Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0761 

 

 

 

 

 

 

    2023           10             16                                      128/ШШ2023/0761           

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “***” ХХК,

            Хариуцагч: *******, хяналтын газар хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ““***” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан *******, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаар албан бичиг нь хууль зөрчсөн байх тул хариуцагчаас тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсан болно.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот албан бичгээр *******, хяналтын газарт хандан Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлалтай 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил бүрэн дууссан тул барилга байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулж өгөх тухай хүсэлтийг гаргасан байна.

2.2. *******, хяналтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаар албан бичгээр “...уг барилга нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно заалт зөрчсөн байна.” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ.  

2.3. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШЗ2023/3516 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаан тогтоон буцааж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. “***” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 203 тоот шийдвэртэй, нэгж талбарын *** дугаартай Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах газартаа Үйлчилгээтэй 12 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн. Хуульд заасны дагуу ажлыг гүйцэтгэж дуусмагцаа тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилга байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтээ гаргасан ба 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр комисс ажиллаж, комиссын гишүүдийн саналын дагуу Барилга, байгууламжийг Үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэсэн. Бид үүрэг даалгаврын биелэлтийг хангаж дүгнэлтээ гаргуулахад үүрэг даалгаврын биелэлт хангах хугацаа хэтэрсэн байсан.

3.2. 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдөр дахин орон сууцыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргасан боловч *******, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ***тоот албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байгааг дурдаж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Дээрх татгалзлаас болж Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4, 32 дугаар зүйлийн 32.1.5-т зааснаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргах, түүний дагуу үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулж бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудад заасны дагуу стандарт дүрмийн шаардлагад нийцсэн орон сууцанд, аюулгүй амьдрах, захиран зарцуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дах /ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна./ заалт болон бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, хяналтын газарт холбогдох "Баянзүрх дүүргийн ******* хороонд баригдсан үйлчилгээтэй, 12 давхар орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч *******, хяналтын газарт даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татгалзаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

4.2. *** ХХК-ийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн комиссын дүгнэлтийн дагуу үүрэг, даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэхэд уг компани нь хуулийн дагуу үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд үүрэг, даалгаврын биелэлтээр барилгыг ашиглалтад оруулах харилцаа дуусгавар болсон байна. Харин 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин орон сууцыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргасан бөгөөд манай газраас 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ***тоот албан бичгээр хариу өгөхдөө Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, мөн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 10.3 "Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасны дагуу комисс ажиллуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан бөгөөд захиргааны байгууллагаас ***тоот албан бичгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг татгалзаж шийдвэрлэсэн байхад “... Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь буруу байна.

4.3. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4 дэх заалтууд нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах шийдвэр гаргахаас өмнөх харилцаанд буюу хүсэлт гаргахад захиалагчийн зүгээс хавсаргах материалыг зааж өгсөн зохицуулалт, 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалт нь Засгийн газрын зүгээс барилга, байгууламжийг ашиглалтад оруулах, зөвшөөрөл олгох харилцааг зохицуулахад хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд барилга, байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзсан ***тоот албан бичиг нь дээрх заалтуудыг зөрчих боломжгүй байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ямар хууль, ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн талаар тодорхойлоогүй байна.

4.4. *** ХХК нь нэхэмжлэлдээ "...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэртэй, нэгж талбарын ******* дугаартай Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах газартаа Үйлчилгээтэй 12 давхар орон сууцны барилгын ажлыг хийж, гүйцэтгэсэн...” гэжээ. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн гэдэг нь харагдаж байгаа бөгөөд мөн 2023 оны 03-р сарын 29-ний өдрийн "Барилга, байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас" (*******, хяналтын газрын Даргын 2022 оны ******* дугаар тушаалаар барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцах илтгэх хуудсаар урьдчилсан байдлаар хийх үзлэг)-аар барилгын ажлын зөвшөөрөлгүй гэдэг нь нотлогддог. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. "Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" хэлнэ, 17 дугаар зүйлийн 17.3. "Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу *** ХХК нь барилгын ажлын зөвшөөрөл аваагүй нь түүний хууль ёсны эрх, ашиг, сонирхлоо хамгаалуулах боломжгүй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хуулиар хамгаалуулах эрхгүй байна. Мөн ******* дугаартай Улсын комисс ажиллуулах тухай хүсэлтийн хавсралтад өгөгдсөн материалын захиалагчийн дүгнэлт хэсэгт гүйцэтгэгч нь Өндөр буянт холдинг ХХК (барилгын угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй) бөгөөд, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтэд Гүйцэтгэгч нь *** ХХК (тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар тодорхойгүй, эсвэл байхгүй) гэсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10.3 дахь хэсэгт Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заасны дагуу ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэх чиг үүргийг шүүх хэрэгжүүлэхээр байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ... эрхтэй бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 5.1.1-д Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх; 5.1.2-т Барилгын тухай хуулийн 14.1, 14.2 дугаар хэсэгт заасан шаардлага хангагдсан эсэхийг дүгнэх; 5.1.3-т барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх; 5.1.4-т Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторийн шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх; 5.1.5-т барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг дүгнэх; 5.1.6-д барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх; 5.1.7-д энэ дүрмийн 6.1-т заасан техникийн комисс ажилласан тохиолдолд техникийн комиссын дүгнэлт, илэрсэн зөрчил дутагдал арилгасан эсэх, комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг хянах гээд, мөн зүйлийн 5.2-т Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан бусад баримт бичгийг нэмж тодруулж болно гэж тус тус заажээ.

4. Эдгээр зохицуулалтаас үзэхэд, хүн амьдрах зориулалттай барилга байгууламжийн хувьд түүнийг ашиглалтад оруулах комиссын үндсэн зорилго нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгайлан заасны дагуу тухайн барилга байгууламж хууль, барилгын норм, дүрэм, журам, стандартад нийцсэн эсэх, түүнд амьдарч байгаа болон ирээдүйд амьдрах иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулахааргүй баригдсан эсэхэд хяналт шалгалт хийж, зохих дүгнэлтийг гаргахад оршино.

5. Хэдийгээр нэхэмжлэгч компани нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, түүнийг хүлээн авахаас өмнө айл, үйлчилгээний газар оруулсан боловч нэгэнт тус барилгын ажлын гүйцэтгэлийг 100 хувьд хүргэсэн, түүнд амьдарч буй айл өрхүүд, үйлчилгээний газар цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хэвийн хангагдан амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас /хх-33-35 тал/ зэргээр тогтоогдож байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч компани нь барилгын ажлын зөвшөөрөлгүй гэх үндэслэлийг хариу тайлбартаа нэмж тайлбарлан маргах боловч *******, хяналтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаар албан бичгээр Барилгын тухай хуулийн 37.6 дахь дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн заалт зөрчсөн гэдэг үндэслэлээр татгалзсан хариуг нэхэмжлэгч компанид өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр айл оруулсан гэх шалтгаан нь улсын комиссыг барилга байгууламж хууль, барилгын норм, дүрэм, журам, стандартад нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах үүргээс чөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн *******, хяналтын газарт холбогдуулан гаргасан “***” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан *******, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаар албан бичиг нь хууль зөрчсөн байх тул хариуцагчаас тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

8. Энэхүү шүүхийн шийдвэр нь ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгасан агуулгатай бөгөөд комиссоос барилгыг хүлээж авах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээг хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн *******, хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “***” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан *******, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг *******, хяналтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ