Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/222

 

 

Л.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Л.С-ын өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Солонгын өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Сд холбогдох 2110 01364 0808 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-ын С, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцаа, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., хамт .. дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн .... дугаар хороо, ....... дүгээр байрны .... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:........../;

Л.С нь “Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Б.Чинзоригоос 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд нийт 15.850.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.С..ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Л-ын С-ыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.С-ыг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Л.Солонгыг өөрийн оршин суух Улаанбаатар хотын Багануур дүүргээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сос 14.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чинзоригт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Чинзоригийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Солонгын өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн талаас нь зөв дүгнээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйл 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Залилж авсан гэх 4 удаагийн үйлдлийн эхний үйлдэл нь хохирогч Б.Чинзориг Л.Сд 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Хохирогч, шүүгдэгч нар хэн хэн нь зээлсэн гэж тайлбарладаг. Дараагийн 3 удаагийн үйлдэл нь мөн адил зээл гэсэн утга агуулгаар шилжүүлсэн. Зээлсэн мөнгөөрөө биткойнд хамтарч ашиг олохоор болсон. Л.С нь нийт 26.000.000 төгрөгийг өөр бусдад өгөөд алдсан байдаг. Үүний улмаас Л.Сос мөнгөө нэхэхээр өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хохирогч гомдол гаргасан. Тендер авч өгнө гэх огт үндэслэлгүй зүйл ярьж залилангийн гэмт хэрэгт гэм буруутай гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллах дүгнэлтийн хүрээнд хохирогч 2 удаагийн мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар 1 удаа, гэрчээр 1 удаа мэдүүлэг өгсөн. Мөн дансны хуулга байгаа. Өөр нотлох баримт гэвэл Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн тендерт орж байсан эсэх лавлагааг авсан. Л.С нь тендерт орж байгаагүй гэсэн лавлагааг яллах нотлох баримт болгосон. Би анхан шатны шүүх хуралдаан дээр “хэргийг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй байна, субъектив талын шинжийг тодорхойлж өгнө үү, хамт биткойн гэж мөнгө зээлсэн Л.Солонгын дүү Аянгыг гэрчээр асууж өгнө үү” гэж хэд хэдэн асуудлаар хэргийг прокурорт буцаалгах санал гаргасан. Анхан шатны шүүх хүлээж авахгүй, шийтгэх тогтоол гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэн гэх боловч 4 удаагийн гүйлгээний баримтуудад нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзээгүй. Бусад нотлох баримтуудтай харьцуулж, шинжлэн судлаагүйн улмаас шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Дүгнэлт хэсэг нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Шүүхээс хийсэн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь үндэслэлээ болгохдоо бусдыг нь үгүйсгэсэн талаар үндэслэлдээ тусгаагүй. Өөрөөр хэлбэл, зээл гэж шилжүүлсэн мөнгийг зээл биш байна гэж тайлбарлаагүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн харьяаллын талаарх асуудлыг би ярьсан. Хан-Уул дүүрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Анх мөнгийг Чингэлтэй дүүрэгт шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн харьяаллын хэрэг байсан. Хэргийн харьяаллыг тогтоолгохоор прокурор ямар нэгэн ажиллагаа явуулаагүй. Төгссөн үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзсэн. Төгссөн нь Чингэлтэй дүүрэгт гэж тайлбарласан. Гэтэл Хан-Уул дүүрэгт эхэлж, Чингэлтэй дүүрэгт төгссөн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хэтэрхий итгэж, хэргийн бусад байдлыг нотлоогүйгээс болж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоход хүрсэн. Мөнгийг өдий болтол өгөөгүй гэдэг нь шунахайн сэдэлтэй гэсэн асуудал яригддаг. 2019 онд зээлсэн мөнгөө бусдад алдсан гэдгээ хоёр тал хоёулаа харилцан тохиролцож, ойлголцож байсан үе байгаа. Зээлийн гэрээ бичгээр байгуулах гэхээр өмгөөлөгч нь хийлгэхгүй байдаг. Прокуророос “...чи өдий болтол яагаад зээлийн гэрээ байгуулаагүй юм бэ” гэж асуудаг. Миний үйлчлүүлэгч “ковид-19” цар тахлын хөл хорионд орсон талаараа мэдүүлдэг. Мөн хүүхэд төрүүлчихсэн, ажилгүй байсан. Миний үйлчлүүлэгч гэртээ байхдаа ээж нарын цахим группэд орсон байдаг. Мөнгө зээлж түүнийгээ өсгөж мөнгө олох гэсэн байдаг. Энэхүү нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Чинзоригийн хувьд шүүгдэгч Л.Стой анх фэйсбүүкээр танилцсан байдаг. Хохирогч Б.Чинзоригт “Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө” гэж итгүүлж, 15.850.000 төгрөгийг авсан. Мөнгө авсныхаа дараа шүүгдэгчийн фэйсбүүк хаяг нь хаагдаж, холбоо тасарсан байдаг. Хохирогч өөрөө эрэн сурвалжилж байж шүүгдэгч Л.Солонгыг олсон байдаг. Биткойны талаарх асуудал хавтаст хэрэгт байхгүй. Харин хохирол төлбөрийг хохирогчид барагдуулахдаа 4000 биткойн өгсөн байдаг. Хохирогч биткойн гэж мэдэхгүй талаараа мэдүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд Л.С “...Би Багануур дүүргийн цахилгаан станцад ажиллаж байхдаа өөрийн дүүгийн нэр дээр байдаг компаниас ажилчдын хувцасны тендерт оролцож байсан, тендерт шалгараагүй.” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Багануур дүүргийн цахилгаан станцын газраас албан бичиг авсан. 2017 оноос 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.С тухайн байгууллагад ажиллаж байсан нь тогтоогдсон. Энэ хугацаандаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сэлбэгийн нярваар ажилд орсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2018 оноос үргэлжилэн 2019 оны 6 дугаар сард дууссан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч завсарлага авъя гэсэн. 5 хоногийн хугацаандаа хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Л.Солонгын өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Л.С нь “Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Б.Чинзоригоос 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд нийт 15.850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Чинзоригийн  “...Л.С гэх эмэгтэй надад “ажлынхаа газрын ажлын хувцасны тендерийг авсан байгаа, нийт 50.000.000 төгрөгний тендер байгаа, мөнгө яаралтай хэрэгтэй байна, чамд ашиг өгнө” гэж хэлээд нийт 3-4 удаагийн үйлдлээр 15.850.000 төгрөгийг авсан. Анх 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5750306493 тоот данс руу шилжүүлэн өгсөн, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 5750306493 тоот данс руу шилжүүлэн өгсөн, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 350.000 төгрөгийг 5750306493 тоот данс руу шилжүүлсэн, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлэн нийт 15.850.000 төгрөг өгсөн байна. Би цахим мөнгө гэх зүйл мэдэхгүй, биткойн гэж ойлгохгүй байна. Уг хүн өөрөө дотор нь ажилладаг болохоор яах аргагүй тендер авсан юм байна гэж итгэж мөнгөө өгсөн. ...Би хамгийн сүүлд шилжүүлсэн мөнгө болох 6.000.000 төгрөгөө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн урд талын автобусны буудал дээрээс интернет банкаар шилжүүлсэн байгаа. Надад нийт 600.000 төгрөг өгсөн бөгөөд Ард койн гээд цахим мөнгө байгаа юм, үүнийг хохиролд тооцуулан өгнө гэхээр нь 1 ширхгийг 100 төгрөгөөр үнэлээд нийт 4000 ард койн буюу төгрөгөөр 400.000 тооцож авсан. Өөрийнхөө өгсөн 15.850.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 14.850.000 төгрөгийг авах хүсэлтэй байна. ...” /хх 25-26, 28-29/ гэсэн мэдүүлэг,

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 06591 тоот “...Л.С нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус компанийн санхүү эдийн засгийн хэлтэст сэлбэгийн няраваар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Мөн Л.С нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Багануур цахилгаан түгээх салбарын няраваар түр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдөж 2018-2019 онуудад ажлын хувцас нийлүүлэх тендерт бүртгүүлж оролцож байгаагүй нь үнэн болно” /хх 63/ гэсэн албан бичиг,

хохирогч Б.Чинзоригийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 10-12/, шүүгдэгч Л.Солонгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Л.Солонгыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд Л.Солонгын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Чинзоригоос 15.850.000 төгрөг авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Л.Солонгын “Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Б.Чинзоригоос 15.850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Л.Солонгын өмгөөлөгч Т.Урангэрэл “...Залилж авсан гэх 4 удаагийн үйлдлийн эхний үйлдэл нь хохирогч Б.Чинзориг Л.Сд 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Хохирогч, шүүгдэгч нар хэн хэн нь зээлсэн гэж тайлбарладаг. Дараагийн 3 удаагийн үйлдэл нь мөн адил зээл гэсэн утга агуулгаар шилжүүлсэн. Зээлсэн мөнгөөрөө биткойнд хамтарч ашиг олохоор болсон. Л.С нь нийт 26.000.000 төгрөгийг өөр бусдад өгөөд алдсан байдаг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, хохирогч Б.Чинзориг нь “...Л.С гэх эмэгтэй надад “ажлынхаа газрын ажлын хувцасны тендерийг авсан байгаа, нийт 50.000.000 төгрөгний тендер байгаа, мөнгө яаралтай хэрэгтэй байна, чамд ашиг өгнө” гэж хэлээд нийт 3-4 удаагийн үйлдлээр 15.850.000 төгрөгийг авсан. Анх 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5750306493 тоот данс руу шилжүүлэн өгсөн, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 5750306493 тоот данс руу шилжүүлэн өгсөн, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 350.000 төгрөгийг 5750306493 тоот данс руу шилжүүлсэн, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлэн нийт 15.850.000 төгрөг өгсөн. ...” гэж болсон хэргийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэг нь давхар шүүгдэгч, хохирогч нарын дансны хуулгаар нотлогдон тогтоогдсон бөгөөд нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С-ын өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С-ын өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН        

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ