Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/01540

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 11 182/ШШ2024/01540

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 33 дугаар хороолол, ....................ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 58 тоот, .......................-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээг цуцалсны улмаас 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Долгор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Х ш ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Х ш ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ажлын талбай түрээслэх гэрээ-г 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар тутамд 10,000,000 төгрөгийг талбайн түрээсийн үнэд урьдчилан төлөх нөхцөлтэй байгуулсан юм.

Түрээслэгч би Ажлын талбай түрээслэх гэрээ-нд зааснаар түрээсийн төлбөрт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "Х ш ХХК-ийн Хас банк дахь ........ тоот дансанд 20,000,000 төгрөгөөр 3 удаа нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлж, урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд түрээсийн үйл ажиллагаагаа эхлүүлэх түрээсийн талбай эзэмшихээр болсон юм.

Гэвч Х ш ХХК нь түрээсийн талбай-г чөлөөлж гаргаж өгнө, өнөөдөр, маргааш гэсээр цаг хугацаа алдаж байсаар гэнэт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр надтай гэрээ байгуулсан М.Одонцэцэг 94/23 дугаартай албан бичгээр "Түрээсийн гэрээ цуцлах тухай" мэдэгдсэн.

Уг мэдэгдэлд "... О.Б та манай Шонхор худалдааны төв дээр түрээсийн үйлчилгээ эрхлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Таны эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байтал манай захын түрээслэгч нараас өмнөх жилүүдэд булчин, цоройн мах авчхаад мөнгийг нь өгөөгүй, их хэмжээний мөнгөө алдсан гэх гомдол, санал сүүлийн үед маш ихээр ирж байна Бид Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд зөв, шударгаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллаж бизнесийн байгууллагын мөрдөх ёс зүйн хэм хэмжээг сахин ажилладаг тул таныг энэхүү асуудлаа зөв зохистойгоор шийдвэрлэтэл манай байгууллагын зүгээс ажлын байраар хангаж, гэрээг үргэлжлүүлэх боломжгүй. Бусдыг хууран мэхэлж, залилах нь гэмт хэрэг бөгөөд гомдол гаргаж буй түрээслэгч нарын өр зээлийг барагдуулж, хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдвэрлэж дуусах хүртэл бид таньтай байгуулсан түрээсийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр цуцлах саналтай байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Таныг үүсээд буй асуудлаа зөв зохистойгоор шийдвэрлэж дууссаны дараа бид тантай хамтран ажиллахад татгалзах зүйлгүй болно" гэж бичиж ирүүлсэн.

О.Б надад "Шонхор худалдааны төв"-д үйл ажиллагаа эрхэлдэг зарим хүмүүстэй тооцоо нийлэх, бага сага өглөг, авлага байсан нь үнэн бөгөөд "Х ш ХХК-тай байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "Ажлын талбай түрээслэх гэрээ"-ний нөхцөлд хамааралгүй байсан ч би гомдол гаргасан гэх иргэдтэй тооцооны дэвтрээ барьж очин тооцоо нийлэх, өглөг, авлагын асуудлыг шийдвэрлэж, тохиролцоонд хүрсэн тухайгаа М.Одонцэцэгт биеэр мэдэгдсэн билээ.

Гэвч түрээслэгч надад Шонхор худалдааны төв"-д түрээсийн талбай гаргаж өгөөгүй, гэрээ бүрэн цуцлагдсан тухай мэдэгдэхэд нь Түрээсийн нэг ч үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгөө буцааж авах санал тавихад таны мөнгөнөөс таны өглөг, төлбөрийг барагдуулна, тэгж байж үлдэгдлийг өгнө гэсэн тайлбар хэлж байсан.

Би талбай түрээслэхийн тулд Төрийн банк, "Алтан зоос капитал" ББСБ-аас зээлийн гэрээгээр мөнгө авч шилжүүлсэн бөгөөд сар зээлийн хүү төлж, үндсэн зээлийг төлж чадаагүй өнөөдрийг буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүргэж санхүү-эдийн засгийн хүнд нөхцөлд аж төрж байна.

Иймд хариуцагчаас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Х ш ХХК-ийн хувьд О.Бтай Ажлын талбай түрээслэх гэрээ байгуулж түрээсийн төлбөрт нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлж авсан болно. Улмаар гэрээний дагуу ажлын байр гаргаж өгөхөөр хамтран ажиллах түрээслэгч нарт мэдэгдэхэд Шонхор худалдааны төвийн түрээслэгч нараас өмнөх жилүүдэд /2019-2023 он/ булчин, цорой, мах авчхаад мөнгийг нь өгөөгүй сураггүй алга болсон, энэ хүнд их хэмжээний мөнгөө алдсан гэх гомдлууд маш ихээр гарсан. Хамтарч ажиллах ёстой түрээслэгч нар нь хамтарч ажиллахгүй гэснээс гадна түрээсийн урьдчилгаа 60,000,000 төгрөгөөс хохирлоо барагдуулах асуудлыг хохирсон түрээслэгч нар компанид тавьсан. Өөрөөр хэлбэл О.Б бодит байдал дээр шууд үйл ажиллагаагаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Бид Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд зөв шударгаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллаж бизнесийн байгууллагын мөрдөх ёс зүйн хэм хэмжээг сахин ажилладаг тул Та манай түрээслэгч нарыг хохиролгүй болгох асуудлыг шийдэх хэрэгтэй байна хэмээн мэдэгдсэн.

Иргэн О.Б энэ асуудалд Х ш ХХК оролцоод хэрэггүй би төлбөр тооцоогоо бүгдийг нь өөрөө барагдуулна гэсний дагуу гэрээг цуцалсан хэдий ч (ажиллах боломжгүй нөхцөл үүссэн тул О.Быг сул түрээс төлөхөөс сэргийлж цуцалсан байсан) асуудлаа зөв зохистойгоор шийдвэрлэж дууссаны дараа хамтран ажиллахад татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Бусдыг хууран мэхэлж, залилах нь гэмт хэрэг бөгөөд гомдол гаргаж байгаа түрээслэгч нартай 2019-2023 оны өгөөгүй өр зээл, тооцоо байгаа гэдгээ иргэн О.Б хүлээн зөвшөөрч бүх хүмүүстэй тооцоо нийлж өр төлбөрөө барагдуулж байна гэсээр биднийг хоёр сар хүлээлгэж манай компани уг ажлын байрнаас түрээсээ авч чадаагүй хохирсон болно.

О.Бын би түрээслэгч нартай тохирч энэ бизнесийг дангаар хариуцан хиймээр байна гэдэг саналыг хүлээн зөвшөөрч бусад хүмүүст боломж олгоогүй. Өөр түрээслэгч нарыг ажлын байраар хангаж ажиллуулах шаардлагатай болсныг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр уулзаж хэлэхэд таны дотоод асуудал манайд хамаагүй өөрөө шийдэх хэрэгтэй гэдгээ хэлсэн.

Х ш ХХК-ийн зүгээс өөрийн буруугаас болж энэ асуудлаа шийдэж чадаагүйгээс гэрээгээ цуцалсан гэдгээ хүлээн зөвшөөрч мөн түрээсийн 60,000,000 төгрөгөө буцааж авсан гэж гарын үсэг зурах шаардлагатай байна дараа нь өгөөгүй гээд шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргавал хэрэг болно гэсэн мессежийг О.Бт явуулсан баримт байгаа болно.

Х ш ХХК нь О.Баас авсан түрээсийн төлбөрийг буцааж өгөхгүй гэж хэлж байгаагүй бидэнд дансны дугаараа өгвөл түрээслэгчдийн хохирлыг суутгахгүйгээр шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Х ш ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээг цуцалсны улмаас 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч Х ш ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Бт төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ш ХХК-аас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Бт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ш ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Х ш ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ш ХХК-аас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ