Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2024/00067

 

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******холбогдох 728,089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5% хүүтэй зээл олгосон ба 2022 оны 03 дугаар сарын 01-нд 793,735 төгрөгийн нэмэлт зээл авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч **** нь гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдэгчтэй утсаар холбогдох болон ээжтэй нь уулзаж сануулж байсан ч зээлийн эргэн төлөлтийг хуваарьт заасны дагуу бүрэн төлж барагдуулаагүй 383 хоног хугацаа хэтэрч байгаа. Иймээс үндсэн зээл 476,019 төгрөг, үндсэн хүү 210,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,638 төгрөг, нийт 728,089 төгрөгийг **** гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ***** ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр **** овогтой **** зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэл өгсөн. **** нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч **** холбогдуулан 728,089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч ******  зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй энэ тохиолдолд хариуцагчийн тайлбар шаардлагагүй бөгөөд хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлагыг төлж биелүүлсэн байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,024 төгрөгийн 50 хувь буюу 11,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,012 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***** холбогдох 728,089 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,024 төгрөгийн 50 хувь буюу 11,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,012 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                ШҮҮГЧ                      Э.ДУЛМАА