Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/148

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Б,

хохирогч В.Баяржаргал, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, хохирогч В.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бд холбогдох 2105 01373 1319 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Б-н Б, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эцэг, эхийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХЗ86032898/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын зарим буюу 1 жилийг, мөн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 8 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 2 жил 3 сар 11 хоногийн ялыг өршөөн сулласан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр дуусч суллагдсан;

Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” хорооллын орчмоос хохирогч Ц.Тунгалагийн 86-44 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа түүний өмчлөлийн 950.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-10” 5G загварын гар утсыг,

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Гялс сервис” дуудлагын жолоочийн үйлчилгээ хийж иргэн В.Баяржаргалыг “Ногоон төгөл” хотхонд хүргэж өгөхдөө машинд нь байсан түүний өмчлөлийн 3.839.920 төгрөгийн үнэ бүхий “I phone 12” загварын гар утсыг,

2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эл хаус” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.Хосжаргалын өмчлөлийн нийт 27.260.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-9” загварын гар утас болон майхан, аяллын ширээ, сандал, 32 gb багтаамжтай флаш болон “Toyota Prius 40” загварын 51-66 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад нийт 32.049.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б.нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн Б-ийн Б-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Эрдэнийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 59 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бэс 3.839.920 төгрөг гаргуулж В.Баяржаргалд, 736.000 төгрөг гаргуулж Б.Хосжаргалд, 950.000 төгрөг гаргуулж Ц.Тунгалагт тус тус олгож, хохирогч Б.Хосжаргал нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ ихээр харуусаж байна. Хохирогчдынхоо итгэлийг эвдэн эд хөрөнгийг хулгайлан зарж борлуулан өөрийн хэрэгцээнд ашиглаж байснаа бодон шаналж, ёс суртахуун, үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлан сууна. Шүүхээс хүсэхэд миний бие учруулсан хор хохирол, төлбөрийг өөрийн боломжийн хэрээр хохирогч нарт хуульд заасны дагуу төлж барагдуулахаа эр хүн, иргэн хүнийхээ хувиар амлаж байна. Миний хувийн байдал урьд ял эдэлж байсан хэдийч хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харуусан ухаарч эцэг, эх саяхан танилцаад үрийг минь төрүүлсэн найз бүсгүйдээ үүрэг хариуцлагаа ухамсарласан хүн байхыг ихэд хүсэж байгааг минь ойлгон холбогдох хэргийн шийдвэрт багахан ч болов өршөөл үзүүлэн 2 жил болгон нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгөхийг гуйж байна.” гэв.

Хохирогч В.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, 2-т “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Миний үйлчлүүлэгч В.Баяржаргал нь шүүх хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг ажилд авсан “Гялс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан хохирлыг төлүүлж өгнө үү” гэж маргасан хэдий ч шүүхийн шийтгэх тогтоолд “...Бат-Эрдэнийн бусдын эд зүйлийг хулгайлах үйлдэл нь түүний өөрийн шунахайн сэдэлтээр, субъектив санаа зорилгоор үйлдэгдсэн бөгөөд энэ нь түүний ажиллаж байсан хуулийн этгээдийн үйл ажиллагаатай хамааралгүй тул хохирогчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм” гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. Анхан шатны шүүхээс хуулийн этгээдийн үйл ажиллагаатай хамааралгүй гэж үзэж “Гялс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Нөгөөтэйгүүр миний бие шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн дуудлагын жолоочийн үйлчилгээг авсан гэхээсээ илүүтэйгээр “Гялс” сервис дуудлагын жолоочийн үйлчилгээнд итгэсний үндсэн дээр түүгээр үйлчлүүлж, үйлчлүүлсэнийхээ төлөө гэмт хэрэгт хохирогч болсныг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тусгана”, 49.1.1-д “ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг”, 49.1.2-т “ажил үүрэг гүйцэтгэх байршил”, 49.1.3-д “цалин хөлсний хэмжээ”, 49.1.4-д “хөдөлмөрийн нөхцөл” гэж тус тус заасан байна. Уг хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогч “Гялс” ХХК нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах үүрэгтэй хэдий ч хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан, түүнчлэн хулгайн гэмт хэрэг гарсан талаар тус байгууллагад хохирогч нарын зүгээс гомдол гаргасан хэдий ч үргэлжлүүлэн ажиллуулж байсан ба миний үйлчилгээний төлбөр тус байгууллагын орлого болсон асуудалд анхан шатны шүүхээс хайхрамжгүй хандсанд нь гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч В.Баяржаргалын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь хэсэгт тус тус зааснаар нотолбол зохих байдлыг хуульчилсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоох ёстой. Манай үйлчлүүлэгчийн хэлсэнчлэн хэргийн материалтай танилцаж чадаагүй, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээ зэрэгтэй танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстой. Хохирогчийн наад захын эрхийг хангаж чадаагүй, бодит байдал, нотолбол зохих байдлыг тодруулж чадаагүй. Хохирогчийн мэдүүлэгт “Ай фоне 12” загварын гар утас, 2 доллар, 1 доллар, 100 рубль, юань, бэлэн мөнгө зэргийг хохирогчийн түрүүвчнээс авч хохирол учруулсан бөгөөд энэхүү хохирлыг хэрхэн яаж тооцсон нь яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд байдаггүй. Зөвхөн “Дамно” ХХК-ийн үнэлгээнд “Ай фоне 12” загварын гар утсыг үнэлсэн байдлыг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Миний үйлчлүүлэгч хуулийн этгээдээр үйлчлүүлсэнээрээ хохирол хүлээгээд байна. Хуулийн этгээдийг төлөөлж гэрч Нямтогтох гэж хүн мэдүүлэг өгөөд байдаг. “Гялс сервис” компани шийтгэх тогтоол болон эрх зүйн баримт бичгүүдэд “Гялс малс сервис”, “ Гялс” компани, “Гялс” ХХК гэх мэт өөр өөр нэрээр дурдагдаж байна. Яг үнэхээр ийм нэртэй хуулийн этгээд байдаг юм уу, дуудлагын үйлчилгээ явуулахад тусгай зөвшөөрөл авдаг юм уу, гэрчээр мэдүүлэг өгсөн Нямтогтох хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй юм уу, ажилладаг юм уу, үгүй юу гэх зэргийг шалгаж тогтоогоогүй. Гэрч Нямтогтохын биеийн байцаалтад “Төгөлдөр сервис” ХХК-ийн менежер ажилтай гэсэн байсан. Б.Бат-Эрдэнийг 2021 оны 7 дугаар сарын 12-нд ажилд аваад 22-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон. Энэ нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж дээрх ноцтой байдлыг арилгаж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн учраас хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан шүүхийн шийдвэрийг 2 жил, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь, шүүгдэгч Б.Б өмнө нь 8 удаагийн ял шийтгэл эдэлсэн. Үүнээс 7 нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 2020 онд хулгайн хэргээр ял шийтгүүлж гарч ирээд 4 сарын дараа дахин дээрх хэрэгт холбогдсон. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчим, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг анхан шатны шүүх харгалзан үзэж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн хувьд “Гялс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б тухайн компанид ажилладаг уу гэдгийг тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг шалгасан. Тэгэхэд шүүгдэгч Б.Б тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлсөө хэрхэн яаж авдаг нь тодорхойгүй, дуудлага аваад л үйлчилгээ үзүүлдэг нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх дүгнэхдээ “шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хуулийн этгээд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр, субъектив санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн учраас иргэний хариуцагчаар татах шаардлаггүй” гэж үзсэн. Хохирогч В.Баяржаргалын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг шалгасан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ч байгаа, мэтгэлцэх зарчимд тулгуурлаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бат-Эрдэнийг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” хорооллын орчмоос хохирогч Ц.Тунгалагийн 86-44 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа түүний өмчлөлийн 950.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-10” 5G загварын гар утсыг,

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Гялс сервис” дуудлагын жолоочийн үйлчилгээ хийж иргэн В.Баяржаргалыг “Ногоон төгөл” хотхонд хүргэж өгөхдөө машинд нь байсан түүний өмчлөлийн 3.839.920 төгрөгийн үнэ бүхий “I phone 12” загварын гар утсыг,

2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эл хаус” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.Хосжаргалын өмчлөлийн нийт 27.260.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-9” загварын гар утас болон майхан, аяллын ширээ, сандал, 32 gb багтаамжтай флаш болон “Toyota Prius 40” загварын 51-66 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 32.049.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Эрдэнийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч В.Баяржаргалын “...Би 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Тэрэлж яваад ирэх замдаа 94949407 дугаараар “Гялс” сервэсийн утсаар дуудлагын жолооч дуудсан. Жолооч нь бид нарыг Налайх дүүргээс аваад “Ногоон төгөл” хотхоны гадаа хүргүүлсэн. Бид нар тэнд айлд ороод манай найз явна гээд тэр дуудлагын жолоочийг машинтайгаа гадаа хүлээж бай гээд хүлээлгэсэн. Удаагүй манай найз явахаа болиод тэр жолоочийг машины түлхүүр оруулаад ир гэсэн. Тэр Б.Б гэх жолооч машины түлхүүр авч орж ирээд манай найз 60.000 төгрөг шилжүүлсэн. ...Удаагүй бид нар сууж байхад миний машинд унтраагаад үлдээсэн утас асаж дуудлага хүлээн авах боломжтой боллоо гэсэн мессеж манай найзын гар утсанд ирсэн. Тэгээд бид нар гараад миний гар утсыг машинд хайхад байхгүй байсан. ...“Гялс” сервэсийн 94949407 дугаараар дуудлагын жолооч дуудахад ирсэн. ...” /1хх 200-201/ гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “Гялс” сервэс ХХК-ийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

            Иргэний хариуцагч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хуулийн дагуу хариуцвал зохих хуулийн этгээд бөгөөд хохирогч В.Баяржаргал нь тухайн байгууллага буюу “Гялс” сервес ХХК-ны дуудлагын утсанд хандаж дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан бөгөөд “Гялс” сервэс ХХК болон шүүгдэгч Б.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран гэмт хэрэг гарах нөхцөл боломжийг үүсгэсэн “Гялс” сервэс ХХК нь хохирол төлбөрийг барагдуулах талаар хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэв.

 

            Энэ талаар хохирогч В.Баяржаргал давж заалдах гомдол гаргасан бөгөөд хохирол төлбөр хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, бусдын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгөөс мөнгө шилжүүлэн авсан нь тогтоогдсон тохиолдолд уг мөнгийг иргэний хариуцагчаас гаргуулах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

           

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/767 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ