Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/01851

 

“НСТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02397 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “НСТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Х, “СМ” ХХК нарт холбогдох,

38 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Л.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Х гэдэг хүнтэй уулзаад мах худалдах худалдан авах талаар ярилцаад явсан. Х гэдэг хүн өөрийгөө “СМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийдэг гээд намайг үйлдвэр дээрээ очиж танилцуулж, манайх ийм, ийм үйл ажиллагаа явуулдаг. Хамтарч ажиллах бүрэн боломжтой гэсэн мэдээллийг харилцан солилцоод хамтарч ажиллахаар болоод тодорхой хэмжээний мах бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож, түүний баталгаа болгож урьдчилгаа мөнгө өгсөн. Тэр мөнгөндөө хэсэг хугацааны дараа мах өгнө гэсэн. Гэвч харилцан тохиролцсон хугацаандаа махаа ч өгөөгүй, мөнгөө ч өгөөгүй. Одоо 2 жил орчим болж байна. Тиймээс одоо 38 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэжээ.

Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 38 000 000 төгрөгийг нэхэмжилдэг. Нэхэмжлэгч ярихдаа 2017 онд Х-тай танилцаад үйлдвэр дээр нь уулзаад мах бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон гэдэг утга бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Гэтэл бодит байдал дээр тухайн үед Тайвань Улсын иргэнтэй Төрбат гэдэг хүн Х-ыг танилцуулж өгөөд дундаас нь нэг кг махан дээр 1 юань авах тохироо хийгээд 2 хүнийг хооронд нь уулзуулж өгсөн үйл явдал болсон гэж ойлгодог. Надад итгэмжлэл олгосон хүн энэ байр суурийг илэрхийлдэг. Ийм учраас бид Төрбатад мөнгө төлөх үүрэг хүлээхгүй. Харин Тайвань Улсын иргэнтэй мөнгө өгсөн, авсан асуудал байдаг. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Төрбат болон “СМ” ХХК, Хишигзул нарын хооронд Иргэний хуульд заасан ямар гэрээний эрх зүйн харилцаа үүсч байгаа нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 195.1, 195.2, 195.3 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах санал, Иргэний хуулийн 196.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсан тооцох үндэслэлд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд бусдын өмнө үүрэг хүлээсэн, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн материалтай танилцахад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс нотлох баримт ирүүлэхээр шүүхэд албан бичиг ирүүлсэн байна. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрөө ярьж байсан. Цагдаагийн журмаар өгсөн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлье гэж байсан. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон байна гэж харж байна. Тийм учраас дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СМ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байгаа. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний гол нөхцөлийг тохирсон байх шаардлагатай байдаг. Гэрээний гол нөхцөлийг Иргэний хуулийн 195.3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн байгаа. Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгагдсан түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. Худалдах, худалдан авах гэрээний хувьд гол нөхцөл нь гэрээний үнэ байгаа. “СМ” ХХК болон “НСТ” ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний үнэ нь хэдэн төгрөг болохыг тусгаагүй байна. Тэгэхээр гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцоогүй байна гэж үзэж байгаа. Мөн гэрээ байгуулагдсан гэж үзэх юм бол нэг тал нь хүсэл зоригоо хангалттай илэрхийлж, нөгөө тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үздэг. Гэтэл “НСТ” ХХК-ийн зүгээс мах бэлтгэн нийлүүлэх, худалдах худалдах авах гэрээг байгуулъя гэдэг саналыг “СМ” ХХК-д тавиагүй байна гэж үзэж байна. Учир нь “СМ” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай. Энэ нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмээр батлагдаж байгаа. Мөн компанийн дүрмээр компанийн үүсгэн байгуулагч нь захирал Л.Ганпүрэв гэж хүн байгаа. Тэгэхээр “СМ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь Л.Ганпүрэв гэж хүн бөгөөд энэ хүн нь бусад этгээдүүдтэй гэрээ байгуулах бүрэн эрхтэй. Хишигзул нь компанийг төлөөлөх эрхгүй. Тэгэхээр “НСТ” ХХК болон манай “Нар сарын технологи” ХХК-иудын хооронд гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Х-аас 38 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НСТ” ХХК-д олгож, хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 347 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хуулийн этгээдийн бүртгэлд хариуцагч Л.Х-ыг гүйцэтгэх удирдлагаар бүртгээгүй ч Л.Ганпүрэв, Л.Х нар нь төрсөн эгч, дүүс. Л.Х нь анх манай компанитай уулзахдаа л өөрийгөө "СМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж танилцуулж, нэрийн хуудсаа өгч байсан. Хүний нэрийн хуудсыг хараад компанийн гэрчилгээ чинь хаана байна гэж хэн ч шалгаж асуудаггүй. Нэгэнт улсын бүртгэлд оруулаагүй асуудлыг бидний зүгээс оруулах боломжгүй. Хэрэв Л.Х нь үнэхээр гүйцэтгэх захирал нь биш байсан бол “СМ” ХХК-ийн нэрийн хуудсыг барьж явах, тус компанийн махны үйлдвэртэй нь биднийг танилцуулаад явах байсан уу. Тэгж явсан бол энэ нь эрүүгийн залилах гэмт хэрэг болно. “СМ” ХХК-ийн үйлдвэрийн хашаа руу нь ороход л үүдний харуул нь Л.Х захиралтай уулзах хүмүүс үү гэж оруулдаг. Анхан шатанд гэрчүүд энэ талаар хангалттай ярьсан байхад шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж, "СМ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай шийдвэр болжээ. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02397 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 38 000 000 төгрөгийг хариуцагч Л.Х болон “СМ” ХХК-иас хамтад нь гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ "... нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь 38 000 000 төгрөгтэй холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч энэ талаар хэрэгт ямар нэг баримт ирүүлээгүй, шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй" гэж дурдсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т "Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...", 65 дугаар зүйлийн 65.1.8-д "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" гэж тус тус заасан бөгөөд "НСТ" ХХК-ийн зүгээс "СМ" ХХК, "... 38 000 000 төгрөг нь компанийн мөнгө" гэсэн байдаг. Бодит нөхцөл байдалд Л.Х-д шилжүүлсэн гэх 38 000 000 төгрөг нь Тайвань улсын иргэний мөнгө байдаг. Харин "НСТ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Төрбат нь Тайвань Улсын иргэн, Л.Х нарыг уулзуулж танилцуулсан байдаг бөгөөд тэдний дунд хийгдэх хэлцлээс хамаарч 1 кг махнаас 1 юань авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл "НСТ" ХХК болон Л.Х нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд 38 000 000 төгрөгийг шилжүүлсэн этгээд нь "НСТ" ХХК биш. Иймд "НСТ" ХХК нь Л.Х-аас 38 000 000 төгрөг шаардах эрхгүй байхад шүүхээс 38 000 000 төгрөгийг хариуцагч Л.Х-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “НСТ” ХХК нь хариуцагч Л.Х, “СМ” ХХК-д холбогдуулан 38 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Л.Х нь хариуцагч “СМ” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэгч “НСТ” ХХК-тай мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 38 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч компанийн менежер Б.Батдоржийн дансаар дамжуулан авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Б.Батдорж, хариуцагч Л.Х нарын дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 23, 55 дугаар тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй талаар заасан бөгөөд нэхэмжлэгч “НСТ” ХХК болон хариуцагч Л.Х нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагч Л.Х-аас 38 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НСТ” ХХК-д олгож, хариуцагч “СМ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 24, 55 дугаар тал/

Нэхэмжлэгч “НСТ” ХХК давж заалдах гомдолдоо 38 000 000 төгрөгийг “СМ” ХХК, Л.Х нараас хамтад нь гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэх боловч нэхэмжлэгч “НСТ” ХХК болон хариуцагч “СМ” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. 

Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч “НСТ” ХХК-ийн захирал Ч.Төрбат намайг Тайвань Улсын иргэнтэй танилцуулж, дундаас нь 1 кг махнаас 1 юань авах тохироо хийж, 2 хүнийг уулзуулж өгсөн, 38 000 000 төгрөгийг Тайвань Улсын иргэн шилжүүлсэн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн, хариуцагч Л.Х нь уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх боловч энэхүү нөхцөл байдал нь хангалттай үндэслэлээр тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 123 дугаар тал/

Иймд дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч “СМ” ХХК-ийн нэрийг “Само” ХХК гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Само ХХК ...” гэснийг “СМ” ХХК гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                    Г.ДАВААДОРЖ