Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган, улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгч Э.Дамдингомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрч овогт Энхбаатарын Дамдингомбод холбогдох эрүүгийн 1721000000055 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р баг “Дэхт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, сэтгэцийн группт байдаг Зээрч овогт Энхбаатарын Дамдингомбо.   /РД:ЖЯ 90033174/,  

Шүүгдэгч Э.Дамдингомбо нь 2017 оны 08 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэхт” гэх газар Ж.Алгирмаагийн нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Энхбаатарын Дамдингомбо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 15-ны өдөр буяны ажилтай байсан учраас хашаандаа нэг үхэр нядалсан юм. Манай ээж Энхцэцэг, Алгирмаа эгчид үхэр муухай ажиллаа, цус нөжтэй нь хольчихлоо гэх хэлэхэд юун сүртэй юм, та нарт хамаагүй гэх мэтээр хэлсэн. Тэгэхэд манай ээж Алгирмаа эгчид “...үхэр мал орой ирээд цус хараад мөөрчихнө” гэж хэлэхэд “сүртэй юм цэвэрлэчихнэ л биз дээ” гэхэд ээж зайл гичий минь гэсэн. Гэтэл ээжийн өөдөөс салаавч гаргахаар нь би уурлаад Алгирмаа эгчийн уруул руу нь 1 удаа гарынхаа алгаар цохисон, тэгэхэд шүдэнд нь цохигдсон” гэх  мэдүүлэг /хх-ийн 30/

Хохирогч  Жамьянгийн Алгирмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 15-ны өдөр Хэрлэн сумын 5-р баг Дэхт гэх газарт байдаг хадам ээжийн хамаатан болох Энхцэцэг гэх айлынд очсон юм. 12 цагийн орчимд Энхцэцэг эгч махыг нь цус болголоо гэдэс янзалж чадахгүй хүмүүс авчирлаа гээд уурлаад байхаар нь би Энхцэцэг эгчид та юу гээд байгаа юм бэ” гэхэд “...дуугуй бай, гичий минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та ч гэсэн гичийгээс гарсан биз дээ” гэж хэлэхэд Энхцэцэг эгчийн хүү Дамдингомбо надруу ирээд миний уруул руу нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний уруулаас цус гарсан бөгөөд уруул минь язарсан байсан. Хохирлын мөнгө гэж нийт 28000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/     

Гэрч Одгэрэлийн Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Энхцэцэг эгч  Алгирмаа эгчийг дахиад гүзээгээ унжуулсан гичий гэхэд Алгирмаа эгч өөдөөс нь та ч гэсэн гичийгээс гараагүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Энхцэцэг эгчийн хүү гэх бүдүүн бор залуу гүйж ирээд Алгирмаа эгчийн уруул орчимд нь цохисон. Тэр үед Алгирмаа эгчийн зүүж байсан нүдний шил газар унаж байсан мөн уруулаас нь цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 485 тоот дүгнэлтэд

1. Ж.Алгирмаагийн биед доод уруул язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 29/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол / хх-ийн 11/

Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шүүгдэгч Э.Дамдингомбыг хэрэг хариуцах чадвартай байна гэсэн 39 тоот дүгнэлт / хх-ийн 31/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн ажлын албаны шүүгдэгч Э.Дамдингомбын талаархи тодорхойлолт / хх-ийн 43/

Урьд нь ял шийтгээгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.  

 Шүүгдэгч Э.Дамдингомбыг хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:       

Шүүгдэгч Энхбаатарын Дамдингомбо нь 2017 оны 08 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэхт” гэх газар Ж.Алгирмаагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Дамдингомбын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “Манай ээж Энхцэцэг, Алгирмаа эгчид үхэр муухай ажиллаа, цус нөжтэй нь хольчихлоо гэх хэлэхэд юун сүртэй юм, та нарт хамаагүй гэх мэтээр хэлсэн. Тэгэхэд манай ээж Алгирмаа эгчид “үхэр мал орой ирээд цус хараад мөөрчихнө” гэж хэлэхэд “сүртэй юм цэвэрлэчихнэ л биз дээ” гэхэд ээж зайл гичий минь гэсэн. Ээжийн өөдөөс салаавч гаргахаар нь би уурлаад Алгирмаа эгчийн уруул руу нь 1 удаа гарынхаа алгаар цохисон, тэгэхэд шүдэнд нь цохигдсон” гэх  мэдүүлэг /хх-ийн 30/, түүний мэдүүлгийг давхар нотолсон  гэрч О.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “...Энхцэцэг эгч  Алгирмаа эгчийг дахиад гүзээгээ унжуулсан гичий гэхэд Алгирмаа эгч өөдөөс нь та ч гэсэн гичийгээс гараагүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Энхцэцэг эгчийн хүү гэх бүдүүн бор залуу гүйж ирээд Алгирмаа эгчийн уруул орчимд нь цохисон. Тэр үед Алгирмаа эгчийн зүүж байсан нүдний шил газар унаж байсан мөн уруулаас нь цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 17-ны өдрийн 485 тоот дүгнэлтэд: "…Ж.Алгирмаагийн биед доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 29/ гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч Э.Дамдингомбод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч Э.Дамдингомбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:     

Шүүгдэгч Э.Дамдингомбын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 17-ны өдрийн 485 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Дамдингомбо нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.     

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Э.Дамдингомбын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан   аль тохирох ялаар шийтгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Дамдингомбо нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 28000 төгрөгийг төлөөгүй ба уг хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул   шүүгдэгчээс 28000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Алгирмаад олгохоор шийдвэрлэв.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 10000 /арван мянга/ төгрөгийг болон бичгийн баримтаар ирсэн ЖЯ 90033174 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Зээрч овогт Энхбаатарын Дамдингомбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбаатарын Дамдингомбыг   240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Дамдингомбо нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Э.Дамдингомбоос бусдын эрүүл мэндэд хохирол учруулсаны төлбөрт 28000 төгрөгийг гаргуулж хохирогч Доронд аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, 41-11 тоотод оршин суух Жамьянгийн Алгирмаад олгосугай.       

5. Ялтан Э.Дамдингомбо нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЯ 90033174 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зааснаар ялтан Э.Дамдингомбын эзэмшлийн эд хөрөнгнөөс битүүмжилсэн АН 9304655 серийн дугаартай 5000 төгрөг, АР 4974667 серийн дугаартай 5000 төгрөг нийт 10000 /арван мянган/ төгрөгийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Дамдингомбод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ