Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2024/00214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д.Оын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1968 онд төрсөн, 55 настай. Би цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн уурын зууханд машинистаар ажилд орж, 1992 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Одоо нөхцлөөр тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд ажилд орсон тушаал болон 1989, 1990, 1991 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт байгаа хэдий ч хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 он хүртэл машинистаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 60 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 279 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч С.Сүндэвийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом хотын АХД-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 842 дугаартай ажилд шилжүүлэх тухай мэдэгдэл, гэрч Д.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Т ын цалингийн тодорхойлолт зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Д.Оын хүсэлтээр С.С, Д.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.

Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Оын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар гаргуулав.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Оын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Д.О нь шүүхэд хандаж 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 он хүртэл Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Д.Оын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 279 дугаар тушаалаар Д.Оыг 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн уурын зуухны машинистаар томилон ажиллуулжээ. Иймд Д.Оыг 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд уурын зуухны машинистаар ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.  

3.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаартай цалингийн тодорхойлолтоор Д.Оын Улаангом хотын Худалдааны трестэд ажиллаж байсан үеийн буюу 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал, 1990 оны 10 дугаар сараас 1991 оны 5 дугаар сарыг дуустал, 1991 оны 10-12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ. Дээрх баримтаар хүсэлт гаргагч Д.О нь Улаангом хотын Худалдааны трестэд 1989-1991 оныг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тогтоогдож байна. Уурын зуухын машинист нь улирлын чанартай ажлын байр учраас Д.О нь 1990 оны 6,7,8,9 дүгээр сар, 1991 оны 6,7,8,9 дүгээр сард тус тус цалин хөлс аваагүй гэж дүгнэх үндэслэлтэй.

3.3. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Д.Оын ХААТР-1 маягтад түүнийг 1989 онд Худалдааны трестэд машинистаар ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэсэн байх ба тус баримт нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтыг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт байна.  

3.4. Гэрч С.С шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн уурын зууханд машинистаар ажилд ороход надтай хамт нэг тушаалаар Д.О тус уурын зууханд машинистаар ажилд орсон. Тэр цагаас хойш Д.О бид хоёр нэгнээ мэддэг болсон ба тус уурын зуух нь 3 ээлжтэй, 24 цаг ажиллаж, 48 цаг амарддаг байсан. Д.О бид 2 нэг ээлжинд хамт гардаг байсан. Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трест нь 1992 онд орон тооны цомхотгол хийж, Д.О бид 1992 оны 5 дугаар сард  ажлаас чөлөөлөгдөж байсан. Д.О бид хоёр нэг өдөр ажилд томилогдож, нэг өдөр ажлаас чөлөөлөгдөж байсан учраас би сайн санаж байна. Тухайн үед Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргаар н.Самбуу, уурын зуухны механикаар н.Цэвээн, Боловсон хүчин н.Оюун гэх хүмүүс ажиллаж байсан” гэжээ.

3.5. Гэрч Д.Т шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 1987-1992 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн уурын зууханд машинистаар ажиллаж байсан. Д.О 1989 онд тус уурын зууханд машинистаар ажилд орж ажилласан. Худалдааны трестийн уурын зууханд нийтдээ 20 гаруй хүн, 3 уурын зууханд ажиллаж, 3 ээлжтэй, 24 цаг ажиллаж, 48 цаг амардаг байсан. Бид арын дэлгүүрийн уурын зууханд ажилладаг байсан ба механикаар А.Цэвээн, слесариар н.Пүрэвжав, н.Сонин гэх хүмүүс ажилладаг байсан. 1992 оны 6 дугаар сард Улаангом хотын Худалдааны трест тарж, хувьчлагдаад бид хамтдаа ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргаар н.Самбуу, Пүрэвсүрэн, боловсон хүчин н.Оюун гэх хүмүүс ажиллаж байсан” гэжээ.

3.6. Гэрч Д.Т нь 1987-1992 оны хооронд Улаангом хотын Худалдааны трестэд ажиллаж байсан болох нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 188 дугаартай цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэв.

Харин гэрч С.С нь 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Улаангом хотын Худалдааны трестэд машинистаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 279 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байгаа боловч гэрч С.Св нь тухайн цаг үеэс хойш буюу 1990,1991 оны байдлаар Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байх тул гэрч С.Сийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.Оыг 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд машинистаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Шүүхээс хүсэлт гаргагч Д.Оын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Д.-ын (РД:.................) 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА