Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган, улсын яллагч Ч.Мөнхзул, хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Ц.Цогтбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд, орчуулагч Я.Басбиш, шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жи Шаодун /Ji Xiao Dong/-д холбогдох эрүүгийн 1721000720026 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1987 оны 09 сарын 17-ний  өдөр Лиао Нин мужийн Бэй Пиёо хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, 8 дугаар анги төгссөн, өрөмдлөгийн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, БНХАУ-ын Лиа Ни аймаг Бэй Фио нийслэлийн Хэй Чэн Зи Жэн Си Вангуан Чен гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд өрөмдлөгийн ажилтай,  211381198709175715 регистрийн дугаартай, Жи овогт Шаодун /Ji Xiao Dong/.  

Шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/ нь Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний газрын тосны 19 дүгээр талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Ц.Цогтбаатарын толгой руу цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн ажилтныг доошоо хараад тамхи татаж ажлаа хийхгүй байна гэж бодоод монгол ажилтан Цогтбаатарын хамгаалалтын малгай руу нь цохьсон. Нэг удаа зөөлөн цохьсон. Бт чанг цохиогүй гэв

 Шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/ -ын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би тухайн ажилтныг доошоо хараад тамхи татаж ажлаа хийхгүй байна гэж бодоод монгол ажилтан Цогтбаатарын толгой хэсэг рүү нь хамгаалалтын малгайтай байсан. Тэгээд нэг удаа зөөлөн цохьсон. ..тамхи татаж байгаа талаар хараагүй бөгөөд доошоо хараад сууж байсан болохоор харагдаагүй. Өөрийнхөө таамаглалаар татаж байна гэж бодоод цохьсон” гэх  мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Хохирогч Цэвээнжавын Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...намайг хувцасаа цэвэрлэж байхад дээшээ өрөм рүү гараад ир гэхээр нь хувцасаа цэвэрлэж дуусчихаад дээшээ гараад нэг труба хийчихээд хараад сууж байхад миний араас шилэн хүзүү рүү цохиод авсан.  Би эргээд харахад миний дээрээс шавар асгасан хятад ажилчин өөрийгөө цохь гээд байгаа юм шиг гарынхаа хөдөлгөөнөөр хэлээд байхаар нь би цохихгүй гэж гарынхаа хөдөлгөөнөөр тайлбарласан...намайг юугаар цохьсоныг хэлэхэд харин тэр хятад хүн хамаагүй, тоглоомоор цохьсон юм гэж орчуулагчаараа дамжуулж хэлж байсан. Би какс малгайтай байсан, миний ар дагз, шилэн хүзүү хоёрын хавьд цохисон. Бт тухайн үед нэг хэсэг толгой манараад ухаан алдсан. Маргааш нь эмнэлэг хэвтсэн. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардалд нийт 908700 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/     

Гэрч Энхээгийн Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Цогтбаатар хувцасаа сольчихоод ажлын байр руугаа явсан. Тэнд өрмийн цамхаг дээр очоод штанк холбоод сууж байсан чинь гэнэт толгойных нь араас маш хүчтэй юмаар цохиод авах шиг болсон гэсэн. Тэгээд толгойгоо бариад манараад эргээд харсан чинь өрмийн өндөр Шао гэсэн байх хятад иргэн хятадаар нэг юм яриад шатаар бууж байсан гэсэн. Тэгээд араас нь очоод яагаад намайг цохиж байгаа юм бэ? гээд гараараа дохиод хэлсэн чинь “чи намайг цохь” гээд байгаа бололтой толгойгоо өгөөд байсан. Би тийм асуудал гаргахгүй  гээд шууд надад ирж ийм асуудал боллоо гэдгийг хэлсэн. Маргааш нь орчуулагчаар дамжуулаад танай ажилтан манай Цогтбаатарын толгой руу цохьсон байна гэж даргад нь хэлүүлэхэд нөгөө Шао гэдэг хятад ажилчин би зүгээр тоглоод цохьсон юмаа гэж хэлж байсан. Ер нь энэ Шао гэдэг хятад ажилчин түргэн ууртай өмнө нь манай нэг ажилчин Ууганбаярыг загнаж зандарч хувцасыг нь шавар болгож байсан. Хувийн байдал дээрэлхүү зантай хүн шиг санагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч Гэрэлчимэгийн Ууганбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Намайг орой унтаж байхад Цогтбаатар ах орж ирээд намайг ажиллаж байхад миний дээрээс шавар асгаад хувцас шавар болгочихлоо хувцасаа солих гэж ирлээ гэсэн. Тэгээд эргээд гараад явсан. Тэгсэн чинь дахиад орж ирэхдээ нэг хужаа миний толгойг цохьчихлоо гээд орж ирж байсан. Би тухайн үед нойрмог байсан болохоор унтаад өгсөн. Харин маргааш өглөө болоход Цогтбаатар ахын толгой өвдөөд байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Гэрч Улаанхүүгийн Бямбаханд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө ажил дээрээ ирээд амарч байгаад 23 цагийн орчим ажилд хүмүүс гарах гэсэн чинь ажилтан Цогтбаатар ажилдаа гараагүй над руу ирээд БНХАУ-ын ажилтан миний хүзүүн тус газарт цохьсон гэсэн бөгөөд би Цогтбаатарын хамт хурал дээр ороод 983 дугаар ангийн өрмийн дарга Сүнжин жүнд хэлсэн. Сүнжин жүн дарга манай ажилтан Шаодун Цогтбаатарыг тоглоод хүзүүн тус газарт зөөлөн цохьсон гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 449 тоот дүгнэлтэд

1. Ц.Цогтбаатарын биед тархи доргилт, дагз хэсгийн зөөлөни эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дэрх үүсгэгдсэн гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 29/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 09/

Гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 12/

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 13/

Эмнэлгийн магадлагаа / хх-ийн 36/

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-ийн 39/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 51/

Хохирогч Ц.Цогтбаатарын эмчилгээ хийлгэсэн баримтууд 51-54/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.   

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:       

Шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/ нь Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний газрын тосны 19 дүгээр талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Ц.Цогтбаатарын толгойн ар дагз, шилэн хүзүү орчимд цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/ -ын мөрдөн байцаалтад өгсөн “...би тухайн ажилтныг доошоо хараад тамхи татаж ажлаа хийхгүй байна гэж бодоод монгол ажилтан Цогтбаатарын толгой хэсэг рүү нь хамгаалалтын малгайтай байсан. Тэгээд нэг удаа зөөлөн цохьсон. ..тамхи татаж байгаа талаар хараагүй бөгөөд доошоо хараад сууж байсан болохоор харагдаагүй. Өөрийнхөө таамаглалаар татаж байна гэж бодоод цохьсон” гэх  мэдүүлэг /хх-ийн 22-23/, түүний мэдүүлгийг давхар нотолсон  гэрч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “... өрмийн цамхаг дээр очоод штанк холбоод сууж байсан чинь гэнэт толгойных нь араас маш хүчтэй юмаар цохиод авах шиг болсон гэсэн. Тэгээд толгойгоо бариад манараад эргээд харсан чинь өрмийн өндөр Шао гэсэн байх хятад иргэн хятадаар нэг юм яриад шатаар бууж байсан гэсэн. Тэгээд араас нь очоод яагаад намайг цохиж байгаа юм бэ? гээд гараараа дохиод хэлсэн чинь “чи намайг цохь” гээд байгаа бололтой толгойгоо өгөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн “... Тэгсэн чинь дахиад орж ирэхдээ нэг хужаа миний толгойг цохьчихлоо гээд орж ирж байсан. Би тухайн үед нойрмог байсан болохоор унтаад өгсөн. Харин маргааш өглөө болоход Цогтбаатар ахын толгой өвдөөд байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч У.Бямбахандын мөрдөн байцаалтад өгсөн  “...2017 оны 07 сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө ажил дээрээ ирээд амарч байгаад 23 цагийн орчим ажилд хүмүүс гарах гэсэн чинь ажилтан Цогтбаатар ажилдаа гараагүй над руу ирээд БНХАУ-ын ажилтан миний хүзүүн тус газарт цохьсон гэсэн бөгөөд би Цогтбаатарын хамт хурал дээр ороод 983 дугаар ангийн өрмийн дарга Сүнжин жүнд хэлсэн. Сүнжин жүн дарга манай ажилтан Шаодун Цогтбаатарыг тоглоод хүзүүн тус газарт зөөлөн цохьсон гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 449 тоот дүгнэлтэд: "Ц.Цогтбаатарын биед тархи доргилт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” /хх-ийн 29/ гэх дүгнэлт, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-ийн 39/, хохирогч Ц.Цогтбаатарын эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 51-54/ болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:      

Шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 449 тоот дүгнэлт, хохирогч Ц.Цогтбаатарын эмчилгээ хийлгэсэн баримтууд  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.      

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.     

Шүүхээс шүүгдэгч Жи Шаодун /Ji Xiao Dong/-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмэ хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ялаар шийтгэх нь зүйтэй байна.               

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөхгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс битүүмжилсэн Леново маркын 60000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий  гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Жи Шаодунд мөрдөн байцаалтын шатанд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох тухай  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Жи Шаодуныг /Ji Xiao Dong/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жи Шаодуныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.               

3. Ялтан Жи Шаодун  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15/арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Жи Шаодун  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ялтан Жи Шаодунын эзэмшлийн эд хөрөнгөнөөс битүүмжилсэн 60000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий  Леново маркын гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Жи Шаодунд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох тухай  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиодолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ши Шаодунд урд нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ