Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/02066

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/02066

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  овогт Н.******* /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  овогт Д.******* /регистрийн дугаар /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 43,600,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагч Д.******* шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээг байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээлж авсан. Д.******* нь уг мөнгийг хүүгийн хамтаар сар бүр тэнцүү хуваан төлөхөөр тохиролцсон. Иймд Д.*******ас нийт 43,600,000 төгрөгийг гаргуулна гэв. 

 

2.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.*******ын гаргасан 43,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Мөнгө хүлээлцсэн баримт, итгэмжлэлийг, хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,600,000 төгрөг нийт 43,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Д.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн төлбөр 43,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Мөнгө хүлээлцсэн баримт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Зээлдүүлэгч Н.*******, зээлдэгч Д.******* нар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүү төлөх нөхцөлтэй тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

8.Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлдэгч Д.*******д 40,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн тухайд хариуцагч маргаагүй.

 

9.Зээлдүүлэгч Н.******* нь зээлдэгч Д.*******д 40,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан зохицуулалттай нийцсэн байна.

 

10.Хариуцагч Д.*******ас үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,600,000 төгрөг нийт 43,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгох үндэстэй.

 

11.Хариуцагч Д.*******д шүүх хуралдааны товыг өөрт нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 375,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******ас 43,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 375,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ