| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0015/З |
| Дугаар | 128/ШШ2023/0680 |
| Огноо | 2023-09-12 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2023/0680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Жадамба
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Д.Зоригт нарын хоорондын Ц.Жадамбыг Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Ц.Жадамбыг Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар маргаж байна
2. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Жадамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад бүртгэлийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаснаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8/8513 дугаар албан бичгээр ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно" гэж, мөн зүйлийн 20.1.10-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх" гэж заасан тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгсөн.
Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний үндэслэлээ:
1/. ...надад 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуудсан зарлан дуудах мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийн дагуу миний бие 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч Д.Оюугийн зарлан дуудах хуудасны дагуу очиж уулзаад миний нэр дээр "Жи Эм И" ХХК-ийг үүсгэн байгуулж, 55 хувийн хувьцааг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас бүртгэсэн болохыг мэдлээ. Ц.Жадамба миний бие "Жи Эм И" гэх ХХК-ийг үүсгэн байгуулж байгаагүй бөгөөд компани үүсгэн байгуулах ямар нэгэн бичиг баримт дээр гарын үсэг зураагүй, мөн хүсэлт өгч байгаагүй болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаагаар миний нэр дээр "Жи Эм И ХХК нь үүсгэн байгуулагдсан байна.
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжаар "Жи Эм И" ХХК-иас 308.265.709 төгрөг гаргуулж Хадгаламж банканд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгааг мэдлээ. Шийдвэр гүйцэтгэлийн материалаас харахад дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1Оюу дугаар тогтоолоор үүссэн байх боловч "Жи Эм И" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байсан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн хугацаанаас хойш шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар надад огт мэдэгдэж, дуудаж байгаагүй болно.
2/. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Жадамба надад анх 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх болон зарлан дуудах тухай мэдэгдэл өгсөн. Миний бие "Жи Эм И гэх ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байгаагүй, энэ талаар огт мэдээгүй байж уг компанийн өр төлбөрийг хариуцах болоод байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хууль бус бүртгэлээс болж миний эрх ашиг зөрчигдөж байна. Энэ талаарх гомдлоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8/8513 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн тул хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан болно.
Иймд Ц.Жадамба миний зөвшөөрөл, хүсэлтгүй үүсгэн байгуулсан "Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшихээр бүртгэсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн газрын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:
1/. 2748053 тоот регистрийн дугаартай "Жи Эм И" ХХК нь 2003 оны 02 сарын 27-ны өдөр улсын бүртгэлд Монгол улсын иргэн Д.Зоригт 55, Б.Нацагдорж 15, Н.Алгаа 15. Л.Аюур 15 хувийн хувьцааг тус тус эзэмшиж бүртгүүлсэн байна. Дараа 2005 оны 05 сарын 11-ний өдөр 55 хувийн хувьцаа эзэмшигч Д.Зоригт өөрийн эзэмшлийн хувьцаагаа иргэн Ц.Жадамбад шилжүүлж бүртгүүлсэн байна. Тухайн үед үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг, 22.1 Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ, 22.1.1 Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 22.1.2. Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 22.1.3. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.4. Улсын тэмдгийн хураамж тушаасан баримт, бүрдүүлнэ гэж заасан байна.
2/.Уг бүртгэлийг бүртгэхэд дараах баримт бичгийг үндэслэн бүртгэсэн байна. Үүнд: УБ-05 маягт /компанийн тамгатай/, улсын тэмдгийн хураамж тушаасан баримт, иргэн Д.Зоригт болон Ц.Жадамбаа нарын гар өргөдөл гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын тамгатай, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр 5 хувьцаа эзэмшигчдийн гарын үсэгтэй болон гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын тамгатай, иргэн Ц.Жадамбаагийн иргэний үнэмлэхийн хуулбар товч анкет, иргэн Д.Зоригт, Ц.Жадамбаа нарын хооронд хийгдсэн хувьцаа шилүүлэн эзэмших тухай нотариатын гэрээ, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн, компанийн шинэчилсэн дүрэм зэргийг хавсаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг үндэслэн бүртгэл хөтөлсөн нь хуулийн дагуу гэж үзэж байна. Хууль зөрчсөн үйлдэл харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3/.2005 онд иргэн Д.Зоригт нь өөрийнхөө эзэмшлийн 55 хувийн хувьцааг иргэн Ц.Жадамбад шилжүүлсэн. Тухайн үед үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль буюу заасан шилжүүлэхэд шаардлагатай бүхий л баримтуудыг хавсаргасан. Үүнд, маягт бөглөсөн, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хувь нийлүүлсэн этгээдүүдийн хулын шийдвэр, анкет, нотариатын гэрээ, шинэчилсэн гэрээ зэрэг бүхий л баримтуудыг хавсаргасан. Иймд Ц.Жадамбын гаргаж байгаа нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.Жадамба тус шүүхэд хандаж Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...тухайн бүртгэлийн талаар мэдээгүй, намайг оролцуулахгүйгээр миний гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэлийг хийлгэсэн, энэ компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тухайн бүртгэлийг хийхдээ хуульд заасан бүх нотлох баримтуудыг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгсний дагуу бүртгэсэн, бүртгэл хууль зөрчөөгүй гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
-Жи Эм И ХХК нь анх 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.Зоригт-55, Б.Нацагдорж-15, Н.Алгаа-15, Л.Аюур-15 хувийн хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, 2748053 тоот регистрийн дугаартайгаар улсын бүртгэлд бүртгүүлсэн,
-2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Д.Зоригт нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа иргэн Ц.Жадамбад шилжүүлснээр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлсэн ба ийнхүү бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн байгууллагад УБ-05 маягтыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх удирдлага-Л.Аюур УБ-05 маягтыг бөглөсөн, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэн Д.Зоригтын, 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гараар бичсэн компанийн үйл ажиллагаанд цаашид оролцох боломжгүй болсон тул компанийн гишүүнээс чөлөөлж өгнө үү гэх өргөдөл, мөн Д.Зоригтоос 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Компанийн захиргаанд гаргасан өөрийн эзэмшиж байгаа 550 ширхэг хувьцаагаа иргэн Ц.Жадамбаад шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул зохих өөрчлөлтийг хийж өгнө үү гэх өргөдөл /гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн тамгатай/, Жи Эм И ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2005 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр /5 хувьцаа эзэмшигч үүн дотор Д.Зоригт, Ц.Жадамбаа нарын нэр болон гарын үсэгтэй, гарын үсгийн үнэн зөвийг 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ц.Алтанзаяа нотариатч гэрчилсэн нотариатын тамгатай/, Иргэн Ц.Жадамбын иргэний үнэмлэхийн хуулбар, товч анкет, иргэн Д.Зоригт, Ц.Жадамба нарын хооронд хийсэн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ, Жи Эм И ХХК-ийн шинэчилсэн дүрэм /нотариатаар гэрчлүүлсэн/, Ц.Жадамбаагаас 2005 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Жи Эм И ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан ...компанийн үйл ажиллагаанд оролцох болсон тул тус компанийн гишүүнээр элсүүлж өгнө үү гэх өргөдөл /уг өргөдлийг 2005 оны 5 сарын 11-ний өдөр нотариатч гэрчилсэн/, Жи Эм И ХХК-ийн дүрэм /уг дүрмийн ард Л.Аюур, Ц.Жадамбаа, Б.Нацагдорж, Н.Алгаа нар гарын үсгээ зурсан/ зэргийг хавсаргаж ирүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ: баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;, 22.1.2-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;, 22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;, 22.1.4 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт., гэж заасан.
Дээрх хуулийн заалтаас үзвэл 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Д.Зоригт нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа иргэн Ц.Жадамбад шилжүүлснээр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж холбогдох баримт бичгийг хавсаргаж хүргүүлсэн нь хуульд нийцсэн, улсын бүртгэгчээс мэдүүлгийг буцаах үндэслэл үүсээгүй тул хүлээн авч бүртгэсэн нь хууль зөрчөөгүй.
Харин ийнхүү бүртгэсний дараа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3/433 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж ...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 1569 дүгээр шийдвэрээр Жи Эм И ХХК-иас 308 265 710 төгрөгийг дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн...-ийг дурдаад хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлэх, шилжилт хөдөлгөөнийг зогсоох...-ыг мэдэгдсэн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн Шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2493 дугаар бүхий Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар тус шүүхийн Шүүгчийн 2011 оны 1569 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээр Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Жадамбад Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн, Ц.Жадамба нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн үйл баримтууд тогтоогдов.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 183/ШШ2022/03455 дугаар шийдвэрээр Ц.Жадамбаас Д.Зоригтод холбогдуулан ...Жи Эм И ХХК-тай холбоотой ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй, хувьцаа шилжүүлэх тухай гэрээн дэх гарын үсэг миний гарын үсэг биш тул уг хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл...гэх үндэслэлээр гаргасан Ц.Жадамба Д.Зоригт нарын хооронд 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өрийн 183/ШШ2022/03455 дугаар шийдвэрт ...2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ гэсэн баримтын доод хэсэгт Гэрээ байгуулсан гэсэн хэсгийн Иргэн Ц.Жадамбаа гэсний доор зурагдсан гарын үсэг нь Ц.Жадамбын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна... гэж, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1129 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...УБЕГ-ын архивт 26/3541Депо гэсэн гарчигтай хавтаст материалд хадгалагдах 2005.4.25-ны огнооотой Хувьцаа шилжүүлэх эзэмших тухай гэрээ гэсэн баримтын Гэрээ байгуулсан: Иргэн Ц.Жадамбаа гэсний дээр зурагдсан гарын үсгүүд нь Цэгмэдийн Жадамбаагийн нэр дээрх Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт гэсэн баримтын 24.Үнэмлэх хүлээн авсан, 26.Гарын үсэг гэсний ард тус тус зурагдсан гарын үсгүүдтэй элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна гэх Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон, ингэснээр Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Жадамбыг бүртгэх үндэслэл болгосон нотлох баримт буюу Ц.Жадамба Д.Зоригт нарын хооронд 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ хүчин төгөлдөр бус болох нь нэгэнт тогтоогдсон, түүнийг шүүх дахин нотлохгүй тул эдгээр үндэслэлүүдээр Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Жадамбыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: гэж, 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно. 7.6-д Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна. 7.7-д Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж тус тус заажээ.
Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл Жи Эм И ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар бүртгэлийн байгууллагад ирүүлсэн нотлох баримт хүчин төгөлдөр бус болох нь хожим иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, уг хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх суурь зарчмын дагуу Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Жадамбааг бүртгэсэн бүртгэлийг энэ шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох нь зүйтэй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан хүсэлт ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 19 дүгээр зүйлийн 19.4.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Жадамбаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Жи Эм И ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Жадамбааг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН