Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2017/0505

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр             Дугаар 221/МА2017/0505            Улаанбаатар хот

 

Б.Дорждүгэрийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Дорждүгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан хийж, Б.Дорждүгэрийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Дорждүгэр, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.3 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дорждүгэрийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох “Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн хавсралт 33 дугаарт байгаа Б.Бааран Цагаан дэрс өвөлжөөний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Дорждүгэр, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдолдоо: “Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Мөнхнасан болон нэхэмжлэгч Б.Дорждүгэр бид Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Халиун сумын засаг дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжаар аав Б.Баарангийн өвөлжөө эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. Ингэж хүчингүй болгосноо бид нарт мэдэгдээгүй, засаг дарга мэдэгдэх ёстой байсан. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т " газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно" гэж заасан байгаа.

Нэхэмжлэгч Б.Дорждүгэр нь Б.Баарангийн том хүү бөгөөд өв нээлгэхээр холбогдох газруудад хүсэлт, өргөдлөө өгч байсан. Үүнийг засаг дарга мэдэж байсан. Үүнээс харахад хууль ёсны өв залгамжлагч нар байсан байгаа.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын
25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн үндэслэл болгосон заалтууд нь илт
хууль бус болохыг харуулж байгаа. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн
33.1.1-д “.... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн засаг дарга гаргана”, 34.1-д  “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхээр заасан байхад тухайн сумын газрын даамал ажлаа хийгээгүй хариуцлагагүй байдлаас гэрээ хийж, гэрчилгээ олгоогүй байсан.

Иймд засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудад зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь хийгээгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн байгаа нь илт хууль бус юм. Тус шүүхээс Халиун сумын засаг дарга нь газрын тухай хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хуулийг үндэслэн захирамж гаргасан байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д  зааснаар Говь-Алтай аймаг дахь  Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулж,  маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчээс “... Манай аав Бааранд  2006 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Халиун сумын Засаг даргын захирамжаар Цагаан дэрсний өвөлжөө, Хулстайн хаваржааг эзэмшүүлсэн ... аав маань  2011 оны 10 дугаар сарын 6ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан ...... 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр очиж Засаг даргад аавынхаа эзэмшиж байсан хаваржаа, өвөлжөөг эзэмших хүсэлтээ гаргасан ... Газрын албанаас хариу ирүүлэхэд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Халиун сумын Засаг даргын А/123 дугаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосныг мэдсэн ... Засаг дарга хүчингүй болгосон захирамжаа мэдэгдээгүй ... Миний аав 7 хүүхэд төрүүлж өсгөсөн ... дүү Төгсбилэг нь өв залгамжлагч мөн, би ч мөн өв залгамжлагч ...Иргэний хуульд заасны дагуу өвлөх асуудал шийдэгдэж байж аавын эзэмшил газрыг бусдад шилжүүлэх эрхтэй болно ... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу ... шилжүүлэхийг  хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг харгалзан бусдад шилжүүлэх ёстой ... Халиун сумын албан тушаалтнууд маргаантай өвөлжөө гэдгийг мэдсээр байж өвийн асуудал хийгдээгүй өвөлжөөг бусдад шилжүүлж бидний эрхийг илт зөрчиж аав Б.Баарангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус...” гэх үндэслэлээр Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн Б.Бааранд холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Б.Бааранд 2006 онд газар эзэмшүүлэх захирамж гарсан боловч хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээ аваагүй байсан ... Бааран гуайг газар эзэмшигч гэж тооцохгүй ... Хүү Б.Төгсбилэг нь аавтайгаа цуг байж байгаад уг өвөлжөөг Ш.Цогт-Очирт худалдсан ... Б.Дорждүгэр болон энэ хүмүүсээс ямар нэгэн өвлөх, газар эзэмших гэсэн хүсэлтийг гаргаагүй ... Хуулийн дагуу материалаа бүрдүүлж ирсэн Ш.Цогт-Очирыг газар эзэмшигч гэж тооцож байна ... Б.Төгсбилэг албан ёсоор өөрийн гарын үсэгтэй өргөдлийг Ш.Цогт-Очирт өгсөн, өргөдөл дээрээ миний эзэмшиж байсан Цагаан дэрсний өвөлжөөг Цогт-Очирт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан ... М.Бааран гуайг газар эзэмшигч иргэн гэж үзээгүй учраас Ш.Цогт-Очирын хүсэлтийг хүлээн авч газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ өгсөн байгаа ...” гэж,

Гуравдагч этгээд Ш.Цогт-Очир болон түүний өмгөөлөгчөөс “...Б.Дорждүгэр нь Цагаан дэрсний өвөлжөөг эзэмших эзэмших эрхгүй хэрнээ надтай булаацалдаж өөрийн өвөлжөө мэт ярьж байна ... нэхэмжлэгч эрх нь хөндөгдөж байгаа субьект мөн үү  ... эрх нь хөндөгдөж байгаа этгээд гэхээр ам бүл долоо гэсэн байна ... Засаг даргад өвлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэдэг боловч хэрэгт тийм баримт байхгүй байна ... нэхэмжлэгчийг өвлөгч гэж үзэх, эрх нь зөрчигдөж байгаа этгээд гэж үзэх  эсэх нь эргэлзээтэй ... Өвлүүлэгч нас барах хүртлээ Б.Төгсбилэгтэй хамт амьдарч байсан ... нэхэмжлэгчийг өвлөгч гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй ... эхлээд өвлөх эрхийн асуудал яригдах ёстой ... хууль ёсны өвлөгч болсны дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах байсан ... Бааран гуай газар эзэмших гэрчилгээ аваагүй тул газар эзэмшигч гэж үзэхгүй ...” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана”, 52.5.1-д “захиргааны акт, ... хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 52.5.2-т хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 54 дүгээр зүйлийн 54.1-т “шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 32 дугаар зүйлийн 32.3-т хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 36 дугаар зүйлийн 36.1-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон дээрх хуулийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхээр шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг буюу захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг ямар шалтгааны улмаас хууль бус, үндэслэлгүй гэж үзэх болсон, захиргааны тэрхүү шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар өөрөө тодорхойлж шүүхэд ирүүлэх хэрэв нэхэмжлэлд тавигдах шаардлага хангагдаагүй тодорхой бус байвал шүүх тодруулж ирүүлэх боломжийг олгох, тодорхой бус зүйлүүдийг заасан хугацаанд тодруулж ирүүлээгүй бол шүүх нэхэмжлэлийг буцаах эрх хэмжээг хэрэгжүүлэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс өмнө шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгах бөгөөд хэрэв хэрэг үүсгэсэн бол шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Тодруулбал, хариуцагчийн зүгээс “Б.Төгсбилэг хүсэлт гаргасны дагуу газрыг Ш.Цогт-очирт шилжүүлсэн” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “...нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар, эрх нь хөндөгдөж буй этгээд мөн эсэх талаар” тус тус маргаж байхад нэхэмжлэгч болон түүний ах дүүсээс өв нээлгэх талаар болон газар эзэмшигч Б.Бааранг нас барсны дараа газрыг үргэлжлүүлэн эзэмших талаар түүний үр хүүхдүүд хүсэлт гаргаж байсан эсэх, Б.Төгсбилэг газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргах эрхтэй этгээд мөн эсэх, нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх талаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно”, 52 дугаар зүйлийн 52.2-т “... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус хуульчилсан.

Анх Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 30 дугаар захирамж[1]-аар Гүүбариач багийн маргаан бүхий “Цагаан дэрс”-ийн өвөлжөө болон “Хулстай”-н хаваржаа-г Б.Бааранд эзэмшүүлсэн байх бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актаар байхад “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгожээ. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Б.Бааран газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй ... газар эзэмших эрхгүй ... газар эзэмшигч гэж үзэхгүй...” гэж тайлбарлан маргасан атлаа газар эзэмшигч нас барсан байхад дээрх үндэслэлээр түүнд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн болон бодит боломжтой байсан эсэх, тус захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээн тогтоогдох эсэх зэрэг нөхцөл байдалд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэхээр байна.

Түүнчлэн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 30 дугаар захирамж[2]-тай холбоотой нотлох баримтууд болох талийгаач Б.Баарангийн газар эзэмших хүсэлт, түүнд холбогдох гэрээ, төлбөрийн баримт гэх зэрэг баримтууд байгаа эсэхийг тодруулах, тэрээр тус өвөлжөөний газрыг гэр бүлээрээ эсхүл зөвхөн өөрөө эзэмшихээр хүсэлт гаргаж байсан эсэх, түүнийг нас барсны дараа тус өвөлжөөг хэн бодитоор эзэмшиж, ашиглаж байсан эсэх, үр хүүхдүүдээс нь үргэлжлүүлэн эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэх, өв нээлгэх талаар хэн хэзээ хэрхэн хандсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.  

 Хавтаст хэрэгт Б.Төгсбилэгийн Говь-Алтай аймгийн Халиун сумын захиргаанд 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “...Бааран овогтой Төгсбилэг нь өөрийн эзэмшлийн газар Цагаандэрс гэдэг өвөлжөөг ... Ш.Цогт-Очирт 3.2 мянган төгрөгөөр худалдсан тул Ш.Цогт-Очирт Цагаан дэрсний өвөлжөөний гэрчилгээг шилжүүлэн өгнө үү ...” гэх өргөдөл[3], түүнчлэн Цагаан дэрс”-ний өвөлжөөг гуравдагч этгээд  Ш.Цогт-Очирт эзэмшүүлж шийдвэрлэсэн Халиун сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5[4], 2015 оны 08 дугаар сарын 21-ний  өдрийн 03/02 дугаар захирамж[5]-ууд тус тус авагджээ.

2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Баарангийн эзэмшил газрыг гуравдагч этгээд Ш.Цогт-Очирт шилжүүлэх хүсэлт гаргаж байх үед Б.Төгсбилэг нь тус газрын өв залгамжлагчаар тогтоогдсон байсан эсэх, эсхүл тус маргаан бүхий өвөлжөөг эзэмших эзэмших эрх Б.Төгсбилэгт үүссэн байсан эсэх, өөрөөр хэлбэл, тус газрыг шилжүүлэн эзэмших эрх Б.Төгсбилэгт үүссэн байсан эсэх, шилжүүлэхээр хүсэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Б.Бааран нь долоон хүүхэдтэй байсан ... шүүхэд нэхэмжлэл гаргасны тухайд энэ айлын 7 хүүхэд өвийг Дорждүгэр хүлээн авна гээд бүгд өвөөс татгалзах хүсэлтээ өгсөн байсан ...” гэж тайлбарласан байх бөгөөд тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Дорждүгэр болон түүний ах дүү нараас өв нээлгэх талаар нотариатчид хандаж байсан, энэ талаар баримт гаргуулахаар шүүхэд хандсан боловч шүүх өв залгамжлалтай холбоотой асуудал захиргааны хэргийн шүүхийн харьяалал биш, газрын эзэмшүүлж шийдвэрлэсэн нь илт хууль бус эсэхийг тогтоох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж байна гээд тус баримтыг аваагүй ...” гэх зэргээр тайлбарласан, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүйн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Халиун сумын эрх бүхий албан тушаалтнууд тус өвөлжөөг маргаантай гэдгийг мэдэж байсан” гэж тайлбарласантай холбогдуулан маргаан бүхий өвөлжөөний газрыг Б.Баарангийн үр хүүхдүүдээс үргэлжлүүлэн эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэх, өв нээлгэх талаар эрх бүхий этгээдэд хандаж байсан эсэх нь мөн тодорхойгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүд шалган тогтоогдож, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт бүрэн авагдсаны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох тул зохих ажиллагааг хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ