Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/178

 

Б.Эөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямдэлэг,

шүүгдэгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2188 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Нямдэлэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Б.Эөд холбогдох 2110 01755 1007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Төв аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......... ажилтай, ам бүл .......... хамт ..... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Б.Э нь “.....” ХХК-ийн ложистикийн албанд агуулахын туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх үүрэгтэй” гэснийг, 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй” гэснийг, мөн Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага: МNS 5079:2001 стандарт буюу хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын 7-д “Ачих буулгах ажлыг гүйцэтгэгч нарт тавих шаардлага”, 7.1-д “Өргөж тээвэрлэх тоног төхөөрөмжийг 18 нас хүрсэн, аюулгүй ажиллах аргад суралцаж, тухайн тоног төхөөрөмж, машин механизмыг ажиллуулах эрхийн үнэмлэх бүхий хүн ажиллуулахыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчиж, сэрээт ачигчийг ажиллуулан түүгээр ухрах үйлдэл хийхдээ Ж.Одончимэгийг араас нь мөргөж, биед нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан бол гэж тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

“АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар Б.Эийг ложистикийн албанд түгээлтийн туслах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна. /хх 123/

Агуулахын туслах ажилтан Б.Эийг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага: МNS 5079:2001 стандарт буюу хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын 7-д “Ачих буулгах ажлыг гүйцэтгэгч нарт тавих шаардлага”, 7.1-д “Өргөж тээвэрлэх тоног төхөөрөмжийг 18 нас хүрсэн, аюулгүй ажиллах аргад суралцаж, тухайн тоног төхөөрөмж, машин механизмыг ажиллуулах эрхийн үнэмлэх бүхий хүн ажиллуулахыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчсөн гэсэн нь учир дутагдалтай, тухайн Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага: МNS 5079:2001 стандарт, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, тухайн компанийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй, энэ стандарт, шаардлага, баримтуудад агуулахын туслах ажилтан хамаарах эсэхийг шалгах боломжгүй байна.

Б.Э нь сэрээт ачигчийн жолооч биш, сэрээт ачигчийг барих эрхийн үнэмлэхгүй атлаа гэмт хэрэг гарах үед тухайн сэрээт ачигчийг дур мэдэн жолоодож байгаад ухрах үйлдэл хийхдээ Ж.Одончимэгийг мөргөж, биед нь гэмтэл учруулсан үйлдэл гаргасан бөгөөд сэрээт ачигчийг тухайн өдөр хэн хариуцан ажиллуулж байсан, Б.Эийг дур мэдэн унаж явах боломжийг ямар учраас бий болгосон /асаалттай орхисон, эсхүл түлхүүрийг шилжүүлсэн/, дур мэдэн сэрээт ачигчийг унаж байгаа үйл ажиллагаанд хэн хяналт тавьж хэрэгжүүлэх байсан, эдгээр албан тушаалтнууд ажил үүргээ яагаад биелүүлээгүй, дээрх хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх албан тушаалтан нь агуулахын туслах ажилтан мөн эсэхийг шалгаж тодруулаагүй орхигдуулжээ. Шаардлагатай бол тухайн албан тушаалтнууд иргэний хариуцагчаар татагдах эсэхийг нэг мөр шалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож ял тохирсон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохироогүй байна гэж шүүх үзэв.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э “...“АПУ Дэйри” ХХК-д агуулахын туслах ажилтнаар ажилладаг, сард 1.000.000 төгрөгийн цалинтай, эмчилгээний зардалд 504.400 төгрөг төлсөн...” гэж мэдүүлсэн, хэрэгт авагдсан Б.Эийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээнд түүний цалинг сарын 500.000 төгрөгөөр тогтоосон зэргээс дүгнэхэд шүүгдэгч сард үндсэн болон нэмэгдэл, илүү цагийн мөнгө болон бусад байдлаар сард хэдэн төгрөгийн орлоготой эсэх талаар шалгаагүй орхигдуулсан байна.

Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Ж.Одончимэгээс “...“АПУ Дэйри” ХХК-аас надад нэг удаа нэг сая төгрөгийн цалинг олгосон, өөрөөр мөнгө өгөөгүй...” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд “...Хурлын шийдвэр: Компанийн дотоод журмын дагуу 1.000.000 төгрөгийн тэтгэмж олгоно, гэрээ дуусах хугацаа хүртэл ажилласан цагаар тооцож цалинг бүтэн олгох...” /хх 90/ гэсэн, иргэний хариуцагч Б.Эрдэнэжаргалын “...Компанийн дотоод журмын дагуу нэг удаа 1.000.000 төгрөг олгосон, цалинг нь бүтэн ажилласнаар тооцож, үндсэн цалинг 10 сарыг дуустал бүтэн олгосон...” /хх 71/ гэснээс үзэхэд хохирогч Ж.Одончимэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой компанийн зүгээс хэдэн төгрөг төлсөн, тэтгэмж олгосон талаар шалгах нь зүйтэй. Иймд дээр дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн шүүгдэгч Б.Эөд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Б.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Нямдэлэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.Э нь “АПУ дэйри” ХХК-ийн ложистикийн албанд агуулахын туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн 18.2.1 дэх заалтад заасан “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх үүрэгтэй” гэснийг, 18.2.7 дахь заалтад заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй” гэснийг, мөн Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага: МNS 5079:2001 стандарт буюу хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын 7 дахь хэсэг “Ачих буулгах ажлыг гүйцэтгэгч нарт тавих шаардлага”, 7.1 дэх заалтад заасан “Өргөж тээвэрлэх тоног төхөөрөмжийг 18 нас хүрсэн, аюулгүй ажиллах аргад суралцаж, тухайн тоног төхөөрөмж, машин механизмыг ажиллуулах эрхийн үнэмлэх бүхий хүн ажиллуулахыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчиж, сэрээт ачигчийг ажиллуулан түүгээр ухрах үйлдэл хийхдээ хохирогч Ж.Одончимэгийг ар талаас нь мөргөж унагаан, түүний эрүүл мэндэд цээжний зүүн талын 3, 4 дүгээр хавирганы хугарал, 2 талын шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/, хохирогч Ж.Одончимэгийн өгсөн мэдүүлэг /хх 20-21/, гэрч О.Батболдын өгсөн мэдүүлэг /хх 33-35/, гэрч Р.Саруултөрийн өгсөн мэдүүлэг /хх 38-40/, гэрч Т.Өлзийжаргалын өгсөн мэдүүлэг /хх 43-45/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8721 дугаартай дүгнэлт /хх 49-50/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ХАБ-26/21 дугаартай дүгнэлт /хх 57-60/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хэрэгт Б.Эийг “АПУ дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/174 дугаартай тушаалаар ложистикийн албанд түгээлтийн туслах ажилтнаар томилсон тушаалын хуулбар, “АПУ дэйри” ХХК-ийн ложистикийн албаны агуулахын туслах ажилтны ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх 100-106/, Б.Эийн “АПУ дэйри” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 97-99/ зэргийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан. Мөн түүнчлэн Б.Э нь сэрээт ачигчийн жолооч биш, сэрээт ачигчийг барих эрхийн үнэмлэхгүй атлаа гэмт хэрэг гарах үед тухайн сэрээт ачигчийг дур мэдэн жолоодож байгаад ухрах үйлдэл хийхдээ Ж.Одончимэгийг мөргөж, биед нь гэмтэл учруулсан, ямар шалтгааны улмаас сэрээт ачигчийг дур мэдэн жолоодсон талаар гэрч О.Батболдоос асууж тодруулахад “...би “АПУ дэйри” ХХК-д ачигчаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон. 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 22 цагаас 8-ны өдрийн өглөөний 06 цаг хүртэл ээлжийн ажилтай хонож байсан. Шөнийн 04 цагийн үед би түгээлтийн машины бараа бэлдэж байгаад тамхи татахаар агуулахын хашааны хажууд татчихаад орж ирсэн. Намайг тамхилахаар явахад нярав Ж.Одончимэг бэлэн бүтээгдэхүүний агуулахад бараа тоолоод байж байсан. Ачигч Б.Э хувцасны өрөөнөөс гарч ирээд агуулахад орж ирэх үед би зөрөөд гарсан. Ямар нэгэн яриа хийгээгүй. Тэгээд тамхи татаж дуусаад 5 орчим минутын дараа орж ирэхэд Ж.Одончимэг подонтой сүүний тавиурын хажууд хөлөө жийчихсэн уйлаад сууж байсан. Би очоод яасныг асуухад Б.Э “по-гоор ухарч байгаад би мөргөчихлөө” гээд хажууд нь зогсож байсан. Намайг гарсан хойно Б.Э өөрөө очиж ажиллуулан сүү тээвэрлэн буулгах явцдаа осол гаргасан юм байна лээ. Тэрнээс би “чи унаад ажлаа хийж байгаарай” гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 33-35/ өгсөн байна.

Дээрх хэрэгт хэн ямар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтэд хэргийн оролцогчдоос маргаагүй байна.

Яллагдагч Б.Э нь Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд яллагдагч нь хэрэгт цугларсан хохирлын баримт болох 504.400 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид эмчилгээтэй холбоотойгоор гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан дээрх хүсэлтийн дагуу прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангалтгүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргана...” гэж хуульчилсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байхад хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Мөн түүнчлэн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа “...хохирогч хохирол төлбөр нэхэмжилж байгаа, яллагдагчаас прокурортой тохирсон ял тохироогүй энэ нь хуулийн зорилтод нийцээгүй байна...” гэж тайлбарлан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ба шүүгчийн захирамжтай зөрүүтэй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2188 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Өөр хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгдэгч А.Эрдэнэмөнхөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, А.Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

 

            Анхан шатны шүүхээс “...сэрээт ачигчийг тухайн өдөр хэн хариуцан ажиллуулж байсан, Б.Эийг дур мэдэн унаж явах боломжийг ямар учраас бий болгосон /асаалттай орхисон, эсхүл түлхүүрийг шилжүүлсэн/, дур мэдэн сэрээт ачигчийг унаж байгаа үйл ажиллагаанд хэн хяналт тавьж хэрэгжүүлэх байсан, эдгээр албан тушаалтнууд ажил үүргээ яагаад биелүүлээгүй, дээрх хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх албан тушаалтан нь агуулахын туслах ажилтан мөн эсэхийг шалгаж тодруулаагүй...” гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх талаар шүүхийн шатанд асууж тодруулах боломжтой гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

 

            Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Эийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Б.Эөд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2188 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Эөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ