Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2024/01863/И |
Дугаар | 182/ШШ2024/02065 |
Огноо | 2024-05-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/02065
2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2024/02065 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Баталгаат засварын барьцаа 20,500,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* газарт холбогдуулан баталгаат засварын барьцаа 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Нийслэлийн Авто замын ******* газрын материал шинжилгээний лабораторид тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарч холбогдох тоног төхөөрөмжийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийлүүлсэн. Тус газартай байгуулсан гэрээний 13.0-д "Баталгаат засварын хугацаа барааны онцлогоос хамаарч хүлээлгэн өгсөн акт үйлдсэнээс хойш 12-24 сар байна." мөн гэрээний 11.1-д "Гүйцэтгэлийн баталгаа гэрээний үнийн 5 хувьтай тэнцэх дүнтэй байна гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь баталгаат засварын барьцаа болох 20,500,000 төгрөгийг авч үлдэн үлдэгдэл төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Гэтэл тус газрын зүгээс гэрээний баталгаат засварын хугацаа дууссан байхад тус төлбөрийг шилжүүлээгүй. Талуудын байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтод зааснаас илүү хүчин чадалтай ОКО-3 нийлүүсэн. Иймд ******* ******* газраас 20,500,000 төгрөгийг гаргуулна гэв.
2.Хариуцагч Нийслэлийн ******* ******* газар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ж.******* нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн иргэдийн хурлын 2019 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр тус газрын лаборатортид тоног төхөөрөмж авах тогтоол батлагдаж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/695 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн ******* ******* газрын Материал шинжилгээ туршилт судалгааны тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг нийлүүлэх ажлын зохион байгуулахаар болсон. Нийслэлийн замын ******* газрын Материал шинжилгээ туршилт судалгааны лабораторид 2019 онд тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын даалгавар боловсруулж, үнэлгээний хороо байгуулагдаж 2019 оны 02, 05, 06 дугаар саруудад нийт 3 удаа тендер зарласан ба гүйцэтгэгч шалгараагүй. 2020 онд дахин тендер зарласан бөгөөд 07 дугаар сард ******* ******* ******* ХХК болон Мээжийн савдаг ХХК-ууд тендерт оролцож ******* ******* ******* ХХК шалгарсан бөгөөд техникийн шаардлагын дагуу доорхи үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Тус ажлын худалдан авах техникийн шаардлагад ажиллагааны төхөөрөмжийг захиалагчид хүлээлгэж өгөхдөө уг төхөөрөмжүүдийг ашиглах сургалт зохион байгуулж, ашиглалтын заавар болон дагалдах бичиг баримтыг Монгол хэл дээр хөрвүүлнэ" гэж мөн "замын техник ашиглалтын түвшин тогтоох хөдөлгөөнт лабораторийн авто машиныг техникийн үзлэгээр оруулж бичиг баримтын иж бүрдэлийг хангасан байна" гэж заасан. ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр техникийн өдөр шаардлагад заасан тоног төхөөрөмжийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ний нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл зэрэгт дараах заалтууд тусгагдсан. Гэрээний ерөнхий нөхцөл 7-д Нийлүүлэгч нь захиалагчид багаж тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулж, шалгаж, сургалт зохион байгуулан хүлээлгэн өгнө. Барааг тусгай ажлын хэсэг байгуулан шалгаж авна. Гэрээний ерөнхий нөхцөл 13-д Баталгаат засварын хугацаа 1 жил байх бөгөөд энэ хугацаанд засвар үйлчилгээг хариуцаж, шаардлгатай сэлбэг хэрэгслийг нийлүүлэгч хариуцна. Захиалагчийн буруу ашиглалт болон механик эвдрэл гэмтлийг нийлүүлэгч хариуцахгүй болно. Гэрээний ерөнхий нөхцөл 14.6-д Барьцаа хөрөнгө нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь байх ба нийлүүлсэн барааны гэрээний үнийн 95 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө. Эцсийн төлбөр баталгаат засварын хугацаа дуусахад төлнө. Гэрээний ерөнхий нөхцлийн 7.1-д Шалгалт, туршилтаар бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч тус бараанаас татгалзах эрхтэй ба нийлүүлэгч тус барааг үнэ төлбөргүй солих эсвэл техникийн тодорхойлолттой нийцүүлэх бүхий л арга хэмжээ авна. 7.4 Барааг тээвэрлэхээс өмнө захиалагч, эсвэл түүний төлөөлөгч шалгасан, туршсан байх нь Монгол Улсад орж ирсэний дараа түүнийг дахин шалгах, турших болон шаардлагатай тохиолдолд татгалзаж болох захиалагчийн эрхийг хөндөхгүй. 7.5 Энэ зүйлийн аль ч нөхцөл, болзол нийлүүлэгчийг гэрээний баталгаат засварын болон үүргээс чөлөөлөхгүй. 13.1 Гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа нь шинэ, урьд өмнө ашиглагдаагүй, гэмтэл согоггүй бөгөөд хамгийн сүүлийн буюу өнөөгийн загварын, техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн орчин үеийн шинэлэг ололтуудыг агуулсан байна. Өөрийн болон туслан гүйцэтгэгчийн бараа нийлүүлэхэд ашиглах бүх материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг нь шинэ, сайн чанарын болон зориулалтынх байна гэдгийг нийлүүлэгч баталгаажуулна. ******* ******* ******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр НАЗХГ-19-A695-01 тоот комиссын актаар багаж, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн байна. Нийслэлийн Засаг дарын захирамжаар бүтэцийн өөрчлөлт орж тус газрын Материал шинжилгээ туршилт судалгааны лабораторид шинэ бүрэлдэхүүн томилогдож тухайн тоног төхөөрөмж дээр тус газрын мэргэжилтэнүүд болон гүйцэтгэгч байгууллага хамтран туршилт судалгаа хийсэн боловч туршилтын ямар нэгэн үр дүн гараагүй. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус газраас ажлын хэсэг томилогдож, тусгай зориулалтын машины багаж, тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, авто зам дээр туршилт хийсэн боловч мөн ямар нэгэн үр дүн гараагүй. Хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр хоёр тал харилцан тохирцон үйлдвэрлэгч ОХУ-ын "Геотех" компанитай холбогдон георадарыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулахаар болсон ба 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны хооронд "Геотех" компани нийлүүлэгч талтай хамтран онлайн сургалт зохион байгуулсан. Сургалтын үр дүнд тухайн нийлүүлсэн георадарын багаж нь техникийн шаардлагад заасан авто машинд суурлуулах боломжгүй гар аргаар хэмжилт хийх зориулалтай багаж байсан бөгөөд дахин газар дээр туршилт хийхэд үр дүнг боловруулалт нь бидний хүссэн мэдээлэлийг цуглуулах боломжгүй байсан. Тиймээс тухайн георадарыг техникийн шаардлагын дагуу солих аль эсвэл бидний шаардлага нийцсэн багажаар солих шаардлагыг нийлүүлэгч ******* ******* ******* ХХК-нд албан тоотоор хүргүүлсэн. ******* ******* ******* ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 55 тоот, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот, 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 10 тоот, 2023 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 15 тоот, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 тоот дугаартай албан бичгүүдээр гэрээний тусгай нөхцөлийн дагуу Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоотууд ирүүлсэн. Хоёр талын байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтын дагуу ОКО-2 нийлүүлнэ гэж заасан боловч ******* ******* ******* ХХК нь техникийн тодорхойлолт зөрчиж ОКО-3 нийлүүсэн учир техникийн шаардлагад нийцсэн багаж төхөөрөмж нийлүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг суллах тухай манай газраас удаа дараа 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 9/397, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 9/573, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 8/779, 2023 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 8/904/ хариу хүргүүлсэн. Мөн Авилгатай тэмцэх газраас тус ажлын гүйцэтгэлийн бичиг баримт ирүүлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 06/7044 тоот дугаартай албан тоот ирүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 8/648 тоот дугаартай албан тоотоор шаардлагатай гүйцэтгэлийн материал хүргүүлсэн ба шалгалтын ажиллагаагаар ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл илрээгүй бөгөөд тайлбар авсан. Иймд ******* ******* ******* ХХК -ний нэхэмжлэлээд байгаа барьцаа хөрөнгө чөлөөлөх асуудлыг дээрх нийлүүлсэн багаж төхөөрөмжийг техникийн шаардлагад нийцүүлэн георадарын багажыг сольж, туршилт тохиргуулгын хэмжилт хийж үр дүнг гарган, сургалт зохион байгуулан хүлээлгэн өгсөн нөхцөлд манай талаас барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэв.
3.Нэхэмжлэгээс нотлох баримтаар Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тоног төхөөрөмж хүлээн авсан тухай комисын акт, Нийслэлийн авто замын ******* газрын даргын тушаал, Нийслэлийн авто замын ******* газрын материал шинжилгээний лаборотарид худалдан авах тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ, Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай 182/ШЗ2023/07157 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтыг,
Хариуцагчаас нотлох баримтаар Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06/7044 тоот албан бичиг, Нийслэлийн ******* ******* газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08/648, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09/573, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08/779, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08/904, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/397, ******* ******* ******* ХХК-ийн2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 тоот, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот албан бичиг, Хөрөнгө чөлөөлөх тухай 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, Авто замын материалын чанарын хяналтыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн техникийн шаардлага, Гэрээ дүгнэсэн протокол, Хурлын тэмдэглэл, Комиссын саналын хуудас, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бусад ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* газарт холбогдуулан Баталгаат засварын барьцаа 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Талуудын байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтод зааснаас илүү хүчин чадалтай ОКО-3 маркийн төхөөрөмж нийлүүсэн. Баталгаат засварын хугацаа дууссан байхад төлбөрийг шилжүүлээгүй тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч ******* ******* газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтын дагуу ОКО-2 маркийн төхөөрөмж нийлүүлнэ гэж заасан боловч гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь техникийн тодорхойлолт зөрчиж ОКО-3 маркийн төхөөрөмж нийлүүсэн учир техникийн шаардлагад нийцсэн багаж төхөөрөмж нийлүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг суллаж өгөхөд татгалзахгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Тоног төхөөрөмж хүлээн авсан тухай комисын акт, Нийслэлийн авто замын ******* газрын даргын тушаал, Нийслэлийн авто замын ******* газрын материал шинжилгээний лаборотарид худалдан авах тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06/7044 тоот албан бичиг, Нийслэлийн ******* ******* газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08/648, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09/573, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08/779, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08/904, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/397, ******* ******* ******* ХХК-ийн2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 тоот, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот албан бичиг, Хөрөнгө чөлөөлөх тухай 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, Авто замын материалын чанарын хяналтыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн техникийн шаардлага, Гэрээ дүгнэсэн протокол, Хурлын тэмдэглэл, Комиссын саналын хуудас,Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бусад ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.******* ******* газрын материал шинжилгээний лабораторид тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарч Захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр НАЗХГ-19-A695-01 дугаар Нийслэлийн Авто замын ******* газрын материал шинжилгээний лабораторид худалдан авах тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний ерөнхий нөхцлийн 7.1-д Шалгалт, туршилтаар бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч тус бараанаас татгалзах эрхтэй ба нийлүүлэгч тус барааг үнэ төлбөргүй солих эсвэл техникийн тодорхойлолттой нийцүүлэх бүхий л арга хэмжээ авна. 7.4 Барааг тээвэрлэхээс өмнө захиалагч, эсвэл түүний төлөөлөгч шалгасан, туршсан байх нь Монгол улсад орж ирсэний дараа түүнийг дахин шалгах, турших болон шаардлагатай тохиолдолд татгалзаж болох захиалагчийн эрхийг хөндөхгүй. 13.1 Гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа нь шинэ, урьд өмнө ашиглагдаагүй, гэмтэл согоггүй бөгөөд хамгийн сүүлийн буюу өнөөгийн загварын, техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн орчин үеийн шинэлэг ололтуудыг агуулсан байна. Өөрийн болон туслан гүйцэтгэгчийн бараа нийлүүлэхэд ашиглах бүх материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг нь шинэ, сайн чанарын болон зориулалтынх байна гэдгийг нийлүүлэгч баталгаажуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот албан бичгээр Нийслэлийн ******* ******* газарт Танай байгууллагаас ирсэн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 9/573 тоот бичигтэй танилцаад нэмэлт тайлбар хүргэх шаардлагатай гэж үзлээ. Танай бичигт "Тоног төхөөрөмж нийлүүлэх НАЗХГ-19-A695-01 тоот гэрээний хүрээнд Око 2 георадар төхөөрөмж нийлүүлэх ёстой боловч Око 3 георадар төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэвэл барьцаа хөрөнгө чөлөөлнө" гэжээ. Бид георадар төхөөрөмж үйлдвэрлэгч ОХУ-ын "Геотех" компанитай холбогдож Око 2 ба ОкоЗ-ын талаар нэмэлт тодруулга авснаа хавсралт 1-т үзүүлэв. Эндээс харахад Око 3 төхөөрөмжид Око 2 георадарт таарах бүх антенн нэгэн адил таарна гэсэн байна. Иймд Око 3 нь Око 2 георадараар гүйцэтгэх боломжтой туршилтыг бүрэн хийхээс гадна гаргаж буй хэмжилтийн дүнгийн чанарын үзүүлэлт /хэмжих хурд, хадгалах цэгийн багтаамж, сигналын хуримтлал өссөн, GPS холбох боломжтой г.м/ сайжирсан хувилбар болох нь харагдаж байна. Ийм энгийн зүйлийг эрхэм дарга нарт ойлгуулж чадахгүй олон дахин бичиг цаас явуулж буйдаа бидний зүгээс хүлцэл өчье. Иймд барьцаа хөрөнгө болох 20,500,000 төгрөгийг чөлөөлж манай компанийн Хаан банкны 5027143501 тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 12-ны дотор шилжүүлж өгнө үү гэх, /хх-ийн 108 тал/
мөн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 тоот албан бигээр Танай байгууллагаас ирсэн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08/779 тоот бичигтэй танилцаад тайлбар хүргэх шаардлагатай гэж үзлээ. Танайх "НАЗХГ-19-А695-01 тоот гэрээт ажлын гүйцэтгэлийг талаар хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа тул шийдвэр гарсны дараа тухайн асуудлыг шийдвэрлэхийг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. ******* ******* газрын холбогдох албан тушаалтнууд НАЗХГ-19-А695-01 тоот гэрээт ажлын барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудлаар авлигын орчин үүсгэсэн эсэх, төсвийн хөрөнгө мөнгийг 2021-2022 онуудад зориулалт бусаар зарцуулсан эсэхийг шалгаж өгөхийг хүссэн манай байгууллагын гаргасан гомдлын мөрөөр АТГ тодорхой шалгалт хийж, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хариу 2023 оны 5-р сарын 12-ны өдөр өгсөн нь прокурорын байгууллагаар 5 дугаар сарын 24-нд баталгаажсан байна. Эндээс харвал дээр дурдсан ажлын баталгаат засварын барьцаа хөрөнгө зориулалт бусаар зарцуулагдаагүй одоог хүртэл танай байгууллагын дансанд байгаа, мөн холбогдох албан тушаалтнууд авлигын гэмт хэргийн орчин үүсгээгүй байсан зэрэг нь сонсоход сайхан мэдээ юм. Иймд одоо НАЗХГ-19-А695-01 тоот гэрээт ажлын баталгаат засварын барьцаа хөрөнгө болох 20,500,000 төгрөгийг чөлөөлж, манай компанийн Хаан банкны 5027143501 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 31-ний дотор шилжүүлж өгнө үү гэх албан бичиг хүргүүлжээ. /хх-ийн 107 тал/
9.Захиалагч ******* ******* газар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 9/397 тоот албан бичгээр НХААГ/201907710 дугаар бүхий тендерийн техникийн тодорхойлолтод тоног төхөөрөмжүүдийг захиалагчид хүлээлгэж өгөхдөө уг багаж, тоног төхөөрөмжийг ашиглах сургалт зохион байгуулж, ашиглалтын заавар болон дагалдах бичиг баримтыг Монгол хэл дээр хөрвүүлнэ гэж заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 02 дугаар сарын 06-ний өдрүүдийн хооронд багаж тоног төхөөрөмжөөр хэмжилт хийх, үр дүн боловсруулах талаар сургалт зохион байгуулсан билээ. Гэвч танай байгууллагын нийлүүлсэн ОКО-3 багаж, тоног төхөөрөмж нь техникийн шаардлага хангаж байгаа боловч автомашинд байршуулан хэмжилт хийх боломжгүй, 5км/цаг хурдтай явж гар аргаар хэмжилт хийх зориулалттай багаж юм байна. Иймд тендерийн техникийн шаардлагаар автомашинд суурилуулан хэмжилт хийх боломжтой багаж гэж заасан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсний дараа барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжтой болохыг мэдэгдье гэх хариу хүргүүлсэн байна. /хх-ийн 104 тал/
10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
11.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд Манай компанийн зүгээс үнийн хувьд ялгаатай байсан ч сайн чанарын эд хөрөнгийг нийлүүлье гэсэн сэтгэлэээр сүүлийн үеийн тоног төхөөрөмж болх ОКО-3 маркийн төхөөрөмжийг худалдан авч нийлүүлсэн гэж тайлбарлав.
12.Хариуцагч ******* ******* газар нь Талуудын хооронд байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтын дагуу ОКО-2 маркийн төхөөрөмж нийлүүлнэ гэж заасан боловч ******* ******* ******* ХХК нь техникийн тодорхойлолт зөрчиж ОКО-3 маркийн төхөөрөмж нийлүүсэн учир техникийн шаардлагад нийцсэн багаж төхөөрөмж нийлүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг суллаж өгөхөд татгалзахгүй. 2-3 удаа туршилт хийхэд тухайн нийлүүлсэн ОКО-3 маркийн төхөөрөмж георадарын багаж нь техникийн шаардлагад заасан автомашинд суурьлуулах боломжгүй, гар аргаар хэмжилт хийх зориулалттай багаж байсан бөгөөд дахин газар дээр туршилт хийхэд үр дүнг боловруулалт нь бидний хүссэн мэдээллийг цуглуулах боломжгүй байсан гэж мэтгэлцэж байна.
13.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр НАЗХГ-19-A695-01 тоот комиссын актаар багаж, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн тухайд хариуцагч маргаагүй бөгөөд тус гэрээний ерөнхий нөхцөл 14.6-д Барьцаа хөрөнгө нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь байх ба нийлүүлсэн барааны гэрээний үнийн 95 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө гэж заасан, мөн захиалагч нэхэмжлэх ирүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
14.Захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр НАЗХГ-19-A695-01 дугаар Нийслэлийн Авто замын ******* газрын материал шинжилгээний лабораторид худалдан авах тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ болон техникийн тодорхойлолтын дагуу ОКО-2 маркийн төхөөрөмж нийлүүлнэ гэж заасан боловч гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь техникийн тодорхойлолт зөрчиж ОКО-3 маркийн төхөөрөмж нийлүүсэн учир техникийн шаардлагад нийцсэн багаж төхөөрөмж нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
15.Иймд ******* ******* газарт холбогдох Баталгаат засварын барьцаа 20,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй.
16.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* газарт холбогдох Баталгаат засварын барьцаа 20,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ