Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2024/00090

 

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие **** анх 2008 онд танилцаж бидний дундаас 2011 онд том охин ****, 2015 онд дунд охин ****, 2019 онд бага хүү **** нар төрсөн. Бид хоёр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Хүүхдүүд одоо миний асрамжид байгаа учир 2011 онд төрсөн охин ****, 2015 онд төрсөн охин ***, 2019 онд төрсөн хүү **** нарт эцэг ***** хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Хархорин суманд шилжиж ирээд өгөх байх гээд тус шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Өмнө нь Сүхбаатар дүүргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Иймд шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгч **** өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулсан шүүхийн шийдвэр гарсан. Буруу ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж тайлбарыг бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл байх тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл байх тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                ШҮҮГЧ                      Э.ДУЛМАА