Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/147

 

 

Э.Ээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Банзрагч,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Ээд холбогдох 2106 00000 1547 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-ын Э, 19.. оны ... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., хамт ....... дүүргийн ... дугаар хороо, ... хэсэг .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

Э.Э нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 21-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй зочид буудлын 4 давхрын 401 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Ттай маргалдаж, улмаар түүний хоолойг гар утасны цэнэглэгчийн оосроор боож хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Э-ын Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Ээд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Эийн урьд цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “МоХом” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн 102 см урттай USB залгуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ээд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн энэхүү гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ маш их харамсаж, гэмшин өдөр бүр ухамсарлан бодож байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөөс чин сэтгэлээсээ дахин дахин уучлал хүсэж, гүн харамсаж байгаагаа дахин илэрхийлж байна. Мөн гэмт хэргийн тухайд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө илчилж гэмт хэргээ үнэн зөв, чин шударгаар хэлж мэдүүлсэн. Цаашилбал миний бие өндөр настай ээж болон тун удахгүй хэдхэн хоногийн дараа төрөх гэж буй эхнэрийн хамт амьдардаг ба өөрийн энэ болчимгүй үйлдлээс болж ар гэрийнхэнийгээ сэтгэл санааны хүнд хэцүү байдалд оруулсандаа үнэхээр их харамсаж байна. Иймд эрхэм хүндэт шүүгч та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэхэд дээрх байдлуудыг болон анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг минь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оноосон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч Баасанхүүгийн Түвшинжаргал нь миний төрсөн дүү минь билээ. Миний дүүгийн амийг зэрлэгээр хөнөөсөн Э.Ээд маш их гомдолтой байна. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Э нь нэг ч удаа гэм буруугаа хүлээгээгүй. Харин үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг миний дүүгийн буруу байсан учраас алсан гэж хэлээд зогсож байсан. Гэм буруугаа хүлээхгүй байхад анхан шатны шүүх хэргийг хөнгөрүүлэн нээлттэй хорих ангид ял эдлүүлж байгааг хуульд нийцээгүй шийдвэр гэж ойлгож байна. Э.Э нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 21-23 цагийн үед миний дүүгийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн. Бидэнд 2021 оны 7 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Бид сандарч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон боловч бидэнд болсон үйл явдлыг ч тайлбарлаж хэлэхгүй ойлгомжгүй байсан учраас 24 цагийн үед өмгөөлөгч П.Гансүхэд хандаж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч ажилснаар дүүгээ хүний гарт зэрлэгээр алуулсаныг, мөн цогцос нь шүүх эмнэлэг дээр задлан шинжилгэннд орсныг мэдсэн байдаг. Мөн өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн. Өмгөөлөгчийн зөвөлсөнөөр дүүгийнхээ буяны ажлын бүх зардлыг нотлох баримтын хамт нийт 24.660.000 төгрөгийн хохирлын тооцоог мөрдөгч болон шүүхэд гаргаж өгсөн байдаг. Миний 70 нас хол давсан ээж отгон охиноо, миний хувьд хайртай отгон дүүгээ бусдын гарт зэрлэгээр алдсандаа одоог хүртэл итгэж өгөхгүй хар дарсан зүүд мэт амьдарч байна. Бид мөнгө төгрөг элбэг хүмүүс бишээ, дүүгийнхээ буяны ажлыг дутуу зүйлгүй хийчих санаатай хүнээс хүртэл мөнгө зээлж эд материалыг нь худалдаж авч 21, 49 хоногийн буяны ажлыг нь хийсэн. Эд материал авахдаа нэг өдрийн дотор бүгдийг нь авч амжихгүй учир өдөр өдрөөр бага зэргээр цуглуулж нотлох баримтаа үнэнч шудрагаар шүүхэд гаргаж өгсөн. Шүүх сар өдрүүд зөрүүтэй байна гэдгээр зарим гэм хорын хохирлыг тооцохгүй үлдээж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг зөвтгөн шийдэж, алуурчинд зохих шийтгэлийг хуулийн дагуу оноож гэм хорын хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч Б.Банзрагч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өөрийн хүсэлтээр өнөөдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд хохирогчийн ар гэрээс уучлал гуйж буйгаа шүүх хуралдаан дээр албан ёсоор илэрхийлж байна. Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн даруй цагдаад дуудлага өгч, гэмт хэргээ үнэн зөв, чин шударгаар хэлж мэдүүлсэн. Гэмт хэргийн тухайд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө илчилсэн. Шүүгдэгч Э.Э нь хавтаст хэргийн нотлох баримтаас үзэхэд хохирогчийн амь насыг санаатай хохироох гэж боогоогүй гэж үзэж байна. Учир нь цагдаад хэлэхдээ “би хүн алчих шиг боллоо” гэсэн байдаг. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хэргийн зүйл заалтыг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү гэсэнд өмгөөлөгчийн хувьд ял хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж тайлбар гаргасан. Иймд үйлчлүүлэгчийнхээ гомдол болон өөрийн гаргасан тайлбараа дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг үнэн зөв тогтоосон. Харин хохирол төлбөр дээр эргэлзээтэй байдал байдаг. Үйлчлүүлэгчдээ хууль ёсны зөвөлгөө өгч учирсан хохирол төлбөрөө бодит баримтын дагуу гаргаж өгсөн. Хохирогч 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 21-23 цагийн үед нас барсан. 2021 оны 7 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон боловч болсон үйл явдлыг тайлбарлаж хэлэхгүй, ойлгомжгүй байсан учраас 00 цагийн үед хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр ажилснаар хохирогч нь хүний гарт алуулсаныг, мөн цогцос нь шүүх эмнэлэг дээр задлан шинжилгээнд орсныг мэдсэн байдаг. Өмгөөлөгчийн зардал бодит зардалд орох ёстой. Мөн үйлчлүүлэгчид маань гарсан хохирол, төлбөрийг гаргаж өгсөн баримтын дагуу үнэн зөвөөр тогтоож өгнө үү.” гэв.

            Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцлаа. Шүүгдэгч Э.Э нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн. Шүүгдэгч Э.Этэй хохирогч нь 5 жил харилцаа холбоотой байсан ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэх хүртэл урьдын харилцаанд үүссэн зүйлүүд яригдаж байсан учраас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн зүгээс гаргасан гомдлын тухайд хохирлын баримтыг анхан шатны шүүхээс он, сар зөрүүтэй, бензин шатахуун, ламд өгсөн төлбөр, өмгөөлөгчийн зардал зэргийг хасаж тооцсон нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.Э нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 21-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй зочид буудлын 4 давхрын 401 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Ттай маргалдаж, улмаар түүний хоолойг гар утасны цэнэглэгчийн оосроор боож хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1500 дугаартай “...Талийгаач Б.Тын цогцост хүзүүний доод хэсэгт эгэмний дотор хэсгээс дээш 2.5 см зайд хөндлөн, хүзүүний урд хэсэгт зөрүүлж давхарласан, 2 талын үзүүр хэсэг арагш дээш өргөгдөж хүзүүний ар хэсэгт задгай төгссөн, 0.8-1 см өргөн дарагдлын ором, ховч ясны зүүн сэртэнгийн хугарал, таглаа мөгөөрс, цагаан мөгөөрсөн хоолойн цэгчилсэн цус харвалт, гүйлсэн булчирхайн цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн гарын тохойн урд хонхор, баруун ташаа, умдгийн зүүн хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Б.Тын цогцост хүзүүний доод хэсэгт эгэмний дотор хэсгээс дээш 2.5 см зайд хөндлөн, хүзүүний урд хэсэгт зөрүүлж давхарласан, 2 талын үзүүр хэсэг арагш дээш өргөгдөж хүзүүний ар хэсэгт задгай төгссөн, 0.8-1 см өргөн дарагдлын ором, ховч ясны зүүн сэртэнгийн хугарал гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, харин хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн гарын тохойн урд хонхор, баруун ташаа, умдгийн зүүн хажуу хэсэгт эгэмний дотор хэсгээс дээш 2,5 см зайд хөндлөн, хүзүүний урд хэсэгт зөрүүлж давхарласан, 2 талын үзүүр хэсэг арагш дээш өргөгдөж хүзүүний ар хэсэгт задгай төгссөн, 0.8 см-1 см өргөн дарагдлын ором, ховч ясны зүүн сэртэнгийн хугарал гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, харин хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн гарын тохойн урд хонхор, баруун ташаа, умдгийн зүүн хажуу хэсэгт цус хуралт гэмтлүүд н мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Талийгаач Б.Тын цогцост механик амьсгал бүтэлт, боолтын улмаас хүзүүний доод хэсэгт эгэмний дотор хэсгээс дээш 2.5 см зайд хөндлөн, хүзүүний урд хэсэгт зөрүүлж давхарласан, 2 талын үзүүр хэсэг арагш дээш өргөгдөж хүзүүний ар хэсэгт задгай төгссөн, 0.8-1 см өргөн дарагдлын ором, ховч ясны зүүн сэртэнгийн хугарал гэмтэл үүсч амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...” /1хх 102-103, 104-113/ гэсэн дүгнэлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн “...2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед “хүнтэй уулзана” гэж гарсан. Ямар хүнтэй хаана уулзахаа хэлээгүй. Гэрээс гарч яваад 20 цагийн үед манай хүү Цогт-Очир руу залгаад Энхжин гэх хүний данс руу 5.200 төгрөгөөр 30 минутын зайтай мөнгө шилжүүлсэн. Манай хүү 21 цагийн орчимд юм асуух гээд залгахад гар утас нь холбогдохгүй байсан гэж хэлэхээр нь би гар утасны цэнэг нь дууссан байх гэж бодсон. Би 21 цагийн орчимд өөрийн 88213366 гэсэн дугаараас талийгаачийн 98811131 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд 00 цагийн орчимд залгахад утас нь дуудаж байсан. Би Энхсүх гэх хүнийг танихгүй нэрийг нь сонсож байсан. Талийгаач надад энэ хүний талаар юм ярьж байгаагүй. ...” /1хх 44-47, 50/ гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Цогт-Очирын “...2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед талийгаач гэрээс гарахаар нь “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад “хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд явсан. Хэнтэй хаана уулзах талаараа хэлээгүй. Гарч яваад удалгүй 19 цаг 20 минутын үед залгаад “Хаан” банкны 5075491245 гэсэн дансны дугаар өгөөд “5200 төгрөг шилжүүлчих” гэсэн юуны төлбөр ямар учиртай талаараа хэлээгүй. Түүний дараагаар 20 цагийн орчимд мөн 5075491245 гэсэн данс өгөөд “5200 төгрөг шилжүүлчих” гэхээр нь дахиад явуулсан. Би 20 цаг 55 минутад талийгаачаас юм асуух гээд түүний 98911131 гэсэн дугаар руу залгахад миний асуусан асуултад хариулаад утсаа салгасан. Утсаар ярьж байхад битүү газар цаана нь 2-3 залуучууд юм яриад байгаа чимээ сонсогдсон. Дахиад 22 цагийн орчимд найзынхаа утаснаас талийгаач руу залгахад утас нь дуудаад байсан боловч авахгүй байсан. ...” /1хх 58-59/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Оюумаагийн “...2021 оны 7 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчимд манай “Тэргэл” зочид буудалд 30 арай хүрээгүй байрын эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гаднаас орж ирээд “өрөө байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “нэг ортой өрөө байна 35000, 45000 төгрөгийн үнэтэй” гэхэд тэр эмэгтэй “45000 төгрөгийн өрөөнд чинь оръё” гэж иргэний үнэмлэхээ үлдээгээд төлбөрөө бэлнээр хийсэн. Тэр хоёр хүний эмэгтэй нь яриад тооцоо хийгээд байсан. Харин хамт байсан эрэгтэй нь юу ч яриагүй чимээгүй байгаад байсан. Тэр хоёр гартаа тортой пиво барьчихсан байхаар нь би “архи согтууруулах ундааны зүйл оруулахгүй” гэж хэлэхэд тэр эмэгтэй “зүгээрээ эгчээ асуудал гаргахгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр манай зочид буудлын дөрвөн давхрын 401 тоот өрөөнд орсон. Ямар нэг чанга дуу чимээ гараагүй бөгөөд 23 цагийн орчимд хоёр цагдаа орж ирээд 4 давхарт хүн байгаа юу гэж хэлээд гарахад нь би болсон явдлын талаар мэдсэн. ...” /1хх 61/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Энхцацралын “...2021 оны 7 дугаар сарын 25-ны орой талийгаач манай нөхөр рүү “Р.Батжаргал (манай ээж), Д.Энхцацрал гэж хэн юм бэ? энэ хүмүүстэй ямар холбоотой юм, надтай холбоо бариарай, хэлэх зүйл байна” хэмээн мессеж ирсэний дараа талийгаач ахин надруу найзын хүсэлт явуулсанг манай нөхөр хараад ихээр цочирдсон. Тэгээд талийгаачтай өөртэй нь юу ярих гээд байгааг асууж холбоо барьсан. Гэтэл “маргааш сүүлийн өдөр, маргааш уулзаад л бүгдийг цэгцэлнэ, маргааш бүгдийг дуусгая хоёулаа. Тийм болохоор заавал уулзана, уулзахгүй гэвэл миний юу хийхийг чи мэдэж байгаа. Надад хэвлэн нийтлэх эрх байгаа. Би энэ хүмүүсийн чинь зургийг цацаж чадна шүү” гэж хэлэхэд нь манай нөхөр үнэхээр их айж байгаа ч намайг давхар айлгаж, цочирдуулахгүй гэсэндээ “ингээд очоод хэлснээр нь уулзаад тайлбарлаад хэлчихээр хэсэгтээ чимээгүй болчихдог юмаа. Тийм болохоор хайр нь уулзсан нь дээр байхаа. Энэ хаанаас юунаас танай гэрийнхний зураг хөргийг олсныг мэдэхгүй ч тэр өгөх юмыг нь авч хараад ирье, миний хайр айлгүй хүлээж байгаарай. Ганцаараа гэртээ үлдэхэд хэцүү байвал найзуудтайгаа уулзаж байгаарай. Хайрт нь уулзаж дуусаад очиж авъя. Тэгээд харъя” гэж хэлж миний сэтгэлийг тайвшруулаад 2021 оны 7 дугаар сарын 26-нд уулзахаар явсан. Чухам тэр 2 уулзаад юу болсон талаар надад өөр нэмж хэлэх зүйл алга байна. ...” /1хх 70-72/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Т над дээр ганцаараа ирсэн юм. Тэгсэн чинь Б.Т нь “Молор” нэртэй зочид буудал руу орохоо больё хажуу талд байрлах зочид буудал руу орьё гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт орсон юм. Одоо тухайн буудлын нэрийг нь тоотыг санахгүй байна, одоо санаж байгаагаар 4 давхар гэж бодож байна. Харин зочид буудал руу орохоос өмнө зочид буудлын хажууд байрлах хүнсний дэлгүүр рүү 1 шил архи /хэмжээг нь санахгүй байна/, 4 шил Сэнгүр нэртэй пиво, ундаа авч орсон юм. Б.Т бид хоёр буудлынхаа өрөөнд ороод авсан архи согтууруулах ундааны зүйлээ хамт хэрэглээд сууж байсан чинь урьд өмнөх асуудал буюу миний танил хүмүүс рүү маш их худал мэдээллийг интернетээр явуулдаг, дахин явуулах талаар надад орилж, ууралж хэлж байсан. Тэгээд л би бачуурч уурлаад санаа сэтгэл тогтворгүй болж хажууд байсан гар утасны цагаан өнгөтэй цэнэглэгч байхаар нь шууд хоолой /хүзүү/ хэсгээр нь ороогоод чангалаад татсан юм. Энэ асуудал нь хэр удаан үргэлжилсэн талаар сайн санахгүй байна. Улмаар намайг боогоод байж байхад Б.Тын бие нь чичрэх гэх үү, салганах гэх үү тэгэхээр нь би үйлдлээ зогсоосон юм. Намайг боохоо зогсоосноос хойш Б.Т нь ямар нэгэн байдлаар надтай юм ярих, үйлдэл хийсэн зүйл байхгүй. Улмаар би өөрөө 98931131 дугаараас Цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Би хүн алчих шиг боллоо” гэсэн утгатай дуудлага өгсөн юм. Би тухайн өрөөнөөс гараагүй байж байсан, гарах ч үйлдэл хийгээгүй байсан чинь маш хурдан л цагдаагийн алба хаагч нар орж ирсэн юм. ...” /1хх 52-55/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-22/, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 31/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотолбол зохих байдал хөдөлбөргүй тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Эийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Э.Эийн иргэн Б.Ттай маргалдаж, улмаар түүний хоолойг гар утасны цэнэглэгчийн оосроор боож механик амьсгал бүтэлт, боолтын улмаас хүзүүний доод хэсэгт эгэмний дотор хэсгээс дээш 2.5 см зайд хөндлөн, хүзүүний урд хэсэгт зөрүүлж давхарласан, 2 талын үзүүр хэсэг арагш дээш өргөгдөж хүзүүний ар хэсэгт задгай төгссөн, 0.8-1 см өргөн дарагдлын ором, ховч ясны зүүн сэртэнгийн хугарал гэмтэл үүсч амьсгалын цочмог дутагдалд оруулж, хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Э.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.Эийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг “...Шүүх сар өдрүүд зөрүүтэй байна гэдгээр зарим гэм хорын хохирлыг тооцохгүй үлдээж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг зөвтгөн шийдэж, алуурчинд зохих шийтгэлийг хуулийн дагуу оноож гэм хорын хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас 8.953.003 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгчийн гэр бүлээс 11.500.000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс ямар баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа, аль баримт нь шаардлага хангахгүй байгаа талаар тодорхой дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1372 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1372 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ        

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ