Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/01619

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15 182/ШШ2024/01619

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Цоглог хотхон, 203-83 тоотод оршин суух, ******* /ИБД:111638170864/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 02 дугаар хороо, БЗЦ-ийн 25-р байрны 01 тоотод оршин суух, ******* /ИБД:434643522993/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,048,577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* миний бие 2023.09.12-нд Хангай хотхоны 507-70 тоот байрыг худалдан авахад Д.******* гэдэг эмэгтэй түрээслэн амьдарч байсан. Энэ байрыг түрээслэж 3 жил амьдарсан цаашид үргэлжлүүлэн амьдрана гэж надтай тохирчихоод гэрээ хийхгүй, түрээсээ төлөхгүй, утсаа авахгүй худлаа яриад байхаар нь 2023.09.23-нд байрнаас гаргасан. Гарахдаа бүх тооцоо төлнө, обой авчихсан айлд байгаа өгнө гэж хэлсэн боловч утсаа авахгүй мөнгөө өгөхгүй байна. Байр болон тогны мөнгө хүү алданги их бодогдож байна. 2023.03-09 сарын хооронд байр, СӨХ-н төлбөр 527,477 төгрөг, байр засварын зөвхөн обой болон ажлын хөлс 450,000 төгрөг, Баянзүрх дүүргийн шүүхийн эрэн сурвалжилсан төлбөр 71,100 төгрөг, нийт 4,048,577 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэв.

 

2. Миний бие Д.******* нь анх 2019 оноос хойш Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 507-р байр 1-р орц, 70 тоотыг түрээслэн сууж эхэлсэн. Анхны байрны эзэн болох Чимэдрэгзэн гэдэг хүнтэй бичгээр гэрээ хийж түрээслэн сууж амьдарч эхэлсэн. ******* гэх хүнд байраа зарж байгаа гэж хэлсэн. Байрны нэр шилжүүлэхэд танайх ямар ч өр төлбөргүй байна гэж утсаар ярьсан бичлэг байгаа. Тогны мөнгө 1 сар төлөхгүй тохиолдолд шууд тасалчихдаг. Тэгээд өөрсдөө ирж залгаж өгдөг. Тийм учраас тогны мөнгө, СӨХ байнга төлж явдаг байсан. ******* гэдэг хүнтэй гэрээ хийхгүй гэж хэлээгүй, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан учир 8 дугаар сарын 28-нд дуусаж 2023.09.20-нд иргэний үнэмлэхээ захиалсан байсан. 9.24-нд залгахад иргэний үнэмлэхээ аваад хэлий гэсэн ч чамд итгэж чадахгүй байна, байр суллаж өг гэж дарамталж эхэлсэн. Мэссеж бичихдээ 700,000 төгрөг өг, тэгээд гомдолгүй гэж бичиж байсан. Харин ч бага мөнгө нэхэмжилж байгаад баярла гэсэн утгатай мэссэж маш ихээр бичиж дарамтанд оруулсан. Хуучин байрны эзэнд мөнгө өгөөд үзээрэй гэх мэтээр янз янзын дугаараас залгаж байсан. 3 сараас 9 сарын хооронд байр, сөх төлбөр төлөөгүй байх боломжгүй. Усны мөнгөний тухайд өмнөх контор нь тоолуурыг хурааж авсан шинээр авч тавьсан. СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь төлж байсан. Байрны төлбөр төлөгдөөгүй байсан гэжээ.

 

3. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Б.******* миний бие хариуцагчаас 384,577 төгрөгийг гаргуулахаас татгалзаж үлдэгдэл 700,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус бүр 350,000 төгрөгөөр төлж барагдуулахаар Д.*******тай тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* холбогдуулан 1,048,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 384,577 төгрөгөөр багасгаж, 700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.******* нь 2024 оны 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус бүр 350,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,716 төгрөгийн 50 хувь болох 14,858 төгрөгийг  улсын орлогоос, хариуцагчаас 14,858 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох 1,048,577 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 384,577 төгрөгөөр багасгаж, 700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.******* нь 2024 оны 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус бүр 350,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,716 төгрөгийн 50 хувь болох 14,858 төгрөгийг  улсын орлогоос, 50 хувь болох 14,858 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА