Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 96

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Чонод овогт Чулууны Отгонбаатарт холбогдох 201711000144 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 05 сарын 20-ны  өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Чонод овогт Чулууны Отгонбаатар. / РД: ЖЮ82052076/

 

 Шүүгдэгч Чонод овогт Чулууны Отгонбаатар нь 2017 оны 03 сарын 29-ний Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” нэртэй хилийн боомтоор 31-38 ДОР улсын дугаартай Истана маркийн авто машины бүхээгт болон дугуйнд хилээр гаргахыг хязгаарласан 157 кг үхийн мах гаргасны улмаас 471000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолоор/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

            Шүүгдэгч Чонод овогт Чулууны Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй                        гэжээ.     

             Гэрч Энхбаатарын Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би хувиараа “Истана” машинтай хүн тээвэрт явдаг юм. Ч.Отгонбаатар бас хүн тээвэрт явдаг байсан учраас танилцаж харилцаа холбоотой байдаг найзууд болсон. Би 2017 оны 01 сарын дундуур Отгонбаатарын 31-38 ДОР улсын дугаартай Истана” машиныг 2 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Машины эзэмшигчийн шилжүүлгийг хийж амжаагүй байгаа. 2017 оны 03 сарын 27-28-ны өдрийн орчим Отгонбаатартай уулзахад “Урагшаа хил рүү 2 хоног яваад ирье машинаа өгөөч” гэхээр нь өгч явуулсан. Түүнээс хууль бус зүйл тээвэрлэн  авч явах талаар хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31/

Гэрч Баяраагийн Саранзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 сарын 29-ний өдөр Чойбалсан сумын нутагт байрлах Хавиргын боомтон дээр гаалийн байцаагчаар ажиллаж байхад 15 цагийн орчим гаалийн хяналтын талбайд орж ирсэн Ч.Отгонбаатар гэх хүний эзэмшлийн цагаан өнгийн “Истана” маркийн 31-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт хийсэн. Уг машины жолоочоос гадна 12 зорчигчтой гэж гаальд мэдүүлсэн. Хяналт шалгалт хийхэд жолооч Отгонбаатар нь хажууд байсан ба бусад зорчигч нар гаалийн талбайд ороод ачаа тээшээ аваад дотогшоо орсон байсан. Машиныг шалгахад запас 1 ширхэг дугай, заалны хана, таазыг нуувч болгон ашиглаж урьдаар жижиглэн гялгар уутанд хийж гадуур нь скочоор ороож бэлтгэсэн нийт 157 кг үхрийн цул мах хилээр гаргах гэж байсныг илэрүүлэн тээврийн хэрэгслийг эд зүйлийн хамт Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36/

Гэрч Хүдэрчулууны Туяасансар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай нөхөр Отгонбаатар 31-38 ДОР дугаартай машиныг 2015 оны 08 дугаар сарын орчим 4 сая орчим төгрөгөөр худалдан авч Улаанбаатар хот болон Хавирга хилийн боомт руу зорчигч тээвэрлэдэг байсан. Тэр машин нь Ч.Отгонбаатарын нэр дээр бүртгэлтэй байдаг ч 2017 оны 01 сард Батжаргал гэдэг хүнд 2 сая орчим төгрөгөөр худалдсан юм. Хааяа Батжаргалаас машиныг нь гуйн авч хүн тээвэрт явдаг. 31-38 ДОР улсын дугаартай машин нь Батжаргалын өмч юм гэх мэдүүлэг. /хх-ийн 37/

Зөрчлийн бараа материал шилжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04/

Истана маркийн 31-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17/

Чойбалсан сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 20, 40/

Хэрлэн сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 24/

Автомашин худалдах-худалдан авах гэрээ /хх-ийн 58/

2017 оны 05 сарын 26-ны өдрийн Дорнод аймгийн Автотээврийн төвийн 128 дугаартай албан тоот / хх-ийн 62/

2001 оны 03 сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай 54 дугаар тогтоол / хх-ийн 76/

Монгол Улсын Хилээр нэвтрүүлэхийг нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлогдсон жагсаалт / хх-ийн 77-78/

            Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Ч.Отгонбаатарын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 85/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/  зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Чонод овогт Чулууны Отгонбаатар нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  “Хавирга” хилийн боомтоор 2017 оны 03 сарын 29-ний өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 471000 төгрөгийн үнэлгээтэй 157 кг үхрийн махыг Истана маркийн 31-38 ДОР улсын дугаартай авто машины бүхээгт болон дугуйнд нууж 471000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Батжаргал, Б.Саранзаяа, Х.Туяасансар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлгүүд болон зөрчлийн бараа материал шилжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04/, истана маркийн 31-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17/, Чойбалсан сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 20, 40/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 24/, Автомашин худалдах-худалдан авах гэрээ /хх-ийн 58/, 2017 оны 05 сарын 26-ны өдрийн Дорнод аймгийн Автотээврийн төвийн 128 дугаартай албан тоот / хх-ийн 62/, 2001 оны 03 сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай 54 дугаар тогтоол / хх-ийн 76/,  Монгол Улсын Хилээр нэвтрүүлэхийг нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлогдсон жагсаалт / хх-ийн 77-78/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай  батлагдан тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ч.Отгонбаатар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгслийн  эд ангийг зориуд нуувч болгон ашиглан үйлдэж, нийт 471000  төгрөгийн хохирол учруулжээ.  

Шүүгдэгч Ч.Отгонбаатарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал нь дээрдсэн тул Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1-д зааснаар хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Ч.Отгонбаатарт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  зүйлчилж, ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Отгонбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 31-38 ДОР улсын дугаартай, Истана маркийн авто машин нь Э.Батжаргалын   эзэмшлийн машин мөн болох нь гэрч Э.Батжаргалын “Би 2017 оны 01 сарын дундуур Отгонбаатарын 31-38 ДОР улсын дугаартай Истана” машиныг 2 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Машины эзэмшигчийн шилжүүлгийг хийж амжаагүй байгаа. 2017 оны 03 сарын 27-28-ны өдрийн орчим Отгонбаатартай уулзахад “Урагшаа хил рүү 2 хоног яваад ирье машинаа өгөөч” гэхээр нь өгч явуулсан. Түүнээс хууль бус зүйл тээвэрлэн  авч явах талаар хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31/ зэргээр нотлогдож байх тул уг машиныг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ч.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг, Дөрөө хорооны 2-1 тоотод байрлах 700 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Батжаргалд буцаан олгохоор шийдвэрлэсэн тул уг машиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүний  баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЮ 82052076 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгохоор  шийдвэрлэв.      

Шүүгдэгч Ч.Отгонбаатар нь анх удаагаа  гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн зан төлөв, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч Чонод овогт Чулууны Отгонбаатарыг Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлсан буюу хориглосон эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Чулууны Отгонбаатарыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Ч.Отгонбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих  учрыг мэдэгдсүгэй.   

  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар ялтан Ч.Отгонбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2000000 төгрөгний үнэ бүхий 31-38 ДОР улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн ачааны авто машиныг эзэмшигч Э.Батжаргалд буцаан олгосугай.   

 5. Ялтан Ч.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ялтан Ч.Отгонбаатарын ЖЮ 82052076 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.  

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ч.Отгонбаатарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 35000000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 8-р байрны 40 тоотын 35 м2  бүхий 3 өрөө байрыг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх, 2000000 төгрөгний үнэ бүхий 31-38 ДОР улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн ачааны автомашиныг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ч.Отгонбаатарт урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ч.Отгонбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ