Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/180

 

О.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдбх шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Ут холбогдох 2103 00000 0292 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн О-ийн У, 20...оны ... дүгээр сарын ...ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .......... хамт ...... дүүргийн ... дугаар хороо, .......... дугаар гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

О.У нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 22.45 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний гудамж, Содон хорооллын баруун урд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Nissan Tiida” маркийн 09-71 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Батбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн О-ийн У-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.У энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол (ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал), хор уршигтай холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд хохирогчид эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулсандаа үнэхээр их харамсаж байна. Би аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг бөгөөд айлын том хүүхэд учир өөрт таарсан хар бор ажил хийж аав ээждээ тус нэмэр болж гэр бүлийнхээ эдийн засагт хувь нэмэр болж дүү нараа харж ханддаг байсан. Гэвч энэхүү хэргийн улмаас аав, ээж гэр бүлдээ сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулаад зогсохгүй зүгээр явж байсан гэмгүй хүнийг мөргөж эрүүл мэндийг нь хохироон мөн л сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохироосондоо маш их гэмшиж өөрийгөө буруутгаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж шүүхээс ногдуулсан ялыг ойлгож байгаа хэдий ч алдаж онож байгаа залуу хүн надад боломж олгож нэг жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Би гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал хохиролд 1.134.000 төгрөг, шүүхийн шатанд 984.041 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн бөгөөд шүүхээс намайг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Хохирогч Т.Баянбилэгийн эрүүл мэндэд цаашид 2022 оны 1 дүгээр сар гараад хагалгаа хийх хэрэгтэй гэсэн тул нэмж эмчилгээний зардал мөнгө өгөх шаардлагатай болно. Манай гэр бүлийн амьдрал тийм ч хангалуун биш, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, бага насны 3 дүүтэй бөгөөд аав маань тогтвортой биш ажил хийдэг ч гэр бүлд маань төдийлөн хүрэлцдэггүй, дээр нь хохирогчид эмчилгээний зардал мөнгө цаашид төлөх хэрэгтэй болох үед би гэр бүлдээ улам бүр л дарамт үзүүлэх болоод байна. Иймд миний гэр бүлийн болон хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг маань хөнгөлж, тэнсэж өгнө үү. Миний бие хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгож гэмшиж байгаа бөгөөд цаашид өөрийнхөө аливаа үйлдэлдээ анхаарч архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, хэрэг зөрчилд холбогдохгүй, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхаа амлаж байна.” гэв.

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Уын холбогдсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй гэж дурдсан боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн хуульд заасан ялыг хөнгөрүүлэх, тэнсэх боломжийг хэрэглэх нөхцөл байдал байхад хэрэглээгүй байна. Ялтан О.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа аваагүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир шүүх хурлын үед сандарсан, айсандаа өөрийгөө өмгөөлөх, нөхцөл байдлаа тайлбарлаж чадахгүй бөгөөд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, тэнсэх боломж байдаг эсэх талаар ямар ч ойлголтгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харагдаж байна. Шүүгдэгч шүүх хуралдааны явцад өөрийгөө өмгөөлөх, мэтгэлцэх, прокурорын ялын саналыг эсэргүүцэх, хөнгөрүүлэх, тэнсэх хүсэлт тавьж чадаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.134.000 төгрөг, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтаар 984.041 /эрүүл мэндэд учирсан хохиролтой хамааралгүй шатахууны зардал гэх мэт хамааралгүй зардлыг хүртэл нөхөн төлсөн/ төгрөг тус тус төлсөн бөгөөд шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэр бүлийн амьдрал, амьжиргааны түвшин доогуур зэрэг хувийн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримт, шийтгэх тогтоолд дурдсан хэдий ч энэхүү нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгчид ашигтай цагаатгах нотлох баримт, үндэслэл, Эрүүгийн хуульд заасан ялаас чөлөөлж тэнсэх хуулийн боломжийг хэрэглээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой байдаг хэдий ч мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх /шүүгдэгчийг хорихгүйгээр тэнсэж ажил хөдөлмөр хийж хохирогчийн эрүүл мэнд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх боломж олгох/, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байх нь зүйтэй. Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж хорих ял оногдуулсан байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1197 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтан О.Ут оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэнсэж үүрэг хүлээлгэн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн явган зорчигч гарцаар гарч байхад мөргөж хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирогчид 1.134.000 төгрөгийг төлсөн. Гэхдээ хор уршиг арилаагүй. Эдгээр бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж прокуророос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар хорих ялын дээд хэмжээ 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх санкцтай. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзаад шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял оногдуулсан. Өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд орсон гэж байна. Өмгөөлөгчтэй оролцох эрхээр нь хангасан, тайлбарлаж өгсөн. Процессийн зөрчил гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Энхсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч О.Ут холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.У нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 22.45 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний гудамж, Содон хорооллын баруун урд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Nissan Tiida” маркийн 09-71 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Батбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад  нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, магадлалын үндэслэл болгов. Үүнд:

хохирогч Т.Батбилэгийн “...Явган хүний гарцтай замаар зүүнээс баруун тийш чиглэлд урдаас хойш явах чиглэлийн автомашинууд, хойноос урагш чиглэлд автомашин мөн зам тавьж өгөхөөр нь урдуур нь гарах гэтэл хойноос урагш чиглэлд 1 автомашин маш хурдтай гэрэл нь гялбаад ороод ирэхээр нь зугтах санаатай эргэтэл намайг мөргөөд урсгал сөрж ороод зогссон. ...” /хх 15/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Жамбын “...Ууганаа бид 2 тэр хүнийг хүлээж байхдаа 2 литрийн 2 ширхэг пиво уусан. Халиунаа огт уугаагүй. Хүлээсэн хүн ирэхгүй болохоор нь Баянхошуу явах зорилгоор жолоочийн ард би, нөгөө талд Халиун суугаад 21 дүгээр хорооллын гэрлэн дохиогоор эргээд Содон хорооллын баруун талд явж байтал юм мөргөх шиг болоод урсгал сөрөөд зогссон. Бид хоёр буугаад очиход хүн газарт хэвтэж байсан. ...Осол гарах үед би цонхоор тамхи татаад явж байсан учир яг юу болсныг сайн мэдээгүй. ...Ууганаа нэлээд хурдтай яваад байсан. ...” /хх 43-44/ гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Ууганцэцэгийн “...Содон хорооллын баруун замд урдаас хойш явж байтал эсрэг урсгалд явж байсан автомашин манай урсгалд ороод ирэхийг нь хартал хамар дээр нь хүн мөргүүлээд гарчихсан. Жаахан яваад манай машины урдаас тулж ирж зогсоод нөгөө хүн нь зүүн тал руугаа газар унасан. ...Жолооч нь согтуу байсан, бууж ирээд тамхи татаад зогсоод байсан. Нөгөө машин холын гэрэлтэй явж байсан. ...” /хх 47/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Мөнхдалайгийн “...Би “Тоёота Приус” маркийн 21-60 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байсан. Гэтэл Содон хорооллын баруун замд урдаас хойш явж байтал эсрэг урсгалд явж байсан автомашин явган хүний гарцаар зүүнээс баруун гар тийш зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөөд, хамар дээрээ авч, эсрэг урсгалд миний машины урдаас тулаад зогссон. Хүн нь зүүн тал руугаа газарт унасан. ...Жолооч нь согтуу байсан. Бууж ирээд тамхи татаад, гөлийгөөд зогсоод байсан. Жолооч нь өврөөсөө хоёр пиво гаргаж хаяад байх шиг байсан. ...” /хх 50/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8869 дугаартай “...Т.Батбилэгт духны баруун хэсэг, баруун хөмсөг зовхи хацар, уруул, тохойд зулгарал, баруун 9 дүгээр хавирга, зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн дал ясны их биеийн хугарал, сээрний 4-6 дугаар нугалмын шахагдсан хугарал, өвдөгний үеийн гадна холбоос суналт, дотор холбоосын бүрэн урагдал, тойгны урд ба арын чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, тойгны дотор даруулган холбоосын хэсэгчилсэн урагдал, эрээн булчингийн дотор толгойн хэсгийн хэсэгчилсэн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх 60-61/ гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны 230 дугаартай мөрдөгчийн “...Н.Тида маркийн 09-71 УНЦ улсын дугаартай автомашины жолооч О.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” /хх 81/ гэх магадлагааг тус тус нотлох баримтад тооцлоо.

Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 9/, шүүгдэгч О.Уыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй” гэх албан бичиг “/хх 88/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Уыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Уын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэл ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Батбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч О.У нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1197 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1197 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                     ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ