| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2007 00135 0152 |
| Дугаар | 2022/ДШМ/179 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 21.2.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/179
Б.О, Ж.Б, Ч.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл,
шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Алтанчулуу,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
цагаатгагдсан этгээд Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Б.О, Ж.Б, Ч.А нарт холбогдох 2007 00135 0152 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц овгийн Б-ын О, 199...оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, “Кристал топ майнинг” ХХК-ийн Шарын гол суман дахь алтны уурхайд механизмын оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр гудамжны 331 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;
2. Т.... овгийн Ж-ы Б, 19...оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Казакстан улсын Алмата хотын “Аюур веда” эмнэлэгт уламжлалт ухааны эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 17 дугаар гудамжны 410 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;
3. Б........ овгийн Ч-ын А, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага эрх зүйч мэргэжилтэй, “Мон жүүс” ХХК-нд хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;
Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, 58 дугаар байрны 24 тоотод байрлах М.Сарангэрэлийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.Сарангэрэл гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.Сарангэрэлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн,
Ч.А нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.Сарангэрэл араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отгонмөнхтэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сарангэрэлд гомдолтой байна” гэж М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Б, Ч.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Ц овгийн Б-ын О, Т овгийн Ж-ны Б, Б овгийн Ч-ын А нарт холбогдох 2007001350152 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ч.Агийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Аг цагаатгаж, шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.О нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.О, Ж.Б, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон өшиглөсөн зүйл байхгүй. М.Сарангэрэл гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдон Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 тоот шийтгэх тогтоолоор дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлээд байгаа билээ. Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 100 дугаартай шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
Хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хянаж дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх үед хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд өөрчлөгдөөгүй, прокурорын яллах дүгнэлт, хэргийн нөхцөл байдал хэвээр байхад өмнө гаргасан шийдвэрээ шууд үгүйсгэн Ж.Быг “Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн” хэмээн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Бусдад гүтгүүлсэн гэх хэргийн хохирогч М.Сарангэрэл өмнө нь цагаатгасан шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, дахин хэлэлцсэн шүүх хуралдаанд оролцоогүй зэрэг байдлыг Ж.Быг цагаатгасан шүүхийн шийдвэрийг хохирогчийн хувьд зөвшөөрсөн гэж үзэж байна.
2. Анхан шатны шүүх Ж.Бд ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гээд Б.О, Ж.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж ирсэн байдлыг, учирсан хохиролд хохирогчоос уучлал гуйгаагүй, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хувийн байдалд шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өгч байгаа байдал зэргийг харгалзан үзсэн” гэжээ.
Шүүхийн эдгээр дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хуульд заагаагүй, ял шийтгэл хүлээлгэх хууль ёсны бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгоос ангид, бусдын эрх зүйн байдлыг дордуулсан, шударга ёсны зарчмаас хазайсан, ямар нэг аргаар ял оногдуулахыг хичээсэн тайлбар гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” бол ял шийтгэл оногдуулахаар заасан байдаг. Ж.Бын хувьд хэрэг болсон 2020 оны 3 дугаар сарын 2-ны шөнө хохирогч Ч.Агийн бусдад зодуулсан гэх хэргийн газраас шууд цагдаагийн байгууллагад хүргэгдэн эрүүлжүүлэх байранд хоноод 3-ны өглөө хохирогч, гэрч, холбогдогч нарын хэнтэй нь ч уулзаагүй, хэргийн талаар ярилцаагүй, харин өөрийн нүдээр үзсэн харсан, санаж мэдэж байгаа зүйлээ гэрчийн хувьд мэдүүлсэн байдаг. Ж.Бын мэдүүлэг худал болох, Б.О Ч.Аг зодож гэмтээсэн болох, М.Сарангэрэл бусдыг зодож гэмтээгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд удаа дараагийн шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтууд, гэрч нарын мэдүүлгүүдээр бүрэн үндэстэй тогтоогдож чадаагүй. Хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, болсон хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв мэдүүлж чадах гэрч Б.Галмөнх мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогч Ч.Аг Б.О зодож гэмтээгээгүй гэдгийг удаа дараа нотлон мэдүүлсэн. Харин Ч.А яагаад Б.Оөд зодуулсан гэж гомдол гарган, ар гэр лүүгээ утасдах болсон, цагдаагийн байгууллагад анхны мэдүүлгээ ямар нөхцөл байдалд өгсөн талаараа мэдүүлдгээс гадна хэргийг шалгаж байсан ажилтнууд шалгах ажиллагаа удааширч, гэрч хохирогч нарын мэдүүлэг зөрснөөс түвэгтэй байдал үүсч байгааг үндэслэн хууль бус аргаар хэрэг хүлээлгэх оролдлого, ятгалга явуулж, тэдэнд хэлэх үгийг нь хүртэл зааж өгснөөр эцэст нь Б.О Ч.Аг зодсон гэх мэдүүлэг өгөхөд хүрсэн нь тодорхой байдаг. Ж.Б нь энэ талаар прокурор Д.Аянагүлд амаар болон бичгээр гомдол хүсэлт гарган тухайн байдлыг хэлсэн байдаг ч энэ байдалд дүгнэлт хийгээгүй, гаргасан гомдол хүсэлтэд нь хариу өгөөгүй, болсон байдлыг тодруулах, тогтоох ямарч арга хэмжээ аваагүйгээс гадна шүүх хуралдаанд хэрэг шалгасан ажилтнуудыг дуудан оруулж, давхар яллах ажиллагаа явуулсан нь хэт туйлширсан, яллахын тулд яахаас ч буцахгүйг харуулсан асуудал болсон. Энэ бүх нөхцөл байдал шүүх хуралдааны шинэчилсэн байцаалт, гэрч хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүх Ч.А, Ж.Б нарыг цагаатгасан гэж үздэг.
Харин Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд өмнөх шүүх хуралдаанаар өөрийг нь гэм буруутайд тооцож, Ч.А, Ж.Б нарыг цагаатгасан, гэм буруугаа хүлээсэн тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой гэсэн нөхцөл байдлуудыг үндэслэн гэм буруугийн асуудлаар маргахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хэлсэн ба түүний энэ байр суурь өөрөө Ч.Аг зодож гэмтээсэн, намайг зодсоныг мэдсээр байж Ч.А, Ж.Б нар зориуд худал мэдүүлэг өгч, М.Сарангэрэлийг гүтгэсэн болохыг нотлоогүй юм. Б.Оийн гэмт хэрэг үйлдсэнийг нотлохын тулд хохирогч Ч.А, гэрч Ж.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, ял шийтгэлээр айлган хэргээ нотлох ажиллагаа хийсэнд маш их гомдолтой байна.
3. Анхан шатны шүүх өмнө гаргасан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 100 тоот шийтгэх тогтоолдоо “Анх Ж.Б, Ч.А, Б.Галмөнх нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатанд агуулгад өөрчлөлт орж, М.Сарангэрэлийг буруутгах шинж нь илүү болсон хэдий ч шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралд судалсан дээрх нотлох баримтаас үзэхэд Ж.Б, Ч.А нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Зарим гэрчийн мэдүүлэг зөрүүтэй боловч болсон үйл баримтыг өөр өөр цаг үед харилцан адилгүй нөхцөл байдалд харсан, сонссоноо мэдүүлсэн байх тул тэднийг энэ хэргийн талаар санаатай худал мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй тул дээрх үндэслэлүүдээр улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтийг хүлээж аваагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжгүй, нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв. Иймд Ж.Б, Ч.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, Ж.Б Ч.А нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн. “Мөн шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв” гэж тодорхойлсон. Гэтэл эдгээр нөхцөл байдлууд огт өөрчлөгдөөгүй, өмнөх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд хэвээр, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Галмөнхийн мэдүүлгийг шинжлэн судалж хэлэлцүүлсэн атал Ж.Быг гэм буруутайд тооцож, ял оногдуулаад шүүгдэгч Ч.Аг цагаатгасан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн энэ хэргийн гэрч болох 2 хүний нэг буюу Б.Галмөнх мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралд Ч.Аг Б.О зодож гэмтээгээгүй гэдгийг нотлон мэдүүлдэг, мөрдөгч нар хэргийг шуурхай шийдвэрлэхийн тулд худал мэдүүлэг өгөхийг ятгаж байсныг хэлдэг, хэрэв худал мэдүүлэг өгвөл төрийн албанаас халагдана хэмээн сүрдүүлж байсныг ч ярьдаг. Хэрэв гэрчүүд зориуд худал мэдүүлэг өгч, М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол гэрч Б.Галмөнхийг ямар үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаагүй орхисон нь ойлгомжгүй, мөн Ч.Аг ямар үндэслэлээр цагаатгаж, зөвхөн Ж.Бд ял оноосон нь ч тодорхой бус байна.
4. Улсын Дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 тоот тогтоолд “Мэдүүлгийн нотлох баримтад хамаарах гэрчийн мэдүүлэг нь криминалистик шинжилгээний бусад баримтуудтай харьцуулахад нөлөөлөлд эмзэг баримт сэлтэд тооцогдох бөгөөд шүүн таслах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор “Зориуд” худал мэдүүлэг өгч эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлж, харин гэрчийн эрүүл мэнд, сэтгэл зүй бусад объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар, эсвэл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар Эрүүгийн хуулиар зохицуулсан” гэж заасан. Ж.Бын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хэрэг болсон өдөр хэний ч ятгалгагүйгээр хэний ч заавар зөвлөгөөгүйгээр, тэр ч байтугай өмгөөлөгчгүйгээр мэдүүлгээ өгч 2020 оны 3 дугаар сарын 2-ны шөнө М.Сарангэрэлийн гэрт болсон үйл явдлыг өөрийн харсан, ойлгосон хэмжээнд мэдүүлсэн. Үүний дараа мөрдөгч түүнийг ятгаж, прокурор шүүх дээр очоод тэр үед согтуу байсан, зарим юмаа сүүлд санасан гэж хэлээрэй хэмээн зааж өмнөхөөс өөр мэдүүлэг хэлж өгч гарын үсэг зуруулсан байдаг. М.Сарангэрэл, хохирогч Ч.А нарын хооронд хэрүүл зодоон болсон, үснээс нь зулгааж, шал руу унагаасан асуудал тогтоогдсон. Энэ үед Ч.А коридорт байсан гутлын тавиурыг мөргөсөн байх, Б.О түүнийг зодоогүй гэж гэрч Б.Галмөнх удаа дараа мэдүүлдэг. Ж.Бын хувьд зориуд худал мэдүүлэг өгөх, М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх ямарч зорилго, шаардлага байхгүй бөгөөд М.Сарангэрэл нь хохирогч гэрчид гүтгүүлэн ямар нэг байдлаар хохироогүй, түүнд гэм хор учраагүй. Харин хэрэг гарсан шөнө М.Сарангэрэл цагдаагийн газар дуудагдаж очоод өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн байсныг танил цагдаагаасаа мэдэж, Ч.Агийн биед гэмтэл учруулаагүй гэдгээ нотлох үүднээс өөрт ашигтай мэдүүлэг дахин өгч, уг мэдүүлгийн дагуу хэт нэг талыг барьсан ажиллагаа явагдсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Ж.Б нь Ч.А гэмтсэн хэрэгт зориуд худал мэдүүлэг өгч М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориудаар гүтгээгүй, Ж.Бын мэдүүлгийн улмаас М.Сарангэрэлд учирсан хохирол байхгүй, цагдаа шүүх дээр олон удаа дуудагдаж явах нь түвэгтэй байна гэснээс өөр гомдол санал хэлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, Ж.Б, Ч.А нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудаас Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 186 тоот шийтгэх тогтоолын Ж.Быг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар Ж.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч бид хоёр хамтарч гомдол гаргасан. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Тухайн үед болсон зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад худал мэдүүлсэн зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Оийн эрүүгийн хариуцлагын тухайд өмгөөлөгч миний хувьд Б.Оийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргахад Б.Оөөс болж энэ хэрэг удааширч 2 жил болсон тул танай үйлчлүүлэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж тайлбарлаад хамруулаагүй. Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, 58 дугаар байрны 24 тоотод байрлах М.Сарангэрэлийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэргийг дахин хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Оийг хохирогч Ч.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Быг “Б.О Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.Сарангэрэл /Гэрлээ/ гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу өшиглөөд байсан” хэмээн бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэж тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан.
Харин шүүгдэгч /хохирогч/ Ч.Аг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Ч.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэхээр байна.
Учир нь хэрэгт авагдсан гэрч Б.Галмөнхийн “...М.Сарангэрэл, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар унасан, Б.О хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Сарангэрэлийн “Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.А газар уначихсан, Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль, манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Даваахүүгийн “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ, хаана байгаагаа хэлээч гэхэд “Отгонмөнх зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Чулуунбаатарын “...шөнө унтаж байхад манай хөгшин рүү Ариука залгаад хэлэхдээ Б.О намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ч.А нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.А нь хэрэг болсон өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлсэн /анхны/ “Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан, өвдөж байна. Тухайн үед миний хажууд Мөнхгэрэл /Сарангэрэл/, Галмөнх, Баяраа нар хараад байж байсан” гэсэн мэдүүлгүүд авагдсан.
Дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Б.О нь хохирогч Ч.Агийн зүй бус үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан ба хохирогч Ч.А нь энэ талаараа өөрийн эх Н.Даваахүүтэй утсаар холбогдож хэлэхэд эцэг Ч.Чулуунбаатар нь хэрэг болсон газарт очиж охинтойгоо уулзаж цагдаад мэдэгдэж, улмаар цагдаагийн байгууллагийн жижүүрийн албан хаагчид ирж шүүгдэгч Б.О, Ж.Б нарыг эрүүлжүүлж, хохирогч Ч.А, гэрч М.Сарангэрэл нараас тэр даруй мэдүүлэг авахад хохирогч Ч.А Б.Оөд хэрхэн яаж зодуулсан талаараа мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.А нь өөрийнх нь биед хэн, хэрхэн халдсан гэдгийг хэн хүнээс илүү мэдэх хүний нэг ба энэ тухайгаа ч тэрээр хэрэг болсон өдөр анх цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг.
Гэтэл шүүх хохирогч Ч.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн шүүгдэгч Б.Оийг гэм буруутайд тооцсон атлаа хохирогч /шүүгдэгч/ Ч.Аг “...М.Сарангэрэл араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Б.Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сарангэрэлд гомдолтой байна.” гэж М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүх шүүгдэгч Б.Оийг гэм буруутайд тооцох үндэслэлдээ хохирогч Ч.Агийн анх цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн “...М.Сарангэрэл араас гүйж ирээд үснээс зулгааж, татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Б.Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сарангэрэлд гомдолтой байна.” гэсэн мэдүүлгийг үндэслэлээ болгосон атлаа шүүгдэгч Ч.Аг цагаатгах үндэслэлдээ мөн адил дээрх нотлох баримтыг дурдсан нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт шаардлагатай бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсан боловч эргэлзээтэй байдал үүссэн гэж дүгнэсэн. Ч.А нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг дууссаны дараа мөрдөгчөөс тодруулж асуусан асуултад хариулсаныхаа төлөө яллагдагчаар татагдсан. “Сарангэрэл зодсон байж магадгүй” гэдэг байдлаар мэдүүлсэн. Үүнийг прокуророос мэдүүлгийн зөрүү гарсан гэж үзээд байдаг. Анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ч.Ад ял халдаах нотлох баримт энэ хавтас хэрэгт байдаггүй. Зодсон болохыг нь харсан хоёр гэрч нь Ч.Агийн төрсөн эцэг, эх нь байдаг. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийг Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ч.Агийн эсрэг ашиглах боломжгүй. Сарангэрэл яаж хохирсон юм бэ, ямар учраас хохирогчоор тогтоогдсон болохыг ойлгохгүй байна. Ж.Б, Ч.А нар худал мэдүүлэг өгсөн бол энэ нь шүүн таслах ажиллагааны гэмт хэрэг юм. Сарангэрэл хохирогчоор тогтоогдох ямар ч үндэслэлгүй. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.О, Ж.Б, Ч.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Оийг “хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ж.Б, Ч.А нарыг “иргэн М.Сарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Агийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг хамааруулан ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх гэрч Б.Галмөнхийн “...М.Сарангэрэл, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар унасан, Б.О хажууд нь байсан.” /1хх 41-42/ гэсэн мэдүүлэг,
гэрч М.Сарангэрэлийн “...Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.А газар уначихсан, Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль, манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан.” /1хх 43-46/ гэсэн мэдүүлэг,
гэрч Н.Даваахүүгийн “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ, хаана байгаагаа хэлээч гэхэд “Отгонмөнх зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн” /1хх 51-52/ гэсэн мэдүүлэг,
гэрч Ч.Чулуунбаатарын “...шөнө унтаж байхад манай хөгшин рүү Ариука залгаад хэлэхдээ Б.О намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ч.А нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан” /1хх 49-50/ гэсэн мэдүүлгэн нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал, хэрэгт холбогдсон Ч.Агийн үйлдэл, санаа зорилго, сэдэлттэй нийцээгүй байна гэж үзэв.
Иймд Ч.Ад холбогдох хэргийг “үндэслэлгүй цагаатгасан” талаарх бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Ж.Б, Ч.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.О, Ж.Б, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ