тендерийн шаардлагад нийцсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдэл өгөх, “*******” ХХК-ийг ТШЗ-17.6.5-д заасныг хангахгүй байх тул тухайн аж ахуй нэгжид тендерээс татгалзах мэдэгдэл хүргүүлэхийг тус тус тусгасан байсан. Үнэлгээний хорооны мэдэгдлийн дагуу сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн зүгээс 2023.05.31-ний өдрийн 1/548 дугаар албан бичгээр “*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Сумын Засаг даргын шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК гомдол гаргасан талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.06.09-ний өдрийн 3/4195 дугаартай албан бичгийг тухайн өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн цахим хаяг болох [email protected] хаягаар ирүүлсэн. Сангийн яамнаас дээрх гомдлыг хянан үзсэн тухай 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаартай албан бичгийг ******* Засаг даргын Тамгын газарт 2023.06.28-ны өдөр ирүүлснийг сумын Засаг даргаас тухайн Үнэлгээний хороонд шилжүүлэн өгсөн. Үнэлгээний хурал ирц бүрдээгүйн улмаас хэд хэдэн удаа хойшилж 2023.08.21-ний өдөр үнэлгээний хорооноос дахин хянасан тухай дүгнэлтийг ирүүлсэн. Дээрх дүгнэлтэд Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаартай Гомдол хянан шийдвэрлэсэн тухайн албан бичигт дурдсанаар “*******” ХХК нь хяналтын төсөвт тусгагдсан дүнгээс буюу хяналтын төсөвт Захиалагчийн хяналтын зардал 3 421 692 төгрөг байхад тус аж ахуйн нэгж захиалагчийн хяналтын зардлыг 3 198 628 төгрөгөөр, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 1 710 846 төгрөг байхад 1 599 314 төгрөг байхаар бууруулан ирүүлсэн нь ТШЗ-17.6.5-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Мөн 2021 онд гүйцэтгэсэн ажлын гэрээ нь 2020 онд байгуулсан гэрээ байх тул сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онд батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх шаадлагыг хангахгүй байна гэж ирүүлсэн. Дээрх дүгнэлтийн дагуу тендерт оролцогчдод буюу “*******” ХХК-д 2023.08.21-ний өдрийн 1/769, “Их ханас” ХХК-д  1/768 дугаар албан бичгүүдийг хүргүүлсэн гэжээ.

              Хариуцагч ******* дугаартай тендер зохион байгуулсан Үнэлгээний хороо”-ны дарга П.Оюундэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний 1.34-т тусгагдсан ******* дугаартай “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” тендерийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зарласан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу сумын Засаг даргын 2023.01.27-ны өдрийн А/48 дугаар захирамжаар Үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэгт заасны дагуу материалыг бэлтгэн тендер зарлан, 2023.05.31-ний өдөр тендер шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд тухайн тендерт 2 аж ахуйн нэгж санал ирүүлсэн байна. Үнэлгээний хороо тухайн өдөр хуралдан дүгнэлтийг сумын Засаг даргад ирүүлсэн.  Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Их ханас” ХХК-ийн тендерийн шаардлагад нийцсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдэл олгох, “*******” ХХК-ийг ТШЗ-17.6.5-д заасныг хангахгүй байх тул тухайн аж ахуй нэгжид тендерээс татгалзах мэдэгдэл хүргүүлэхийг тусгасан байсан. Үнэлгээний хорооны мэдэгдлийн дагуу сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн зүгээс 2023.05.31-ний өдрийн 1/548 дугаар албан бичгээр “*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Сумын Засаг даргын шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК гомдол гаргасан талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.06.09-ний өдрийн 3/4195 дугаартай албан бичгийг тухайн өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн цахим хаяг болох [email protected] хаягаар ирүүлсэн. Дээрх албан бичгийн хүрээнд үнэлгээний хорооны зүгээс холбогдох материалуудыг сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас дээрх гомдлыг хянан үзсэн тухай 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаартай албан бичгийг ******* Засаг даргын Тамгын газарт 2023.06.28-ны өдөр ирүүлснийг сумын Засаг даргаас тухайн Үнэлгээний хороонд шилжүүлэн өгсөн. Үнэлгээний хурал ирц бүрдээгүйн улмаас хэд хэдэн удаа хойшилж, 2023.08.21-ний өдөр үнэлгээний хорооноос дахин хянасан тухай дүгнэлтийг ирүүлсэн. Дээрх дүгнэлтэд Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаартай Гомдол хянан шийдвэрлэсэн тухайн албан бичигт төсөвт Захиалагчийн хяналтын зардал 3 421 692 төгрөг байхад тус аж ахуйн нэгж захиалагчийн хяналтын зардлыг 3 198 628 төгрөгөөр, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 1 710 846 төгрөг байхад 1 599 314 төгрөг байхаар бууруулан ирүүлсэн нь ТШЗ-17.6.5-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Мөн 2021 онд гүйцэтгэсэн ажлын гэрээ нь 2020 онд байгуулсан гэрээ байх тул сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онд батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангахгүй байна. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт тусгагдсан “Их ханас” ХХК нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн байна. Дээрх дүгнэлтийн дагуу тендерт оролцогчдод буюу “*******” ХХК-д 2023.08.21-ний өдрийн 1/769, “Их ханас” ХХК-д  1/768 дугаар албан бичгүүдийг хүргүүлэн тухайн тендерийг хүчингүй болгон дахин зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гаргасан. Үнэлгээний хорооны дүгнэлттэй хамт ирүүлсэн хурлын тэмдэглэлд үнэлгээний хороо үнэлгээг хийхдээ Сангийн яамны 2023.05.05-ны өдрийн албан бичгийн удирдлага болгон ажилласан талаар тусгасан байсан. Дээрх албан бичиг буюу Сангийн яамны 2023.05.05-ны өдрийн 03/2984 дугаар албан бичигт дээрх нөхцөл байдалтай яг ижил нөхцөл байдлыг хянан үзсэн буюу “Дорнын их өгөөж” ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай байсан бөгөөд тухайн аж ахуй нэгж өрсөлдөгч аж ахуйн нэгж болох “Энерго сервис монтаж” ХХК-ийн ирүүлсэн төсөв нь захиалагчийн хяналтын зардал, зохиогчийн хяналтын зардлыг хяналтын төсвөөс бууруулсан байхад шалгаруулсан хэмээн гомдол гаргасан байсан. Дээрх гомдлыг Сангийн яам хянан үзээд гомдол үндэслэлтэй буюу “Энерго сервис монтаж” ХХК-ийн ирүүлсэн төсөв нь хяналтын төсвөөс зөрсөн буюу захиалагчийн хяналтын зардал, зохиогчийн хяналтын зардлыг хяналтын төсвөөс бууруулсан байхад шалгаруулсан гэж үзсэн. Дээрх албан бичигт тулгуурлан манай сумаас зарлаж буй бүхий л ажлыг дээрх шалгуурт болон бусад шалгуурт нийцүүлэн үнэлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсаар ирсэн. Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн албан тоотод Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичгийг баримтлан үнэлгээ хийхийг заасан байдаг. Дээрх албан бичигт тулгуурлан манай сумаас зарлаж буй бүхий л ажлыг дээрх шалгуурт болон бусад шалгуурт нийцүүлэн үнэлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсаар ирсэн. Сангийн яамны 2023.05.05, 2023.06.21-ний өдрийн албан бичгүүд нь нэг төрлийн маргаанд 2 өөр шийдвэр гаргасан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна. Тус сумын Засаг даргын тамгын газраас гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа хяналтын төслийн дүнгээр Захиалагчийн хяналтын зардал, зураг, төслийн дүн, зохиогчийн хяналтын зардлыг тусгаж гэрээ байгуулдаг. Тийм учир хяналтын төсвөөс зөрсөн дээрх зардлуудыг шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэл байхгүй болно. Мөн сангийн сайдын 2012.09.28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 6.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд өөрчлөлт оруулсан нь үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ” гэсний дагуу гэрээний салшгүй хэсэг болсон зардлуудыг буруу тооцож ирүүлсэн тул тухайн аж ахуйн нэгжээс тендерээс татгалзсан болно. Мөн тухайн аж ахуйн нэгж нь тендерийн баримт бичгийн ТШЗ-17.6.4-т заасны дагуу 2021, 2022 онуудад төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ажлыг гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд гэрээ байгуулан ажилласан тухай гэрээний хуулбаруудыг ирүүлснийг үнэлгээний хороо хэлэлцээд “*******” ХХК-ний 2021 онд хэрэгжүүлсэн хэмээн ирүүлсэн ЗТХЯ/202002002 дугаартай “Авто замын уулзварын гэрлэн дохио /Сүхбаатар, Баруун-Урт сум/ ажил нь 2020 онд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ажил байх тул үнэлгээний хороо 2021 онд хэрэгжүүлсэн ажилд тооцох боломжгүй гэж үзэн шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна. Ирүүлсэн дүгнэлтийн дагуу мэдэгдлийг гарган тухайн аж ахуйн нэгжид хүргүүлсэн гэжээ.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудтай танилцсан. Үнэлгээний хороо нь сумын Засаг даргын шийдвэрийн дагуу томилогддог. Гол яригдаад байгаа зүйл заалт болон 17.6.5-ын 3 дугаар хэсгийг маш нарийн уншиж ойлгох хэрэгтэй. Голд нь байгаа таслал нь хүртэл нарийн учиртай. Энэ заалт бүхий л тендерт орж явдаг. Мэргэжлийн төсөвчин Чимэг гэж хүний хийсэн төсөв байгаа. Бид төсвийг батлуулахдаа энэ төсвийг барьж ордог. Ингээд иргэдийн хуралдаанаас шийдвэрийг гаргаж хөрөнгийг гаргаж өгдөг. Энэ хүнтэй анх төсөв хийлгэхдээ гэрээ байгуулж ажилладаг. Яг энэ төсөв дээр тусгасан дүнгээр оруулдаг. Үнэлгээний хорооны үнэлгээ хийх 194 дүгээр журам гэж байдаг. Үүний 6 дахь хэсэгт үнэлгээг бууруулж ирүүлэхийг хориглодог. Хэрэв бууруулсан тохиолдолд татгалзах үндэслэл болно гэж заасан байдаг. Сангийн яамнаас ирсэн албан бичигтэй танилцсан. Үүнд: Захиалагчийн хяналтын зардлын тооцсон байх тул гэдэг талаар заасан. Бид үнэндээ 3 үндэслэлээр татгалзсан. Estimgtor Pro программыг бид бүгд мэднэ. Үнэхээр энэ хэсэгт багтахгүй байсан бол 1.5 сая төгрөг дутах үүнийг нөхөх боломжгүй байсан. Төсөв буурах боломжгүй байсан. Тиймээс татгалзах үндэслэл болж байгаа юм. Сангийн яамны бичиг дээр “тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан”. Ингэхдээ заавал “*******” ХХК-ийг шалгаруулж сонго гэсэн үг биш. Бид өөрт олгогдсон эрхийн дагуу ажиллагааг явуулах эрхтэй. Бид 2021, 2022 оны ажлын дүнг тус бүрт нь гэж авч үзэхгүй байгаа юм. “Их ханас” ХХК нь тус бүр онуудад 186 сая төгрөгийн ажил хийсэн байгаа. Зам тээврийн хөгжлийн яамтай хийсэн Баруун-Урт хотын камерийн ажлыг хийсэн байсан. Хөрөнгө оруулалтын ард талын тоо нь гэрээ хийгдсэн он сарыг заасан байдаг. Сунгалт дээр тодорхойгүй шалтгаанаар 2021 оныг хүртэл сунгасан. Энэ бол компанийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж хүлээн авах хугацааг сунгасан байгаа нь харагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд бидний ажлыг нарийн зааж өгсөн байдаг. Бид үнэлгээгээ хийсэн, гомдол гаргасан, дахин хуралдсан. Үнэлгээний хорооны ирцийг хүртэл нарийн заасан байдаг. Ээлжийн амралтын цаг хугацаа үргэлжилж байсан учраас бид 2 сарын дараа хуралдаж, тендерийг дахин зарласан. Гэвч нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаад түр түдгэлзүүлсэн. Бид төсвийг үнэлгээний хороонд шилжүүлсэн. Энэ хяналтын төсвийн дагуу ажлыг зарлах ёстой гэж мэдэгдсэн. Гэхдээ 200 000 000 төгрөгийн тендер зарласан. Иргэдийн хуралдаанаас 200 000 000 төгрөгөөр батлагдсан. Үүнийг бид 200 255 264 төгрөгөөр зарлах боломжгүй. Төсвийн дагуу л зарлаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид баримт бичгийг боловсруулдаг. Үнэлгээ хийхдээ үнэлгээний хороо тендерийн баримт бичигт заагдсаны дагуу үнэлгээг хийдэг. Бид өөрсдийн хийсэн ажлаа зөрчиж шалгаруулалт явуулах юм бол өөрсдөө бурууддаг. Бууруулсан компанийг шалгаруулахад сангийн яамнаас тендерийн баримт бичигт зааснаас өөрөөр ажилласан байна гэж хүчингүй болгож байсан гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан саналыг бүрэн дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд Дорнод аймгийн ******* Засаг дарга, ...******* Засаг даргын Тамгын газар, ...******* Төсвийн хөрөнгөөр хэрэгжих ******* дугаартай тендер зохион байгуулсан Үнэлгээний хороо”-нд холбогдуулан “Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.05.31-ний өдрийн 1/548, 2023.08.21-ний өдрийн 1/769 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ...******* Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Дорнод аймгийн ******* Засаг дарга т хэрэгжүүлэхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан[1].

             1. Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/48 дугаар захирамжаар ... Сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, бүрэлдэхүүнд Үнэлгээний хорооны даргаар Чойбалсан хотын Захирагчийн ажлын албаны дарга П.Оюундэлгэр, Сумын санхүүгийн албаны дарга , Аймгийн ерөнхий архитектор А.Түмэнжаргал, Сумын 7 дугаар багийн иргэн Д.Оюун, нарийн бичгийн дарга Чойбалсан хотын Захирагчийн ажлын албаны Дэд бүтэц, тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн ******* нар багтжээ.[2]

              Тендерийн урилгад ... тендерийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.[3]

           ******* төсвийн хөрөнгөөр хэрэгжих ******* дугаартай тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар хурлаар ...тендер хүлээн авах эцсийн хугацаанд “Их ханас” ХХК 196,000,000 төгрөгийн, “*******” ХХК 187,409,001 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн бөгөөд үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналын дагуу Сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажлыг гүйцэтгэх тендерт шаардлагад нийцсэн тендерээр “Их ханас” ХХК-ийг шаардлагад нийцсэн харьцуулах бага үнэ бүхий тендерээр шалгаруулж захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлэхээр, “*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, мэдэгдэл хүргүүлжээ.[4]

          Сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаартай тендерийг 196,000,000 /нэг зуун ерэн зургаан сая/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2023 оны 05 дугаар сарын 31-нд ирүүлсэн танай тендер шаардлага хангасан тул гэрээ байгуулах эрх олгож байна гэх албан бичгийг “Их ханас” ХХК-ийн захирал Б.Өлзийсайханд, ******* Засаг дарга хүргүүлсэн байна.[5]

           Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.05.31-ний өдрийн 1/548 дугаар “Тус сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтаар “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ажлыг гүйцэтгэх ******* дугаартай тендерт танай компанийн ирүүлсэн тендер нь ТШЗ-17.6.5 /Захиалагчийн хяналтын зардал, төслийн зардал, зохиогчийн хяналтын зардлыг хяналтын төсөвт тусгасан дүнгээр, татвар хураамжийг тус тус тооцон тусгана. Мөн хяналтын төсвийн дагуу тоо хэмжээг тооцож ирүүлнэ/-д заасныг хангахгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу танай ирүүлсэн тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдье” гэх албан бичгийг[6] “*******” ХХК-ийн захирал *******д хүргүүлсэн. 

         Мөн Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.08.21-ний өдрийн 1/769 дугаар ”Тус сумын Орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтаар “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайн камержуулалт” ажлыг гүйцэтгэх ******* дугаартай тендерт танай компанийн ирүүлсэн тендер нь дараах шаардлагуудыг хангаагүй байна. Үүнд: ТШЗ-17.6.4 /Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад батлагдсан төсөвт өртгийн үнийн 60 хувиас багагүй дүнтэй тухайн ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх. Туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, акт ирүүлэх/-д зааснаар танай байгууллагын 2021 онд хэрэгжүүлсэн ажлын жагсаалтад тусгагдсан ЗТХЯ/202002002 дугаартай “Авто замын уулзварын гэрлэн дохио /Сүхбаатар, Баруун-Урт сум/ ажил нь 2020 онд хэрэгжүүлэхээр гэрээг байгуулан ажилласан байх тул 2021 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил нь төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх нөхцөл шаардлагыг хангахгүй байна.

             ТШЗ-17.6.5 /Захиалагчийн хяналтын зардал, төслийн зардал, зохиогчийн хяналтын зардлыг хяналтын төсөвт тусгасан дүнгээр, татвар хураамжийг тус тус тооцон тусгана. Мөн хяналтын төсвийн дагуу тоо хэмжээг тооцож ирүүлнэ/-д буюу хяналтын төсөвт заасны дагуу захиалагчийн хяналтын зардал 3 421 692.0 төгрөг зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 1 710 846.0 төгрөг байхад танай тендерт ирүүлсэн тендерт захиалагчийн хяналтын зардлыг 3 198 628.0, зураг төсөл зохиогчийн хяналтын зардлыг 1 599 314.0 төгрөгөөр бууруулан тооцсон нь ТШЗ-17.6.5-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу танай ирүүлсэн тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдье” гэх албан бичгийг[7] “*******” ХХК-ийн захирал *******д хүргүүлсэн. 

           Монгол Улсын Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаар албан бичигт: Танай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ******* дугаартай “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулах” ажлын тендер шалгаруулалтад оролцсон “*******” ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзлээ.

          “*******” ХХК-ийн гомдол тус компанийн тендерээс хяналтын төсвийн дагуу төсвийг тооцож ирүүлээгүй гэж татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Их ханас” ХХК нь тендерийн баримт бичигт заасан 2021, 2022 онд төсөвт өртгийн 60 хувиас багагүй дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлага хангахгүй байх тул хянан үзэхийг хүссэн байна.

            1. Гомдолд дурдсаны дагуу “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн төсвийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн ажлын зураг төсөвт заасан захиалагчийн хяналтын зардлыг 3,198,628 төгрөг гэж тооцоолсон байх тул тус компанийн тендерээс хяналтын төсвийн дагуу төсвийг тооцож ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

             2. Гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Их ханас” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ.

            Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: “Шаардлагатай”. Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад батлагдсан төсөвт өртгийн үнийн 60 хувиас багагүй дүнтэй тухайн ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх ба туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, акт ирүүлнэ.” гэж заасан байна.

            “Их ханас” ХХК-ийн тендерийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд ирүүлсэн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-тай байгуулсан АГ/2021/07 дугаартай гэрээний үнэ 29.6 сая төгрөг, Дорнод аймгийн Прокурорын газартай байгуулсан 01 дугаартай гэрээний үнэ 5.9 сая төгрөг, Дорнод аймгийн ******* Засаг даргатай байгуулсан ДОХЭОНТ/21-03 дугаартай гэрээний үнэ 13.0 сая төгрөг, Дорнод аймгийн Булган сумын Засаг даргатай байгуулсан ОНХС03/2021 дугаартай гэрээний үнэ 10.0 сая төгрөг, “Ган Октаэдр” ХХК-тай байгуулсан “122-1, 122-2 байрны хяналтын камерийн тоног төхөөрөмж суурилуулахад шаардлагатай бараа худалдан авах” гэрээний үнэ 6.6 сая төгрөг, “Дорнод ган хийц” ХХК-тай байгуулсан “Үйлдвэрийн байрны хяналтын камер болон зарлан мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулахад шаардлагатай бараа худалдан авах” гэрээний үнэ 6.0 сая төгрөг, Дашбалбар сумын Засаг даргатай байгуулсан ДОАДБСЗДТГ/20210103 дугаартай гэрээний үнэ 10.0 сая төгрөг, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргатай байгуулсан 22/01 дугаартай гэрээний үнэ 16.0 сая төгрөг, Дашбалбар сумын Засаг даргатай байгуулсан ДОАДБСЗДТГ/202212005 дугаартай гэрээний үнэ 10.0 сая төгрөг, “Асралт үйлс” БГХНөхөрлөлтэй байгуулсан 04/13 дугаартай гэрээний үнэ 16.0 сая төгрөг, Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан ОНТ-2.3.11 дугаартай гэрээний үнэ 5.0 сая төгрөг, Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргатай байгуулсан ДОАБДСЗДТГ/202202012 дугаартай гэрэний үнэ 15.0 сая төгрөг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргатай байгуулсан “ДОАЦОСЗДТГ/202201019 дугаартай гэрээний үнэ 6.0 сая төгрөг, “Мянган жаргалан” ӨЭМТ-тэй байгуулсан “Салбар эмнэлгийн байранд хяналтын камерийн тоног төхөөрөмж суурилуулахад шаардлагатай бараа худалдан авах” гэрээний үнэ 5.4 сая төгрөг, Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргатай байгуулсан ДОАССЗДТГ/202201005 дугаартай гэрээний үнэ 6.9 сая төгрөг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргатай байгуулсан ДОАЦОСЗДТГ/202201001 дугаартай гэрээний үнэ 20.1 сая төгрөг байна. “Их ханас” ХХК-ийн тендерт хавсаргасан дээрх гэрээнүүдийн үнэ нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т “...батлагдсан төсөвт өртгийн үнийн 60 хувь буюу 120 сая төгрөгөөс багагүй байх” гэж заасанд нийцэхгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

            Иймд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/548 болон 01/551 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно[8] гэжээ.

           Монгол Улсын Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 дугаар дээрхи албан бичигт захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/548 дугаартай албан бичгийг хүчингүй болгосон тул шүүхээс энэхүү албан бичгийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

           “*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын Зааварчилгаа /ТШЗ/-ын 17.6.4, 17.6.5-д нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.08.21-ний өдрийн 1/769 дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

             Өөрөөр хэлбэл дээрхи албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус хуульчилжээ. ******* төсвийн хөрөнгөөр хэрэгжих ******* дугаартай тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  дүгнэлтээр тендерт оролцогч “*******” ХХК, “Их ханас” ХХК-уудын ирүүлсэн тендэр нь ТШЗ /Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад батлагдсан төсөвт өртгийн үнийн 60 хувиас багагүй дүнтэй тухайн ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх. Туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, акт ирүүлэх/-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр дээрхи 2 компанийн тендерээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсийг үндэслэн ******* Засаг даргаас 2023.08.21-ний өдрийн 1/768, 1/769 дугаар “Тендерээс татгалзах тухай” албан бичгийг “Их ханас” ХХК, “*******” ХХК-ийн захирлуудад тус тус хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчөөгүй байна. Мөн ******* төсвийн хөрөнгөөр хэрэгжих ******* дугаартай тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр хурлаар, Сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгөөр хэрэгжих “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ажлыг гүйцэтгэх ******* дугаартай тендерт гомдол гарч Сангийн яам хянан үзсэн талаарх албан бичгийг захиалагчийн зүгээс ирүүлсэний дагуу тендерт дахин үнэлгээ хийх асуудлыг хэлэлцэж, Сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгөөр хэрэгжиж ******* дугаартай “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ажлыг гүйцэтгэх тендерт “Их ханас” ХХК-ийг ТШЗ-17.6.4 /Сүүлйин 2 жил буюу 2021, 2022 онуудад батлагдсан төсөвт өртгийн үнийн 60 хувиас багагүй дүнтэй тухайн ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх. Туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, акт ирүүлэх/-д, “*******” ХХК нь ТШЗ-17.6.4 /Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад батлагдсан төсөвт өртгийн үнийн 60 хувиас багагүй дүнтэй тухайн ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх. Туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, акт ирүүлэх/, ТШЗ-17.6.5 дахь заалтуудыг тус тус хангаагүй тул татгалзах мэдэгдэл хүргүүлж, худалдан авах ажиллагааг дахин зарлах санал хурааж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэжээ.

             Иймд “*******” ХХК-ийн, Дорнод аймгийн ******* Засаг дарга, ...******* Засаг даргын Тамгын газар, ...******* Төсвийн хөрөнгөөр хэрэгжих ******* дугаартай тендер зохион байгуулсан “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.05.31-ний өдрийн 1/548, 2023.08.21-ний өдрийн 1/769 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ...******* Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Дорнод аймгийн ******* Засаг дарга т хэрэгжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1,  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн, Дорнод аймгийн ******* Засаг дарга, ...******* Засаг даргын Тамгын газар, ...******* Төсвийн хөрөнгөөр хэрэгжих ******* дугаартай тендер зохион байгуулсан Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн ******* Засаг даргын 2023.05.31-ний өдрийн 1/548, 2023.08.21-ний өдрийн 1/769 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ...******* Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ******* дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Сангийн яамны 2023.06.21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Дорнод аймгийн ******* Засаг дарга т хэрэгжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн дүгээр зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар  энэхүү  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй.

                                     

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-5-р хуудас

[2] Хавтаст хэргийн 27-р хуудас

[3] Хавтаст хэргийн 98-р хуудас

[4] Хавтаст хэргийн 100-105, 107-р хуудас

[5] Хавтаст хэргийн 106-р хуудас

[6] Хавтаст хэргийн 9-р хуудас

[7] Хавтаст хэргийн 8-р хуудас

[8] Хавтаст хэргийн 12-13-р хуудас