| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/01547/И |
| Дугаар | 182/ШШ2024/01533 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/01533
2024 04 10 182/ШШ2024/01533
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ... тоотод байрлах, М г ш ХХК /РД:5184452/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, .............., өөрийн байранд байрлах, Н ш ш г газарт холбогдох,
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1517 дугаар шийдвэрээр "М г ш ХХК, "Левелюнит ХХК, Б.Эрдэнэбат, Л.Дашдулам, Ж.Бямбажав, Б.Эрдэнэ нараас "Төрийн банк" ХХК-д 1,889,...7,680 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Банкны төлбөр барагдуулах газрын 211 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Ганчимэг явуулж байна. Банкны төлбөр барагдуулах газрын 211 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Ганчимэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан "М г ш ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000168 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сант сумын 1 дүгээр баг "Ивэн-нд байрлах услалтын системийн цогцолборын зориулалттай /3800 метр инженерийн шугам, услалтын систем 4 ширхэг/ үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18528454799050, 1852745...74744 дугааруудад бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сант сумын төвийн урд байрлах 88.3 га, 271.66 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.
Тус барьцаа хөрөнгө болох М г ш ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газрын хувьд эдийн засгийн засгийн онцгой субъектэд хамаарах үл хөдлөхүүд учраас үнэлгээ хийхдээ нарийн нягт нямбай, олон талаас нь бодитой хандаагүйгээс бидэнд хохирол учирлаа гэж үзэж байна. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Банкны төлбөр барагдуулах газрын томилсон шинжээч нь үнэлгээ хийхдээ хэт явцуу, товчхон ойлгомжгүй хийсэн, мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн онцлогоос хамаарч хамгийн чухалд тооцогдох байсан зах зээлийн жишиг үнийн аргыг нарийвчлан ашиглаагүй нь "Ган Гурван Од Үнэлгээ ХХК-аас гаргасан хөрөнгө үнэлгээний тайлангаас тодорхой харагдаж байгаа юм. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн гишүүдийн хамтын хөлс хөдөлмөрөөр бүтсэн хөрөнгө юм. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна.
Ийм учраас Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000168 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18528454799050, 1852745...74744 дугааруудад бүртгэлтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ган-Од шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийг төлөөлөн А.Ган-Од миний бие Н ш ш г газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, барьцаа хөрөнгүүдийг суллах нөхцөл бүрдсэн учраас үнэлгээний маргаан байхгүй болж байна.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М г ш ХХК нь хариуцагч Н ш ш г газарт холбогдуулан, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, барьцаа хөрөнгүүдийг суллах нөхцөл бүрдсэн учраас үнэлгээний маргаан байхгүй болж байна гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М г ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ш ш г газарт холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М г ш ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/04975 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ