Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 290

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Т-т холбогдох эрүүгийн 201726030355 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркийн жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ,,,,, тоотод оршин суух, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б овогт Д-ийн Т

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 3 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим “Оюу” караокед дуу дуулах ээлжин дээр дуулуулсангүй гэж иргэн Ө.О-ын толгой болон нүүрэн тус газар нь цохиж бие махбодид тархи доргилт, зүүн зулай, дух, зүүн чихний урд хэсэг, хөхлөг, сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, дух хэсэгт шарх, зүүн хөхлөг хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 3 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлалтай “Оюу” төвийн нийтийн караокед хохирогчийн найз Ц.Н- нь шүүгдэгчийн найз Г.Т-д “дуугаа больчих, бүжгийн ая тавьчих” гэхэд нь “үгүй дуугаа дуулна” гэж маргалдаж байхад хохирогчийг “юу болоод байгаа юм бэ” гэж асуулаа хэмээн уурлаж түүнийг буйдан дээр сууж байхад нь толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

            2. Хохирогч Ө.О-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим өөрийн эхнэр М.С-, манай найз Б- түүний эхнэр Т-, найз Н- түүний эхнэр О- нарын хамт Өлзийт хороололд байдаг “Оюу” төвийн нийтийн караокед орж суусан юм. Бид нар 0,5 граммын Нийслэл шилтэй пиво 8 шил, 0,75 граммын Соёрхол архи 1 шилийг аваад хувааж уусан юм...Тухайн үед манай хажуугийн ширээний хүмүүс 3 дуу хийчихсэн байсан болохоор дуулсан. Тэгтэл манай найз Н- босч ирээд нөгөө залуучуудад караокены цаг дуусах гэж байна гэнэ та нар нэг дуугаа дуулчих үлдсэн хоёр дуу дээр нь бүжиглэж байгаад гарчихъя тэгэх үү ахын дүү нараа гэсэн чинь уг ширээн дээр сууж байсан зүс таних Тэгшбаттай /Т-/ хамт сууж байсан залуу босч ирээд та нартай ах дүү байснаа мэдэхгүй юм байна. Та нарын үе дууссан шүү гэж хэлсэн. Тэгтэл манай найз Н- уг залуу хоёр барилцаад авсан. Тэнд байсан хүмүүс шуугилдаад эхэлсэн. Тэгэхээр нь би хөөе яагаад байгаа юм бэ гэсэн чинь зүс таних Тэгшбат /Т-/ нэг найзынхаа хамт хүрч ирээд Тэгшбат /Т-/ намайг буйдан дээр сууж байхад заамдаж дараад гараараа 3-4 удаа...цохьсон...Тэгшбат /Т-/ нь Өлзийт хороололд байдаг болохоор зүс танина...Намайг яаж цохиж зодсоныг бол би сайн санахгүй байна...Одоо миний биеийн байдал зүгээр байна...эмчилгээний зардал, өвчтэй гэртээ байсан ажилдаа 10 хоног яваагүй болохоор 10 хоногийн цалин 400.000 төгрөгийг нэхэмжилж байна...намайг зодсон хүний нэрийг буруу мэдүүлсэн байна...Сүүлд өөрөөс нь бүтэн нэрийг нь асуухад өөрийгөө Д-ийн Т- гэж байсан...би үл ялиг нүүрээ хамгаалах маягтай тонгойсон чинь миний дух руу гараараа 3-4 удаа цохьсон...Манай эхнэр С-, эхнэрийн найз О- хоёр миний хоёр талд сууж байсан болохоор яг харсан...Миний учирсан гэмтлийг Д.Т- нь ганцаараа учруулсан...Хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал байхгүй. Д.Т-тай уулзаж эргээд хэвийн харьцаатай болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18, 19-20/

            3. Гэрч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нөхөр О-, найз Н- түүний эхнэр О-, Б- түүний эхнэр Т нарын хамт Өлзийт хорооллын “Оюу” төвийн караокед 21 цагийн үед орсон...25-30 орчим насны 3 залуу орж ирээд манайхтай зэрэгцээ ширээнд суусан. Тэд нар пиво ууж байх шиг байсан...манайхтай зэрэгцээ ширээнд сууж байсан залуучууд дуугаа захиалчихсан юм шиг байна лээ. Тэгээд манай найз Н- тэр залуучуудтай сүүлийн 3 дууг хуваая гэж ярилцахад нөгөөдөх үгүй гэсэн гэж хэлээд хоорондоо барилцаад авсан...Энэ үед манай нөхөр О- О- бид хоёртой юм яриад сууж байсан бөгөөд суугаагаараа “хөөе наана чинь юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь сүүлд нэрийг нь мэдсэн...Т- нь манай нөхрийг доош нь дараад толгой дух хэсэгт нь гараараа 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

            4. Гэрч О.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай найз Т-ийн морь сумын наадамд оролцож 5 дугаар байранд орсон тул тэмдэглэхээр болоод Т-, Т- бид гурав манай гэрт 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад хувааж ууцгаасан. Тэгээд нэг газар орж хэсэг сууя гэж ярилцаад Өлзийт хорооллын “Оюу” нэртэй караокед одоо миний санаж байгаагаар 22 цагт орцгоосон...Тэндээс 3 ширхэг...пиво...Соёрхол нэртэй архи захиалж авсан...манай дуулах ээлж ирээд 3 дуугаа захиалаад байж байтал манайхтай зэрэгцээ ширээнд сууж байсан сүүлд нь нэрийг нь мэдсэн Н- гэх залуу текенд зогсож байсан манай найз Т- дээр очоод “ахын дүү сүүлийн  дуугаа больчих ая тавьчихъя” гэхээр нь үгүй би өөрийн дуугаа дуулна гэхээр нь чи одоо яагаад  байгаа юм бэ гээд хоорондоо маргалдсан гэсэн...Тэгтэл ширээнд сууж байсан Н-гийн найз мөн сүүлд нэрийг нь мэдсэн нэг юм хэлээд орилсон....Т- тэр залуутай барилцаж аваад толгой руу нь гараараа цохьсон. Хэдэн удаа цохьсон эсэхийг нь мэдэхгүй байна...О-ын толгойноос нь цус гарч байсан. Удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

             5. Гэрч А.Мандухайн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Н- гэдэг залуу нь дуугаа больчих ахын дүү, хэдүүлээ үлдсэн цагт нь бүжилэе гэж хэлсэн. Тэгтэл нөгөө Т- нь бид нар орж ирээд удаагүй байна, дуугаа дуулмаар байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөөх нь бүжиглэе гээд маргалдаж эхэлсэн...Миний харснаар Т- нь О-ын толгой руу нь гараараа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/

            6. Гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хэрэг болсон өдөр болох 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн эхнэр М.О-, найз Ө.О- түүний эхнэр М.С-, найз Б.Б- түүний эхнэр Т-цэрэн бид зургаа гэрийнхээ ойролцоо байдаг “Оюу” төвийн караокены газарт оройн 20-21 цагийн үед орсон юм...Нийтийн караоке болохоор ширээнийхээ гурван дууг ээлжилж дуулцгааж байсан...Гэтэл уг газар нь хаана гэхээр нь би тек рүү очоод хаахаасаа өмнө бүжгийн ая тавьчих гэсэн. Тэгтэл Т- гээд залуу нь хажууд байсан ба “үгүй ээ бид нар дуугаа дуулна” гэсэн. Харин би “одоо хаахын хооронд дуулж байхаар бүжгийн ая тавьчих аа, ахын дүү, хамт бүжиглэж байгаад гаръя” гэсэн. Тэгтэл Т- нь “үгүй дуугаа дуулна” гээд бид энэ асуудлаас болж маргалдсан. Энэ үед хойноос найз Ө.О- нь “хөөш та хоёр яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Д.Т- нь амандаа үглээд найз Ө.О- руу очсон...Энэ маргаанд Ө.О-ыг хажуугаас нь орилж оролцлоо гээд уурлаж Ө.О- руу очиж түүнийг зодсон...Тухайн үед Б.Б- цагдаа дуудсан байсан...Удалгүй цагдаа нар ирээд Д.Т-ыг саатуулж авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

            7. Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Энэ хэрэг болсон өдөр болох 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр Ц.Н-, найз Т- түүний нөхөр Б-, мөн найз С- түүний нөхөр О- нарын хамт Өлзийт хороололд байдаг “Оюу” нэртэй караокены газарт орой 20-21 цагийн үед явж орсон...Нийтийн караоке болохоор ширээ болгон гурван дуу дуулдаг юм. Өөрөөр хэлбэл гурван дуугаа дуулж дуусаад дараагийн ширээндээ дуулах эрхээ шилжүүлдэг юмаа. Удалгүй уг газар хаахаар болсон. Ингээд хаахын өмнө сүүлийн хэдэн минутанд нь бүжиглье гэж бодсон...Тэгээд миний нөхөр Ц.Н- нь тек рүү очоод “та нар дуугаа болиод бүжгийн ая тавьчих, үлдсэн хэдэн минутанд нь хамт бүжиглье” гэж хэлсэн. Тэгтэл Т- гэдэг залуу нь “үгүй ээ бид хэд дуугаа дуулна” гээд маргалдсан. Тэгтэл найз О- нь “хөөш та яагаад байгаа юм бэ” гэхэд Т- нь “чамд ямар хамаатай  юм, чамтай яриагүй байна, бид нар дуугаа дуулна” гээд маргалдаж О-ыг Т- нь гарынхаа нударгаар хэд хэдэн удаа толгойн тус газар нь цохьсон...Салгасны дараа Б- нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Т-ыг саатуулж авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

            8. Гэрч Э.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Уг хэрэг болсон өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн найз Ө.О- түүний эхнэр М.С- миний эхнэр А.Т, найз Ц.Н- түүний эхнэр овгийг нь мэдэхгүй юм байна. О- нарын хамт бид хэд ойрд хамт нэг газар суугаагүй болохоор тухайн үед бөөндөө нэг газар орж сууя гэж бодоод Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Оюу” төвийн караокены газарт 20-21 цагийн үед орцгоосон...Энэ хооронд бид нар ойр зуурын юм ярьж, дуу дуулсан...Мөн тухайн үед одоо энэ хэргийн сэжигтэн Т- болон түүний овгийг нь мэдэхгүй байна, Ц, Т- нар нь бидний ойролцоо ширээн дээр сууцгааж байсан...Тэгтэл уг газар нь хаана гэсэн ба дээрх гурвын нэг нь тек рүү очоод үйлчлэгч эмэгтэйтэй нь “дуугаа дуулах талаар” яриад зогсож байсан юм. Харин энэ үед манай ширээнээс найз Н- нь тек рүү очоод нөгөө хэдэд хандаад “дүү нар дуугаа больчих оо, одоо үлдсэн хэдэн минутанд нь бүжгийн ая тавиад бүжиглэж байгаад гаръя” гэсэн. Харин нөгөөх нь “үгүй дуугаа дуулна” гээд тэд маргалдсан. Харин энэ үед нь найз Ө.О- нь ширээн дээрээс “хөөш та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлээд босоод ирэхэд нь хажуугаас нь энэ хэргийн холбогдогч Д.Т- нь “чи муу юу гээд байгаа юм, дуу дуулуулахгүй” гэж хэлээд Ө.О-ыг барьж аваад гарынхаа нударгаар нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон болохыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3424/-ний дүгнэлт:

                        -Ө.О-ын биед тархи доргилт зүүн зулай, дух, зүүн чихний урд хэсэг, хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, дух хэсэгт шарх, зүүн хөхлөг хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

                        -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 37/

            10. Яллагдагч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хоёр найз О.Ц, Г.Т- хоёртой хамт Өлзийт хороололд байдаг “Оюу” нэртэй төвийн караокед 22 цаг өнгөрч байхад явж орсон...Бид гурвыг ороход уг газарт хохирогч...нь эхнэр найзуудынхаа хамт орж ширээн дээр сууцгааж байсан...хамгийн сүүлд манай ширээ гурван дуугаа дуулах болоод дуулах гээд байж байтал уг газар хаахаар болсон. Тэгэхээр нь бид нараас Т- нь текен дээр очоод “одоо манай ширээний гурван дуугаа дуулах ээлж ирсэн байна, хаахаас чинь өмнө гурван дуугаа дуулчихъя” гээд хүмүүстэй нь яриад байж байтал хажуугаас нь Н- гэдэг хохирогчийн найз ирээд “та нар дуугаа больчих, одоо угаасаа хаах гэж байгаа юм чинь жаахан бүжиглэж байгаад гарцгаая” гэж хэлсэн гэсэн. Харин найз Г.Т- нь “үгүй бид гурав дуугаа дуулна” гэсэн. Харин нөгөөх нь “бүжгийн ая тавьчих” гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Би салгахаар очих гэж байтал хажуугаас хохирогч Ө.О- нь “хөөш та нар яах гээд байгаа юм бэ муусайн юмнууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чамд хамаагүй шүү, та нар яагаад дуулуулахгүй байгаа юм бэ” гэхэд “яадаг юм” гэхээр нь би түүн рүү явж очоод ширээнийх нь хажууд түүний толгойны буюу духны зүүн хэсэг, нүүрэн тус газар нь гараараа нударгаар 3 удаа цохьсон...Би хохирогч Ө.О-ыг гараараа цохьсон...Би энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Надаас өөр хүн хохирогч Ө.О-ыг цохиж зодоогүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогч Ө.О-т хохирлын 400.000 төгрөгийг нь бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Т- нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эдэлж дууссан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-ийн 58, 64-67, 71/-аар тогтоогдлоо.

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй ялгүй болно” гэж заасныг зөрчиж ялтай байхдаа 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон боловч 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3424/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 3 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлалтай “Оюу” төвийн нийтийн караокед хохирогчийн найз Ц.Н- нь шүүгдэгчийн найз Г.Т-д “дуугаа больчих, бүжгийн ая тавьчих” гэхэд нь “үгүй дуугаа дуулна” гэж маргалдаж байхад хохирогч Ө.О-ыг “юу болоод байгаа юм бэ” гэж асуулаа хэмээн уурлаж түүнийг буйдан дээр сууж байхад нь толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулай, дух, зүүн чихний урд хэсэг, хөхлөг, сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, дух хэсэгт шарх, зүүн хөхлөг хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ө.О-т 400.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 92/, утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 115/ зэргийг харгалзан Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т-т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Д.Т-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР