| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 131/2017/0111/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 29
М Р А, Ц.Ц,
Б.Б, Л.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч М Р А-ийн өмгөөлөгч Д.Батбаяр, С.Тунбаяр, шүүгдэгч Ц.Ц-гийн өмгөөлөгч Б.Дашдорж, цагаатгагдсан этгээд Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, цагаатгагдсан этгээд Л.Б- түүний өмгөөлөгч П.Баасанжав, Р.Оюунцэцэг, хохирогч В.С-, түүний өмгөөлөгч А.Туул, хохирогч Б.С- өмгөөлөгч М.Цэндсүрэн, хохирогч Т.М- өмгөөлөгч Б.Энхзаяа, хохирогч М.А-, Б.Сүхбаатар, иргэний хариуцагч С.Б-, иргэний хариуцагч Б.Д- өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадлалтай 2015250000764 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, цагаатгагдсан этгээд Л.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Р.Оюунцэцэг, цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, хохирогч Б.С-, иргэний хариуцагч С.Б-, иргэний хариуцагч Б.Д- өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1947 онд төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, геологи эрдэс судлалын шинжлэх ухааны доктор зэрэгтэй Т овогт Ц-ийн Ц,
2. Америкийн Нэгдсэн Улсын иргэн, 1956 онд төрсөн, 61 настай, эмэгтэй, сувилагч мэргэжилтэй, АНУлс: *** хаягийн бүртгэлтэй, Филиппин Улс: *** гэх хаягийн бүртгэлтэй, 2012-2013 онд Шириланк улсад 1 сар 1 долоо хоног шоронд хоригдож байсан гэх /гадаад паспортын дугаар:***/ М Р А- /U M R/ нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Ц С овогт Б-н Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,
4. Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, А б овогт Л-н Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан “Хуулийн байгууллагаас дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд санаатай үрэгдүүлэх, нуух” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,
М Р А-, Ц.Ц- нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,
М Р А-ийг дангаар болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,
Ц.Ц-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар М Р А-ийг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-гээс 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгэж,
М Р А-эд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил хорих ялын зарим болох 2 жил хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жил хорих ял, Ц.Ц-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 жил хорих ялаар тус тус тогтоож,
М Р А-эд оногдуулсан 15 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Ц.Ц-д оногдуулсан 13 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар М Р А-ийн цагдан хоригдсон 744 хоног, Ц.Ц-гийн цагдан хоригдсон 243 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Б-, Л.Б-нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,
Ц.Ц-гийн 8602 УБА дугаартай “Тоёота Прадо” загварын автомашин болон Ц.Ц-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22-34 тоот орон сууц, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 байр 36 тоот орон сууцыг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,
Хохирогч Т.М- эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхрын нийт 430м2 талбайтай оффис, 4 давхрын А тоотод байх 121.96 м2 талбайтай байр, Б тоотод байх 92.75 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объект, хохирогч Д.Ж-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01 тоот оффисын зориулалттай 124.5 м2 талбайтай 2 давхар барилгын гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч Б.Б-н эзэмшилд байгаа 0169 УНД дугаартай “Лексус-570” загварын автомашин, хохирогч М.А-н /Уран ган ХХК-д/ 5775 УНҮ дугаартай “Ланд Круйзер-200” загварын автомашин, хохирогч Х.О-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхон 3 дугаар гудамжны 247 тоот үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газар, иргэний нэхэмжлэгч Т.Б-н эзэмшилд байгаа 6578 УНС дугаартай “Ланд-200” загварын автомашиныг битүүмжилсэн, захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М Р А-ээс 9.282.913.872 төгрөг, Ц.Ц-гээс 6.954.132.967 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүхээс тогтоосон хэмжээгээр тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулж, 4 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М Р А-ийг 8 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 8 жил хорих ял, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
5 дахь заалтыг “...М Р А-эд оногдуулсан 8 жил хорих ял дээр тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 9 жил хорих ял”, “...Ц.Ц-д оногдуулсан 8 жил хорих ял дээр тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 9 жил хорих ялаар тус тус тогтоосугай” гэж,
6 дахь заалтыг “М Р А-эд оногдуулсан 9 жил хорих ялыг, Ц.Ц-д оногдуулсан 9 жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж,
9 дэх заалтаас “...Хохирогч Т.М- эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхрын нийт 430м2 талбайтай оффис, 4 давхрын А тоотод байх 121.96м2 талбайтай байрыг Б тоотод байх 92.75 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилсэн, иргэний нэхэмжлэгч Б.Б-н эзэмшилд байгаа 0169 УНД дугаартай “Лексус 570” маркийн автомашин битүүмжилсэн” гэсэн хэсгийг хасаж, “дээрх үл хөдлөх эд хөрөнгө, автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй” гэж,
11 дэх заалтаас “...хохирогч В.С-д 186.554.000 төгрөг, хохирогч Д.О-т 40.000.000 төгрөг, хохирогч Т.М-т 1.323.651.850 төгрөг олгосугай” гэсэн хэсгийг хасаж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
а. “Иргэний нэхэмжлэгч Б.Б-н эзэмшилд байгаа “Лексус 570” загварын автомашиныг хохирогч В.С-д, иргэний хариуцагч С.Б-, Б.Д нарын эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 14/4 тоот барилгын 5 дугаар давхрын А тоотын 121.34м2 талбайтай, Ү-2204068508 дугаартай, 4 дүгээр давхрын А тоотын 121.96м2 талбайтай, Ү-2204068526 дугаартай, Б тоотын 92.78м2 талбайтай, Ү-2204068524 дугаартай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хохирогч Т.М-т тус тус буцаан олгосугай” гэж,
б. “Иргэний нэхэмжлэгч Б.Б, Л.Б, иргэний хариуцагч С.Б-, Б.Д нар, хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч М Р А-, шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч Б.Сүхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Ц- гаргасан гомдолдоо “...Зөвхөн хүмүүсийн мэдүүлэг төдийгөөр хязгаарлагдсан 28 хавтаст хэрэг эрхэм шүүгчдийн гар дээр очсон байх. Хэрэгт олон баримтуудыг хураан авч /461 дүгээр ангид хоригдож байхад/ хавсаргасан хэдий ч тэдгээрийг огт ашиглаагүй, үйлдлүүдийг нотлоход анхаарлаа хандуулаагүй нь хэрэг бүрдлээс харагддаг. Уг хэрэг нь М Р А-+Л.С/Ч/, М Р А-+Ц.Ц- гэсэн тусдаа үйлдэл байсан хэмээн ялган тусгаарлах шаардлага байсан ч ур чадвар дутагдсан тул холимог бантан болж хувирсан. Зөвхөн нэр төдий хэрэг бүрдэл болсон. Энэ чанараараа хууль зөрчсөн. Тодруулбал,
1. Огт гэрчийн мэдүүлэг байхгүй тул хэт нэг талыг барьсан хэрэг бүрдэл болсон.
2. Ийм хайнга хариуцлагагүй хэрэг бүрдүүлсэн нь эргээд зарим нэг зальт этгээдүүдэд /Д.Ж гэх мэт арваад хүнд/ сайхан далим болж, огт оргүй гүтгэлгийн мэдүүлэг өгсөн.
3. Машин тавьж зээл авсан авто ломбардуудыг шалгаж, хэдэн төгрөгөөр хэнд, хэдийд худалдсан, үүний улмаас надад учирсан хохирлыг тодруулж өгөхийг хүссэн ч хуруугаа ч хөдөлгөөгүй.
4. Надад зээл өгсөн хүмүүсийн мэдүүлгийн дагуу аудит хийлгэхийг хүссэн ч авч хэлэлцээгүй.
5. Л.С гэгч огт танихгүй, уулзаж байгаагүй хүний хэргийг надад тохож хохирол дээр нэмсэн.
6. М Р А- гэгчтэй нүүрэлдэх үйлдэл огт хийгдээгүй. Тэрээр орчуулагчаар дамжин харилцан нэвтрэх хүндрэлтэй байдлыг овжноор ашигласан. Өөр, өөр зүйл мэдүүлсээр байхад хянан шалгаж ажиллагаа хийлгүй орхигдуулсан.
7. АНУ-ын Хууль зүйн яамнаас Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн албан бичигт Ц.Ц- нь хохирогч бөгөөд шаардлагатай бол бүх зардлыг нь дааж АНУ-д ирүүлэх боломжтой. Мөн албан бичгийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын иргэний хохирсон тухай баримт бичгийг а, б гэсэн 2 хавсралтаар баталгаажуулан элчин сайдын яамаар дамжуулан АНУ-ын Хууль зүйн яаманд ирүүлэхийг хүссэн хүсэлтийг өнөө болтол хийгээгүй нь уг хэргийг өдий болтол удаашрахад хүргэж, намайг бусдыг хохироосон хэрэг болж хувирсан.
8. 2015 оны 12 дугаар сард АНУ-ын элчин сайдын яамнаас онлайнаар гэрч, хохирогчийн хуваарь өгсөн миний болон өөр нэг гэрчийн мэдүүлгийг Гадаад хэргийн яамаар дамжуулан авч нотлох баримт болгон ашиглаагүй.
9. Шилжүүлгийн 80 хувьд нь би оролцоогүй. Тэдгээр иргэд М Р А- нартай өөрсдөө холбогдох замаар уг төлбөрүүдийг АНУ-ын банк руу шилжүүлсэн /би 461 дүгээр ангид хоригдож байсан/. Ийм оролцоо шилжүүлгийн талаар гэрчийн мэдүүлэг авч тодруулах ажил огт хийгдээгүй.
10. Уг хэрэг 8 мөрдөн байцаагч, 4 прокурорын гар дамжин дарагдаж олон хууль зөрчин, олон хүний эрх ашгийг уландаа гишгэсэн хэрэг болж хувирсан.
11. Мөрдөн байцаах болон прокурорын хяналтын шатанд бусдын хохирсон гэх мэдүүлгийг маш шуурхай цуглуулсан мөртлөө тэдний нэгэн адил хохирсон миний хохирол, алдагдлыг огт авч тооцоогүй. Бусад хүмүүс мөнгө өгч хохирсон бол миний хувьд өөрийн эд хөрөнгө, мөнгөөр хохирсон, зээл өгсөн хүмүүсийн машин тавьж зээл авсны алдагдал, түүнтэй холбоотой хохирол, ам.долларын ханшны хэлбэлзлээс үүдэлтэй алдагдал одоогоор 4.7 сая ам.доллар болж байгаа.
Прокурор хуулиар хүлээсэн хийвэл зохих ажлаа зүй ёсоор хийж гүйцэтгээгүй, яллах дүгнэлт нь зохиомол шинжтэй, мэдлэг чадвар дутмаг, ямар ч үндэслэлгүйгээр хэрэгт буруутгаж байсан. Тухайлбал, Надад зээл өгсөн хүмүүс “Ц.Ц- нь өөртөө ямар нэг байдлаар ашиг олоогүй” гэдгийг хэлдэг ч надад огт орж ирж харагдаагүй хий “ашиг” гэгчийг олж залилсан гээд байгаа нь үндэслэлгүй. Би ямар ашиг олсон болохоо нотлуулж чадаагүй, тэдгээрийг ялган тогтоож чадаагүй.
2. Миний огт шилжүүлэг хийгээгүй Украйн, Тайван, Умард Ирланд, Испани, Их Британи, Нигер гэх мэт улс руу мөнгө шилжүүлсэн гэх нотлогдоогүй гүжирдлэг хийж ял тулгасан.
3. Ял тулгаж байгаа хэргээ огт ойлгоогүй. М Р А- нарын залилангийн ажлын суурь болсон 22.5 сая ам.долларын хэргийг миний хөрөнгө оруулалтын ажилтай хольсон.
4. Халхавч болгон ашигласан гэх гэрээ нь надтай огт холбоогүй. Би хүсэлт тавьж хийгээгүй, харин олон улсын луйварчид хийж ирүүлсэн зүйл бөгөөд үүнийгээ бидэнд итгэл төрүүлж залилан хийсэн гол хэрэгсэл болсон гэдэг нь тодорхой байсаар байтал мэдэн будилж, гүжирдмэл хэрэг тулгах суурь болгосон.
5. М Р А-+Л.Санжаадорж болон М Р А- +Ц.Ц- гэх үйлдлүүдийг өөр хооронд нь тусгаарлан ялгаж чадаагүй учир төлбөр хохирлын тооцоо маш буруу хийгдсэн. Бүх төлбөрөөс надад огт хамаагүй хүний хохирлыг гүжирдэн тохсон.
6. 2001 оны 07 дугаар сарын 06-наас эхлэн М Р А-, Ц.Ц- хоёр хамтран залилан хийсэн хэмээн тодорхой хугацаа заан гүтгэсэн атлаа хэн гэдэг хүнийг залилж, хэдийд, хаана хэдэн төгрөгийн хохирол учруулсныг нотолж чадаагүй.
7. 2014 оны 11 дүгээр сарын 12-нд “ББ&Т” банкны дэд ерөнхийлөгч В Д гэгчийн томилгоо бүхий М Р А- гэгч Монголд ирэх үеийн бичлэг хийж баримтжуулсан бөгөөд уг бичлэгийг Холбооны мөрдөх товчоонд CD болгон бусад баримт, нотолгооны хамт явуулсан. Гэтэл прокурор миний эсрэг нотлох баримт бүрдүүлж чадаагүй атлаа уг CD-г миний эсрэг нотолгоо болгон гүжирдсэн нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн байна.
8. 14 дүгээр хавтаст хэргийн 41-47 дугаар талд байх “СИТИ” банк, “ББ&Т” банк, АНУ дахь “ХААН” банкны болон АНУ-ын хойд Каролини тойргийн шүүхийн төлөөлөл оролцсон хуралдааны тэмдэглэлийг бидэнд ирүүлсэн байтал түүнийг М Р А- нарын залилангийн үйлдлийн нотлох баримтад тооцоогүй.
9. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад дараах байдлаар илтэд худлаа хэлж байсан. а.Ц.Ц- нь гадагшаа мөнгө шилжүүлж гадаадад хадгалсан гэсэн атлаа чухам хаана, ямар банкны дансанд байгааг нотлоогүй. б.Герман, Швейцарь, Голландтай холбоо барьсан/үнэн бол/ хэдий ч тэнд ямар ч мөнгө хадгалагдсан зүйлгүй хэмээж байгаагаас үзэхэд уг хэрэгт хуульчийн /прокурор/ үүднээс хандаагүйг харуулж байна.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо мөнгийг гадаад улс руу шилжүүлсэн, хүлээн авагчийг тогтоох, хохирол төлүүлэх талаар ямар ажиллагаа хийсэн талаар шүүгчийн асуултанд илтэд үндэслэлгүй худал мэдүүлсэн.
Хохирлын нарийвчилсан тооцоо байхгүй мөртлөө байгаа гэж худал хэлсэн, прокурорынхоор бол би огт танихгүй Л.С-д 2.5 тэрбум төгрөгийг гарган хохирсон дээрээ дахин хохирох ёстой болж байгаа.
1. Прокурор ямар үндэслэлээр мөнгө угаах гэх зүйлчлэл тулган яллаж байгаа нь ямар ч нотолгоогүй.
2. Мөнгө угаасан байж болох баримтуудыг огт шалган тогтоогоогүй.
3. Хууль бус мөнгөний урсгалыг шалгадаг олон журам байдгийг ашиглаагүй.
4. Мөнгө угаах ямар арга хэрэглэсэн эсэх талаар ямар ч нотолгоо хийгээгүй.
Шүүхийн ажиллагаа:
а. Анхан шатны шүүх бүрэн гүйцэд нотлогдоогүй, хянан шалгаж дуусаагүй хэргийг шүүх хүлээн авч гэм буруутайд тооцох нь хууль бус үйлдэл буюу гэмт хэрэгт тооцогдох учиртай. Гэтэл ажиллагаа дутуу хийгдсэн ямар ч нотолгоогүй хэргийг хүлээн авч намайг гэмт хэрэгтэнд тооцож буй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт М Р А- нарын өдүүлсэн 22.5 сая ам.долларын асуудал болон гүйцэтгэлийн тодорхой үе шатанд байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг хольж хутган буруу дүгнэж, төсөлгүй, аж ахуйн нэгжгүй, Засгийн газрын баталгаа байхгүй гэх мэтчилэн буруу дүгнэлт хийсэн.
б. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг нарийвчлан хэлэлцэж учир зүйг олохын оронд дээд шатны ажиллагаа руу түлхэн өөрөөсөө холдуулах чиг баримталсан хэмээн ойлгож байна. Гэрээгээр халхавчилсан гэх үйлдлийг давтсан, яг ямар гэрээг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Өмнөх ажиллагааны нэгэн адил хольж хутгасан байна.
Шүүх бүрэлдэхүүнд миний тавих хүсэлт:
-Монгол улсын нэг иргэн, түүний цаад талд хэсэг иргэний хохирол байгаа гэдгийг анхааран үзнэ үү.
-Өмнөх шийдвэрүүд нь бүрэн гүйцэд нотлогдоогүй материалд тулгуурласан, Монгол улсын иргэнээ хохироож улс дамнасан бүлэглэлийн залилангийн ажиллагааг “дэмжиж” өөгшүүлсэн үйлдэл болсныг анхааран үзнэ үү.
- Надад ял оногдуулж буй асуудал нь зөвхөн 22.5 сая ам.долларын асуудал гэдгийг нийт хөрөнгө оруулалтаас тусдаа гэдгийг ялган ойлгоно уу.
-Өөрөө хохирсноос гадна зээлж авсан мөнгийг 6-8 хүн хамтдаа байж гуйвуулга хийдэг байсан. Мөн 1 цент ч авч үлдсэн зүйлгүй. Өөртөө ямар ч ашиг олоогүй байж, шүүхээс тулгаж байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
-АНУ-ын Хууль зүйн яам, цагдаа, прокурор уг хэргийг хянан шалгаад намайг хохирогч, гэрч гэдгийг нотолж, улмаар гомдол гаргах замаар хохирлоо төлүүлэх боломжтой гэсэн албан мэдэгдлийг Улсын ерөнхий прокурорын нэр бүхий хэлтэст удаа дараа ирүүлсэн байгаа бөгөөд манай хуулийн байгууллага асуудлыг үнэн зөв бодитойгоор шийдэн хохирогч, гэрчээр тогтоож өгөхийг хүсэж байна” гэжээ.
Мөн шүүхэд цагаатгагдсан этгээд Л.Б-гаргасан гомдолдоо “Миний хөдөлмөр алдрыг тэмдэглэх гэж хүүхдүүд маань автомашин худалдан авч бэлэглэсэн нь 4 жил дамжсан маргаан болж сүүлдээ намайг гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэсэн хүний санаанд оромгүй шийдвэрийг шүүх, прокурор гаргаж иргэн намайг хохироож байна.
Би В.С-ы миний машин гэж маргаад байгаа “Лексус-570” загварын автомашиныг хуурч мэхэлж, худал хэлж, хулгай хийж аваагүй. Хүүхдүүд маань хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөж олсон 195.390.000 төгрөгөөр Б.Х, Ё.О нараас худалдан авсан. Гэтэл шүүх ямар учраас гэмт хэргийн замаар эд хөрөнгө олж авсан мэтээр дүгнэж, хуулийн ямар үндэслэлээр Ц.Ц- гэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах болов.
Мөрдөн байцаалтын шатанд маш олон удаа битүүмжилсэн автомашиныг чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан. Ё.О, Б.Х нарыг хэрэгт хариуцагчаар татаж өгөх хүсэлтийг олон удаа гаргасан боловч хүлээн аваагүй.
Миний ойлгож байгаагаар хохирогч В.С- өөрийн хүсэл зоригийн дагуу Г.Т гэгчид өөрийн автомашиныг худалдах, нэр шилжүүлэх, барьцаанд тавих, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгож, үүний дагуу Г.Т нь автомашиныг “Уран ган” авто ломбарданд барьцаалан мөнгө зээлсэн ба зээлээ төлж чадахгүй байсан тул “Уран ган” авто ломбард машины худалдаа эрхэлдэг Б.Х, Ё.О нарт худалдсан ба миний хүү Б.М тэднээс 130.000 ам.доллараар буюу 195.390.000 төгрөгөөр худалдан авсан. Хэрэв В.С- итгэмжлэлийг зөвхөн улсын бүртгэлд бүртгэхэд зориулж хийж өгсөн бол өнөөдөр олон хүн дамжин барьцаанд тавигдаж, зарагдаж гэмгүй хүн хохирох хэмжээнд хүрэхгүй байсан. Ц.Ц- машиныг барьцаанд тавихыг В.С- мэдэж байсан, энэ талаар түүнд хэлсэн гэдэг. Ийм ч учраас В.С- барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн байдаг. Өөрийн буруугаас хөрөнгөө алдаад эцэст нь гэмгүй би энэ хохирлыг хариуцах нь шударга ёс, шударга хууль гэдэг нь үү.
Миний бие хэрэг шалгагдах явцад биеийн байдал муудаж тэргэнцэрт орж, улмаар хагалгаа хийлгэсэн ба хагалгааны төлбөрт мөнгө хэрэг болж автомашиныг зарсан. Худалдахдаа Улсын бүртгэлийн байгууллагад очиж лавлахад ямар нэгэн битүүмжлэл байхгүй гэхээр Б.Б-т худалдаж зээлээ төлсөн. Гэтэл өнөөдөр Б.Б надаас машин худалдан авсан мөнгөө нэхэж, дээр нь машинаа В.С-д, мөнгөө машины ченж Б.Х, Ё.О нарт алдаад, Б-т их хэмжээний өрөнд орлоо. Анхан шатны шүүхийн шийдвэрт В.С- давж заалдсан талаар надад мэдэгдээгүй, давж заалдах шатны шүүх хурлын өмнөх өдөр Нийслэлийн шүүхээс ярьж хурлын талаар мэдэгдсэн. Яагаад өмнө нь мэдэгдэлгүй миний эрх ашгийг хэлэлцэхгүй байгаа юм. Хэргийг шударгаар шийдвэрлэж, машиныг маань буцаан өгнө үү. Шүүх хуралдаанд оролцуулж хохирлын талаар тайлбарлах боломж олгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд хохирогч Б.С- гаргасан гомдолдоо “...надад шүүгдэгч нараас 1.149.346.820 төгрөг, хохирогч Д.О-т 40.000.000 төгрөг шүүгдэгч нараас мөн гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогч Д.О нь Б.С-д холбогдуулан иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж заажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул холбогдох заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд иргэний хариуцагч С.Б- гаргасан гомдолдоо “...миний бие Ү-2204068526, Ү-2204068524 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т.М-с олгосон худалдах, худалдан авах гэрээ байгуулах итгэмжлэлийг үндэслэн 380.0 сая төгрөгийг түүний зөвшөөрснөөр Б.Б-гийн Хаан банкны данс руу шилжүүлж Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан.
Бусдыг залилан мэхлэх ажлыг шууд зохион байгуулсан Б.Б-д холбогдох хэргийг шүүхээс цагаатгаж, бусдыг залилан онц их хэмжээний хохирол учруулах гол хэрэгсэл болсон үл хөдлөх эд хөрөнгийг гэмт хэргийн хамтран оролцогч Т.М-т буцаан шилжүүлж, түүнийг хохиролгүй болгож, намайг хэнээс нэхэмжлэх нь тодорхойгүй болгож шүүхээс шийдвэрлэсэн. Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд удаа дараа Б.Б-, Т.М нарын бусдад учруулсан хохирлын үнийн дүнд дүйцэх хөрөнгийг шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд битүүмжлэх хүсэлт гаргаж байсан ч нэг талд давуу тал олгож, гэмт этгээдүүдийг бусдын нэр дээр хөрөнгөө шилжүүлж, зувчуулах нөхцөл байдлыг бий болгосон. Хэргийг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэхгүй Иргэний журмаар үргэлжлүүлэн нэхэмжлэхээр үлдээсэн тохиолдолд маргаан цааш сунжирч, С.Б- миний бие цаг хугацааны болоод эдийн засгийн хувьд хохирсоор үлдэхээр байна.
Гомдлын шаардлага:
1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох.
2. Магадлалын тогтоох хэсгийн 2а, 2б хэсгийн С.Б-д холбогдох хэсгийг хасах.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг хэвээр үлдээж, “хохирогч Т.М-т учруулсан хохирлын үнийн дүнг шүүгдэгч Б.Б-гаас гаргуулах” гэсэн агуулга бүхий өгүүлбэрийг нэмж өөрчлөх.
5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “иргэний хариуцагчаар С.Б-г тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон тухай” заалт шинээр нэмж оруулах” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Ц.Ц-гийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ц.Ц-гийн үйлдэл хохирогч нарт итгэл үзүүлэн тэдний хөрөнгийг залилан мэхлээд аваад байна уу, эсвэл өөрөө гадны гэмт бүлэглэлд залилуулан тэдний явуулж буюу арга хэлбэрт итгэн мөнгө шилжүүлээд байна уу гэдгийг ялган тогтоолгүй гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг. 14 дүгээр хавтасны 37-44 дүгээр талд АНУ-ын Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирсэн албан бичиг, 27 дугаар хавтасны 186 дугаар талд Монгол Улсын ерөнхий прокурорын газрын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр АНУ-ын Хууль зүйн Атташегийн албанаас ирсэн бичиг, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр улсын яллагчийн гаргаж өгсөн АНУ-ын Хууль зүйн яамны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгийн хариу зэрэг нотлох баримтуудаас үзэхэд улс дамнасан гэмт бүлэглэлд залилуулж мэхлүүлсэн нь тодорхой нотлогдож байхад шүүх анхаарч үзэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж Ц.Ц- болоод түүний ард байгаа хохирогч нар эд хөрөнгөөрөө хохироход хүрээд байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 8.554.736 ам.долларыг нийт 54 иргэнээс авч хохирол учруулсан гэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон байдаг. Ц.Ц- нь нийт 10 гаран хохирогч нарыг танина, тэднээс мөнгө авч байсан бусад хохирогч нарыг мэдэхгүй, хараагүй харин мөрдөн байцаалтын шатанд надад тусалсан 10 гаруй хүн нь цаашаа хүмүүсээс мөнгө зээлж авсан гэсэн бөгөөд тэдгээр улсууд нь мөнгөө нэхээд байгаа болохоор би бүх хохирогч нарыг надад нэгтгээд өгчих гэж мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэтэл Ц.Ц-гийн үйлдлийн улмаас шууд хохирсон хэдэн хохирогч байгаа, иргэний нэхэмжлэгч хэдэн хүн байгаа, иргэний хариуцагч хэдэн хүн байгаа талаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн байдаг.
Хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаас үзэхэд Ц.Ц- цагдан хоригдсон үед мөнгө шилжсэн бөгөөд уг шилжүүлсэн мөнгийг Ц.Ц- хариуцах эсэх талаар өмгөөлөгчийн зүгээс маргасан. 12, 13, 19 дүгээр хавтаст Ц.Ц- цагдан хориотой үед Ц.Ц-гийн нэрээр маш их хэмжээний мөнгө шилжсэн баримт байдаг. Мөнгийг Б.С-, Н.Т, С.Д, Б.Б-, Б.Б, Ц.Д, Д.А, Т.М гэх хүмүүс шилжүүлж байсан болох нь баримтуудаар нотлогддог.
Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
1. Гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тодорхойлоогүй. Ц.Ц-г гадны байгууллгаас хуурч мэхлэж 22.5 сая ам.долларын төслийг Монголд хэрэгжүүлнэ гэж цахилгаан шуудангаар харилцаж итгэлийг олсон болох нь Ц.Ц-д ирсэн албан болон цахилгаан шуудангаар ирсэн захидал, АНУ-ын Хууль зүйн яамнаас ирсэн албан бичгүүдээр нотлогдож байна. Эндээс үзэхэд Ц.Ц- нь улс дамнасан гэмт хэргийн хохирогч болох нь тогтоогдсон байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Ц.Ц- болон хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Ц.Ц- нь хохирогч нараас авсан мөнгөө ямар нэгэн байдлаар өөртөө зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан гадагш гүйлгээ хийсэн баримтуудаар хангалттай нотлогддог.
Түүнийг М Р А-тэй бүлэглэсэн гэм буруутай тооцсон. Гэтэл Ц.Ц- нь түүнийг танихгүй харин хөрөнгө оруулалт хийх байгууллагын төлөөлөгч гэж ирсэн мэдээллийн дагуу хандаж ажиллаж байсан. М Р А- нь АНУ-ын элчин сайдын яаманд орж гэрээ байгуулах гэрээний төсөл зэргээ үзүүлж байсанд түүнд итгэх итгэл улам лавширч байсан. Энэ бүхнээс үзэхэд Ц.Ц- нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх биш харин улс дамнасан зальт этгээдүүдэд зальлуулж байгаа, учир холбогдлоо ойлгоогүй хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна.
2. Шүүх АНУ-ын Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирсэн албан бичиг /14хх-ийн 37-44/, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст АНУ-ын Хууль зүйн Атташегийн албанаас ирсэн бичиг /27хх-ийн 186/, мөн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын яллагчийн гаргаж өгсөн АНУ-ын Хууль зүйн яамны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгийн хариу зэрэг нотлох баримтуудаас үзэхэд улс дамнасан гэмт бүлэглэлд залилуулсан болох нь нотлогдсон, уг гадагш гаргасан мөнгийг Ц.Ц- хувьдаа аваагүй байхад түүнээс гаргуулж дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхааралгүй шийдвэрлэсэн.
3. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаартай “Сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-ын 2.1, 3.1, 3.1.1-т заасныг хэрэгжүүлээгүй.
4. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд нь яг энэ арга хэлбэрээр АНУ, Турк, Индонез, Зааны ясан эрэг гэх мэт олон орны иргэдийг залилсан баримтуудыг анхаарч үзээгүй. /19хх-ийн 89-96, 117-165, 166-189, 190-217/ “СИТИ” банк, “ББ&Т”, Хойд Каролини шүүх, АНУ дахь “ХААН” банкны төлөөлөгч нар оролцсон хурлын тэмдэглэл /14хх-ийн 23-26/ жинхэнэ эсэхэд ямар нэгэн ажиллагаа явуулаагүй зэрэг хэргийг дутуу мөрдөн шалгасан нь тодорхой байна.
5. Хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн биелүүлж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1-42.6 дахь хэсэгт эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны талаар заасан үндэслэл журмын дагуу хэргийг гадны байгууллагатай хамтран ажиллаж тодорхой хүсэлтүүд явуулсан бөгөөд энэ албан бичигт Ц.Ц- гэх хүн хохирсон талаар тодорхой бичиж ирүүлсэн байхад ач холбогдол өгөхгүй яллаж байгаа нь үндэслэлгүй юм.
6. Хохирсон хохирогч нар улс дамнасан гэмт бүлэглэлийн хохирогч болсон гэдгээ ойлгож байгаа бөгөөд энэ гэмт бүлэглэлийн гишүүдийг олж тогтоолгож хохирсон мөнгөө олж авах хүсэлттэй байгаагаа анхан болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа мэдүүлсэн, Ц.Ц- гэх хүн бидний нүдэн дээр уг мөнгийг шилжүүлж байсан, цаанаас нь мэйл хаягаар холбогдох бичиг баримтууд ирсэн гэж мэдүүлсээр байхад шүүх анхаарч үзээгүй эдгээр хүмүүсийг Ц.Ц-гийн үйлдлээс хохирсон гэж үзэж гадагш шилжүүлсэн мөнгийг 2 хувааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, тухайн хэрэгт шалгавал зохих асуудлуудыг бүрэн нотолсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Хяналтын шатны шүүхэд цагаатгагдсан этгээд Л.Б-н өмгөөлөгч П.Баасанжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд иргэний нэхэмжлэгч Л.Б-д холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Л.Б-н эрх ашгийг хохироосон.
Хохирогч В.С- өөрийн хүсэл зоригийн дагуу Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар автомашиныг худалдах, нэр шилжүүлэх, барьцаанд тавих, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгож, итгэмжлэлээр “Лексус-570” загварын авто машиныг шилжүүлэн өгсөн. Энэ итгэмжлэлийн дагуу Г.Т нь автомашиныг “Уран ган” авто ломбарданд барьцаалан мөнгө зээлсэн ба зээлээ төлж чадахгүй байсан тул “Уран ган” авто ломбард машины худалдаа эрхэлдэг Б.Х, Ё.О нарт худалдаж Л.Б-н хүү Б.М тэднээс 130.000 ам.доллараар буюу 177 сая төгрөгөөр худалдан авсан. Энэ нь хэрэгт авагдсан хохирогч В.С-ы Цагдаагийн газарт гаргасан гомдол, тайлбар /1хх-ийн 34, 36/, В.С-оос Г.Т-д өгсөн итгэмжлэл /29хх-ийн 29/, яллагдагч Ц.Ц-гийн мэдүүлэг /1хх-ийн 160/, гэрч Б.Х-ын мэдүүлэг /2хх-ийн 207/, Л.Б-н хүүхдүүдээс машины төлбөрт мөнгө шилжүүлсэн баримт /29хх-ийн 30, 31/ зэргээр нотлогдож байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт онцгой ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг огт үнэлээгүй орхигдуулсан нь иргэний нэхэмжлэгч Л.Б-н эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө гэж Л.Б-уг автомашиныг гэмт хэргийн замаар олж авсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх Л.Б-н эзэмшилд байсан 0169 УНД дугаартай “Лексус-570” загварын машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч В.С-ы гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хуультай уялдуулан дүгнэлт хийх шаардлагатай байсныг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өмчлөлийг баталгаажуулдаг буюу Зам тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.1.1-д автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусад шилжүүлсэн бол шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ гэж заасан байдаг. Л.Б-нь Ё.О, Б.Х нараас худалдан авч Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч болсон. Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч Л.Б-н хуульд заасан үндэслэлээр автомашины худалдаа эрхлэгч Ё.О, Б.Х нараас худалдан авч, шударгаар өмчилсөн эд хөрөнгө болох /Б.Б-н эзэмшилд байгаа/ машиныг шүүгдэгч Ц.Ц-гийн залилангийн гэмт үйлдлийн улмаас хохирогч болсон В.С-д буцаан олгосон нь Л.Б-н өмчлөх эрхэд халджээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-г зөрсөн. Иймд магадлалын Л.Б-д холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын үед Л.Б-г иргэний хариуцагчаар тогтоогоогүй харин түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43, 44 дүгээр зүйлийн 44.1, 134 дүгээр зүйлийн 134.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон эд хөрөнгө битүүмжлэх талаар зааж зохицуулсан бөгөөд Л.Б-гэмт хэргийн улмаас хохироогүй, өөрөөр хэлбэл ялтан Ц.Ц- Л.Б-г хохироогоогүй, мөн түүний өмнөөс хариуцлага хүлээх хуулийн үндэслэл, үүрэггүй юм.
Үүнээс үзэхэд мөрдөн байцаагчийн Л.Б-н өмчлөлийн автомашиныг битүүмжилсэн ажиллагаа хууль бус эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчсөн нь нотлогдож байна. Л.Б-залилангийн гэмт хэрэг үйлдсэн Ц.Ц-гийн өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээх ямар үндэслэл байгааг давж заалдах шатны шүүх магадлалдаа заагаагүй төдийгүй Л.Б-өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь Ц.Ц-, Л.Б-нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүсээд бие биенийхээ өмнө хохирол төлөх үүрэг хүлээгээд байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бас нэг үндэслэл болж байна. Иймд магадлалын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Л.Бадарчид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгнө” гэв.
Мөн шүүхэд цагаатгагдсан этгээд Л.Б-н өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг хянаж шийдвэрлэхдээ хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй зөвхөн хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж Л.Б-н шударгаар олж авсан автомашиныг В.С-д олгож өөрчлөлт оруулсан нь Л.Б-н эрх ашгийг ноцтойгоор хохироож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн.
Л.Б-нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч юм. Гэтэл магадлалд гэмт хэргийн замаар олж авсан гэж дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг зөрчсөн нь уг хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Б.Б-г цагаатгасан заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 36.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг ноцтой зөрчиж Б.Б-г хохироосон. Б.Б- нь Ц.Ц-, М Р А- нарын “гаднаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэх үгэнд бусдын адил хууртагдаж өөрт байсан бүхий л хөрөнгө болох 227.614.125 төгрөгийг, мөн өөрийн найз Т.М- өмчлөлийн 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж иргэн С.Б-, Б.Д болон “Сонк” ББСБ-аас зээлсэн 600.000.000 төгрөгийн хамт нийт 827.614.125 төгрөгийг залилуулсан. Гэтэл анхан шатны шүүх Ц.Ц-, М Р А- нараас зөвхөн 227.614.125 төгрөг гаргуулж Б.Б-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн. Б.Б- нь “Сонк” ББСБ болон С.Б-, Б.Д нараас зээлж аваад бусдад залилуулсан 600.000.000 төгрөгөөрөө хохирч үлдэхээр шүүх шийдвэрлэсэн нь илт буруу шийдвэр боллоо. Иймд магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалт, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад тус тус өөрчлөлт оруулж шүүгдэгч Ц.Ц-, М Р А- нараас нийт 827.614.125 төгрөг гаргуулж Б.Б-д олгуулж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд иргэний хариуцагч Б.Д- өмгөөлөгч Б.Мөнхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Д нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр иргэн Т.М- итгэмжлэгдэгч Б.Б-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Т.М- өмчлөлийн үйлчилгээ, оффисийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү гэрээг байгуулахад Б.Д- зөвхөн Б.Б-тай харилцаж байсан бөгөөд Т.М- Б.Б-д үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах эрх олгосон итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийг хуулийн дагуу шударгаар олж авсан.
Анх гэрээ хийх үед Б.Б- нь уг үл хөдлөх хөрөнгийг нэг сарын дотор буцаан худалдан авах талаар тохиролцсон боловч тэрээр буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэлгүй өдийг хүрсэн. Гэтэл Т.М-, Б.Б- нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаад олсон мөнгөө Ц.Ц- нарт залилуулж гэмт хэргийн хохирогч болсон асуудлаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж Б.Д-г иргэний хариуцагчаар татан түүний хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
Анхан шатны шүүх Б.Д иргэний хариуцагчаар тогтоон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд нь саад учруулж эд хөрөнгийг нь үндэслэлгүйгээр битүүмжилсэн байна гэж дүгнэн объектыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй, Иргэний хариуцагч Б.Д- эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг Т.М-т буцаан олгосугай” гэсэн өөрчлөлт оруулсан.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч, хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Б-г гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй хэмээн дүгнэж, хохирогч Т.М- үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг авсан, улмаар энэ эрхэд үндэслэн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан Б.Б-гийн үйлдлийг “гэмт хэрэг биш” гэж үзсэн хэрнээ зөвхөн шилжүүлээд байгаа “үл хөдлөх хөрөнгө”-ийг “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг өгч, авч буй этгээдийн үйлдэл гэмт хэрэг биш бол шилжүүлж буй хөрөнгө гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдэгт хэрхэвч хамаарахгүй юм. Хэргээс харахад Ц.Ц-, М Р А- нарын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь “120.000.000 төгрөг” болохоос Б.Д- хууль ёсны өмчлөлд буй үл хөдлөх хөрөнгө огтхон ч биш байна. Мөн шүүхээс “уг үл хөдлөх хөрөнгө хэн нэгний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан энэ нь тогтоогдсон” мэтээр үндэслэлгүй, баримт нотолгоогүй дүгнэлтээр иргэн Б.Д буруутгаж түүний хуулийн дагуу шударгаар олж авсан өмчийг хураахаар шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр юм.
Иргэн Б.Д- уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 120.000.000 төгрөг төлж, гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэн өмчлөх эрхээ хууль ёсоор олж авсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Ц.Ц-, М Р А- нарын Б.Б-, Т.М- нарыг залилсан гэмт үйлдэл, Т.М- Б.Б-д үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрх олгосон үйлдэл, Б.Б-гаас Б.Д-д байр худалдсан үйлдлүүдэд тус тусад нь хууль зүйн дүгнэлт өгч чадаагүйгээс Эрүүгийн хуулийн энэхүү зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүрсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын иргэний хариуцагч Б.Д- эзэмшилд байгаа хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, Б.Д- эзэмшилд байгаа хөрөнгийг Т.М-т буцаан олгосон заалт, мөн Б.Д- нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагч Б.Д-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М Р А-ийн өмгөөлөгч С.Тунбаяр хэлсэн саналдаа “Залилангийн гэмт хэргийг үйлдсэний дараа мөнгө шилжүүлсэн үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэж давхар ял шийтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан. Миний үйлчлүүлэгч нь 2014 оны 11 дүгээр сард тухайн хэрэгт татагдсан байдаг. Тухайн гэмт хэргийн улмаас хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг нарийвчлан тогтоосон зүйл байдаггүй бөгөөд зүгээр л шууд учирсан нийт хохирлыг 2 хувааж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэнийх нь үйлдлээс хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Иймд хохирлын хэмжээг нэг мөр тогтоож, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М Р А-ийн өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “АНУ-ын иргэн М Р А-ийг шүүх хуульд заасан 2 зүйл ангиар буруутгаж ял шийтгэсэн байдаг. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр мөнгө угаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн энэ хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан зүйл байдаггүй юм” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогч Б.С- өмгөөлөгч М.Цэндсүрэн хэлсэн саналдаа “Хохирогч Б.С- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С- нийт хохирол 2 тэрбум 325 сая төгрөг байсан. Үүнээс хохирогч Д.О-н хохирлыг хасч тооцсон. Хохирогч Д.О-н хувьд мөрдөн байцаалтын шатанд өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Ц.Ц-, М Р А- нараас гаргуулах санал гаргасан байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх Д.О-н хохирлыг Ц.Ц-, М Р А- нараас гаргуулах эсвэл буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ч юм шиг 2 утгатайгаар тайлбарлан шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дүгээр заалт буюу хохирогч Д.О-т холбогдох хэсгийг, 2 дугаар заалт болох хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн дээрх 2 заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогч В.С-ы өмгөөлөгч А.Туул хэлсэн саналдаа “Хохирогч В.С- нь тухайн тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч мөн бөгөөд анх гаалиар орж ирэхэд нь авч байсан юм. Итгэмжлэлийг анх хийхдээ хуурч мэхэлсэн гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц- хэлдэг. Л.Б-н тухайд 3 хоногийн дотор тухайн тээврийн хэрэгслийн мөнгийг хохирогч В.С-д өгнө гэж хэлсэн атлаа цаашаа барьцаанд тавьсан байдаг. Л.Б-гуайн тухайд тээврийн хэрэгслийг гэмт хэргийн замаар орж ирсэн гэдгийг сайн мэдэж байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогч Т.М- өмгөөлөгч Б.Энхзаяа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 39, 40, 112, 114 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ц- нь хохирогч нараас мөнгө авахдаа “гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ”, “урт хугацаатай өндөр хүүтэй зээл өгнө”, “өгсөн мөнгийг чинь хэд нугалж өгнө”, “орж ирсэн хөрөнгө оруулалтаасаа санхүүжүүлнэ” гэж хуурч мэхэлж залилсан байдаг. Шүүгдэгч Ц.Ц-гийн нэр дээр ямар нэгэн аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, уурхай байхгүй. Гэтэл огт байхгүй худал зүйлийг байгаа мэтээр тайлбарлаж хохирогч нарыг хуурч мэхэлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Мөн шүүгдэгч Ц.Ц-, М Р А- нар нь хохирогч нараас авсан мөнгийг гэмт хэргийн замаар орж ирсэн гэдгийг мэдсээр байж гадагшаа шилжүүлсэн үйлдэлд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин хяналтын шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ дараах 3 өөрчлөлтийг оруулах нь зүйтэй, Үүнд:
-Анхан шатны шүүх хохирогч Д.А- хохирлын 29.000 ам.долларыг тухайн үеийн долларын ханшид хөрвүүлэхдээ цифрийн алдаа гаргаж 40.629.000 төгрөгийг 46.629.000 төгрөг гэж буруу бичсэнийг зөвтгөх /28 хх-ийн 255 дугаар тал/,
-Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын а-д 3 объектийг Т.М-т буцааж олгохдоо хохирогч Б.Б-гийн 600.000.000 төгрөгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан хэсгийг шийдвэрлэх,
Магадлалын 2 дахь заалтын а-д Л.Бадарчийн эзэмшилд байгаа “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг хохирогч В.С-д буцаан олгохоор шийдвэрлэснийг зөвтгөсөн өөрчлөлтүүдийг тус тус оруулах нь зүйтэй. Тухайн хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул тогтоол, магадлалд дээрх 3 өөрчлөлтийг оруулж бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Р.Оюунцэцэг, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, иргэний хариуцагч С.Б-, хохирогч Б.С-, иргэний хариуцагч Б.Д- өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн М Р А-, Ц.Ц-, Б.Б-, Л.Б-нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч М Р А- нь 2001 оноос 2016 оны хооронд нэн тааламжтай нөхцөлтэй бизнесийн хуурамч саналаар бусдыг хуурч мэхлэн, их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн тулд урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэх нэрийдлээр улс дамжин санхүүгийн луйвар хийдэг аргыг хэрэглэн, баримт бичиг, эд зүйл, цахим мэдээлэл технологийн хэрэгсэл ашиглаж, олон удаагийн үйлдлээр олон тооны хүний мөнгийг шилжүүлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, Ц.Ц- нь дээрх үйлдлүүдэд 2006 оноос эхлэн хамтран оролцож, нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Харин М Р А-, Ц.Ц- нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, хоёр шатны шүүх мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн агуулгыг буруу ойлгон тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор хийгддэг, өөрөөр хэлбэл хууль ёсны эх сурвалж болгон хувиргахад чиглэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын залилах гэмт хэрэг үйлдэх хүрээнд хийгдэж байсан мөнгөн шилжүүлгүүдийг тусдаа бие даасан гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч М Р А-, Ц.Ц- нарын эдлэх ялд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч Б.Б-н эзэмшилд байгаа автомашиныг хохирогч В.С-д, иргэний хариуцагч С.Б-, Б.Д- нарын эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг хохирогч Т.М-т тус тус буцаан олгож, иргэний нэхэмжлэгч Б.Б, Л.Б, иргэний хариуцагч С.Б-, Б.Д- нар болон хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд Т.М- нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай объектуудыг иргэн Б.Б-д итгэмжлэн шилжүүлсэн, Б.Б- нь уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-, Б.Д- нарт худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хохирогч Т.М- уг үйлчилгээний зориулалттай обьектуудын үнэ болох 1.323.651.850 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар, түүнчлэн хохирогч В.С- нь шүүгдэгч Ц.Ц- нарт “Лексус 570” маркийн автомашиныг итгэмжлэл хийж шилжүүлж өгсөн, улмаар Ц.Ц- нь Г.Т-р дамжуулан уг автомашиныг “Уран Ган” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж мөнгө зээлсэн ба зээлээ төлөөгүй тул уг банк бус санхүүгийн байгууллага нь автомашиныг Б.Х, Ё.О нарт худалдсан, тэднээс Л.Б-н хүү Б.М худалдан авсан гэж дүгнэсэн хохирогч В.С-ы автомашины үнэ болох 186.554.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.
Б.Б- болон Л.Б-нар нь хууль болон гэрээнд заасан ёсоор үл хөдлөх эд хөрөнгө, автомашин зэргийг худалдан авсан шударга өмчлөгч бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүмүүсийн өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээх ёсгүй, мөн дээрх зүйлсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан эсхүл мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргээс дүгнэхэд тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Үүнээс гадна хохирогч Б.С- хувьд бусад хохирогч нарын адил Ц.Ц-гийн хэлсэн худал зүйлд итгэж өөрийн болон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон, үүнд үндэслэн хохирлыг М Р А-, Ц.Ц- нараас гаргуулахаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэв.
Иймд энэ талаар хохирогч Б.С-, цагаатгагдсан иргэн Б.Б-гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, цагаатгагдсан иргэн Л.Б-болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, Р.Оюунцэцэг, иргэний хариуцагч С.Б-, иргэний хариуцагч Б.Д- өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлын холбогдох хэсгийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн хохирол төлбөртэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулсан хэсгийг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадлалд “Нийслэлийн прокурорын газраас Ц.Ц-, М Р А- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Ц.Ц-, М Р А- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан, ял нэмж нэгтгэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирол, төлбөртэй холбоотой 9, 11 дэх заалтад өөрчлөлт оруулсан магадлалын 1 дэх заалтын холбогдох хэсэг болон магадлалын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Хохирогч Б.С-, цагаатгагдсан иргэн Б.Б-гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, цагаатгагдсан иргэн Л.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Р.Оюунцэцэг, иргэний хариуцагч С.Б-, иргэний хариуцагч Б.Д- өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлын холбогдох хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН