Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/01416

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 02 182/ШШ2024/01416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:5368138/-т холбогдох

 

Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Гэрч Н.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10-р сарын 14-ны өдрийн 182/Ш32022/02931 дүгээр захирамжаар Х.***************аас 150,000,000 төгрөгийг гаргуулж Рус финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-122/23100 дугаартай мэдэгдлээр Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 11-р сарын 09-ний өдрийн Х.***************ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005221 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 41 дүгээр байрны 26 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн билээ.

Файн эстимэйт ХХК нь уг орон сууцыг 121.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Төлбөр төлөгч Х.*************** нь өөрийн орон сууцыг 180.000.000 төгрөгөөр өөрөө үнэлсэн бөгөөд зах зээлийн ханшаар уг орон сууц нь дахин төлөвлөлтөд ороход бэлэн болсон, 1990 оноос өмнөх хэмжээгээр 18 м.кв буюу зөвхөн том өрөөний хэмжээгээр хэмжигдсэн бодит байдал дээр 36 метр квадрат талбайтай, төвийн бүсийн 1 м.кв талбай нь ойр орчим 5 саяас 5.5 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг.

Гэтэл Хөрөнгийн үнэлгээний компани дунджаар 1 метр квадрат талбайг 3,3 сая төгрөгөөр үнэлсэн нь бодит зах зээлийн үнэлгээг бууруулж үнэлсэн гэж үзэхээр байна. Иймд Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 11-р сарын 09-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/02931 дүгээр захирамжаар Хасбаганын ***************аас 150,623,715.5 төгрөг гаргуулж Рус финанс ББСБ ХХК-д олгохоор, дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 41 дүгээр байрны 26 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 13 дугаар байрны 32 тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23300579 дүгээр тогтоолоор үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч Х.***************т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгч, эрэн сурвалжлах тогтоолоор эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоосон.

2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23300579/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005221 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 41 дүгээр байрны 26 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23300579/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Х.*************** үл хөдлөх эд хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/413 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэлийг томилсон.

Үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нарт мөн өдрийн 4-122/23099, 4-122/23100 дугаартай албан бичгээр 121,00,000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн.

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/39 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-122/25550, 4-122/25551 дугаартай албан бичгийн хамт талуудад хүргүүлсэн бөгөөд 2023 оны 12 сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.11.09-ний өдрийн №4-122/23100 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, хавсралт, 2023.12.11-ний өдрийн №4-122/25551 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, хавсралт, 2024.02.29-ний өдрийн №0172 итгэмжлэл, /хх1-7, 16-17, 136/

 

4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар: Итгэмжлэл, хариу тайлбар, 2023.01.16-ны өдрийн №74 шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.10.14-ний өдрийн №2931 шүүгчийн захирамж, 2023.01.16-ны өдрийн №1068 шүүгчийн захирамж, 2023.04.06-ны өдрийн №23300579 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримт, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.04.20-ны өдрийн №04-122/7525 эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгийн хариу, Ү-2202005221 улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2202002158 улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023.05.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.05.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, фото зураг, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2023.09.22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, жагсаалт, 2023.10.13-ны өдрийн тайлбар, 2023.10.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.10.13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.11.06 үнэлгээ гаргах тухай, 2023.11.06-ны өдрийн №11/06 Рус финанс ББСБ ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт, 2023.11.07-ны өдрийн №11/413 шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Файн эстимэйт ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан, 2023.11.09-ний өдрийн №4-122/23099 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, тэмдэглэл, 2023.11.09-ний өдрийн №4-122/23100 мэдэгдэл, Монголын мэдээ сонин, 2023.12.05-ны өдрийн №13/39 анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.12.11-ний өдрийн №4-122/25550 мэдэгдэл, тэмдэглэл, 2023.12.11-ний өдрийн №4-122/25551 мэдэгдэл, тэмдэглэл, 2023.12.22-ны өдрийн албадан дуудлага худалдааны тэмдэглэл, /хх10, 23-105/,

 

5. Гуравдагч этгээд Рус финанс ББСБ ХХК-иас гаргасан нотлох баримтаар: Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018.05.15-ны өдрийн зээлийн гэрээ, төлөх хуваарь, 2018.05.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, /хх108-124/ зэрэг баримтууд цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.*************** нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/02931 тоот захирамжаар Х.***************аас 150,000,000 төгрөг гаргуулж Рус финанс ББСБ ХХК-д олгох, дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Х.***************ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005221 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 41 дүгээр байрны 26 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002158 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 13 дугаар байрны 32 тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 182/ШЗ2023/01068 тоот захирамжаар дээрх 02931 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх мөн өдрийн 182/ГХ2023/00074 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 23300579 тоот тогтоолоор төлбөр төлөгч Х.***************т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 23300579/01  тоот тогтоолоор төлбөр төлөгч Х.***************ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005221 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 41 дүгээр байрны 26 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 23300579/02  тоот тогтоолоор хурааж, үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул төлбөр төлөгчийн дээрх хөрөнгөд үнэлгээ тогтоохоор 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 11/413 тоот тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Файн эстимэйт ХХК нь 2023 оны 11 сарын 07-ны өдөр шинжээч томилох тогтоолд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005221 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 41 дүгээр байрны 26 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 121,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Файн эстимэйт ХХК -ийн үнэлсэн үнэлгээний 2023 оны 11 сарын 09-ны өдрийн тайланг 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 4-122/23099 дугаартай тодорхойлолтоор төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах дээрх арга хэмжээ болон Файн эстимэйт ХХК  нь эд хөрөнгө үнэлэх ажиллагааг хуульд зааснаар тус тус явуулсан гэж үзэхээр байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно...,

 44.2.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах гэж,  42.1-д...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно...42.2.Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасантай нийцжээ.

Шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд гүйцэтгэгч нь 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 11/413 тоот тогтоолоор эд хөрөнгө үнэлэх ажиллагаанд шинжээчээр Файн эстимэйт ХХК -ийг томилж, шинжээчид эрх үүргийг танилцуулсан нь хуульд нийцсэн байх ба шинжээчээр томилогдсон уг хуулийн этгээд нь даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Н.Цолмонгэрэл нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон шинжээчид эрх үүргийг танилцуулж гарын үсэг зурсан тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Шинжээчээр томилогдсон Файн эстимэйт ХХК  нь 2023 оны 11 сарын 07-ны өдөр 11/413 тоот тогтоолд заасан төлбөр төлөгч Х.***************ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005221 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 41 дүгээр байрны 26 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлэх ажиллагаанд тус хөрөнгөд өөрийн биеэр оролцож, тус орон сууцны орчимд байрлах 3 орон сууцны үнийг харьцуулан үзэж, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоосон талбайн хэмжээг үндэслэн, зах зээлийн хандлагын тооцооллыг ашиглаж, зах зээлийн хандлагын сонгож 121,000,000 төгрөгөөр үнэлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмаар явагдсан гэж үзэхээр байна. Энэхүү ажиллагааны талаар гэрч Н.Цолмонгэрэлийн шүүх хуралдаанд мэдүүлсэн миний бие өөрийн биеэр орон сууцанд очин ажиллагаа явуулсан, ариун цэврийн өрөөний толинд туссан зураг нь миний зураг, гэрчилгээнд талбайн хэмжээг 18 мкв гэж бүртгэгдсэн, орон сууцыг гал тогоо тусдаа нэг өрөө байр гэсэн зах зээлийн хандлагын үнэлгээгээр үнэлсэн...ойролцоо гурван орон сууцны үнэлгээг харьцуулан үзсэн гэсэн мэдүүлэг нь үнэлгээний тайланд хавсаргасан баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэсэн агуулгаар гаргасан ба харин энэхүү үндэслэлээ нотолсон баримт мөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу шинжээч нь ямар байдлаар хөрөнгийн үнэгүйдүүлсэн гэх байдлыг тус тус нотолсон баримтыг гаргаагүй байна. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тогтоол, Файн эстимэйт ХХК -ийн үнэлсэн үнэлгээний тайланг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Файн эстимэйт ХХК -ийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.***************ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН