Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэдийн төлөөлөгч Э.Д

Хохирогч Ш.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Б овогт Ш.Ж-д холбогдох эрүүгийн 1720001090052 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ш.Ж нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багд Ш.Х-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан улмаар түүний баруун талын бөөр орчимд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүдэд суманд өөрийн эзэмшлийн 98-14 ГСА улсын дугаартай  Приус 11 маркын авто машинтайгаа таксинд явж хувиараа ажил хийх гэж ирсэн юм.  Замын-Үүд сум Соёмбын тоотод байх найз Х-н гэрт амьдарч байсан.  Х нь миний багын найз бөгөөд бид 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 0,75 литрийн Ерөөл архи дэлгүүрээс аваад бид гэртээ ууцгаасан. Бид архи ууж байх үедээ хэн хэн нь нилээд халж согтоод би Хүрэлбаатарын хашаанд  байшингийн суурь цутгасан бөгөөд түүнийхээ мөнгө 60,000  төгрөгийг архи ууж  байхдаа нэхчихсэн юм. Уг асуудлаас болж бид маргалдаад  бид 2 гэртээ зууралдаад тэгээд би согтуу байсан учир уурандаа хоолны шүүгээнээс өөрийнхөө  хэрэглэдэг хүрэн иштэй хутгыг  баруун гартаа барьж байгаад гэрийн хойморт байх ор руу явж байх үед нь түүний араас нь зүүн бөөр орчимд нь 1 удаа хутгалсан. Тэр хутга миний хутга байгаа юм. Би мөрдөгчид андуураад баруун бөөр гэж хэлсэн байна лээ. Тэгээд эмнэлэг дээр очсон байхад нь ардаас нь очсон. Бид 2-ыг муудалдах үед эхлээд Х миний толгойны баруун тал руу архины шилээр цохьсон, тэр хэсгээс цус гарсан байсан. Мөрдөгч надаас эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах уу гэж асуусан. Би энэ тал дээр гомдол санал байхгүй, дүгнэлт гаргуулахгүй гэдгээ хэлсэн. Одоо ч энэ тал дээр маргаан байхгүй. Би хохиролд эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 300,000 төгрөг, эмчилгээний зардалд хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 1,100,000 төгрөг төлсөн. Би урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болохоор тухайн үед айж сандарсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйж байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ш.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ж нь Замын-Үүдэд ирээд  би  ганцаараа болохоор хамт манай гэрт байдаг байсан. 2017 оны 09 сарын 08-ны өдөр манай гэрт бид 2 хамт архи уусан юм. Тэгээд бид манай хашаанд байшингийн суурь цутгасан асуудлын талаар ярилцаж байгаад тухайн асуудлаас болж маргалдаад би гэрийн хойморын орон дээр суух гээд эргэтэл миний зүүн талын бөөрөн тус газарт 1 удаа “час” гэх шиг болсон тухайн үедээ яасан нь мэдэгдээгүй, тэгээд орон дээр суутал зүүн бөөрөн тус газраас цус гарч эхэлсэн би Ж руу эргээд хартал өөрөө авч хоол идээд байдаг байсан хүрэн иштэй хутгаа барчихсан зогсож байснаа  гэр дотор чулуудчихаад гараад явчихсан. Би тухайн үед маргалдахдаа гэрлийн шилээр цохьсон юм шиг байгаа юм, ер нь бол сайн санахгүй байна. Одоо биеийн байдал зүгээр болсон. Би одоо Ж-д гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хүнийг энэ хэргээс гайгүй салгамаар байна, энэ үгээ хэлэх гэж шүүх хуралд ирсэн. Ш.Ж нь байнга л уулзаад ярьж хөөрөөд л явж байгаа. Хохиролд нийтдээ 1,400,000 төгрөг төлсөн. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

23 см урттай, 3 см өргөнтэй модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 9/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 5-8/

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би нөхөр болох Ш.Х-тай танилцаад нэг гэрт ороод 1 жил болж байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны 12:00 цагийн орчимд өөрийн дугаараасаа нөхөрлүүгээ залгахад  утсаа авахгүй байсан. Тэгээд үдээс хойш ахиад залгахад согтуу байдалтай утсаа авсан ба тухайн үедээ хүнд хутгалуулсан талаараа юу ч хэлээгүй. Ж бөөлжиж байна гэж л хэлсэн. Би орой ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр хойморийн орон дээрээ суучихсан би хүнд зодуулсан гэж  хэлэхэд нь гарыг нь  харахад цус болсон байхаар нь юу болсон бэ гэхэд Ж бид 2 муудалцаад намайг хутгалаад гараад явчихлаа гэсэн. Тэгээд гэрийнхээ эргэн тойрныг шалгахад орны дээр байсан хөнжил, хөнжлийн даавуу  цус болсон  жижиг шар өнгийн сандалын тавцан нь хагарч салсан хаалганы хажуу талд байсан угаалгын машины дэргэд Ж-н өөрийнх нь хүрэн бариултай хутга  газар байсан ба хутгыг үзэхэд ямар нэгэн цус болоогүй байсан. Тэгээд би нөхрөөсөө Ж чамайг хутгалсан бол хутга нь цус болсон байна ш дээ гэхэд манай нөхөр би хутгыг нь аваад арчиад тавьсан гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байгаад эмнэлэг дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ 2017 оны 09 сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед Ш.Ж ах ганцаараа  манайд ирээд ямар нэгэн зүйлийн талаар яриагүй унтсан. Бага зэрэг архи уусан юм уу гэмээр санагдсан надтай ямар нэгэн зүйлийн талаар юм яриагүй. Надад ямар нэгэн зүйлийн талаар юм яриагүй, мэдэхгүй байна сураг сонсоход найз Х муудалцсан гэж байсан. Ш.Ж ах Замын-Үүдэд ирээд тэр найзындаа л байдаг байсан, манайхаар тэр бүр ирээд байдаггүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/

Өвчний түүх /хх-ийн 27-30

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “1. Ш.Х-н биед хэвлийн зүүн тал бөөр орчмоор хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах ба хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн шинжээчийн 310 тоот дүгнэлт /хх-ийн 31/

ХАС банкны 5001337204 тоот хохирогч Хүрэлбаатарын дансанд 600,000 төгрөг, 500,000 төгрөгийг шүүгдэгчээс шилжүүлсэн баримт /хх-ийн 77/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.Ж нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Ш.Х-тай маргалдан, улмаар түүний зүүн талын бөөр орчимд нэг удаа хутгалж, бие махбодид нь хэвлийн зүүн тал бөөр орчмоор хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ш.Х-н шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/, өвчний түүх /хх-ийн 27-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 310 тоот дүгнэлт /хх-ийн 31/, 23 см урттай, 3 см өргөнтэй модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүн хавсаргасан гэрэл зургууд  зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн үйлдлийг Замын-Үүд сум дах Сум дундын Прокурорын газраас зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Ш.Х-т эмчилгээний зардалд нийт 1,400,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарыг өгсөн мэдүүлэг, хх-ийн 77 дугаар хуудсанд авагдсан ХАС банкны тоот хохирогч Х-н дансанд 600,000 төгрөг, 500,000 төгрөгийг шүүгдэгчээс шилжүүлсэн баримт зэргээр хэрэгт тогтоогдож байна. Хохирогч Ш.Х нь шүүгдэгчээс одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Ш.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасан журмыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, 3 см өргөнтэй модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ш.Ж-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар Ш.Ж-г 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ш.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, 3 см өргөнтэй модон иштэй хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ж-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                             Л.БАТЖАРГАЛ

                                               А.ЦЭРЭНХАНД