Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 214

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БОАЖС-ад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                Г.Банзрагч

                                               Х.Батсүрэн

                                               П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                     Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:       У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...”Бух чулуу” ХХК-д 1,7 га газар ашиглах эрх олгосон БОАЖС-ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар тушаал болон мөн сайдын 2015 оны А/433 дугаар тушаалын “Дүнжингарав гурил” ХХК-д газар олгосон хэсгийг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Эм Ти Эс Ди” ХХК-д 2 га газар олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0163 дугаар магадлал,

 

Шүүх хуралдаанд оролцогчид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, өмгөөлөгч Г.Мандахсайхан, гуравдагч этгээд “Бух чулуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гуравдагч этгээд “Ангараг чулуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нар,

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, өмгөөлөгч Г.Мандахсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэрээр: 1 дэх заалтаараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-аас гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 тушаалын “Ангараг чулуу” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлагаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-318 дугаар тушаалын “Бух чулуу” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 тушаалын “Дүнжингарав гурил” ХХК-д, мөн сайдын 2016 оны А/220 дугаар тушаалын “Эм Ти Эс Ди” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/433 тоот тушаалын “Ангараг чулуу” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0163 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, өмгөөлөгч Г.Мандахсайхан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг зөрчсөн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

 

4. Төрийн байгууллагуудын хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, буруутай үйл ажиллагаанаас болж иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч, эрх ашиг нь хөндөгдөхгүй байх талаар: Анхнаасаа татвараа төлөн зөрчилгүй ажиллаж байсан манай компанийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан. Цуцалсан асуудалд нь маргаан үүсгэж байх хооронд өөр нэг төрийн байгууллага нь давхардуулан газар олголт хийсэн. Төрийн байгууллагууд хоорондоо зохицоод шийдчих асуудлыг өөрсдөө хийхгүй яагаад хувийн байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх сонирхолтой байгааг нь ойлгохгүй байна.

5. Энэ маргаантай асуудлыг тэдгээр байгууллагууд хэдэн жилийн өмнөөс мэдэж байсан. Тэгээд маргаантай хилийн цэсээ тогтоохоор Нийслэлийн Газрын алба болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам харилцан зөвшилцсөний эцэст Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А-135 тоот тушаал гарган Богдхан уулын Дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг /Богдхан уулын хилийн цэс, 21 дүгээр шон гэх мэт/ судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Гэтэл энэ ажлын хэсэг нь Хан-Уул дүүрэг, Яармаг, Нисэх хавийн газар дээр ажиллан ямар нэгэн дүгнэлт гаргахгүйгээр, зөвхөн кадастрын тэмдэглэгээ хийж, хил заагаа тодорхой болгосон байдаг боловч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт огт ажиллаагүй. Ажлаа бүрэн дуусгаагүй байж ажлын хэсэг нь тарсан.

6. Хэрэв тэдгээр хүмүүс хариуцлагатай ажилласан бол ажлын хэсгийн дүгнэлтээ албан ёсоор гаргаж, яамны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хилийн маргаанаа эцэслэх боломжтой байсан. Одоо тэдгээр байгууллагууд уг газрыг өөрийн харьяандаа байгаа гэж ойлгон газар олголт хийж байгаа учраас төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн холбогдох нэгжүүдийг оролцуулсан ажлын хэсэг ажиллах, дүгнэлт, газрын зураглал гаргах зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

7. Улсын Их Хурлын 26 дугаар тогтоол 1995 онд батлагдаж байх үед кадастрын зураглал гэж байгаагүй учраас шонгоос баруун тийш, зүүн тийш ,...р шон гэх мэтчилэнгээр бичсэнээс биш хоорондоо ядаж хэдэн метр зайтайг ч тэмдэглээгүй, тэр үед байсан зам, гүүр нь нурж, өөрчлөгдсөн учраас одоо настай хүнээс баримжаа асуухаас цаашгүй болоод байгаа нөхцөлд ажлын хэсэг ажиллах шаардлагатай нь тод харагдаж байгаа. Гэтэл шүүхээс томилсон шинжээч нар нь зөвхөн нэг талын буюу яамны байгаль хамгаалагч нарын тайлбарыг үндэслээд дүгнэлтээ гаргасан байхад шүүх анхаарч үзсэнгүй. Нийслэлийн харьяаны холбогдох байгууллагатай ч холбогдоогүй. Нэг талыг барин дүгнэлт гаргасанд нь бид гомдолтой байна.

8. Анх манай компанид газар олгосон нийслэлийн Засаг даргыг гуравдагч этгээдээр татан оруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээн аваагүй. Эрх бүхий талуудыг оруулан дүгнэлтээ гаргасан бол гомдохгүй байсан. Нийслэлийг энэ хэрэгт нөлөөлнө, эрх ашгийн зөрчил гаргана гээд оруулахгүй байсан атлаа маргалдаж байгаа тал буюу яамны ажилтнуудын аман тайлбарыг үндэслэн гаргасан дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэсэн.

9. Бодит байдал дээр тэнд олон айл байдаг ч яамнаас бус харин нийслэл, дүүргээсээ газар эзэмших эрхээ албан ёсоор авсан байсан. Яам шүүхийн маргаантайг мэдсээр байж, “Дүнжингарав гурил” ХХК-д газар олгосон.

10. Өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх асуудлыг зөвөөр харж дүгнээд “...БОАЖС-аас дахин шинэ акт гаргах хүртэл сайдын тушаалын “Бух чулуу” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд шинээр акт гаргахыг сайдад даалгаж...” байсан. Энэ бол хүмүүс, ард иргэд төрийн байгууллагаас болж хохирохгүй байх боломжийг олгосон шийдвэр байсан гэдэг нь харагдаж байна.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт анхаарал хандуулаагүй тухайд: Нэхэмжлэлийн шаардлагад шүүх анхаарал хандуулаагүй, газрын хил хязгаарын талаар дүгнэсээр байгаад дуусгасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн мэдлийн газар гээд “Бух чулуу” ХХК-д газар олгосон гэх боловч үнэн хэрэгтээ уг компани Дархан цаазат газар нутагт газар ашиглах эрхээ хэрхэн, яаж хэрэгжүүлж байгаад нь хяналт тавиагүй.

12. Голын эрэгт ойролцоо газар эзэмших эрх авангуутаа шууд газрыг нь ухан хайрга олборлож, өндөр өндөр суурь машин байрлуулаад олон жил болж байна. Хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...эхлээд Яамны зүгээс зам тавих хайрга ашиглаж байсан, сүүлдээ барилгын компани тэндээс олборлолт хийж байгаа...” гэж мэдүүлсэн байхад үл тоосон. Хамгаалах ёстой Дархан цаазат газарт нь хуулийн дагуу аялал жуулчлал, сургалт, эрдэм шинжилгээний бус хайрга чулуу олборлолтын үйл ажиллагаа явуулсаар байгааг мэдсээр байж яам үл тоож байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарсангүй. Уул ороосон хурдны замын хажууд Улаанбаатар хот дотор, суурьшмал олон айлуудын дунд олборлолт хийх хуулийн заалт байхгүй. Мөн газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа талаарх зураг хавтаст хэрэгт байгаа. Гэтэл шүүх энэ асуудлыг хөндөж гаргаагүй.

13. Нэхэмжлэлийн шаардлага бол “...“Бух чулуу” ХХК-д газар олгосон тушаалыг хүчингүй болгуулах, ...тухай байсан учраас шүүх хэт нэг талыг барьж авахгүй, нийтэд нь хянан шийдвэрлэх” ёстой байсан гэж үзэж байна. Энэ компани хууль ёсны үнэлгээнүүдээ хийлгэсэн эсэх, жил бүр хайрга олборлож байгаа гэж тайлан гаргаж, гэрээгээ дүгнүүлж байгаа, Энэ асуудалд яам нөлөөллийн ямар үнэлгээ хийсэн зэргийг шалгах ёстой байсан.

14. Хилийн цэсийн маргаан түүнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хувьд: Улсын Их Хурлын 1995 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн заагийг тодорхойлсон байдаг. Уг тогтоолд 21 тоот шон нэг байхаар тогтоосон. Гэтэл маргаан бүхий газарт шүүхийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/203 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэмжилт хийхдээ 21 тоот шонг 3 өөрөөр хэмжилт хийсэн. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2015 онд шонгуудыг шинэчлэн суулгахдаа 26-р тогтоолд заагаагүй “75 дугаартай шонг 1.5 м орчим өндөр, цэнхэр пайзтай, бетонон суурьтай босгосон” гэдгээ хариуцагчийн төлөөлөгч үгүйсгэхгүй байгаа бөгөөд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “бид буруу хаягжуулсан байх” гэдгээ хэлсэн байдаг. Үүнээс үүдэн 26 дугаар тогтоолд заасан “Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот” шонг 75 тоот гэж буруу хаягжуулсан байх гэсэн тайлбар хэлж байгаа нь зөрүүтэй ойлгогдож байгаагаас гадна Улсын Их Хурлын тогтоолд заасан хилийн заагийг дур мэдэн өөрчилсөн болох нь харагдаж байгаа юм.

15. Шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт: Улсын Их Хурлын 1995 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Богд-Хан уулын Дархан цаазат газрын хилийн заагийг байршил тодорхойлсон солбицол байхгүй, ...газар усны нэрээр хил заагуудын солбицлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн боловч Богдхан уулсын Дархан цаазат газрын байгаль хамгаалагч Н.Эрдэнэбилэг, Д.Банди, Г.Ганзориг нарын зааснаар 21 тоот шон, 3 тоот шонг хэмжилт хийж гүйцэтгэсэн гэдгээ тодорхой тусгасан байсан. Шинжээч нар маргаан бүхий газарт 21 тоот шонг 3 төрлөөр авч үзсэн ба байгаль хамгаалагчийн тодорхойлсноор 21 тоот шон байгаа гэх газарт нь 26 дугаар тогтоолд заагаагүй 75 дугаартай шон байсан. ... 21 тоот шон байршиж байсан байх магадлалтай гээд тэнд байсан хугарсан хуучин шонгийн ул мөрийг хэмжсэн нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарах үндэслэл болсон. Төмөр замын хамгаалалтын хашаанд байх 3 тоот шонг хэмжсэн. 3 тоот шонгийн баруун урд хэсэгт 21 тоот шон /шон дээрх хаягжуулснаар/ бодитоор байршиж байсан тул хэмжилт хийсэн гэснээс харахад 21 гэсэн бичигтэй хуучны шон 1 байсан, нөгөө 2 нь нэг нь дугааргүй, хугарсан шонгийн ул мөр, нөгөөх нь 2015 онд дугаарласан 75 гэх шонгууд байгааг шүүх анхаарч үзнэ үү.

16. Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ”Ө" ХХК-д олгосон газрыг Газрын кадастрын мэдээллийн сангийн архиваас үзэхэд 18654308217085 дугаарт ...бүртгэгдсэн байна, ...”Бух чулуу” ХХК-д олгосон газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн архивт бүртгэлгүй байна гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны ашиглаж буй Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын хил нь ажлын хэсгийн хэмжилтээр тодорхойлсон хил нь зөрүүтэй байна гэж “Ө” ХХК-д олгосон газар, ”Бух чулуу” ХХК-д олгосон газрыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын ашиглаж буй Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын хилтэй давхцуулж үзэхэд давхцалгүй байна гэж, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан “...Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэл тогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон...” гэснийг шинжээчийн хэмжилтийн үр дүнгээр тодорхойлсноор давхцуулж үзэхэд давхцалтай байна гэх зэргээр эргэлзээ төрүүлэхүйц тайлбар дүгнэлтүүдийг хийсэн нь хэрэг маргааныг нэг мөр шийдэхэд нөлөөлөх дүгнэлт болж чадахааргүй байгаа юм.

17. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас эзэмшүүлж ашиглуулсан газрууд нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байгаа талаар холбогдох баримтуудыг цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хянан шийдвэрлэжээ...” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Мөн “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр захирамжаар хийсэн шинжилгээ нь бүх талын тэгш оролцоог бүрэн хангаагүй гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй...” гэж дүгнэсэн.

18. Шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлага болох “Бух чулуу” ХХК-д газар эзэмших эрх олгосон тушаалтай холбоотой бус харин хилийн цэсийн маргаантай 2 талын буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн хооронд үүсээд байгаа үл ойлголцлыг арилгахад чиглэгдсэн байсан. Тэгсэн атлаа маргааныг хэн алинаас нь харилцан мэдээлэл авалгүйгээр, холбогдох мэргэжлийн байгууллага хүмүүсийг оролцуулахгүйгээр, зөвхөн нэг талынх нь буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчийн хэлснийг үндэслэн, маргааны нөгөө тал болох нийслэлийн Засаг даргыг мэдээгүй байхад хийж гаргасан дүгнэлт учраас “талуудын оролцоог бүрэн хангаагүй” гэж гомдол гаргасан. Шүүх талуудын оролцоог зөвхөн нэхэмжлэгч талын оролцоо гэж өрөөсгөлөөр дүгнэх бус өргөн хүрээгээр харж дүгнэх ёстой байсан.

19. Хүчин төгөлдөр байгаа Улсын Их Хурлын тогтоолд заасан тэмдэглэгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2015 онд дур мэдэн өөрчилж, буруу хаягжуулсан гэдгээ хэлсээр байтал шинжээчийн ажлын хэсэг тодорхой бус цэг буюу хариуцагчийн бие төлөөлөгчийн сайн мэдэхгүй, таамаглаж байгаа цэгт хэмжилт хийснээр гаргасан дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзээгүй. Ийнхүү асуудалд хэт нэг талыг барьж гаргасан шийдвэрт гомдолтой байхад давж заалдах шатны шүүх Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй, бүртгэлгүй гэсэн хэсэгт дүгнэлт хийсэн атлаа давхцалтай, давхцалгүй гэсэн хэсэгт нь дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

20. Энэ хэргийг шийдвэрлэсэн өмнөх шийдвэрүүдийн талаар: Энэ хэргийг өмнө нь шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “...БОАЖС-аас дахин шинэ акт гаргах хүртэл сайдын тушаалын “Бух чулуу” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд шинээр акт гаргахыг БОАЖС-ад даалгаж” шийдвэрлэсэн талаар өмнө нь дурдсан. Гэвч уг хэргийг хянасан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 167 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон 0158 тоот магадлалыг хэвээр үлдээсэн тогтоолдоо “...Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан “улсын тусгай хамгаалалттай газар нь Монгол улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах” ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д "энэ хуулийн 16.1.1-16.1.4-т заасан зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоож” гэж зааснаар хилийн заагийг тогтоох нь Улсын Их хурлын бүрэн эрхэнд хамааралтай юм. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байхад шинжээч томилох тухай агуулгын алдаатай дүгнэлт хийсэн нь буруу...” гэж дүгнэж байсан зэргээс харахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн эрх мэдэлд хамааралгүй буюу Улсын Их Хурлын бүрэн эрхэнд хамаарах асуудалд хөндлөнгөөс орж хилийн зааг тэмдэг тэмдэглэгээг өөрчилсөн нь хууль бус болохыг дурдсан байна.

21. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1021 тоот шийдвэр нь асуудлыг бодитоор харж ард иргэд, аж ахуйн нэгжийг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирохгүй байх боломжийг нээхэд тусалсан үндэслэлтэй зөв байсан болох нь одоо 2 жилийн дараа мэдэгдэж байна. Шүүх тэр үед хэн нэгний эрх ашигт үйлчлэх гээгүй, харин үнэн зөвийг олж, маргааныг зогсоох хууль зүйн үндэслэл байгааг харж шийдвэрлэж байжээ. Шүүхийн даалгасан хугацаанд дээрх ажлын хэсэг бүрэн ажиллаад дүгнэлтээ гаргасан байсан бол үл ойлголцол арилж бүх шатны шүүх асуудлыг шийдвэрлэхэд голлох ач холбогдол бүхий нотолгооны баримттай болохоор байлаа.

22. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0163 дугаар магадлалыг хүчингүй болгож, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгж хохирохгүй байх үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

24. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Ө” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 134000 м.кв газрыг эзэмшүүлэхээр, харин Богдхан уулын Дархан цаазат газарт Баянзүрх дүүргийн Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын зориулалтаар Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар “Бух Чулуу” ХХК-д 1,7 га, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Ангараг чулуу” ХХК-д 2,52 га, “Дүнжингарав гурил” ХХК-д 1,5 га, 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Эм Ти Эс Ди” ХХК-д 2 га газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

25. Нэхэмжлэгч  “Ө” ХХК нь “...энэ хэргийн гуравдагч этгээд болох “Бух Чулуу” ХХК, “Дүнжингарав гурил” ХХК-иудын эзэмшиж, ашиглаж байгаа газар нь давхацсан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ...давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн...” гэж маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалуудын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

 

26. Гуравдагч этгээд болох “Бух Чулуу” ХХК, “Дүнжингарав гурил” ХХК болон  нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газар нь тодорхой хэсгээр давхацсан, харин “Ангараг чулуу” ХХК, “Эм Ти Эс Ди” ХХК-иудын тухайд давхцалгүй байгааг шүүхийн шийдвэрт нотлох баримтуудыг үндэслэн тодорхой дүгнэжээ.

27. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн заагийг түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх дүүргийн Автозамын Гүүрийн баруун урд 21 тоот шон түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон гэж байршлаар нь тодорхойлжээ.

28. Гуравдагч этгээд нарын ашиглаж буй газар нь Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн заагт багтсаныг хоёр шатны шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй, тодорхой дүгнэсэн, уг газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын маргаан бүхий тушаалаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт ...газар ашиглуулах тухай шийдвэрийг ...гаргана” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт байна.

29. Иймээс “...маргаантай хилийн цэсийг тогтоох ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт огт ажиллаагүй, ...яам өөрийн мэдлийн гэх газарт газарт ашиглаж буй компаниуд эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавиагүй, ...шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байсан...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

30. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад хамаарах Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0163 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ