Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0753

 

 

 2023          10           11                                    128/ШШ2023/0753

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К*******” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Б*******, Б.Б*******,

Маргааны төрөл:Татвараа хугацаанд нь төлөөгүйд торгууль, алданги ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, Ч.Э*******, Э.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагч Б.Б*******, Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар К******* ХХК-ийн 2013-2017 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309896 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,440,258,678.50 төгрөгийн зөрчилд 351,668,405.10 төгрөгийн төлбөр ногдуулсан.

2.2. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар тогтоолоор 568,138,936.31 төгрөгийн зөрчилд ногдуулсан 85,220,840.43 төгрөгийн төлбөрийг хасаж, 872,119,742.19 төгрөгийн зөрчилд ногдох 266,447,564.67 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээжээ.

2.3. К******* ХХК дээрх төлбөрөөс 260,499,058.50 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргаснаар тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 588 дугаар магадлалаар татварын улсын байцаагч нар хяналт шалгалтаар холбогдох ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаа тогтоож шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн.

2.4. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын  байцаагч Б.Б*******, Ц.Б******* нар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21211203980 тоот томилолтоор 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн шалтгааныг арилгах зорилгоор зөвхөн тухайн зөрчилд хамаарах албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт  шалгалт хийж.

2.5. Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 603,384,381.5 төгрөгийн зөрчилд 169,690,203.26 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 249,444,598.7 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

2.6. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд ногдуулсан 115,798,556.43 төгрөгийн торгуулийг хасаж, 603,384,381.5 төгрөгийн зөрчилд 53,891,646.83 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 133,646,042.36 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр үлдээж шийдвэрлэжээ. 

Гурав. Талуудын маргаж буй үндэслэл, тайлбар:

3.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Татварын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь гомдлыг бүрэн хангаагүй байх тул дараах үндэслэлүүдээр няцааж, актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Үүнд:

1/ Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт гэх захиргааны акт үйлдэх хууль зүйн үндэслэлгүй талаар:

Нөхөн ногдуулалтын акт гэх ойлголт, нэр томьёо нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т "Нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албаны тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг ойлгоно гэжээ. Тэгвэл энэ хуулийн 6.1.13-т “Нөхөн ногдуулалт” гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг ойлгоно гэсэн байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т "татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах" гэж заасан байна.

Хуулийн дээрх зүйл заалтуудаас үзэхэд татвар төлөгчөөс хуульд заасны дагуу өөрөө тодорхойлж, төлөх учиртай татварын дүнг татвар төлөгч өөрөө тодорхойлоогүй, эсхүл бүрэн зөв тодорхойлоогүй байсан нь татварын хяналт шалгалтын явцад илэрвэл улсын байцаагч нар уг татварыг нөхөн ногдуулж, тухайн дүнд тохирсон алданги ногдуулах учиртай байжээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн дун нь нөхөн төлүүлэх татвар, түүн дээр тухайн нөхөн ногдуулсан татварын дүнгээс тооцсон торгууль, алдангиас бүрдэнэ. (Нөхөн төлүүлэх татвар + Торгууль + Алданги = Актын нийт дүн) Дээрх татварын байцаагч нарын татвар ногдох дүнд оногдуулсан алданги, торгуулийн дүн хамт байж сая "нөхөн ногдуулалтын акт" хуулийн шаардлага хангаж, иж бүрэн болж, албажих байжээ.

Гэтэл Татварын маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоолд "Учир нь Татварын ерөнхий хууль (2019 оны)-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Татварын хяналт, шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасан хэдий ч Зөрчлийн тухай хуулиар татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт алданги тооцох харилцааг Татварын ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул эдгээр зөрчлийг нэгтгэн нөхөн ногдуулалтын актаар хариуцлага оногдуулсан нь хуульд нийцсэн байна" гэж дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.       

Татварын маргаан таслах зөвлөлийн дээрх дүгнэлт Татварын ерөнхий хуулийн 6.1.13, 6.1.14, 44.1, 79.4.3 дахь заалтын зохицуулалттай нийцэхгүй байна. Учир нь татварын хяналт шалгалтаар "0 төгрөгийн нөхөн татвар" гэж тодорхойлсон байдаг бөгөөд татвар ногдох орлогоо нэхэмжлэгч зөв тодорхойлсон болох нь шалгалтын явцад тогтоогддог. Нэгэнт нөхөн татварын асуудал байхгүй тул түүнд тооцогдох алданги, торгуулийг хэрхэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх талаар үнэн зөв дүгнэлт хийх байсан.

2/ Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар 2017 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 4,046,602.80 төгрөгийн торгууль, 1,901,903.30 төгрөгийн алданги, нийт 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байдаг. Энэ төлбөрийг нэхэмжлэгч төлж барагдуулсан хэдий ч маргаан бүхий захиргааны акт болох Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 13 дугаар тогтоолоор дахин төлөх, давхар татвар төлөх буюу үндэслэлгүйгээр хуульд заасан хэмжээнээс их хэмжээний татвар төлөх нөхцөл үүссэн гэж үзэж байна. Учир нь уг тогтоолд "Гомдол гаргагч нь татварын улсын байцаагчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 0309896 дугаар шийтгэлийн хуудсаар хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлсөн хэдий ч татварын улсын байцаагчийн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн НА-21210000069 дүгээр нөхөн ногдуулалтын акт гарснаар өмнөх шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд зөвшөөрсөн дээрх торгууль, алдангийн ногдуулалт мөн адил хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, өмнөх шийтгэлийн хуудас хүчингүй болсон тул шинэ актаар торгууль, алдангийг ногдуулж, харин татвар төлөгч уг төлбөрийг төлсөн тул дахин төлөхгүй юм" гэж дүгнэжээ. Гэтэл шийтгэлийн хуудас хүчингүй болсон ямар нэгэн эрхийн акт гараагүй, нөхөн ногдуулалтын актаар шийдвэрлээгүй Маргаан таслах зөвлөлийн тогтоолын тогтоох хэсэгт тусгагдаагүй байх тул хүчингүй болгосон гэж үзэхээргүй байна.

Нэгэнт нөхөн ногдуулалтын актыг Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцэж шийдвэрлэж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, "Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох ёстой байсан.

3/ Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 13 дугаар тогтоолын 1 дэх заалтад "Татварын ерөнхий хууль (2006 оны)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус баримтлан .......... өөрчилсүгэй" гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ хуулийн 74.1-д нэрлэн заасан 10 зөрчлөөс аль нэг зөрчлийг нэхэмжлэгчээс гаргаагүй, энэ талаар маргаан бүхий захиргааны актад огт тусгагдаагүй болно. Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 13 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", 40.3-т "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана" гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаж чадаагүй тул уг тогтоол хууль бус байх үндэслэлтэй гэж үзэж байна.

4/ Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алдангийн тооцоолол, хэмжээ нь туйлын ойлгомжгүй байсан талаар бид гомдолдоо дурдсан. Гэтэл дээрх актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 13 дугаар тогтоолд дээрх зөрчлийг залруулж, үндэслэл бүхий тооцооллыг нотлох баримтад тулгуурлан, үнэн зөв хийгээгүй гэж үзэж байна. Энэ талаар нэхэмжлэгч болон гомдол гаргагч талд ямар нэгэн тайлбар хийгээгүй, нотолж чадаагүй болно.

 5/ Хэдийгээр манай компани татварын ногдлоо тодорхойлон тайлагнасан хэдий ч хэд хэдэн шалтгааны улмаас эргэлтийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн дутагдалд орж татвараа хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй болсон юм. Үүнд:

- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулахдаа 14 дүгээр зүйлд мал аж ахуй, газар тариалангийн салбараас гардаг бүтээгдэхүүнийг худалдан авсан үйлдвэрлэгч, хуулийн этгээд НӨАТ шингэсэн гэж үзэн хасалт хийх эрх олгосон боловч түүхий эдийн нэр төрлөөр ялгаварлан, ноос ноолуурыг энэ хуулийн хөнгөлөлтөөс хассан нь ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд татварын ачааллыг нэмэгдүүлсэн болно.

-  Хэдийгээр энэхүү шударга бус, тэгш бус хуулийн зохицуулалт 2020 оны 01 сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөж, ноос ноолуурын худалдан авалтад НӨАТ төлөхгүй болсон хэдий ч 2006 оноос 2019 онд ноос ноолуур ялгаварлан гадуурхагдаж, НӨАТ ногдож байсан болохоор манай компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсний улмаас татварын байцаагч нар дээрх актыг тавихад хүрсэн болно.

-  Улсын Их Хурлаас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2015 онд баталж, энэ хуулийн дагуу "зээлийн хүүгийн хөнгөлөлт"-ийг Засгийн газраас олгохоор болсон тул манай компани үйлдвэрлэлийн төлөвлөгөө, орлого, зардлаа тооцон үйл ажиллагaaraa явуулахад зориулан арилжааны банкнаас өндөр хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл авч, зээлийн хүүгийн хөнгөлөлт Засгийн газраас авна гэж тооцоолсон байтал уг хуулийг хэрэгжүүлээгүй буюу зээлийн хүүгийн зөрүүг улсын төсөвт тусгаагүй, холбогдох журам, тушаал батлагдах гэсээр 2-3 жил хойшилж, түүгээр ч барахгүй 2019 онд хүчингүй болгосноор үйлдвэрлэлийн зардлаа дахин тооцоолох, үйл ажиллагааны зардал нэмэгдэх, хуулийн дагуу үзүүлэх байсан дэмжлэг, санхүүжилтийг орлогоос хасах зэрэг шаардлага гарснаар татвар төлөхөөр төсөвлөсөн зардалд нөлөөлсөн нь НӨАТ-ыг хугацаанд нь төлөх боломжгүй болгож байсан.

-   Дэлхий дахинд "Короно вируст халдвар" тархаж, энэхүү вируст халдварын улмаас манай улсад өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалт, Засгийн Газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар болон 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, хугацааг удаа дараа сунгасан. Ийнхүү хөл хорио тогтоосноос үүдэн борлуулалт багасаж, орлого буурснаас төлбөрийн чадвар буурч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас манай компанийг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлд байна гэж дүгнэн "Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн гэрчилгээ" олгосон.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг Татварын маргаан таслах зөвлөл болон татварын улсын байцаагч нар харгалзан үзэж, шийдвэр тогтоолоо гаргах байсан боловч эдгээр нөхцөл байдлуудыг огт авч үзэлгүй шийдвэр гаргасан тул маргаан бухий захиргааны акт болох Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Шинэ хяналт шалгалт хийгээгүй, шүүхийн магадлалын дагуу нэг л ажил хийсэн. Хийсэн ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 татварын байцаагч хийж гүйцэтгэсэн байдаг. 2014 оноос 2017 оны хооронд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлд заасныг баримталсан атлаа зөрчил тогтоосон актдаа хуучин 2008 оны Татварын ерөнхий хуулийг баримталсан. Нөхөн ногдуулалтын актаар татвараа нөхөн ногдуулаад, алданги торгуулийг тогтоох ёстой. Гэтэл нөхөн татвар ногдуулаагүй.

Хуулийг буцаан хэрэглэх талаар ярих гэж байвал Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 болон 8 дугаар зүйлд заасан. Шинэ хууль нь татвар төлөгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн хууль. 2019 оны Татварын ерөнхий хуулийн 47, 73, 84 дүгээр зүйлүүдэд тусгайлсан заалтуудыг оруулж өгсөн. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.18 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр шинэ Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “тогтоосон хугацаанд төлөөгүй бол” гэж заасан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэ хуулийг хуульд тусгайлан заасан тохиолдолд буцаан хэрэглэдэг. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өмнөх хуулиар хийсэн хяналт шалгалтаар гарсан актыг өмнөх хуулиар гэсэн зохицуулалт орсон. Тэгэхээр тус хуулийн 73 дугаар зүйлд алданги гэж ерөнхий зохицуулалт орсон, тусгай зохицуулалт байхгүй. Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Тиймээс учраас 73 дугаар зүйлд алданги гэдгийг ерөнхий зохицуулсан гэж үзэж байна. Мөн хуулийн 84 дүгээр зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага гэж бие даасан зохицуулалт болгож оруулсан. 84.1 дэх хэсэгт дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх үнийн дүнгийн 40 хувиар тогтооно гэж заасан. Тэгэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд зөвхөн шинээр хуулиар ногдуулна, алдангийн талаар яригдахгүй гэж үзэж байна. Хууль тогтоогчийн үзэл санаанаас ийм зүйл харагдаж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хувь хүн, байгууллага сар бүр төлдөг. Тиймээс торгууль яригдана, алданги яригдахгүй гэж ойлгосон. Тиймээс шинэ Татварын ерөнхий хууль нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж хэлээд байгаа. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд процесс хуулийг хэрэглэнэ гэсэн.

2017 оны зөрчлийн тухай асуудалд бид маргахгүй байгаа. Эрх зүйн үр дагавар гарч байгаа нөхцөл байдлын хувьд 2019 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд ковидын давагдашгүй хүчин зүйл байсан. Энэ аж ахуйн нэгж нь өнөөдөр хэдэн хүнийг ажлын байраар хангаж, хэчнээн хэмжээний татвар төлж байна гээд үзэхээр бидний 10-аад жилийн өмнө гаргасан зөрчилд ийм байдлаар нөхөн ногдуулалтын акт үйлдээд хууль буруу ашиглаад явж байгаа нь учир дутагдалтай. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн, үндэслэж байгаа хууль нь тодорхойгүй байгаа. Шинэ Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийг үндэслэж байгаа, эсхүл хуучин 2008 оны хуулийг үндэслэж байгаа нь тодорхойгүй. Хуучин хуулийг буцаан хэрэглэж байгаа тохиолдолд ямар хуулийн ямар заалтын дагуу гэдэг нь огт тодорхойгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдал тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаж чадаагүй.

Нөхөн ногдуулалтын акт гэдэг баримт бичгийн талаар маргаж байгаа. Татварын нөхөн ногдуулалтаа хийгээд торгууль, алдангийн хариуцлагын талаарх асуудлыг ярих ёстой. Эхлээд зөрчил нь байж хариуцлагын талаарх асуудал яригдана. Торгууль гэдгийг монгол хэлний тайлбар толинд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээлгэж авч байгаа арга хэмжээ гэж тодорхойлдог. Эдгээр нөхцөл байдлыг энэ захиргааны акт хангаж байна уу гэвэл үгүй. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа.” гэв.

3.3 Хариуцагч хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*******, Ц.Б******* бид хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон 21211203980 тоот томилолтоор ******* регистрийн дугаартай К******* ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 588 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Төгсжаргал, Ц.Цэвэлмаа нар татварын хяналт шалгалт хийж 2013- 2017 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0309896 тоот шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн шалтгааныг арилгах зорилгоор зөвхөн тухайн зөрчилд хамаарах албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 тоот нөхөн ногдуулалтын актаар 603,384,381.5 төгрөгийн зөрчилд 249,444,598.7 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татвар төлөгч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоол гарсныг татвар төлөгч зөвшөөрөхгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан хүрээнд бид дараах тогтоолоор нийт 133,646,042.36 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн шийдвэрт тайлбарыг хийж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Нөхөн ногдуулалтын акт үйлдэх хууль зүйн үндэслэлтэй эсэх.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 588 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Төгсжаргал, Ц.Цэвэлмаа нар татварын хяналт шалгалт хийж 2013-2017 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0309896 тоот шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсныг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасныг баримтлан дээр дурдсан шүүхийн магадлалын хянавал хэсэгт “дээрх хуулийн өөрчлөлтүүд болон хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлаас үзвэл гэрээнүүдээр "худалдан авсан" гэх үндсэн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдийн өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэн авч, үндсэн хөрөнгөдөө бүртгэснийг шалган тодруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд "худалдан авалт" хэсэгт тусгаж, хасалт хийх эрхтэй байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан "зөрчил" мөн эсэхийг тогтоож, хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж заасан ажиллагааг нөхөн хийх зорилгоор татварын хяналт шалгалтыг өмнөх 2019.12.31-ний өдрийн 0309896 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 351,668,405.10 төгрөгийн төлбөрийн хүрээнд гэрээнүүдээр "худалдан авсан" гэх үндсэн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдийн өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэн авч, үндсэн хөрөнгөдөө бүртгэснийг шалган тодруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “худалдан авалт" хэсэгт тусгаж, хасалт хийх эрхтэй байсан эсэх, тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

К******* ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Япон улсын Shima Seiki компаниас олон төрлийн хээ гаргах сүлжигч машиныг худалдан авахаар "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн лизингийн гэрээ”-г Ти Ди Би Лизинг ХХК-тай байгуулсан нь FLA004/2014 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Түрээсийн төлбөрийг «Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн лизингийн гэрээ”-ний 3.2-т “Түрээслэгч нь 3.1-т компаниас заасан түрээсийн үндсэн төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу түрээслүүлэгчид төлнө", 3.3-т "Түрээсийн зүйл нь түрээслүүлэгчийн өмчийн зүйл байх бөгөөд түрээслэгч түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөх эрх түрээслэгчид бүрэн шилжинэ." гэж заасны дагуу төлж дуусган үндсэн хөрөнгийн журнал, үндсэн хөрөнгийн хөдөлгөөний тайлан зэргээр нотлогдож байна. Татварын удирдлагын нэгдсэн системээс Ти Ди Би Лизинг ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагнал, татвар ногдуулалт, төлөлтийн мэдээллийг авч үзэхэд тайланд "Санхүүгийн түрээсийн зүйлийг санхүүгийн түрээсээр дотоодын зах зээлд борлуулсны орлого" гэж тухай бүр борлуулалтаар бүртгэн татвар ногдуулж байсан нь харагдаж байна. Санхүүгийн түрээсийн зүйл хүлээн авагч нь татвар ногдуулж байгаа бол санхүүгийн түрээсийн төлбөр төлөгчийн хувьд төлсөн татварыг хасаж тооцохоор байна гэж хяналт шалгалтын баг үзсэн учраас дээрх зөрчилтэй холбоотой хэсгийг нөхөн ногдуулалтын актад зөрчлөөр аваагүй болно.

Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилж, уг хууль үйлчилж эхэлсэн хугацаанаас процессын зохицуулалт бүхий хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т "нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дунг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг ойлгоно" гэж тодорхойлсны дагуу татвар төлөгчийн үйлдсэн зөрчилд ногдуулах торгууль, алдангид нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Татварын хяналт шалгалт хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасан хэдий ч Зөрчлийн тухай хуулиар татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт оногдуулах торгууль, алданги тооцох харилцааг Татварын ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул эдгээр зөрчлийг нэгтгэн нөхөн ногдуулалтын актаар хариуцлага ногдуулсан болно.

Хоёрдугаарт: Өмнөх 2019 оны 0309896 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5,948,506.20 төгрөгийн төлбөрийг дахин ногдуулсан эсэх. 2019 оны 0309896 дугаар шийтгэлийн хуудсаар хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлсөн хэдий ч татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 дүгээр нөхөн ногдуулалтын акт гарснаар өмнөх шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд зөвшөөрсөн дээрх торгууль, алдангийн ногдуулалт мөн адил хүчингүй болно. Өөрөөр хэлбэл өмнөх шийтгэлийн хуудас хүчингүй болсон тул шинэ актаар торгууль, алдангийг ногдуулж, харин татвар төлөгч уг төлбөрийг төлсөн тул дахин төлөхгүй юм.

Хэсэгчилсэн нягтлах хяналт шалгалт хийхдээ дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан хяналт шалгалтын томилолт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр эхэлсэн байх тул бид 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2008 оны Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2017 оны 504,384,260.30 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд тухайн үеийн мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, Татварын ерөнхий хуулийн 74.3 дахь заалтаар хариуцлага ногдуулсан болно.

Нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэл 504,000,000 төгрөгийн зөрчилд ногдох 165,000,000 төгрөгийн торгууль 77,000,000 төгрөгийн нийт 248,000,000 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьснаас Маргаан таслах зөвлөлөөр “эрх зүйн байдлыг дээрдүүлээгүй, 10 хувийн хязгаарлалтыг хэрэглээгүй” гэж алдангийн хэмжээг бууруулж 49,000,000 төгрөг болгож нийт 127,000,000 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд сүүлийн 5,000,000 төгрөг нэмэгдэж 133,000,000 төгрөгийн төлбөр ногдуулсан. Өмнөх шийтгэлийн хуудас хүчингүй болсон учраас хүлээн зөвшөөрсөн төлбөрийг хүчингүй болгон гэсэн ойлголт байхгүй. Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст илүү төлөлт үүссэн байгаа учраас программаас харна түүнээс биш давхардуулж ногдуулж байгаа гэж ойлгож болохгүй.       

Зөрчил нь хугацааны алдангийн зөрчил юм. Шинэ Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, шийдвэрлэсэн байна. Хуучин хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дахь заалтад “хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасан. Түүний дагуу хүү, торгууль алдангийг оногдуулсан. Алдангийг хуучин хуулийн дагуу оногдуулж байгаа болно.

Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан болохыг үүгээр тайлбарлаж байна.

Тулгалт хийж, татвар төлөгчийн тооцоолсноор 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5.700,000 төгрөгийг төлсөн бөгөөд 13 хоног хожимдуулсан. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг төлсөн, 70 хоног хэтрүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дахин 3,000,000 төгрөг төлж 115 хоног хэтрүүлсэн торгууль нь 345,000 төгрөг, алданги 162,100 төгрөг. Дараагийн төлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлж, 157 хоног хэтрүүлсэн торгууль 785,000 төгрөг, алданги 368,900 төгрөг, дараагийнх нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15,000,0000 төгрөг төлсөн 177 хоног хэтрүүлсэн торгууль 2,655,000 төгрөг алданги 1,247,800 төгрөг. Дараагийн төлөлт нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг гэх мэтчилэн 10 удаа 173,000,000 төгрөгийг төлсөн. Нийт 504,000,000 төгрөгөөс 173,000,000 төгрөгийг хасаж, 330,000,000 төгрөгийн зөрчилд тухайн оны нийт хоногоор хариуцлага тооцсон. Тэгэхээр нэхэмжлэгч талын тооцооллоор 112,400,000 төгрөг болсон.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж төлбөрийг бууруулж шийдвэрлэлээ.

Нэг. Татварын хяналт шалгалтын хүрээ, илэрсэн нийт зөрчил, төлбөр, үүнээс нөхөн ногдуулалтын акт, маргаан таслах зөвлөлийн тогтоолоор тогтоосон төлбөр, маргаж буй үндэслэл.

1. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар К******* ХХК-ийн 2013-2017 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309896 дугаартай шийтгэлийн хуудсаар

1.1. 2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алданги 5,948,506.10 төгрөг,

1.2. 2016 онд 127,405,242.00 төгрөгийн, 2017 онд 709,469,055.00 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортлоход, худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги 125,531,144.60 төгрөг,

1.3. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 504,384,260.30 төгрөгийг хугацаа хожимдуулсны торгууль, алданги 220,188,754.40 төгрөг, нийт 1,440,258,678.50 төгрөгийн зөрчилд 351,668,405.10 төгрөгийн төлбөр ногдуулсан.

2. Татвар төлөгч үүнээс 2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алданги 5,948,506.10 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн, төлсөнтэй хариуцагч маргадаггүй.

3. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар тогтоолоор

3.1. 2016 онд 113,814,787.91 төгрөгийн, 2017 онд 454,324,148.04 төгрөгийн нийт 568,138,936.31 төгрөгийн санхүүгийн түрээсийн зүйлийг дотоодын зах зээлээс худалдан авахад төлсөн түрээсийн төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсоныг зөрчил гэж үзээгүй тул түүнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгууль 85,220,840.43 төгрөгийн төлбөрийг хасаж,

3.2. 268,735,360.69 төгрөгийн үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авахад төлсөн төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги 40,310,304.21 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр,

3.3. Тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх өрийн үлдэгдэл 504,384,260.30 төгрөгийг 316 хоног хугацаа хожимдуулсны торгууль, алданги 220,188,754.40 төгрөг, нийт 872,119,742.19 төгрөгийн зөрчилд ногдох 266,447,564.67 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээжээ.

4. Энэ зөрчлийн хүрээнд 2013-2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт  шалгалтыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын  байцаагч Б.Б*******, Ц.Б******* нар 2021 оны 12 дугаар сард дахин хийж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 дугаартай нөхөн ногдуулалтын актаар

4.1. 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алданги 5,948,506.10 төгрөг,

4.2. Тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 504,384,260.30 төгрөгийг 2017 онд төлөөгүй хугацаа хожимдуулсны 165,643,600.41 төгрөгийн торгууль, 77,852,492.19 төгрөгийн алданги, 243,496,092.60 төгрөгийн төлбөр, нийт 603,384,381.5 төгрөгийн зөрчилд 169,690,203.26 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 249,444,598.7 төгрөгийн төлбөрийг ногдуулсан[1].

5. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор

5.1. 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алданги 5,948,506.10 төгрөгийг хэвээр үлдээж,

5.2 Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн 2017 оны эхний үлдэгдэл 504,384,260.30 төгрөгийг төлөөгүй тухайн жилийн хугацаа хэтрүүлсэн хоногоор ногдуулахдаа 11.5-35.5 хувиар тооцсон нь “торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэснийг зөрчсөн үндэслэлээр торгуулийг 10 хувиар тооцож, илүү ногдуулсан 115,798,556.43 төгрөгийн торгуулийг хасаж, торгуулийг 49,845,044.03 төгрөгөөр тогтоож, 77,852,492.23 төгрөгийн алдангийг хэвээр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ийнхүү Татварын маргаан таслах зөвлөлөөр торгуулийн хэмжээг багасгаснаар татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21210000069 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тавьсан төлбөрөөс 603,384,381.5 төгрөгийн зөрчилд 53,891,646.83 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 133,646,042.36 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон,

6. Нэхэмжлэгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч, “2017 оны хувь хүний орлогын албан татварын 99,000,121.20 төгрөгийг хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль, алданги 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн байхад нөхөн ногдуулалтын актаар давхардуулан энэ төлбөрийг тогтоосон нь үндэслэлгүй, татвар нөхөн ногдуулаагүй атал торгууль, алдангийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нь буруу, хууль буруу хэрэглэсэн, дүүргийн болон ерөнхий газрын татварын улсын байцаагч, татварын маргаан таслах зөвлөл зөрчилд торгууль, алданги тогтоосон тооцоолол зөрүүтэй, ойлгомжгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй нөхцөл шалтгааныг харгалзаагүй”  хэмээн актыг хүчингүй болгуулахаар маргасан бол,

7. Хариуцагч “нөхөн ногдуулалтын акт гэж нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан баримт бичгийг ойлгохоор Татварын ерөнхий хуульд тодорхойлсон тул шүүхийн шийдвэрийг биелүүлж нөхөн ногдуулалтын актаар татвараа хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд торгууль, алданги тогтоосон, 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг татвар төлөгч төлсөн хэдий ч уг төлбөрийг тогтоосон шийтгэлийн хуудас шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гарснаар хүчингүй болсон тул шинэ актаар уг төлбөрийг ногдуулсан, дахин төлөхгүй, хяналт шалгалт хийх эхний томилолт 2018 онд буюу Татварын ерөнхий хууль /2019 оны/ шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үүссэн тул 2008 оны хуулиар хяналт шалгалтыг явуулж, 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд тухайн үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулиар торгууль, алдангийн хариуцлага ногдуулсан” хэмээн тайлбарлажээ.

Хоёр. 2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алдангийг нөхөн ногдуулалтын актаар дахин тогтоосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

1. Анх Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2019 оны 0309896 дугаартай шийтгэлийн хуудсаар 2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алданги 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг ногдуулж, татвар төлөгч үүнийг хүлээн зөвшөөрч төлсөн, төлсөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргадаггүй, түүнчлэн нөхөн ногдуулалтын актыг гомдлоор хянасан Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2022 оны 13 дугаар тогтоолдоо уг төлбөрийн талаар “төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн” хэмээн дурдсан байдаг. Гэсэн атал нөхөн ногдуулалтын акт гаргах үед нэгэнт төлөгдсөн байсан торгууль, алдангийг хуулиар тогтоосон “татварыг хугацаанд нь төлөөгүй бол ... торгох”, “хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох” нөхцөл, үндэслэл үүсээгүй байхад давхардуулан ногдуулсан нь хууль бус, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

2. Татварын ерөнхий хууль /2019 оны/ 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн, 2021 оны 12 дугаар сард татварын хэсэгчилсэн хяналт шалгалтыг дахин хийхэд процессын хувьд энэ хуулийг баримтлах бөгөөд энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар тухайн төрлийн татварын өрийг төлж дууссанаар татвар төлөх үүрэг дуусгавар болсон тул төлж дууссан торгууль, алдангийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нь татвар төлөгчид хууль бусаар төлбөрийн үүрэг үүсгэсэн гэж үзнэ.

3. Хариуцагч нар болон Татварын маргаан таслах зөвлөл “нэгэнт төлсөн тул төлбөр төлөх үүрэг үүсгэхгүй” гэж буй ч энэ тайлбараар торгууль, алдангийн дүнг тусгаж татвар төлөгчид хүргүүлсэн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг төлөх үүргээс татвар төлөгчийг чөлөөлөхгүй, тиймдээ ч нөхөн ногдуулалтын акт нь төлбөр төлөх үүрэг үүсгэсэн үр дагавар бүхий татварын акт байна.  

4. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нөхөн ногдуулалтын актаарх торгууль, алдангийн мэдээлэл татварын өр болж бүртгэгдэх тул хариуцагчийн “нөхөн ногдуулалтын акт гарснаар шийтгэлийн хуудсаар үүсгэсэн торгууль, алдангийн ногдуулалт хүчингүй болох учир шинэ нөхөн ногдуулалтын актаар тухайн төлөгдсөн торгууль, алдангийн ногдуулалт үүсгэнэ” гэх тайлбар үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл “төлөгдсөн торгууль, алдангийг нөхөн ногдуулалтын актаар дахин ногдуулсан”-ыг татварын алба бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл хөтлөх зорилготой, зөвхөн мэдээллийн санд татварын ногдол үүсгэх зорилготой гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд нэгэнт төлөгдсөн байхад дахин ногдол үүсгэж нөхөн ногдуулалтын актад тусгасан нь татвар төлөгчид төлөгдөөгүй байгаа татварын төлбөр мэтээр эрх зүйн үр дагавар үүсгэж татварын нэгдсэн системд бүртгэгдсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нөхөн ногдуулалтын актаас “2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алданги 5,948,506.10 төгрөгийн төлбөр”-ийг хасаж, энэ дүнгээр төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Гурав. Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн 2017 оны эхний үлдэгдэл 504,384,260.30 төгрөгийг төсөвт төлөх хугацаа хэтрүүлсний торгууль, алдангийн тухайд.

1. Татварын төрлөөр нь тайлагнасан татварыг төлөх хугацааг хуулиар тодорхойлсон, улмаар татварыг төсөвт төлөх хугацааг хоцроосон хоногоор торгууль, алданги төлүүлэхээр Зөрчлийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд хариуцлагын хэмжээг заасан, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 2017 оны эхний үлдэгдлээр 504,384,260.30 төгрөгийг төсөвт төлөөгүй хугацаа хэтрүүлсэнтэй болон энэ дүнтэй маргаагүй. 

2. Татварын ерөнхий хууль /2019 оны/ 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн тул 2021 оны 12 дугаар сард томилолт үүсгэж хийгдсэн хяналт шалгалтад процессын хувьд энэ хуулийг баримтална.

3. Татварын хяналт шалгалт хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль /2019 оны/-иар татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй хугацаа хэтрүүлсний хариуцлага болох торгууль, хугацааны алдангийг ногдуулсан шийдвэрийг нөхөн ногдуулалтын акт хэлбэрээр гаргасныг буруутгахааргүй байна. Өөрөөр хэлбэл актыг нөхөн ногдуулалтын акт хэлбэрээр гаргаснаар буюу эрх зүйн актын төрлөөс хамаарч алданги, торгуулиас чөлөөлөхгүй тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг нөхөн ногдуулалтын акт гэж ойлгохоор тодорхойлсон, нөгөөтэйгүүр шийтгэлийн хуудсаар зөвхөн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийг, Татварын ерөнхий хуулиар алдангийг ногдуулах тул торгууль, алдангийг хамтад нь ногдуулсан актыг хэлбэрийн хувьд нөхөн ногдуулалтын актаар үйлдсэнийг буруутгахааргүй байна.

4. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр байна.

5. Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “татварыг хугацаанд нь төлөөгүй бол ... хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актаар төлөгдөөгүй татварын дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар торгуулийн хэмжээг тогтоосноор торгуулийн хэмжээ төлөх татварын 11.5-35.5 хувьд хүрчээ. 

Харин Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол ... хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас гадна “торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэсэн тайлбараар ногдуулах торгуулийн дээд хэмжээний хязгаарыг тогтоосон нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Тиймээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор “төлөөгүй тухайн жилийн хугацаа хэтрүүлсэн хоногоор ногдуулахдаа 11.5-35.5 хувиар тооцсон нь “торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэснийг зөрчсөн гэж дүгнээд торгуулийг 10 хувиар тооцож, илүү ногдуулсан 115,798,556.43 төгрөгийн торгуулийг хасаж, торгуулийг 49,845,044.03 төгрөгөөр тогтоож, 77,852,492.23 төгрөгийн алдангийг хэвээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл 2017 оны зөрчилд торгууль ногдуулахдаа татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нийцжээ.

6. Харин алдангийн хувьд төлөх хугацаа хожимдуулсан  үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн “хуульд заасан хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтыг хэрэглэсэн нь мөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцжээ.   

8. Татварын улсын байцаагчийн 2021 оны НА21210000069 дугаартай нөхөн ногдуулалтын актын хавсралтаас[2] үзвэл тайлангаарх нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн 2017 оны эхний үлдэгдэл 504,384,260.31 төгрөгөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 хоног хожимдуулан 5.786,000 төгрөг, 03 дугаар сарын 21-ний өдөр 70 хоног хожимдуулан 3,000,000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 115 хоног хожимдуулан 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 16-ны өдөр 157 хоног хожимдуулан 5,000,000 төгрөг, 07 дугаар сарын 06-ны өдөр 177 хоног хожимдуулан 15,000,0000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 205 хоног хожимдуулан 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 04-ний өдөр 237 хоног хожимдуулан 10,000,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 273 хоног хожимдуулан 17,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 323 хоног хожимдуулан 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр 336 хоног хожимдуулан 95,000,000 төгрөг, нийт 2017 онд 13-336 хоног хугацаа хожимдуулан 173,786,000 төгрөгийг төлсөн, төлөгдсөн дүнд хугацаа хожимдуулсан хоног тус бүрээр нь торгууль, алдангийг тооцож, 2017 онд төлөгдөөгүй үлдсэн 330,598,260.3 төгрөгийг төлөх хугацааг тухайн жилийн нийт 355 хоногоор хожимдуулсанд тооцож торгууль, алдангийг тогтоосон. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтаар 2017 оны төлөгдөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын ногдлоос тухайн 2017 ондоо төлөгдсөн татварыг хугацаа хожимдуулсан хоног тус бүрээр нь, төлөгдөөгүй нийт үлдэгдлийг тухайн жилийн нийт хоногоор тогтоосон байх тул торгууль, алданги тооцсон хоногийн хувьд буруу тооцсон гэх үндэслэл тогтоогдсонгүй.

9. Дээрх дүнгээс 2017 онд төлөгдөөгүй үлдэгдэл буюу 2018 оны эхний үлдэгдэл 330,598,260.3 төгрөгийг хэдийд төлсөн, төлөх хүртэлх хугацаа хожимдуулсан эсэх талаарх зөрчлийг энэ хяналт шалгалтад хамруулаагүй тул нэхэмжлэгчийн 2020, 2021 онд ковид-19 халдварын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсныг харгалзаагүй гэх тайлбар хугацааны хувьд энэ маргаанд хамааралгүй.

10. Нөгөөтэйгүүр маргаан бүхий актаар татвар төлөгчийн тайлагнасан татвараа хугацаанд нь төсөвт төлөөгүй хугацаа хожимдуулсанд торгууль, алданги тогтоосон тул “тэгш бус хуулийн зохицуулалт нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт эдлүүлээгүй” гэх үндэслэлийг шүүх дүгнэхгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хууль /2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөн найруулсан/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан К******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ННА21210000069 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс бууруулсан 603,384,381.5 төгрөгийн зөрчилд ногдуулсан 53,891,646.83 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 133,646,042.36 төгрөгийн төлбөрөөс 2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсан зөрчилд ногдуулсан 4,046,602.80 төгрөгийн торгууль, 1,901,903.30 төгрөгийн алданги, нийт 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг бууруулж, 504,384,260.30 төгрөгийн зөрчилд холбогдох 49,845,044.03 төгрөгийн торгууль,  77,852,492.23 төгрөгийн алданги, нийт 127,697,536.26 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч,

өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ХАЛИУНА

 

 

 

[1] Хэргийн 14 дүгээр хуудас

[2] Хэргийн 16 дугаар хуудас